ХАВРЫН БОДРОЛ

DrTsegmid
Stranger-Mongolian
Published in
2 min readApr 8, 2021

Гэрэл зураг, бичвэрийг Ц.Цэндпүрэв

Шороо амтагдсан бор хаврын дундуур би алхална…Нүүр нүдгүй хуйлрах салхины өөдөөс нүдээ халхлан би зүтгэнэ…Амьдрахын төлөө, оршихуйн төлөө, маргаашийн төлөө, өөрийнхөө төлөө, бусдын төлөө….Эцсийн зорилго тийм чухал гэж үү? Өнөөдөр чухал биш гэж үү, маргааш чухал биш үү, нөгөөдөр чухал биш үү. Эсвэл яг энэ мөч хамгийн чухал уу?

Арзайж, сарзайсан хашаанууд дундуур би алхална…Хог хөглөрсөн нарийхан гудамжны үзүүрт юу байгааг хэн мэдэх билээ. Чиний борхон царайг заримдаа санаж сэтгэлээ хямраана. Миний хөл алхаж байгаа цагт, би алзахгүй ээ гэж өөртөө хэлнэ. Өөртөө дахин дахин хэлсэн сануулга бүр үнэн биш гэдгийг би бас сайн мэднэ. Хэзээ дуусахаа мэдэхгүй байх нь амар ч юм шиг.

Хэрцгий харцтай шилэн байшингуудын дундуур би алхална…Өндөр өсгийт дээрээ арайхийн алхлах бүсгүйн араас таваргана…Түүний амьдрал, миний амьдрал хоёрын дунд ялгаа байгаа болов уу? Гэнэт танил хөгжмийн аялгуу санаанд орж, би зогтуслаа. Чиний гэрэлт царай бас дахин нүдний өмнө гарч ирэв.

Зэрлэг капитализм үнэртсэн шинэхэн зам дээр би алхална…Гэтэл би анархизм-г хүснэ…Бодлыг минь хэдийнээ таамгалсан тоос, хоржинтой нь аргагүй намайг тойрон бүжиглэнэ. Хавар, тоос, шороо, энэ олон молекулиас зайлах арга алгаа…Яах вэ?

Хаягдан үлдсэн хүүхдийн цэцэрлэгийн модод дундуур би алхална…Хэн ч тоглохоо больсон социализмын үеийн тоглоомуудын хажуугаар жихүүцэн өнгөрсөн ч, өөрийн эрхгүй зогсон ажиглалаа. Би нэг л өдөр гундана. Үгүй ээ, би гундсаар байгаа. Хүн бүр өөрөө мэдэлгүй гундсаар л байдаг. Хавар болгон тэр гундмал өнгийг авчирч, зун хулгайлан авч оддог.

Шороо амтагдсан бор хаврын дундуур би алхална…Нүүр нүдгүй хуйлрах салхины өөдөөс нүдээ халхлан би зүтгэнэ…Юуны төлөө?

©2021 Цэгмидийн Цэндпүрэв. Гэрэл зургууд болон бичвэрийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр хэвлэн нийтлэх, ашиглахыг хатуу хориглоно.

--

--