Tushigt-Erdene
Mar 19 · 7 min read

Өнөөдөр гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч “START” компанийн зохион байгуулж буй Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition буюу товчоор “Технологийн долоо хоног”-ын хоёр дахь өдөр болж өнгөрлөө.

Энэ өдөр гурван хөрөнгө оруулагч оролцогч стартапуудтай ганцаарчлан, нүүр тулан уулзаж боломжит хамтын ажиллагааг ярилцсан юм.

Харин онцлох арга хэмжээ нь “Гарааны бизнесийн хөрөнгө оруулалт ба түүний үе шат?” сэдвээр явагдсан хэлэлцүүлэг байлаа. Уг хэлэлцүүлэгт MCS группийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин оролцсон юм.

Ингээд түүний ярьсан яриаг буулган уншигч танд хүргэе.

Д.Энхтүвшин: Би хөрөнгө оруулахдаа зах зээл, хүн, шийдэл гэсэн гурван зүйлийг нь хардаг

Та бизнесийн замналаа хэрхэн эхлүүлсэн бэ?

1997 онд намайг ороход MSC маш цөөхөн хүнтэй, жижиг компани буюу нэг ёсондоо технологийн гарааны бизнесийн түвшинд байсан.

Тэгвэл гарааны бизнес, тэр дундаа хөрөнгө оруулалттай хэрхэн холбогдсон бэ?

Миний хувьд уламжлалт буюу корпорацийн замналаар яваа хүн. Сингапурт хоёр жил болохдоо стартап гэдэг зүйлийн талаар ойлголттой болж байсан. Тухайн үед Сингапурт бараг өдөр бүр стартаптай холбоотой арга хэмжээ болдог байсан бөгөөд тэр бүгдэд би аль болох оролцохыг хичээдэг байлаа. Оролцсон арга хэмжээнүүдээсээ хэрхэн найраагаа хийхээс эхлээд олон зүйл сурсан.

Харин өнгөрсөн жил Монголд буцаж ирэхтэй зэрэгцэн Шарк Танк нэвтрүүлгийн санал ирсэн. Эхэндээ их татгалзаж байсан ч сүүлдээ зөвшөөрч тус нэвтрүүлэгт шаркаар оролцох болсон юм. Шарк Танкаас хойш Монголын гарааны бизнесийн экосистемийг илүү ойлгож, энэ салбарын танилын хүрээгээ нэмэгдүүлж эхэлсэн. Товчхондоо өмнө нь стартап гэх зүйлийг холоос ажиглаж байгаад Шарк Танкаас хойш энэ салбарт ханцуй шамлан орж байна.

Өмнө нь янз бүрийн санаа ярилцдаг байсан ч яг бодит хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Харин одоо бол хөрөнгө оруулалтын талын саналууд олноор ирж байна.

Та ямар бизест хөрөнгө оруулах сонирхол ихтэй вэ?

Технологи ашигласан гэхдээ аль болох олон улсад гарч зах зээлээ тэлэх боломжтой төслүүдийг илүү сонирхдог. Гэхдээ бодит байдал бизнест нь бус хувь хүнд хөрөнгө оруулах тохиолдол бий. Ер нь хөрөнгө оруулалтанд тоо бус харилцаа илүү чухал.

Монгол ба Сингапурын стартап эрхлэгчдийн ялгаа нь юу вэ?

Азийн орнууд дотор Сингапур улс стартапын экосистем хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгаа санагддаг. Сингапурын экосистем нь хэдий хөгжсөн ч одоогоор миний анхаарлыг ихээр татсан стартап гараагүй л байна.

Тэндхийн арга хэмжээнд оролцдог Монгол залуусаас харахад Монголчууд Сингапурчуудаас чадвар, мэдээллийн хувьд дутахгүй. Учир нь интернетийн ачаар тэдэнд байдаг мэдээллийн эх үүсвэр бидэнд ч мөн нээлттэй болсон. Анзаараад байхад Монголын стартап эрхлэгчдийн шинийг сэтгэх чадвар нь тун өндөр байдаг.

Лондон болон Сингапурт амьдрахад замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг янз бүрийн асуудал байдаггүй байлаа. Сүүлд Сингапурт 2 жил амьдраад хэт тав тухтай орчноос нь залхаад Монголдоо ирсэн. Харин Монголд бол нэг өдөрт юу ч тохиолдож болно. Энэ нь ч надад таалагдаж байгаа. Монгол шиг хурдацтай өөрчлөгдөж байгаа оронд амьдрах харин ч сонирхолтой санагддаг.

