Анимейшны 12 зарчим

Б. Шинко
Trimon Studio
Published in
5 min readJul 19, 2019
The Illusion of Life: Disney Animation

Бидний дуудаж заншсанаар “Animation” /Хүүхэлдэйн кино/ нь “Animate” буюу амь оруулах гэсэн утга бүхий Латин үгнээс гаралтай бөгөөд дүрс болон биетийг хөдөлгөн амь оруулах гэсэн утгатай билээ.

Энэ нь маш энгийн, хийхэд амархан сонсогдож буй мэт боловч үнэн хэрэгтээ жинхэнэ утгаар нь амь оруулж, мастер аниматоруудын хэмжээнд чанартай анимейшн хийж чаддаг болохын тулд тодорхой хэмжээний уран сайхны болон дүрмийн мэдлэгүүдийг зайлшгүй мэддэг байх шаардлагатай юм.

1981 онд Диснейн аниматорууд болох Ollie Johnston ба Frank Thomas нар анимейшны 12 зарчимыг The Illusion of Life: Disney Animation номондоо танилцуулсан бөгөөд уг номыг дэлхий даяар анимейшн суралцагчдын Библи хэмээн үздэг.

Уг нийтлэлээрээ би анимейшн хийх хүсэл эрмэлзэлтэй болон анимейшн хийж буй Монгол залуусдаа зориулж Анимейшны 12 зарчимыг өөрийн чадлаараа ойлгомжтой тайлбарлахыг хичээлээ.

  1. Squash & Stretch / Агших ба сунах хөдөлгөөн
  • Хөдөлгөж буй дүр, биетэд агшиж сунах хөдөлгөөнийг оруулж өгсөнөөр жин болон эзэлхүүнийг тодорхой болгохоос гадна хөдөлгөөнийг илүү зөөлөн болгож харагдуулдаг.

2. Anticipation / Урдчилсан хөдөлгөөн

  • Урьдчилсан хөдөлгөөн гэдэг нь ямар нэгэн хөдөлгөөн эхлэхийн өмнөх чигийг гаргаж буй хөдөлгөөнийг хэлж байгаа юм. Энэ нь хөдөлгөөнийг илүү амьд болгохоос гадна, дараачийн үйлдийн хүчийг тодотгож өгдөг.
  • Жишээ нъ: Найтаахын өмнө хамар нь сартайж толгойгоо хойшлуулах, Цохихын өмнө гараа хойш татах гэх мэт.

3. Staging / Тайз дэглэлт

  • Staging нь өөрийн харуулахыг зорьсон зүйлээ тодорхой ойлгомжтой харуулахыг хэлж байгаа юм. Үүнд жүжиглэх, хугацааг тохируулах, камерийн өнцөг байрлал болон орчин гэсэн 4 нь зүйл багтдаг.
  • Гол анхаарах зүйл нь үйл явдлууд дарааллын дагуу ойлгомжтой хийгдэх ёстой бөгөөд эс бөгөөс үзэгчид хаана анхаарлаа хандуулахаа мэдэхгүйд хүрнэ.
  • Мөн дэлэгцэнд гарч буй бүх элемэнтүүд нь хэлэх гэсэн санааг тодотгох үүрэгтэй байдаг.

4. Straight ahead & Pose to Pose / Байрлалаас байрлал уруу ба хэлбэрээс хэлбэр уруу.

  • Анимейшн нь хуудас хуудсаар зурагдаж хийгддийг бид бүгд мэднэ. Тэгвэл хуудас хуудсаар зурахад 2 төрлийн арга ашигладаг бөгөөд үүнийг Straight ahead болон Pose to Pose гэж нэрлэдэг
  • Pose to Pose нь эхлэл болон төгсгөлийн байрлалыг зурсаны дараагаар голын хөдөлгөөнүүдийг нөхөж зурахыг хэлдэг. Ингэж зурж, хөдөлгөх нь харьцаа болон хугацаагаа зөв төлөвлөж хийж буй зүйлээ хяналтандаа байлгах маш сайн арга юм.
  • Харин Straight ahead нь эсрэгээрээ хөөж зурах арга бөгөөд үүнийг гал, усны дусал, дэлбэрэлт, утаа гэх мэт тусгай эффект, элементүүд зурахад ашиглах нь илүү тохиромжтой байдаг.

