Tushigt-Erdene
Mar 21 · 6 min read

Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч “START” компанийн зохион байгуулж буй Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition буюу товчоор “Технологийн долоо хоног”-ын дөрөв дэх өдөр болж өнгөрлөө.

Энэ өдрийн гол сэдэв нь “Олон улсын томоохон корпорациудтай хамтарч ажиллах, олон улсад гарах нь” байсан бөгөөд уг сэдвийн хүрээнд олон улсад ажилласан, гадны компаниудтай хамтарсан туршлагатай бизнес эрхлэгчдийг урьсан билээ.

Өнөөдрийн онцлох арга хэмжээ нь “Гарааны бизнесүүдийн олон улсад гарах боломж” сэдвээр явагдсан хэлэлцүүлэг байлаа.

Хэлэлцүүлгийн зочид:

  • Nomadic Bear Games-ийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Х.Хангай,
  • MLab Mongolia-ийн Гүйцэтгэх захирал С.Энхбаяр,
  • M Plus-ийн Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр

Модератор:

  • START-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо

“Гарааны бизнесүүдийн олон улсад гарах боломж” сэдвээр явагдсан хэлэлцүүлэг дээр гарсан онцлох санаанууд:

MLab Mongolia-ийн Гүйцэтгэх захирал С.Энхбаяр,

  • MLab Mongolia гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Мөн гадаад болон дотоодын чадварлаг боловсон хүчинг стартапын экосистемтэй холбох зорилготой. Бидний ажилласан төслүүдийн нэг нь энэхүү MSpace хамтын оффис юм.
  • Хүнд харилцааны болон биеэ авч явах чадвар хэрэгтэй. Учир нь удирдах ажил хийж байгаа үед компаниа та л төлөөлдөг. Бизнес хийхэд хамгийн чухал зүйл болох итгэлцлийг хэн төрүүлэх вэ? гэхээр компаниа төлөөлж буй та төрүүлнэ. Иймд наад зах нь санаагаа зөв илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Мөн улаан гэрлээр гарах, гудманд шүлсээ хаях зэрэг энгийн үйлдэл нь та болон танай компаний үнэлэмжийг бууруулдаг.
  • Үүний дараа үүссэн итгэлцлийг хэрхэн цаашид үргэлжлүүлэн авч явах вэ? гэдэг чухал. Жишээлбэл цаг барих, хамтран ажиллах чадвар зэрэгтээ анхаарах хэрэгтэй.
  • Монголчууд соёлын зөрүүгээс болоод бусад орны хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, итгэлцэл бий болгож чадахгүй байх тохиолдол их. Тиймээс бусад орны соёлд бас суралцаарай.
  • Бизнес талуудын сэтгэл ханамж дээр тулгуурладаг.
  • Монголд стартапын соёлыг ойлгодог, сайн хөрөнгө оруулагч маш цөөхөн гэж боддог.
  • Гарааны бизнесийн экосистем хөгжиж байж сайн хөрөнгө оруулагчид бий болно.

M Plus-ийн Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр

  • Бидний анхны төсөл аяллын дижитал сэтгүүл байсан. Гол зорилго нь сэтгүүлдээ бус тэрхүү платформдоо оршино. Тиймдээ ч одоо бид MPlus апп-ыг хөгжүүлж явна. Манай зорилго бол дэлхийн дижитал сэтгүүлийн салбарын гол тоглогч болох. Энэ салбарын шилдгүүдийг харахад бидэнд боломж байгаа гэж санагддаг.
  • Монголын зах зээлд хүний нөөцийн асуудал их бий. Залуучууд хоёр, хоёроороо нэг компани болчихдог. Хамтран ажиллахыг ойшоодоггүй. Яг үнэндээ Монголоос олон улсад байр сууриа олчихсон томоохон компани байхгүй учир бид хамтран ажиллаж байж л тийм компанитай болно.
  • Монголчуудын хийж байгаа технологийн бүтээгдэхүүний чанар нь бусад орныхонтой харьцуулахад дутахгүй.
  • Дэлхий бол ойрхон. Хуучин бид бүх зүйлээ гаднаас авдаг байлаа. Харин одоо гадны компаниудас Монголчуудтай хамтарч технологийн бүтээгдэхүүн хийх хүсэлтүүд ихээр ирж байна.
  • Технологийн салбарт бид бие биенээсээ юм нуух хэрэггүй. Хамтран ажиллах нь чухал. Тэгж байж л хол явна. Бүх хүнд чиний бодож байгаа технологийг хийх боломж бий тэгэхээр хамтраад тэд нараас илүүг хий.
  • Стартапууд мөнгө бус “гоё юм” хийе гэсэн хүсэлдээ хөтлөгддөг.
  • Би хувьдаа монголын зурдаг залуусыг дэлхийд шилдэг нь гэж боддог. Тэр залуус гадны компанид ажилаж байснаас програм бичдэг монгол залуустайгаа нийлээд тоглоом хийж хамтдаа олон улсын зах зээлд гарах хэрэгтэй.
  • Технологийн ажил ухаантай гэхээсээ илүү тэвчээртэй хүний ажил. Яг л марафон шиг.
  • Монголд хөрөнгө оруулах боломж, хүсэлтэй хүмүүс олон байгаа ч сайн хөрөнгө оруулагч гэвэл цөөхөн. Би өмнө нь нэг бус удаа Монгол хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж үзэж байсан. Тэндээс ойлгосон зүйл бол “Ихэнх монгол хөрөнгө оруулагчид юмны эзэн болох хүсэлтэй, тэвчээр багатай буюу аливааг урт хугацаанд хардаггүй”
  • Технологийн хөрөнгө оруулалт бол угтаа бол азаа үзэж байгаа асуудал. Харин Монгол хөрөнгө оруулагчид үүнийг төдийлөн сайн ойлгохгүй байна.
  • Гарааны бизнес хийж байгаа хүмүүс Монголд ашиг хийнэ гэж битгий бодоорой. Манайд анхан шатны хэрэгцээнээсээ бусад зүйлд мөнгө зарцуулах боломжтой 100 мянга орчим хүн л байгаа. Энэ бол маш бага тоо.
  • Мөн Монгол хүмүүс технологийн бүтээгдэхүүн худалдаж авдаггүй. Үүнийг Microsoft-ын оффис программуудыг худалдаж авдаг хүний тооноос харж болно.
  • Муухайгаар хэлбэл Монгол улс тест хийх газар. Аппаа монголд туршиж үзчихээд дараа нь олон улсын зах зээлд гарвал тохиромжтой.

