Social Good Summit 2015 in Ulaanbaatar- Тэмдэглэлээс

Enkhzul .N
Sustainable Mongol
Published in
4 min readOct 8, 2015

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан Social Good Summit (SGS) арга хэмжээ нь энэ жилийн хувьд Шинэ зорилт, Шинэ боломж, Шинэ технологи гэсэн уриан доор Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон нийтэд таниулахын тулд чиглэгдсэн байв. НҮБ-ын 196 гишүүн орны төрийн тэргүүнүүд мөн адил Tогтвортой хөгжлийн 17 зорилт 161 чиглэлийг дэмжиж АНУ-н Нью-Иорк хотноо хуралдаж, гарын үсэг зурсан үйл явдал нь 2015 оны 9 сарын 25-нд нэг өдөр болсноороо илүүтэй онцлог байлаа.

SGS үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулснаар эхэлсэн бөгөөд ерөнхий дараах гурван хүрээнд асуудлууд дэвшүүлсэн хэлэлцүүлэг болсон.Үүнд:

  • Мэдээлэл харилцааны технологи ба Сэтгэц, бие бялдрын эрүүл мэнд
  • Мэдээлэл харилцааны технологи ба Чанартай боловсрол, боломжууд
  • Мэдээлэл харилцааны технологи ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийг даван туулах нь гэсэн сэдвүүдээр илтгэгч, панелист, чиглүүлэгч, оролцогчдын хамтаар амжилттай болж өндөрлөсөн.

SGS нь дэлхий нийтийн хэмжээнд төдийгүй Монгол улсад тулгараад байгаа асуудлуудыг мэдээлэл технологи ашиглан дээрхи зорилгуудыг 2030 он гэхэд хэрхэн нааштай үр дүнд хүргэх талаар ярилцаж, цаашлаад ирээдүйд залуус бид нар юу хийвэл зохилтой вэ гэсэн мессежийг залуучуудад өгөхийг зорьсон.

Нөгөөтэйгүүр салбар хоорондын мэргэжилтнүүдэд тулгараад байгаа асуудлуудыг даван туулахын тулд хэрхэн хамтарч ажиллаж шийдэлд хүрэх вэ гэсэн боломжийг бий болгосон нь илүү ач холбогдолтой байлаа.

Миний бие Мэдээлэл харилцааны технологи ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийг даван туулах хэсэгт оролцогчийн байр суурьтай оролцсон.

Энэ хэсэгт илтгэгчээр оролцсон Ч.Баярхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нь малчдад сөргөөр нөлөөлж байгаа талаар дурдаж, малчид цаг агаарын нарийвчилсан мэдлэг мэдээлэлгүйн улмаас зуданд малаа алдаж улмаар энэ нь олон сөрөг нөлөөллийг дагуулдаг талаар ярьсан. Тэгвэл үүний тулд мэдээлэл технологийн ямар шийдлийг ашиглах вэ, үүсэн гарах сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах вэ хэмээн судалж үзээд VOD хэмээх төхөөрөмжийг ашигласнаар эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн өөрийн судалгааны ажлын талаар танилцуулсан. Энэхүү төхөөрөмж нь хиймэл дагуулын сансрын мэдээг ашиглаад цаг уурын мэдээллийг илүү нарийвчлалтай гаргах боломжтой шинэ төхөөрөмж бөгөөд одоогоор туршилт судалгааны ажил явагдаж байгаа талаар дурьдсан.

Чиглүүлэгчийн тусламжтайгаар Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын талаар бага насныхан сонсоод ойлгохоор хэмжээний ойлголт өгөөч гэсэн чиглүүлэгчийн хүсэлтийн дагуу панелист Б.Онон оролцогч залуучуудад бага насны хүүхдүүдэд тайлбарлаж байсан туршлага дээрээ үндэслэж энгийн үгсээр тайлбарласан. Тэрээр “Нарыг бид нар хаан гээд төсөөлвөл түүний хүүхдүүд нь бидэн дээр цацарч байгаа цацраг гэж бодоод үзье. Тэгэхээр нарны хүүхдүүд гэрлүүгээ буцах гэтэл хүний үйл ажиллагаар байгальд үүссэн сөрөг нөлөөллүүд тэдний явах замд хаалт үүсгээд тор татчихсан байдаг гээд төсөөлвөл хүмүүс бид нарны хүүхдүүдийг тэр торон дотор бариад гаргаж чадахгүй байгаа юм. Үүнээс улбаалж уур амьсгалын өөрчлөлт явагдаад байна аа гэж ойлгож болно ” хэмээн тайлбарласан. Мөн тэрээр жил ирэх тусам уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн сөрөг үзэгдлүүдийг урьдчилан таамаглах боломжгүй, прогноз гаргахад хэцүү тааварлашгүй болж ирж байгаа нь даван туулах чадварыг бууруулсаар байгаа хэмээн ярьж байсан бол панелист Б.Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлтийн талаарх жишээ баримтыг судлаач хүний үүднээс жишээ баримттай ярьсан. Тэрээр шивээ ургамал их ургасан газар нь уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаагийн нэг илрэл бөгөөд шивээ нь үүнийг илэрхийлэх гол индикатор зүйл болдог хэмээн оролцогчдод тайлбарласан. Дараа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэн гарах сөрөг нөлөөллийн талаар ярилцаж, бодлого боловсруулагч шийдвэр гаргагчид үүн дээр хэрхэн ажиллах вэ, хувь хүний үүднээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийвэл зүгээр талаар панелист, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж ярилцсан.

Үүний дараа өнгөрөгч зун олон нийтийг хамарсан #HogBucketChallange аяныг санаачлагч Б.Шүрэнцэцэг challenge-н явцад гарсан туршлагаа олон нийттэй солилцохын сацуу гарсан хүндрэл бэрхшээлүүдийн талаар ч ярьсан. Тэрээр хэлэхдээ үнэхээр чин сэтгэлээсээ энэ аянд оролцсон хүмүүс байгаа хэдий ч зарим нэг хүмүүс цэвэрлэсэн ууттай хогны зургаа нийгмийн сүлжээнд тавиад л маргааш нөгөө газраа өөрсдөө хог тариад явж байсан дүр зурагтай таарснаа онцлон хэлж байлаа.

Бидэнд ярилцаж, хэлэлцэх 2 цагийн хугацаа байсан боловч бидний ярилцах сэдвийн хүрээ том, олон асуудлууд руу чиглэсэн сэдэв байсан болоод ч тэр үү хэлэлцүүлгийн хугацааг сунгаж ярилцсан хэдий ч хөтөлбөрийн цагт баригдан хэлэлцүүлгээ дуусгаж таарсан. Хэлэлцүүлгийн явцад зарим панелист, оролцогчид ярилцах сэдвийн хүрээнээсээ хальж өөр сэдэв рүү орж байсан хэдий ч чиглүүлэгчийн тусламжтайгаар гол сэдэв рүүгээ орж ярилцаж байгааг оролцогчийн байр сууринаас дүгнэхэд сайшаалтай санагдсан.

Хөтөлбөр ёсоор хэлэлцүүлгийн дараа 3 хэсгийн чиглүүлэгчид хэсэг бүрт яригдсан чухал санаагаа дүгнэн хэлэлцэж оролцогчдын санал сэтгэгдлийг сонссоноор хэлэлцүүлэг дууссан.

SGS 2015 хэлэлцүүлэгт оролцогч залуусын дийлэнх хувь магадгүй 80% нь 18–35 насны ирээдүйд хөгжлийг хөдөлгөгч залуучууд байгаа нь их л сэтгэгдэл төрүүлсэн.

Тэгвэл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхийн тулд би болоод бид юу хийж чадах вэ?

Бид нар заавал нэг том зүйл хийх гээд боломжийг хайгаад өөрт таатай байдлыг хүлээгээд байхаас илүүтэй өөрсдийн амьдарч байгаа орчинг төдийгүй ирээдүйд амьдрах үр хүүхдүүдийнхээ төлөө эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэхийн тулд иргэн хүний хувьд үрэлгэн хэрэглээгээ багасгаж, аль болох эдийн засаг, нийгэм, байгальд орчиндоо ээлтэй амьдралын хэв маягийг өөртөө болон бусдад хэвшүүлхийг уриалах нь миний болоод бид бүгдийн хийж чадах хамгийн энгийн бөгөөд амархан шийдлийн нэг юм болов уу гэж би бодож байна. Харин та энэ талаар юу гэж бодож байна? Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхийн тулд та юу хийж чадах вэ? Магадгүй энэ асуултын хариултыг таньд үлдээе гэж бодлоо.

Originally published at greenmongolia.wordpress.com on October 8, 2015.

--

--

Enkhzul .N
Sustainable Mongol

Co Host @Sustainable Mongol Podcast & Environmental activist