5. Follow through & Overlapping action / Дагалдах буюу давхцах

  • Үүнийг энгийнээр тайлбарлавал үндсэн хэсэг хөдлөхөд түүний хөдөлгөөний дагаж туслах хэсгүүд хөдөлөнө гэсэн үг юм. Жишээ нь: Үс, хөх, амьтны сүүл, хүзүүний зүүлт, нөмрөг гэх мэт
  • Тэгэхдээ даган хөдөлж буй зүйл нь материал болон жингээс хамааран өөр өөр хөдөлгөөнтэй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь: Антен болон өд нь хоорондоо маш их ялгаатай шүүдээ.
  • Мөн гол объект хөдөлсний дараа холбогдсон хэсэг дагаж буюу хоцорч хөдөлнө гэдгийг мартаж болохгүй шүү.

6. Slow in & Slow out / Удаан эхлэл ба удаан төгсгөл

Хөдөлгөөний эхлэл, төгсгөлийн хурдыг удаашруулахын тулд илүү их frame-тэй болгох хэрэгтэй. Ингэснээр хийж буй хөдөлгөөн маань илүү зөөлөн бас үнэмшилтэй харагддаг.

Motion design, 3D анимейшн хийж байхад ихэвчлэн Curve ашигладаг бол уламжлалт анимейшн хийхэд frame хоорондын зайг сайтар тооцоолж хийх хэрэгтэй байдаг.

Curve
frame

7. Arcs / Нумарсан хөдөлгөөн

  • Амьдрал дээрхи ихэнх хөдөлгөөн нумарсан шугамын дагуу хөдөлдөг гэхэд хэлсдэхгүй. Алхаж буй хөдөлгөөн хийгээд өөрийн гарыг хэрхэн хөдөлж буйг сайн ажиглаарай.

8. Secondary action / Туслах хөдөлгөөн

  • Туслах хөдөлгөөнийг хийснээрээ ямар нэгэн гаргах гэсэн санааныхаа хүчийг нь ихэсгэж өгдөг. Жишээ нь: Ууртай хүн байвал гарыг нь атгууах, амттай юм идвэл уруулаа долоох гэх мэт үйлдээр тодотгож өгөх.

9. Timing / Хугацааг тааруулах

  • Түлхүүр фреймийн хоорондох фрэймийн тоо нь хурдыг илэрхийлэх ба фрейм хоорондын зай хол байх тусам хурдан, ойр байх тусам удаан байна гэсэн үг юм.

10. Exaggeration / Хэтрүүлэг

  • Хэтрүүлэг бол анмейшны хамгийн сонирхолтой хэсэг бөгөөд бид бүгдийг анимейшнд дуртай болгосон гол шалтгаануудын нэг юм аа.
  • Үүнийг оновчтой зөв харагдуулахад бага зэрэг хэцүү ч хэтрүүлэггүйгээр анимейшн нь үнэхээр уйтгартай харагддаг.

11. Solid drawing / Байгууламж

  • Дүр болон аливаа биет нь бодит харагдах хэрэгтэй. Хэдий зурж буй дүрс маань 2 хэмжээст хавтгай дээр зурагдаж байгаач гэлээ 3н хэмжээст мэт ойлгомжтой чанартай харагдах ёстой.
  • Энэ нь анимторын үндсэн чадвар бөгөөд анхан шатны зураг зурах ойлголтоос эхлэнэ. Алслалт, байгуулалт, эзэлхүүн, жин зэрэг зүйлсийг зөв гаргаж өгсөнөөр зурсан дүр чинь аль ч өнцөгөөс харсан бодитой харагдах болно.

12. Appeal / Донж

  • Хүүхэлдэйн киноны дүрүүдэд анхаарал татах зүйлс зайлшгүй хэрэгтэй. Анимейшны уг чанар нь үзэгчдийн сонирхолыг хөдөлгөдөг ба дүрийнхээ мөн чанарыг илүү тодотгож өгдөг.
    Жишээ: Баатарлаг дүр байлаа гэж бодоход том цээжтэй өргөн шанаа, дөрвөлжин толгойтой, булчинлаг шуутай гэх мэт. Харин хорон санаат эсрэг талын дүр нь шөвгөр ирүүтэй олон хурц өнцөгүүд орсон хэлбэрүүдээс бүтсэн байх гэх мэт.

12 зарчим маань энд хүрээд өндөрлөж байна. Өөрийн зүгээс анимейшн хийх гал халуун хүсэл эрмэлзэлтэй залуусдаа зориулан хэлэхэд 3УР 3УР БАС ДАХИН ЗУР!!! хэрэв чи хийж үзэхгүй л юм бол эдгээр зарчимуудыг худлаа мэддэгээс цаашгүй болж өнгөрнө шүү.

Good luck!

--

--