Nomadic Bear Games-ийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Х.Хангай

  • Манай компани гар утасны тоглоом хийж олон улсын зах ээлд гаргадаг. Бид гар утасны тоглоом гэх том далайн нэгэн жижиг загас нь учир олон улсын компаниудтай хамтарч ажилладаг. Одоогоор 4 олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.
  • Өдөрт 40 мянган тоглоом шинээр төрж байгаа энэ үед хийх нь бус хийсэн тоглоомоо хэрхэн зах зээлдээ хүргэх вэ, цаашлаад яаж мөнгө олох гэдэг нь чухал болсон. Тиймдээ ч олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй.
  • Олон улсад гарна гэдэг ганц хүний тоглолт биш.
  • Монголд гар утасны тоглоом хөгжүүлэгчдийн коммунити үүсгэх хэрэгтэй. Тэгэхгүй дандаа ганцаараа яваад байж болохгүй.
  • Харилцаа холбоогоо л тогтоочих юм бол том компаниудтай хамтран ажиллахад асуудал байхгүй.
  • Гадны хамтрагчид цаг барих зэрэг энгийн шалгуураар танай компанийг дүгнэдэг.
  • Мөн орон, орноосоо хамаараад тухайн компанийн ажиллах арга барил нь өөр учир тухайн орноо судалж арга барил, хурдад нь таарч ажилла.
  • Мэдээллийн технологийн бизнест хурд маш чухал.
  • Манай компани хамгийн анх захиалгаар тоглоом хийдэг байсан. Харин одоо бол өөр компаниудтай хамтран ажиллаж байна. Ирээдүйд өөрийн гэсэн утга санаатай, бие даасаан тоглоом бүтээх зорилготой байгаа.
  • Хөрөнгө оруулалтыг эхэндээ мартчих. Хөрөнгө оруулалт бол эхлэхэд бус томроход л хэрэгтэй зүйл.
  • Ямар нэг зүйл хиймээр байгаа бол өөрийн боломжоо ашиглаад хийгээд л эхэл. Гарааны бизнесийг зовж биш аз жаргал мэдэрч хийх хэрэгтэй. Жишээлбэл нэг жилийн санхүүгийн асуудлаа шийдчихээд санаа зовох зүйлгүйгээр гарааны бизнесээ эхлүүлж болно.
  • Дуртай юмаа сайн хийвэл түүнийг чинь дэмжих хүн гараад ирнэ.
  • 5 жилийн дараа л үр дүн нь гарах юм шиг тэвчээртэй, алсын хараатай ажилла.

Дээрх хэлэлцүүлгийн дараа Менторшип цаг болж оролцогч стартапууд зочидтой ганцаарчлан, нүүр тулан уулзаж зөвлөгөө авсан юм.

Энэхүү арга хэмжээ Central Tower-ын 13 давхарт байрлах MSpace хамтын оффист болсон. MSpace-ын дэлгэрэнгүй мэдээллийг дараах нийтлэлээс аваарай.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tushigt-Erdene

Written by

"Life is not always beautiful, but it's a beautiful ride."

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade