Мөрөөдөлдөө хүрэх зам #2

DrTsegmid
Stranger-Mongolian
Published in
4 min readAug 28, 2020

Алаг хонь буюу сэтгэлгээний өөрчлөлтийн эхлэл

Одоо дөч шүргэж яваа хүмүүсийн л адил би Социализмын үед сурагч болчихсон, тогтолцооны шилжилтийн үед аль хэдийнээ 10 нас хүрчихсэн байлаа. Картын бараанд оочерлодог, “Өвгөнт” гэж юу гэдгийг мэднэ, ТҮЦ-ийн байнгын үйлчлүүлэгч, Сникерсийг хамгийн гоё амттан гэж боддог, гэхдээ бүх анхаарлаа өгдөг хоёр чухал зүйл надад байсан. 1. Сургууль 2. Зургийн дугуйлан. Нийгмийн ороо бусгаа үед ч гэсэн бидэнд сургуульд явах, хичээл үзэх боломж байсан гэж бодохоор бас гайхалтай санагддаг юм.

1-р ангид элсэх үеийн гэрэл зураг. 1988 он.

Би Хо Ши Миний нэрэмжит 14-р сургуулийн Эрдэнэцэцэг багштай 1Б ангид элсэн орж, 8-р ангийн эхний улирал дуусах хүртэл суралцсан. Бас л нэг онц сурлагатан байсан гэхдээ хэзээ ч дүнгийн төлөө сурч байгаагүй юм. Энгийнээр хэлэхэд академик орчин, академик заах аргазүй, академик сурах арга барил надад тохирдог байсан тул толгой өвддөггүй байсан. Миний бага нас, өсвөр насны дурсамжууд тэр сургуулийн ойр орчим, хуучнаар Найрамдлын районы хавьцаа, Кино үйлдвэрийн хашаа, Цэргийн төв госпиталь, Орос дэлгүүртэй шууд холбоотой. Анх гадаад хүнийг буюу Орос хүнийг гэрийнхээ ойролцоо харсан. Хичээл дууссаны дараа их тоглодог байсан санагддаг. Голдуу хөвгүүдтэй сагс тоглодог, 13 нас хүртэл зарим хүүхдүүд намайг эрэгтэй хүүхэд гэж боддог байсан байх.

Тэр үед ч гэсэн хотын төвийн сургуулиуд, гэр хорооллын сургуулиуд гэсэн бичигдээгүй ангилал байдаг байлаа. Яагаад ч юм, хотын төвийн сургуулийн хүүхдүүд өөр хувцаслана, өөр ярина, гэр хорооллын сургуулийн намайг шууд таниад байх шиг санагддаг байсансан. Би 8 настайдаа МХО-д зургийн дугуйланд Жалайр Батбаяр багшид шалгуулан орж байснаа тод санадаг юм. Намайг дуртай зургаа зураад ир гэхэд би 5 хонь зурж очиж байсан. Хонь бүрийг өөр зүстэй зурсныг багш маань их сайшааж байсан. Зургийн төвд би алаг хонь зурсан байсан. Энэ зураг одоо хүртэл надад байгаа. Гучин хоёр жилийн дараа эргээд харахад би өөрөө энэ алаг хонь болсноо саяхан хүчтэй ойлгосон юм. Амьдрал огт үзээгүй хүүхэд байхдаа л, хүн бүр өөр гэдэг ойлголт далд ухамсарт маань суусан байсан. Яагаад гэж би олон талаас нь эргэцүүлж үзсэн. Тэгээд гурван наснаасаа зураг зурж, дүрслэх урлагт шунан дурладаг байсан болохоор “урлаг” миний сэтгэлгээнд тийм бяцхан байхаас эхлээд нөлөөлсөн юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Ц.Цэндпүрэв, “Таван хонь”, усан будаг, цаас, 1988.

Би хэнтэй ч адилхан байх албагүй, тийм болоод ч охидууд үсээ ургуулж, лентэн цэцэг зүүж байхад би богино болгож тайруулж, эсвэл халимаг болгодог байлаа. Аав, ээж ч миний ерөнхий зан араншинг өөрчлөх гэж оролдоогүй, надад шаардлагатай зүйлсийг, дан ялангуяа зургийн материалыг яаж ийгээд л олоод өгдөг байсан. Одоо бодож байхад, хотын төвд зургийн дугуйланд явж, “өөр ангиллын” хүүхдүүдтэй мөр зэрэгцэж сурч эхэлсэн нь миний даруухан зан, ичимхийдүү байдлыг өөрчилсөн гэж боддог. Би илүү ихийг хийж чадах юм байна, илүүг мөрөөдөж болох юм байна гэдэг сэтгэлгээний өөрчлөлтийг тавьсан юм уу даа.

Би аравдугаар ангиа 48-р сургуулийн Дашзэвэг багштай Физик, химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Хэдийгээр би 14-р сургуулиас тус сургуулийн Зургийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шилжсэн боловч, бусад хичээлүүд муухан ордог асуудал байсан тул 9-р ангиасаа Дашзэвэг багшаас гуйн байж, ангид нь орж билээ. 8-р ангийн бүтэн жилийн хөтөлбөрийг дутуу үзсэн миний хувьд, 9-р ангийн хичээлүүд чангахан байлаа. Шинэ ангийнхан маань 4-р ангиасаа Физик, химийн гүнзгийрүүлсэн ангид суралцсан байсан тул, би маш их хоцорч байсан юм. Миний хувьд “суралцах” бол магадгүй хамгийн сайн чаддаг зүйл байх. Нилээд шаргуу хичээсний дүнд, ангийнхаа хүүхдүүдийн түвшинд хэсэг хугацааны дараа дөхөж очсон байх. Нөгөө “гэр хорооллын охин”, “дунд сурлагатан” гэж хэлэгдэх вий гэхээс их санаа зовдог байж билээ.

13 настай байх үеийн зураг. 1993 он.

Надад 1992 онд буюу 12 настай байхдаа бичсэн тэмдэглэл байдаг юм. Тэнд Би Америк явж сурна гэж өөртөө андгай тангараг тавьсан байлаа. Хэзээ ч АНУ яваагүй, гэхдээ Их Британи явж суралцаж чадсан. АНУ явсан бол яах байсан бол гэж боддоггүй. Болох зүйл болсон гэж хараад, харамсал тээгээд байдаггүй. Их Британи надад маш их зүйлийг өгсөн, надаас бас хангалттай авсан. Би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуустай танилцаж, хамт суралцаж, үерхэж нөхөрлөж, тэр үеийг адал явдалтайгаар, тархиа цэнэглэн туулсан. Хэрвээ Их Британи яваагүй байсан бол гэдэг бодол бол үнэхээр айдас төрүүлдэг. Миний сэтгэлгээнд бүрэн өөрчлөлтийг хийсэн, амьдралыг харах, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлсэн, ямар үнэт зүйлтэй байхав, ямар зүйлийн эсрэг зогсох ёстой тухай би тэнд л ялгаж салгаж сурсан. Их Британид танилцсан найзууд минь, хамтарч байр түрээсэлж байсан олон улсын оюутнууд маань миний насан туршийн найзууд болсон.

Үргэлжлэл бий.

--

--