Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн 21 дэх чуулга уулзалт Парис хотноо- UNFCCC COP21 in Paris

Hosts @SustainableMongol
Sustainable Mongol
Published in
4 min readDec 6, 2015
Image source: http://californiansagainstfracking.org/cop21-blog/

11.30-наас 12.11-ний эдгээр өдрүүдэд НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн (UNFCCC-УАӨСК) гишүүн орнуудын 21 дэх чуулга уулзалт (COP21) Парис хотноо болж буй. Чуулгыг угтан олон улсын болоод дотоодын хэвлэл мэдээлийн хэрэгслээр уулзалтын тухайд болон мөн ерөнхийд нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар тасралтгүй мэдээлсээр ирсэн билээ.

Миний одоогоор хажууханд нь амьдарч буй АНУ-ын нийслэл Вашингтон хотод Парисын уулзалтыг тойрсон хүлээлт, таамаглалын талаар АНУ-ын засгийн газар, их сургууль болоод бусад судалгааны болон ТББ-ын мэргэжилтэн, судлаачид ямар байр суурьтай байгааг нийтэд мэдээлэн таниулах үүднээс өдөр алгасахгүй шахам лекц, хурал цуглаан зохион байгуулагдсан билээ. Энэ тэмдэглэлд Суурь Конвенцийн ээлжит уулзалт болох COP21 чухам юугаараа онцлог талаар ерөнхий ойлголт өгөхийн хамт, Вашингтонд энэ сэдвээр Wilson Center’s Environmental Change and Security Program, Resources for Future зэрэг судалгааны байгууллагуудаас зохиогдсон танилцуулах яриан дээр хэрхэн ярьсан талаар тоймлохыг зорилоо.

НҮБ УАӨСК нь 1992 онд Рио дэ Жанейрод болсон Байгаль орчин ба хөгжлийн асуудлын дээд хэмжээний уулзалтын үеэр батлагдсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг шийдэх тодорхой арга механизмуудыг боловсруулах ерөнхий чиг, баримжааг тогтоож өгдөг үндсэн гэрээ юм. НҮБ-ийн бүх гишүүн орнууд нэгдсэн орсон байдаг УАӨСК нь уур амьсгалын өөрчлөлтийн талаархи олон улсын бодлогыг тодорхойлоход хамгийн нөлөөтэй, өргөн хүрээтэй баримт бичиг билээ.

1995 оноос эхлэн конвенцэд нэгдэн орсон орнууд уур амьсгалын өөрчлөлтийг шийдэхэд гарч буй ахиц дэвшлийг дүгнэн хэлэлцэхээр жил бүр хуралдсаар ирсэн бөгөөд (Conference of Parties) 2015 онд 21 дэх уулзалт нь (COP21) тохиож байна. Ээлжит уулзалтуудын гол үр дүнгийн нэг нь дэлхийн дулаарлын эсрэг хүлэмжийн хийг багасгах талаар хэлэлцэх, ингэхдээ хэдий хэр багасгах талаар улс орнуудын амлалтыг авч баталгаажуулах гэрээг зөвшилцөн батлах байсаар ирсэн. 1997 оны уулзалтаар баталсан Киотогийн протокол энэ зорилгын төлөө байсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт дэх хөгжингүй орнуудын үүрэг ролийг тодотгосон гэрээ юм. Америк тэргүүтэй том улс гүрнүүд Хятад шиг уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлж буй хөгжиж буй орнууд адилхан хариуцлага хүлээхгүй байна гэсэн үндэслэлээр гэрээнд нэгдээгүй нь яваандаа Киотогийн Протокол анх төлөвлөгдөж байснаас хавьгүй бага үр нөлөө, өөрчлөлт авчирсан гэрээ болж хувирахад ихэд нөлөөлсөн гэдэг. COP15 буюу 2009 оны Копенгагэний уулзалтаар гишүүн орнууд хөгжингүй болон хөгжиж буй орнууд ялгаагүй бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн ч зорилтуудаа тодорхойлсон гэрээг баталж чадаагүй. 2011 онд Өмнөд Африкийн Дурбанд болсон 17 дахь уулзалтаар Европын орнууд, хамгийн бага хөгжилтэй орнууд (LDC) болон Латин Америкийн орнууд хамтран Америк, Хятад, Япон улсуудыг зөвшилцөлд хүрсэн гэрээ батлахыг дэмжихэд түлхэц өгсөн бол хөгжиж буй орнууд бүх орнууд хөгжлийн түвшнээс үл шалтгаалан уур амьсгалын эсрэг зайлшгүй болон сайн дурын арга хэмжээг адилхан авах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Улс орнуудыг өргөн хүрээнд хамарсан гэрээ гэвч батлагдаагүй хэвээр байв.

Энэ дутууг 21 дэх уулзалтаас үүдэн гарах Парисын гэрээ нөхөх учиртай бөгөөд тус гэрээ нь нийт хүлэмжийн хийн ялгарлын 90%-г бүрдүүлдэг 158 орны илгээсэн INDC (Intentionally Determined National Contributions) буюу уур амьсгалын өөрчлөлтийн төлөө үндэсний зорилтот хувь нэмрийн төлөвлөгөөг хэлэлцэн танилцуулсны эцэст батлагдах юм. Орон болгоны үндэсний төлөвлөө нь тухайн орны шинж чанаруудаас хамааран голлох чиглэл нь өөрөөр тодорхойлогдох юм. Улс орны засгийн газруудаас гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хотын захиргаад, бизнесийн байгууллагууд бас томоохон үүрэг гүйцэтгэж ирэх юм.

АНУ-ын хувьд голлох чиглэл нь тус улсын Цэвэр Агаарын тухай хууль (Clean Air Act) дээр үндэслэн автомашин, цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс үүдэх арга бохирдлын асуудлуудыг зохицуулах аж. Тус хууль нь нэгдсэн улсын агаарын чанарын стандартыг тогтоож, улмаар Байгаль Хамгаалах Агентлагт (EPA) хүлэмжийн хийн асуудлыг зохицуулах болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар асуудалд чиглэл, зөвлөгөө өгөх эрх мэдлийг олгохоор боловсруулагдсан байдаг байна. Харин агаарын бохирдлын талаар арга хэмжээг чухам хэрхэн хэрэгжүүлэх, жишээлбэл бохирдлын эх үүсвэрийг (цахилгаан станц, автомашин түлш зарцуулалт) яаж зохицуулахыг муж улсууд өөрсдөө шийддэг байна. Энэ тогтолцоо нь нэг талаас Калифорниа зэрэг муж улсууд нэгдсэн улсын стандартыг давуулан биелүүлсэн хэрэгжүүлэлтийг хийх боломж олгож буй ч нөгөө талаар хүлэмжийн хийн эсрэг үндэсний хэмжээнд адилхан хэрэгждэг механизмгүй болж чадахгүйд хүргэдэг байна.

Хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаар авах арга хэмжээг хэрхэн санхүүжүүлэх нь COP21-р хэлэлцэх бас нэг чухал асуудал юм. 2020 он гэхэд төрийн болон хувийн эх үүсвэрээс 100 тэрбум долларыг босгох зорилт тавиад байгаа бөгөөд 2020 оноос цааш триллионоор тоологдох хөрөнгө бүхий сан бүрдүүлэхийг зорьж байгаа. АНУ 4 жилийн хугацаанд 3 тэрбум долларыг “Green Climate Fund”-д хөрөнгө оруулахаар амласан бол БНХАУ нүүрснээс татгалзах, нүүрсний цэвэр хэрэглээг дэмжих чиглэлээр 3.1 тэрбум долларыг хөгжиж буй орнуудад олгохоо илэрхийлжээ. Бразил, ОХУ, Энэтхэг, Өмнөд Африк мөн уур амьсгалын сан дахь хөрөнгө оруулалтаа ихэсгэх аж.

НҮБ-ын УАӨСК нь агаар мандлыг нүүрс хүчлийн хийн зохистой түвшинд байлгах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн арга замыг эрэлхийлдэг бөгөөд COP чуулгануудаараа дараах үр дүнгүүдийг авчирах зорилготой. Парисын уулзалтын амжилт ч тийн хэмжигдэх билээ:

  • Карбон багатай эдийн засаг руу шилжих нь зайлшгүй алхам гэдэг дохиог өгөх
  • Дэлхийн улс орнуудын зөвшилцсөн гэрээг бодит эдийн засагтай уялдуулах
  • Ил тод, хариуцлагатай байдлыг бий болгох
  • Карбон бага эдийн засагт шинэ нээлтүүдийг хурдацтай гаргаж, уур амьсгалын өөрчлөлтэй тэсвэртэй эдийн засгийг бий болгох
  • Шударга байдлыг илтгэсэн уур амьсгалын арга хэмжээг авах суурийг бүрдүүлэх
  • Шинжлэх ухааны ололтуудыг шуурхай ашиглан шийдвэр гаргах

Originally published at greenmongolia.wordpress.com on December 6, 2015.

--

--