Бизнесийн холимог соёлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Zolboo Bayarsaikhan
Start Company
Published in
2 min readMay 9, 2019

Хувь хүний хувьд корпорацаас гарааны бизнесрүү шилжиж байгаа маань маш том шилжилт болж байна. Энэ шилжилт олон хүчин зүйлс суурилсан. Тэдгээр хүчин зүйлс болон алсын хараагаа цуврал бичвэрүүдээрээ хуваалцаж байх болно.

Сүүлийн 10 жилийн хугацаанд олон улсын зах зээл дээр гарааны бизнесүүд хэний ч төсөөлж байгаагүй томоохон өөрчлөлтийг гаргалаа. Энэ хугацаанд ОУ-ын корпорацууд, гарааны бизнесүүдтэй хамтран ажиллах арга барилаа аль хэдийн олсон нь анзаарагддаг. Харин Монголд технологи дээр тулгуурласан гарааны бизнесүүд, финтекүүд, олны анхааралд танигдаад ердөө 2 жилийн нүүр үзэх гэж байна. Монголд уламжлалт компаниуд дөнгөж одоо л стартапуудыг сонирхож “Энэ гарааны бизнесийг амжилтад хүргээд байгаа нууц нь юу вэ?”, “Шинэ технологийг нутагшуулбал стартапууд шиг амжилттай, хурдтай байж чадах уу?” гэсэн асуултуудыг тавьж эхэлж байна. Асуултын хариулт нь зөвхөн гоц санаа, шинэ технологидоо бус creativity буюу бүтээлч сэтгэлгээг дэмжсэн соёлдоо оршиж байгаа юм.

Стартапууд яагаад бүтээлч соёлыг хамгийн амжилттай нэвтрүүлж чадсан байдаг вэ? гэхээр тэдний зохион байгуулалт нь доошоо харсан пирамид бүтэцтэй байдаг. Ийм бүтцийн давуу тал нь санааг багийн бүх гишүүд гаргаж, удирдлага нь чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэгт оршино. Ийм бүтэц нь компанийн гүйцэтгэлийг хурдасгаж, алдаа гарах магадлалыг бууруулдаг. Тэгэхээр манай томоохон компаниуд дан ганц инновац, бүтээлч байдал гэлтгүй стартапын энэхүү соёлыг нутагшуулах хэрэгтэй. Эсрэгээрээ, гарааны бизнесүүд өсөж томрохын тулд уламжлалт бизнесүүдийн соёлыг ойлгож, хамтран ажиллах шаардлагатай байгаа.

Хүмүүс надаас яагаад корпорацаас гарааны бизнесрүү шилжсэн, энэ шилжилт нь эрсдэлтэй алхам биш үү? гэж байнга асуудаг. Би корпорацад 10 гаруй жил ажиллах хугацаандаа олон төрлийн алба хашиж, олон ажлын группт орж мөн удирдаж ажиллаж байсан. Ингэхэд тухайн ажлыг хариуцаж байгаа менежер, удирдлагаас шалтгаалаад багийн бүтээлч байдал хэлбэлздэг байлаа. Ийм тогтворгүй байдал нь компаниудыг, ялангуяа дунд болон том хэмжээний компаниудыг хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа технологийн эрин үед өрсөлдөх чадваргүй болгож байгаа мэт санагддаг юм. Би энэ хоёр соёлын ялгааг анзаарч харж чадсан учраас стартапын соёлыг корпорацийн соёлтой нэгтгэхэд том хувь нэмэр оруулж чадна гэж энэ шилжилтийг хийсэн билээ.

СТАРТ компани бол зөвхөн стартап биш. СТАРТ нь 2011 оноос хойш өнгөрсөн 8 жилийн хугацаанд гарааны бизнесийг хөгжүүлдэг олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж стартап гэдэг ойлголтыг Монголд нутагшуулах, олон энтрепренеруудыг төрүүлэх, стартапын бизнесийн орчныг хөгжүүлэхэд манлайлан оролцсон байгууллага юм.

Харин одоо миний бие СТАРТ компанид нэгдсэн учир стартапын соёлыг уламжлалт компаниудад нэвтрүүлэх тал дээр анхааран ажиллах болно.

Дараагийн бичвэрүүдээр СТАРТ-ын бусад алсын харааг хуваалцах болно.

@Zolboobay

--

--