Стартапд хөрөнгө оруулдаг хүн бусад хөрөнгө оруулагчаас хэрхэн ялгардаг бэ?

Баян болох уу? Эсвэл хаан болох уу? Гэсэн үг бий. Монголд бол ихэнх хүн хийж байгаа бизнесээ тэр чигт нь удирдаж хаан болох зорилготой. Миний дээд үеийн бизнес эрхлэгчдэд ч гэсэн маш олон төслүүд дээр хүмүүстэй хамтраад бүтэлгүйтэж байсан болохоор бизнесийнхээ бүх ажлыг өөрөө хийх гэж хичээдэг болсон хүмүүс олон бий.

Мэдээж стартапын хөрөнгө оруулалт гэдэг уламжлалт хөрөнгө оруулалтаас арай өөр зүйл. Хөрөнгө оруулагчид гарааны бизнес эрхлэгчдийг бизнесээ жигдрүүлэх гэж явж байхад нь нэмж дарамтлаад байж болохгүй. Тэгэхээр стартапд хөрөнгө оруулж байгаа хүмүүс бусдаасаа илүү туршлагатай, тэвчээртэй байх ёстой мэт санагдсан. Ер нь шууд л хэт ашиг, орлого нэхээд, стартапдаа нэмж дарамт үүсгээд байж болохгүй.

Тэгэхээр залуус аль болох стартад гэдэг зүйлийн онцлогоо ойлгож, хөрөнгө оруулагчдаа ч сайн ойлгуулах хэрэгтэй.

Хэзээ гарааны бизнес хөрөнгө оруулалт авахад бэлэн гэж үзэх вэ?

Гарааны бизнесийн хамгийн үнэнч хөрөнгө оруулагч бол үүсгэн байгуулагч та өөрөө. Стартаптаа бүх зүйлээ зориулна гэдэг дараагийн түвшний хөрөнгө оруулагчийг татах суурь болдог. Жишээлбэл өөрөө тансаг хэрэглээтэй хэрнээ үүсгэн байгуулсан бизнестээ мөнгө, сэтгэлээ зориулдаггүй хүн элбэг. Уул нь өөрөөсөө гаргаж болох бүхнээ тултал хийчихээд дараа нь өөр хөрөнгө оруулагчтай уулзвал зүгээр. Ингэснээр хөрөнгө оруулагчид итгэл төрөхөөс гадна хүн өөрийнхөө бүх хүчээ зориулсан бизнесээ цаашид амжилтай байх уу эсэх дээр ерөнхий дүр зурагтай болчихдог юм.

Бизнесийн найраан дээр гардаг нийтлэг алдаа?

Би өөрөө ч гэсэн янз бүрийн газруудад найраа хийж байсан. MCS-ийг жижиг хэмжээний компани байх үед гадны хөрөнгө оруулагчидтай олон удаа уулзаж явсан. Энэ туршлагаасаа харахад хөрөнгө оруулалт өгч, авч буй талуудын хүсэл, хүлээлтийн зөрүү гэж байдаг юм билээ. Иймд аль болох хүлээлтийн зөрүүг багасгаж, илүү тодорхой байх хэрэгтэй.

Түүнчлэн нэг эсвэл хоёр гол санаандаа тулгуурлан найраагаа хийвэл зүгээр. Тэгэхгүй олон санааны хооронд үсчээд байх тохиолдол элбэг ажиглагддаг. Мөн хэт их мэдээлэл өгөх гэж яараад байгаа хүмүүс ч байдаг. Дүгнээд хэлбэл богино хугацаанд гол санаагаа маш тодорхой илэрхийлж сураарай.

“25” номын зохиолч Ж.Тэгшжаргал нэг удаа “Би эхлээд уншиж байгаа хүнээ хажуудаа суулгахыг хүсдэг” гэж хэлж байсан. Яг үүн шиг найраа хийж байхдаа ч гэсэн шууд яриад байлгүй харилцаан дээрээ анхаарах хэрэгтэй.

Таны хөрөнгө оруулалт өгөхдөө баримталдаг зарчим юу вэ?

Шарк Танк нэвтрүүлгээс өмнө найз, танилын хүрээнд хэд хэдэн хөрөнгө оруулалт хийж байсан. Харин Шарк танкаас хойш буюу сайн танихгүй хүний бизнест хөрөнгө оруулахдаа эхлээд зах зээлийг нь хардаг. Хоёрт нь хүн. Хөрөнгө оруулалт гэдэг яг үнэндээ хоёр хүний хоорондын харилцаа учир тухайн хүн маш чухал. Гуравт нь шийдэл. Шийдэл нь сонирхолтой мөн нийгэмдээ тодорхой хэмжээний эерэг нөлөөтэй бизнесүүд миний сонирхлыг татдаг.

