ЭЗ-н хямрал ба маркетинг

Trimon-studio
Trimon Studio
Published in
2 min readMay 4, 2020

Дэлхийн №1 баян, Amazon.com-н эзэн Jeff Bezos өөрийн амьдралд хамгийн их нөлөөлсөн 12 номны нэгээр “Датад суурилсан маркетинг: Маркетингийн хүн бүр мэдэх ёстой 15 хэмжүүр” (2010) гэх номыг дурдсан байдаг.

Энэхүү номын эхний бүлэгт хямралын эдийн засгийн үед аливаа компани маркетиндаа хөрөнгө оруулах нь зах зээл дэх байр сууриа бататган, борлуулалтаа өсгөх чухал боломж байдаг талаар дурдсан байдаг. Шинэ коронавирус эдийн засагт сөргөөр нөлөөлж буй өдгөө, байгууллагынхаа маркетингийг хариуцан ажиллаж буй танд зориулан номын энэхүү хэсгийг товчлон хүргэе.

АНУ-н шинжлэх ухаан хэвлэлийн компани McGraw Hill Research нь бизнес дэх эдийн засгийн хямралын нөлөөллийг 16 салбарын 600 компаний 1980–1985 оны дата дээр суурилан судалсан байна. Судалгааны үр дүнд Америкийн 1981–1982 оны хямралаар зар сурталчилгааны зардлаа өөрчлөөгүй эсвэл ихэсгэсэн компаниуд дараагийн 3 жилд зах зээлд эзлэх хувиа өсгөсөн болохыг тогтоожээ. 1985 он гэхэд зар сурталчилгаагаа ихэсгэсэн компаниуд ихэсгээгүй компанитай харьцуулахад 256% илүү өсөлт хийсэн байсан байна.

Энэхүү уялдаа холбоо нь 2001 болон 2008 оны хямралын үед ч мөн ажиглагдсан байдаг.

  • 2001 онд Intel компани өрсөлдөгч AMD-с зах зээлийн хувь булаан авахын тулд dual-core технологийн үйлдвэрлэл болон маркетингт нийт 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
  • АНУ-н барилгын салбар уналтад ороод байсан 2008 онд барилгын тоног төхөөрөмж, автоматжуулалтын Johnson Controls нь энергийн хэмнэлттэй технологиудаа сурталчилсан кампанит ажлуудыг тогтмол хийсэн байдаг.
  • Дэлхийн эдийн засгийн хямралын хамгийн хүнд он болох 2009 онд Procter & Gamble, PepsiCo болон Verizon зэрэг томоохон компаниуд зар сурталчилгааны зардлаа ихэсгэх стратеги хэрэгжүүлж байв.

Эдийн засгийн хямралын үед сайтар төлөвлөж гүйцэтгэсэн маркетинг, зар сурталчилгаа нь хий дэмий зардал бус, байгууллагын борлуулалтыг өсгөх чухал хөрөнгө оруулалт болдог аж. Үүн дотор хямдрал бус брэнд, үйлчлүүлэгчийн харилцаанд чиглэсэн зар сурталчилгаа эсвэл маркетингийн технологит зориулсан хөрөнгө оруулалт илүүтэй үр өгөөж авчирдаг байна.

Судалгааны дэлгэрэнгүйг:

  • McGraw-Hill Research, Laboratory of Advertising Performance Report 5262 (New York: McGraw-Hill, 1986).
  • Recession Study, Penton Research Services, Coopers & Lybrand, and Business Science International, 2003.
  • Matt Kinsmann, “Defying downturn, Hanley Wood continues to invest,” Folio B2B, November 6, 2007.

--

--