Технологийн долоо хоногийн тав дахь өдөр өндөрлөлөө

Tushigt
Start Company
Published in
5 min readMar 22, 2019

Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч “START” компанийн зохион байгуулж буй Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition буюу товчоор “Технологийн долоо хоног”-ын тав дахь буюу сүүлийн өдөр болж өнгөрлөө.

Арга хэмжээний албан ёсны арга хэмжээнүүд энэ хүрээд өндөрлөж байгаа ба нэгдсэн хаалт болох “Startup Connection” 3-р сарын 23-нд 19:00 цагаас LAVA -д эхэлнэ. Startup Connection-д Технологийн долоо хоногийн оролцогч болон зочид үнэ төлбөргүй орох боломжтой. Оролцохыг хүссэн бусад хүмүүс энэ холбоосоор бүртгүүлээрэй.

Өнөөдрийн үндсэн сэдэв нь “ПиАр, маркетинг, боруулалт” байсан бөгөөд уг сэдвийн хүрээнд ПиАр, маркетинг чиглэлээр олон жилийн туршлагатай эрхмүүдийг урьсан юм.

Хэлэлцүүлгийн зочид:

East Maven-ийн Хамтран үүсгэн байгуулагч О.Гэрэлтуяа

BZP Digital & Inbound-ийн Үүсгэн байгуулагч Б.Батзориг

Unread-ийн Хамтран үүсгэн байгуулагч А.Ундрал

AXIOM-ийн Үүсгэн байгуулагч Б.Нандин-Эрдэнэ

Meguun Media-ийн Үүсгэн байгуулагч С.Ангараг

Модератор:

Bold Consulting & Partner-ийн Үүсгэн байгуулагч Г.Болдбаатар

“ПиАр, маркетинг, боруулалт” сэдвээр явагдсан хэлэлцүүлэг дээр гарсан онцлох санаанууд:

AXIOM-ийн Үүсгэн байгуулагч Б.Нандин-Эрдэнэ

  • Миний бодлоор стартап бол аливаа нэг тогтсон системийг өөрчилж байгаа бизнес юм. Гэтэл хүн хуучинтайгаа зууралдах маш их сонирхолтой, шинэ зүйлд дургүй. Иймд стартапуудад тулгарч байгаа хамгийн том ажил бол хийж байгаа шинэ зүйлээ хуучингаас нь илүү гэдгийг харуулах юм.
  • Уламжлалт бизнесийн маркетингаас стартапын маркетинг тэс ондоо.
  • Маркетинг хийх хамгийн анхны суваг нь үүсгэн байгуулагч та өөрөө.
  • Хязгаарлагдмал нөөцөө ашиглаад боломжит зах зээл рүү хүрэх нь л чухал. 10-хан хүн байсан ч хамаагүй.
  • Стартапыг бусдаас онцгой болгох түүх байх хэрэгтэй. Жишээлбэл Ленд гэхэд л маш гоё түүхтэй.
  • Хамгийн чухал зүйл бол шийдэл. Муу шийдлийг ямар ч их мөнгөөр сурталчилаад нэмэргүй.

Meguun Media-ийн Үүсгэн байгуулагч С.Ангараг

  • Стартап байснаар тогтсон зүйлийг халж цоо шинэ зүйл хийх боломжтой байдаг. Тэгэхээр хийж байгаа бизнесийнхээ давуу, онцлог талыг маш сайн харах хэрэгтэй. Дараа нь мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авбал зүгээр, бүхнийг ганцаараа хийх гээд алдах тохиолдол элбэг.
  • Жишээлбэл вебсайт хиймээр байгаа бол заавал бүх зүйлийг агуулсан веб хийх хэрэггүй. Unread шиг төрөлжих хэрэгтэй.
  • Эхлээд хэсэг хүмүүст таалагдах бараа, бүтээгдэхүүнийг бүтээхийг хичээ. Тийм бүтээгдэхүүн бүтээж чадвал дараа нь том зах зээл рүү орох боломжтой.
  • Стартап хийж байгаа бол хийж байгаа зүйлдээ маш их итгэлтэй байж бусдыг байлдан дагуулж сурах хэрэгтэй.