Ментор гэж яг ямар хүнийг хэлэх вэ?

Хүн өөрийгөө сайн мэддэгүй юм шиг санагдсан. Тэгэхээр тэр хүнийг хөндлөнгөөс нь хараад тохирсон зөвлөгөө өгдөг хүнийг ментор гэдэг болов уу. Жишээлбэл фитнест ганцаараа хичээллэх нь багштай хичээллэхээс маш ялгаатай байдаг.

Тархины хамгийн эхэнд өгдөг сигнал бол “бууж өг”. Ментор гэдэг яг л энэ сигналын эсрэг буюу үргэлжлүүлээд хичээ, боломж бололцоо маш их байна гэж өдөөдөг хүн юм.

Шарк Танкаас сурсан нэг зүйлээ хуваалцаач?

Бизнес гэхээсээ илүү тухайн хүний амьдралын түүх нь сэтгэл хөдөлгөж байвал хөрөнгө оруулалт авахад хялбар санагдсан. Тэгэхээр дандаа тоо яриад байлгүй өөрийн түүхээ хуваалцаарай. Гэхдээ бодит хөрөнгө оруулалт болон нэвтрүүлэг дээрх хөрөнгө оруулалт ялгаатай гэдгийг санах хэрэгтэй.

Монгол хөрөнгө оруулагчдын онцлог нь юу вэ?

Хөрөнгө оруулагчид гэдэг хаана ямар бизнес байгааг мэдэхгүй, хайж судлаад явдаггүй хүмүүс. Тиймээс үнэхээр сонирхож байгаа хөрөнгө оруулагч байвал шууд очоод уулз. Уулзлаа гээд алдах зүйлгүй. Жишээлбэл өчигдөр гэхэд нэг бүсгүй надруу чат бичээд Цэргийн баярыг тохиолуулан нөхөртэй нь уулзаж, зөвлөгөө өгөхийг хүссэн. Би ч тэр эмэгтэйн зоримог занг нь үнэлээд уулзсан. Энэ бүсгүй шиг л бай.

Стартапын экосистем хөгжихийн хэрээр хөрөнгө оруулагчид ч гэсэн дагаад хөгжих хэрэгтэй. Тиймээс стартапууд аль болох олон хөрөнгө оруулагчтай очиж уулзаад стартапын соёлыг ойлгуулдаг байвал хэн хэндээ тус дэм болно.

Ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа нэг зөвлөгөө өгнө үү?

7 жилийн өмнө би нэг хүнд хагалгаанд орсон бөгөөд түүний дараа миний амьдралын зорилго, үнэ цэнэ арай өөр болсон. Тухайн үед л хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох эрүүл мэнд, гэр бүл хоёртоо хамгийн бага цаг зарцуулдгаа ойлгосон.

Тиймээс хүн өөрийгөө стартап гэж сэтгэж ажиллавал илүү дээр. Зөв хооллохоос эхлээд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ их цагийг өнгөрүүлэх буюу өөртөө хөрөнгө оруулалт хийдэг байгаарай. Ингээд зөв сууриа тавьчихвал юу ч хийсэн амжилттай байх боломжтой.

Өмнө нь би өөрийнхөө болон ажлын түвшиндээ л юм хийж болдог байсан. Харин нэвтрүүлэгт орсны дараа олон хүнтэй танилцаад ирэхээр нөхцөл байдал харьцангуй өөр болсон.

Би өөрөө орж ажиллахаас илүү чаддаг хүнээр нь чаддаг ажлыг нь хийлгэе гэж боддог.

Дэлхий дээр маш олон төслүүд байгаа учир оригнал буюу цор ганц санаа гэж байхгүй. Ижилхэн санаануудаас ялгарахын тулд түүнийг хэн хийж байна? Тэр хүн хэр сайн ажиллаж байна вэ? Гэдгийг ч мөн чухалчилж үздэг гэдгийг санаж ажиллаасай гэж боддог.

Энэ долоо хоногийн турш үргэжлэх “Технологийн долоо хоногийн” гурав дахь өдөр буюу маргаашийн сэдэв нь “Хөрөнгө оруулалт авах ба оюуны өмчийн тухай асуудлууд” байх юм. Оролцохыг хүсвэл энэ холбоосоор бүртгүүлээрэй.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tushigt-Erdene

Written by

"Life is not always beautiful, but it's a beautiful ride."

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade