Бүхий л зүйлээрээ илүү Samsung Galaxy Note 9

Gantulga Gansukh
Technote
Published in
6 min readSep 14, 2018

Тансаг хэрэглэлийн нэгт тооцогдож болохуйц үнэ бүхий энэ утас таны дараагийн утас мөн үү?

Том хэмжээ, тод хөх өнгө болон бусдаас маргаангүй ялгарахуйц шар S Pen нь нүдэнд хамгийн түрүүнд тусна.

Худалдаанд гарахаас нь өмнө уг утсыг ашиглах завшаан надад тохиолдсон тул анхны сэтгэгдэл болон өөрт таалагдсан зүйлсийн талаар та бүхэнтэй хуваалцъя.

Нөүт 9-ийн хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг бол маш том Super AMOLED дэлгэц нь юм. Samsung-ийн үйлдвэрлэдэг уг дэлгэц нь одоо байгаа хамгийн сайн чанарын AMOLED билээ. 6.4 инчийн 2 талаараа Curved дэлгэцийг өнгөрсөн жилийн 6.3 инчийн дэлгэцтэй Нөүт 8-тай адил хэмжээнд багтаасан нь “bezel” буюу дэлгэцийн захын ирмэгийг улам багасгасан гэсэн үг юм. Энэ дэлгэц дээр бичлэг үзэх болон тоглоом тоглоход хэзээ ч уйдахааргүй, амьд мэт харагдана. Жил гаран хугацаанд 5.8 инчийн дэлгэцтэй S8 ашиглаж дассан миний хувьд маш том санагдах нь аргагүй биз. Өнгөний ялгарлын хувьд ч S8-аас илүү сайн, тод дэлгэцтэй байгаа нь нүдэнд илт харагдаж байсан.

Нөүт 9-ийн дараагийн сайжирсан зүйл бол өмнөх загвараас 30% ихэссэн battery юм. “All day battery” гэж бардам сурталчилж буй нь ч оргүй зүйл биш юм. Ихэнх хэрэглэгчдийн хувьд энэ утас бүтэн өдрийг хангалттай давахуйц хэмжээний 4000mAh battery-тэй. Утсаа их хэрэглэдэг heavy user миний хувьд өдөржин дата асаалттай, дуу сонсож, бичлэг үзэж, зураг дарж, зав гарсан үедээ PUBG тоглоход өдөртөө хангалттай байсан ба 20-оод хувийн цэнэгтэй гэртээ ирж байсан. Мөн Fast Charger буюу хурдан цэнэглэдэг технологитой учир энэ том хэмжээний battery-г 2 цагт бүрэн цэнэглэх чадвартай.

Дараагийн том “Selling point” бол асар том 512GB багтаамж нь юм. Энгийн загварын хувьд 128GB багтаамж болон 6GB RAM-тай бол илүү том 512GB багтаамжтай загвар нь 8GB RAM-тай юм. Харин Монголд зөвхөн 512GB/8GB загвар нь худалдаалагдаж байгаа. Ийм их хэмжээний багтаамжтай болсноор утасны багтаамж дүүрч хэрэгцээт зүйлс, дурсамжит зургаа устгана гэдэг ойлголтоос салж байгаа юм. Энэ нь хэр их багтаамж вэ гэдгийг энгийнээр тайлбарлавал та утсан дээрээ 500 гаруй HD чанартай бүрэн хэмжээний кино татах эсвэл 93000 зураг багтаах зай юм. Үүгээр ч зогсохгүй 2 сим-ний оролттой ба нэг симний оролтонд бас дахин 512GB хүртэлх хэмжээний SD card хийн 1 terabyte багтаамжтай болгож болох юм. Ямар их зүйл багтааж болохыг төсөөлөөд үздээ…

Нөүт 9-ийг урдаас нь харахад Нөүт 8-аас ялгагдахааргүй боловч ард талруу нь эргүүлвэл ялгаа нь илт харагдана. Нөүт 9 нь S9Plus-тай адил хос линзтэй камертай болсон ба нэг линз нь 12 мегапиксел-ийн хос апартуртай (f/1.5 + f/2.4) бол нөгөө линз нь 12 мегапиксел-ийн 2x татах чадвартай телефото линз бөгөөд энэ 2 линз нь оптик зураг тогтворжуулагчтай. Гэрэлтүүлэг муутай үед камер нь f/1.5 апартурт шилжсэнээр илүү их гэрэл нэвтрүүлж зураг дарах ба гэрэлтүүлэг сайн үйд f/2.4 апартурт шилжиж зураг дарна. Мөн камерийн про хэсгээс апартурыг өөрөө тохируулан зураг дарах боломжтой. Энэ камерийн бас нэгэн давуу тал 960fps 720p super slow-mo бичлэг хийх чадвар юм. Хурдан хөдлөж байгаа зүйлийг асар удаашруулан бичих боломжтой ч нэг сул тал нь камер өөрөө хөдөлгөөнийг илрүүлснээр бичлэгээ хийж эхлэдэг нь бөгөөд бичсэний дараа удаашруулах хэсгийг тохируулж болдоггүй байсан.

Бас нэгэн онцлох зүйл бол scene-detection буюу дарж буй зургийг ямар төрлийн зураг вэ гэдгийг мэдрэх бөгөөд хиймэл оюун ухааны тусламжтайгаар тухайн зургуудад тохирох өнгөний сайжруулалт хийнэ. Энэ бол маргаангүй Самсунгийн хамгийн сайн камер юм.

Урд камерын хувьд 8 мегапиксел-ийн камер нь Нөүт загваруудын хувьд анхны авто фокустай загвар болсон юм. Энэ камераар гайхалтай селфи хийж болхоос гадна өргөн грүпп селфи, super slo-mo бичлэг хийх, AR (Augmented Reality) буюу өргөтгөсөн бодит байдал(wikipedia дээрх орчуулга)-аар зураг дарах боломжтой.

Хамгаалалтын хувьд орчин үеийн стандарт болсон хурууны хээ уншигчтайгаас гадна нүүр болон нүд таних технологитой. Хурууны хээ уншигч нь камернийхаа доор байрладаг болсноор өмнөх Нөүт 8-ийнхаас илүү ашиглахад амар болсон. Нөүт 8 болон S8 нь камернийхаа хажууд хурууны хээ уншигчтай байсан учир ашиглаж дастлаа камераа халтартуулах тохиолдол маш их байсан. Миний хувьд S8 дээрээ хурууны хээ уншигчаас илүүтэйгээр нүүр танигчийг ашигладаг ба утсаа нээх үед шууд түгжээ тайлагддаг учир их амар санагддаг. Харин одоо нүүр болон нүд танигчийг хослуулан ашиглах боломжтой болсон нь надад их таалагдсан.

Дараагийн дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бол stereo speaker. Dolby Atmos-тэй хамтарж хийн AKG-ээр тохируулагдсан дуугаралт нь өмнөх загваруудынхтай харьцуулашгүй сонсогдоно. Чихэвчгүйгээр бичлэг үзэх, тоглоом тоглох(Youtube and PUBG all the way) ийм урамтай санагдана гэж бодож байсангүй…

FORTNITE тоглоомоос NOTE 9 хэрэглэгчдэд бэлэглэж буй SKIN

Хүчин чадлын хувьд мэдээж хамгийн сүүлийн үеийн Snapdragon/Exynos CPU-тэй. Хэдэн ч апп-ийн хооронд саадгүй шилжиж, олон апп зэрэг ашиглахад илүү тохиромжтой болсон. Том хэмжээний Fortnite, PUBG тоглоомнуудын хооронд ч асуудалгүй шилжиж яг хийж байсан зүйлс маань хэвээрээ байсан нь хэр хүчин чадалтайг нь илэрхийлж байсан.

За хамгийн чухал, Нөүт загварыг бусдаас онцлог болгодог зүйл бол S Pen буюу ухаалаг үзэг нь байдаг. Энэ үзгээр утсан дээрх бүхий л үйлдлээ хийж болхоос гадна тэмдэглэл хөтлөх, текс бичих, slide гүйлгэх зэрэгт ашигладаг байсан бол Нөүт 9 загвараас эхлэн S Pen нь дотроо bluetooth холболттой battery-тэй болсноор зайнаас шинэ үйлдлүүд хийх боломжтой болсон. Утаснаасаа 10м-ийн зайд саадгүй ажиллах энэ үзэг нь утсан дотроо 40 секунд байхад л 30 минут ашиглахуйц хэмжээний цэнэгийг авдаг тул цэнэг дуусна гэдэгт санаа зовох шаардлагагүй. Зайнаас хийж болох үйлдлүүд нь S Pen дээрх товчин дээр нэг, хоёр эсвэл удаан дарах байдлаар ашиглагдах ба ямар апп ашиглаж байгаагаас чинь хамааран өөр өөр үйлдлүүд хийнэ. Жишээ нь энгийн үед товчлуур дээр удаан дарснаар камер нээгдэж, хоёр дархад камер эргүүлэгдэж, нэг дархад зураг дарна. Харин дуу тоглуулж байхад зогсоох, тоглуулах, дараагийн дууг тоглуулах үйлдлүүдийг хийх бол зураг эсвэл presentation үзэж байх үед дараагийн болон өмнөхрүү шилжих үйлдлийг хийх гэх мэт ажиллана. Надад селфи хийхэд илүү тохиромжтой санагдсан. Уг утас нь өөрөө том учир нэг гараараа селфи хийхэд хүндрэлтэй байсан тул үзгээ ашиглан зураг дарахад илүү хялбар байсан.

Хамгийн сүүлд нь энэ утасны талаарх миний сэтгэгдэл бол Нөүт 9 нь бүхий л талаараа маргаангүй одоо байгаа Самсунгийн хамгийн хүчирхэг утас юм. Хэлбэрийн хувьд арай ирмэгтэй, нэг гараар ашиглахад хүндрэлтэй мэт санагдсан тул ийм өндөр үнэтэй утаснаас илүүтэйгээр гарт эвтэйхэн S9Plus авсан нь дээр гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол жил гаруй хугацаанд S8 барьж дассан миний л бодол. Хэрвээ та том дэлгэц, том battery, их багтаамж, сайн камер, хамгийн сүүлийн үеийн cpu, S Pen хүсэж байгаа бол энэ утас таньд зориулагдсан утас юм.

--

--