EFP Diary — Химийн бодисын эрүүл мэндийн нөлөөллийн олон улсын туршлагаас

Enkhzul .N
Sustainable Mongol
Published in
7 min readNov 10, 2015

Хүн төрөлхтөн ирээдүйд учрах аюул, эрсдэлийг тооцоолоогүйн улмаас өдгөө байгаль орчны үндсэн гурван орчин болох агаар, ус, хөрс хэдийнээ бохирдлын аюултай хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Аж үйлдвэржилтийн үеэс эхлээд химийн бодисын хэрэглээ эрс нэмэгдэж, тэдгээрийн замбараагүй хог хаягдлын асуудал бүс нутгийг мөхлийн түвшинд аваачсан жишээ баримтууд ч олонтаа сонсогддог. Тэгвэл энэ удаагийн EFP хөтөлбөрийн зочноор John Hopkins University-г төгссөн. АШУҮИС (Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль) -ийн Доктор Б.Пүрэвдорж “Химийн бодисын эрүүл мэндийн нөлөөллийн олон улсын туршлагаас” танилцуулж, үүссэн асуудлыг хэрхэн шийдэж шийдэлд хүрсэн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Өнөөдөр манай Монгол улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байх нь нэгэнт тодорхой болчихсон. ДНБ-ий дийлэнх хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байгаа. Ирээдүйн 10 жилд ч ийм байдалтай байх хандлага ажиглагдсаар. Тэгвэл бид одоо байгаа нөхцөл байдалдаа хэрхэн, яаж зохицон амьдрах вэ? Энэ тогтсон нөхцөл байдлыг сөрөн алхах бус хэрхэн зөв голдирол руу нь чиглүүлэх ёстой вэ? гэсэн хоёр асуултад хариулт өгөх үүднээс дараах 3 ишлэлийг иш татан илтгэлээ эхлүүллээ.

Алдаандаа өгсөн нэрийг бид туршлага гэдэг. Oscar Wilde

Алдаагаа давтагдаггүй хүн бол ухаантай хүн

Бусдын алдааг туршлага болгоё

Усан дахь хүнцэлийн бохирдол

Газарзүй, геологийн онцлогоос хамаараад зарим газруудад хүнцэлийн агууламжийн тархалт гүний усанд тодорхой хэмжээгээр агуулагдсан байдаг. Үүний нэг жишээ болох Бангледешд 1970 онд гадаргын ундны усны хангамж муутайгаас болж оршин суугчид холера (ундны бохир усаар дамжих гэдэсний халдвар) өвчнөөр өвчлөх явдал газар авч байлаа. Тухайн үед Бангладешт холерын тархалтын дэгдэлт их байх үед ДЭМБ ( Дэлхийн эрүүл мэндийн байгууллага) энэ асуудлыг шийдвэрлэжээ. Ингэхдээ айл өрх бүрт гүний худагтай болгох хөтөлбөрт ажлыг зохион байгуулжээ. Ингээд 1979 он хүртэл холерын өвчний гаралтыг эрчимтэй бууруулж, цэвэр ундны эх үүсвэртэй боллоо хэмээн бодоцгоож байлаа. Гэтэл 20-иод жилийн дараа тухайн бүс нутагт хүнцэлийн (As) хордлого нүүрлэв. Яасан бэ гэхээр тухайн үед ДЭМБ-ийн гол зорилго нь зөвхөн холерыг бууруулахад л чиглэгдсэн байсан ба тухайн үед гүний уснаас дээж авахдаа хүнцэлийн (As) агууламжийг нь тодорхойлоогүйн улмаас 70 сая хүн хүнцэлийн (As) хордлогод өртсөн аюул нүүрлэсэн. Ингээд 200 мянган худагнаас дээж авахад 50 мянга гаруй худаг нь хүнцэлийн(As) агууламж ихтэй худгууд байжээ. Тухайн үед хүнцэлийн (As) агууламж ихтэй худгийг улаанаар тэмдэглэж, ундны ус авахыг хориглосон хариу арга хэмжээ авсан. Иймээс аливаа зүйлсийг хийхдээ дутуу мэдээлэлтэй буруу үйлдэл хийх аваас эргээд сөрөг үр дагаварт хүргэх аюултай тул үүсэн гарах аюул, эрсдэлийг өмнө нь заавал урьдчилан тооцож байх ёстой гэсэн ойлголт авсан.

Хүнцэлийн агууламжийн тархалт

Хятадын эх газарт гүний усан дах хүнцэлийн агууламжийн судалгааг 2004 онд хийсэн. Ингэхдээ нийт 40,000 орчим худагт шинжилгээ хийхэд Өвөр Монголын нутаг дэвсгэрт хүнцэлийн агууламж хамгийн их тархсан байна гэсэн судалгааны үр дүн гарчээ. Тухайн бүс нутагт оршин суугчдын дунд мөн адил судалгаа хийхэд хүнцэлд хордсон дүн ч мөн адил гарсан. Энэхүү зурагнаас харахад зөвхөн Өвөр Монголын нутагт хүнцэл ихтэй гарсан байна гэж бодож болохгүй хил залгаа орших манай Өмнөговь аймгийн нутгаар ч хүнцэл их тархсан байхыг үгүйсгэхгүй. Зурган дээрээс харахад Монголд байхгүй гэж тэмдэглэгдсэн боловч угтаа тус бүс нутагт судалгаа хийгдээгүй дата байхгүйн улмаас хүнцэлийн агууламж илэрцгүй хэмээн гарсан. Өмнийн говийн хэсэг хүнцэлийн агууламж их байх магадлалтай. Нөгөөтэйгүүр уул уурхай хөгжихөөс өмнө говьд харьцангуй цөөн айлууд байдаг байсан бол уул уурхай хөгжөөд ирэхээр түүнийг дагаад шилжин ирэгсэд нэмэгдэж магадгүй хүнцэлд хордох иргэдийн тоо ч үүнийгээ дагаад улам ихсэх эрсдэлийг нэмэгдүүлж өгч байгаа юм.

Хөрсний бохирдол ~ Love Canal

1830 онд William T.Love хэмээх тухайн үеийн чинээлэг эрийн мөрөөдлийн загвар хотоо байгуулах гэсэн санаанаас үүдэн зуун дамнасан аюулын түүх эхэлжээ. Тэрээр мөрөөдлийн хотоо байгуулахын тулд АНУ-ын Нью-Иорк хотын Niagara Falls хэсэгт газар худалдан авч томоохон хэмжээний газар шорооны ажил эхлүүлэн шуудуу ухаж бүтээн байгуулалт хийх гэсэн боловч харамсалтай нь мөрөөдөл нь талаар өнгөрчээ.

Ингээд 1920 онд тухайн үед тус газрын ухсан нүх шуудууг химийн бодисын хаягдлын цэг болгон ашиглах болжээ. Үүнээс хойш 10-аад жилийн хугацаа өнгөрөхөд тус газрыг 22,000 тн химийн аюултай хог хаягдлын үүр уурхай болгон өөрчилж орхижээ.

1942 онд Niagara Education Board тус бүс нутгийг Нью-Йорк хоттой ойрхон ашигтай бүс хэмээн үзэж 70 акр буюу 28.328 га газрыг бэлэгдлийн журмаар 1$-оор худалдан авчээ. Үүнээс хойш тус газрыг Нью-иорк хотын шинэхэн муж болгоно хэмээн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн сацуу их бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэллээ. Шинэ хот үүсэхийн хэрээр түүнийг зорих залуу гэр бүлүүд ч шилжин ирж суурьшсаар байлаа.

1976 он тус хотын эмэгтэйчүүдийн үр зулбалтын үзүүлэлт нь АНУлсын дунджаас даруй 20 дахин илүү болж тус үзүүлэлтээрээ улсын хэмжээнд тэргүүлэх болж. Шалтгаан нь юу вэ хэмээвээс өнөөх нь өмнөх химийн аюултай хог хаягдлаас үүсэлтэй байжээ.

1979 он тус хотын иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Энэ нь ерөнхийлөгчийн сонгуульт ажлын жилтэй таарсан учраас үүний эсрэг авах арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч ажиллацгаасан байна. Тус хотын иргэдээс нэн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн ихээр хохирсон байлаа.

1980 он SuperFund буюу Байгаль орчны хариу арга хэмжээ, нөхөн олговор, хариуцлагын тухай хуулийг санаачилсан бөгөөд хуулийн зорилго нь аюултай хог хаягдлаас бохирдсон газрыг цэвэрлэх зорилготой хууль эрх зүйн орчныг үүсгэн бий болгоход чиглэсэн байжээ. Энэ хууль нь цаг хугацааг үл харгалзан өмнөх үе болон дараагийн үерүүгээ хариуцлага тооцох боломжтой бөгөөд, тухайн бүс нутгийг дайран гарах хүн бүрт хамаатай хууль болсон гэж хэлж болно. Магадгүй манайх шиг өмнөх засгийн үед хийсэн ажил гэж их яригддаг улсад Superfund шиг хууль хэрэгтэй юм шиг санагдаж байлаа.

Агаар дахь хар тугалга (Pb)

1897 онд Thomas Midgley гэх Амеркийн эрдэмтэн анх бензин дээр хар тугалга (Pb)

нэмснээр машины хөдөлгүүрийн шаталт сайжирч байгааг анх анзаарчээ. Үүнээс үүдэн түлшний дутуу шаталтыг сайжруулахын тулд хар тугалгын (Pb) хэрэглээ нэмэгдсээр иржээ. Улмаар энэ нь түлшний шаталтаас агаарт хар тугалга (Pb) нэмэгдэх эх үүсвэр нь болсон байна.

