Мөрөөдөлдөө хүрэх зам #1

DrTsegmid
Stranger-Mongolian
Published in
1 min readAug 27, 2020

Их Британид суралцсан он жилүүд

2012.07.04, Лийдс хот, Их Британи улс

Их Британид сурч байхад надад очдог ерөөсөө гурван газар байлаа. Номын сан, их сургуулийн ажил тэгээд гэр. Сургалтын төлбөрөө төлөхийн тулд ажиллах ёстой, амьдрахын тулд ажиллах ёстой. Надад олон сонголт байсангүй. Хүсэж мөрөөдсөн чиглэлээрээ суралцаж байгаа нь дэндүү их үнээр олдож байгааг жил өнгөрөх тусам ойлгож байлаа. Ганцхан цаг хугацаа биш, миний ид залуу нас, зугаа цэнгэл, хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд. Оройн цагаар үеийн залуус бүсгүйчүүд гангалаад пааб, зоогийн газрыг чиглэж байхад би гэртээ бушуухан харьж, амарч авахыг боддог байлаа. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл 12–15 цагийг сурах, ажиллахыг хослуулж 8 жил явсаар сүүлдээ бүр ядаргааны туйлд хүрч билээ. Надад зогсох, амрах, өвдөх, үхэх эрх байсангүй. Хэрвээ урлагийн чиглэлээр сурдаггүй байсан бол аль хэдийн том системийн эрэг шураг болоод дуусах байсан биз.

Энэ видео бичлэгийг Монголд ирэхээс хэдхэн сарын өмнө найзаараа хийлгүүлсэн юм. Бодолд автаад, автобусаа хүлээж, ийм царайтай зогсох нь надад элбэг байсан юм. Тэгээд эх орондоо ирсний дараа, Монголоосоо гарч үзээгүй хүмүүс “сайхан газар жаргаж явсан хүн” гэж намайг дүгнэхэд, би дуугүй инээмсэглээд өнгөрдөг байв. Тиймээс ч өөрийн туулаагүй амьдралыг өнгөц дүгнэхээс ямагт зайлсхийх болсон юм даа.

Үргэлжлэл бий.

Видео болон гэрэл зургуудийг Ричард Пурвис бүтээв.

--

--