Unread-ийн Хамтран үүсгэн байгуулагч А.Ундрал

  • Стартапууд хэрэглэгчидтэйгээ тулж харьцах боломжтойгоороо онцлог.
  • Хүлээлт үүсгэж түүнийгээ удирдаж сур.
  • Хамгийн гоё түүх бодит түүх байдаг.
  • Хамгийн гоё контент хамгийн бэлтгэлтэй газраас л гардаг.
  • Үүсгэн байгуулагч өөрөө хүрээлэлдээ (community) хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь амжилттай стартап эхлүүлэх хамгийн эхний алхам. Хүрээлэл гэдэг нь мэдлэгээ хуваалцдаг, мэдлэг дээр суурилсан бүлэг хүмүүсийг хэлнэ.
  • Харин Монголд ийм хүрээллүүд дутуу байна. Яг үнэндээ фэйсбүүк группээс цаашлахгүй байна.
  • Миний бодлоор хэдэн жилийн өмнө Монголын стартапын хөгжлийн эхэн үе МУИС, ШУТИС-ийн багш нараас эхэлсэн. Үүний дараа нь Startup Mongolia (Одоогийн START) зэрэг байгууллаггууд бий болж стартапуудыг нэгтгэсэн тайз буюу бие биентэйгээ танилцах боломж үүсгэсэн нь хоёрдугаар үе. Одоо бол 3-р үе буюу хамтардаг, хүрээлэл үүсдэг үе дээрээ явж байна. Харин үүний дараагийн үеэс бид амжилттай жишээ, тэсрэлтийг хүлээж байгаа.

East Maven-ийн Хамтран үүсгэн байгуулагч О.Гэрэлтуяа

  • Дэлхийн хамгийн амжилттай яваа стартапууд ихэвчлэн ПиАр, маркетингаа сайн хийсэн стартапууд байдаг.
  • Ихэнх стартапууд брэнд хөгжүүлэлт дээрээ сайн анхаарах хэрэгтэй.
  • ПиАр нь шинэ зүйлийг танилцуулах харин маркетинг бол брэнд үүсгэх, хандалт бий болгох зорилготой.
  • SEO буюу хайлтын систем гэх ойлголт чухал. Монголд Гүүглийн хайлт гэхээсээ илүү Фэйсбүүкийн хайлт өргөн ашиглагдаж байна.
  • Хүрээллээ олж мэдэх нь чухал. Лендийн нээлт дээр бид ажиллаж байсан ба зөв хүрээлэлдээ хүрэхийн тулд Лендийг Хөрөнгө оруулагчдын чуулган дээр анх танилцуулж байсан. Энэ маань ч маш амжилттай болсон.

BZP Digital & Inbound-ийн Үүсгэн байгуулагч Б.Батзориг

  • 10 жилийн өмнө болон одоо бизнес эхлэх хоёрт тун их ялгаа бий.
  • Мэдээж стартапууд үүсгэн байгуулагдснаасаа хойш тодорхой хугацаанд үнэгүй программуудыг ашиглаж зардлаа хэмнэж болно. Гэхдээ компани томорч ажиллах хүч нэмэгдэхийн хэрээр хэрэгцээтэй программуудынхаа үнэтэй хувилбарыг ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлбэл зүгээр.
  • Ажиллаж байгаа технологи, программуудаа хооронд нь хоршуулбал үр дүн нь илүү л сайн гарна.
  • Хайлтын систем чухал. Өмнө нь бид хайлтын системд тэгтлээ анхаардаггүй байлаа. Харин саяхан сайтаа шинэчлэхдээ SEO-г тусгайлан хөгжүүлсэн. Тиймдээ ч манай сайтын хандалтын 30–40 хувь нь зөвхөн Гүүглийн хайлтаас орж ирдэг.

Дээрх хэлэлцүүлгийн дараа Менторшип цаг болж оролцогч стартапууд зочидтой ганцаарчлан, нүүр тулан уулзаж зөвлөгөө авсан юм.

Энэхүү арга хэмжээ Central Tower-ын 13 давхарт байрлах MSpace хамтын оффист болсон. MSpace-ын дэлгэрэнгүй мэдээллийг дараах нийтлэлээс аваарай.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

--

--