1940 оноос хойш хөдөлгүүрт төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдсэнээр агаар дахь хар тугалгын хэмжээ нэмэгдсээр,

1980 онд НҮБ нь бензинд хар тугалга (Pb) нэмж оруулахыг хориглосон тогтоол гаргажээ. Хар тугалга (Pb) нь хамгийн хортой элемент бөгөөд хүний биеийн цусанд илэрснээр нэн ялангуяа хүүхдийн сэтгэн бодох чадвар болон сэтгэхүйд нь нөлөөлөх аюултай. Хар тугалга

нь хүний сэтгэн бодох чадвар, зан араншинд хэрхэн нөлөөлсөн талаарх сонирхолтой судалгааг АНУ, Канад, Англи зэрэг улсуудад хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулсан юм. Цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлохдоо сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хамруулсан байна. Улмаар 19 жилийн дараа хар тугалгад хордсон хүүхдийн тоо болон гэмт хэргийн гаралт хоёрын хоорондын хамаарал нь өндөр байгаа нь ажиглагдсан байна. Дээрх хамаарлын судалгаа аж үйлдвэржилт эрчимтэй хөгжсөн 9 орны хувьд үр дүнтэй судалгаа болсон байна.

Доктор Б.Пүрэвдорж мөн 2014 оны 02 сард ЕБС-ийн 6–8 насны 150 гаруй хүүхдийг хамруулсан цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлох судалгааны ажлынхаа зарим үр дүнгээсээ сонирхуулсан юм.

ДЭМБ-ын шаардлагаар цусан дах хар тугалгын хэмжээ нь 5мкг-аас хэтрэхгүй байна гэж заасан байдаг бол дээрх судалгаанаас харахад манай үр дүн ДЭМБ-ын дунджаас илүү байгаа үр дүн гарсан байна. Нөгөөтэйгүүр АНУ гэхэд энэ дундаж хэмжээг 3 микрограммд тогтоон барихын тулд цусан дахь хар тугалгын хэмжээг бууруулах арга хэмжээ тус тус авч байгаа талаар дурьдсан.

Манай орны хувьд цусан дахь хар тугалга нь дараах эх үүсвэрүүдээс үүдэж нэмэгддэг байна. Үүнд:

  • Нүүрс болон түлш гаргах материалууд (папришка)
  • Будаг болон бусад будагт материал орсон бүтээгдэхүүнүүд (урд хөршөөс орж ирсэн хүүхдийн тоглоом, ахуйн хэрэглээний зориулалтын бус сав суулга)
  • Ажиллах орчин тус тус багтдаг байна.

Түүнчлэн Хүрээлэн буй орчин ба нийгмийн эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалтууд нь эргээд хамгийн сайн нөхөн олговрын өөрчлөлтийг авчирдаг гэсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Тодруулбал, 1 ам.долларын хөрөнгө оруулалт хийсний үр дүнд дараах мөнгөн дүн нөхөгдөн ирдэг гэсэн үр дүн гарчээ.

ХӨТӨЛБӨР 1 ам доллар бүрт нөхөгдөх мөнгөн дүн Дархлаажуулалт $ 27 Хар тугалгын аюул $ 17–221 Ус ариун цэврийг дэмжих $ 3–34 Унадаг дугуй явган хүний зам $ 2.94 Архаг өвчлөл $ 5.60

Мөн түүнчлэн тэрээр манай орны хувьд Үндэсний хэмжээний тандалтын тогтолцоо зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа талаар дурьдсан. Бусад улс орны хувьд жил бүр үндэсний хэмжээний тандалтыг хийдэг бөгөөд АНУлс гэхэд гэхэд жил бүр NHANES (National Health and Nutrition Examination Sirvey) хийгддэг. Энэ нь 5000 орчим хүнийг санамсаргүй тохиолдлоор сонгон авч бүх төрлийн эрүүл мэндийн шинжилгээ хийж гаргадаг.

Япон улсын хувьд JECS ( Japan Environment and Children’s Study) талаар жил бүр тандалтын судалгааг тус тус явуулдаг талаар дурьдсан. Нөгөөтэйгүүр 2012 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль гарсан нь сайшаалтай хэдий ч Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ, орчны бохирдлын үнэлгээг илүүтэй нарийн мэргэжлийн түвшинд хийх хууль эрх зүйн орчин цаашид бүрдэж бий болох шаардлагатай гэсэн өөрийн байр сууриа илэрхийлж байсан.

Эцэст нь тэрээр It’s not MINE — Mongolia but is MIND Mongolia -г бүтээх нь залуу үе болох бид бүгдээс шалтгаална. Иймээс Think Globally and Act Locally хэмээн илтгэлээ өндөрлөллөө. Доктор Б.Пүрэвдоржийн илтгэл эхнээсээ авхуулаад дуусан дуустлаа сонирхолтой байсан. Ингээд MIND MONGOLIA -г бүтээхийн төлөө хамтдаа хөгжицгөөе хэмээн энэ удаагийн тэмдэглэлээ өндөрлөе.

Originally published at greenmongolia.wordpress.com on November 10, 2015.

--

--

Enkhzul .N
Sustainable Mongol

Co Host @Sustainable Mongol Podcast & Environmental activist