Odongerel Zorigtbaatar
Trimon Studio
Published in
3 min readMay 13, 2019

--

Advertisement = Marketing strategy + Creativity

Таны бизнес санаа үнэхээр гайхалтай байсан ч, үүний тухай хэн ч мэдэхгүй бол, таны бизнес хэнд ч сонин биш хэвээр үлдэх болно.Та реклам сурталчилгааг маркетинг борлуулалтынхаа төлөвлөгөөнд оруулаагүй байгаа ч хэзээ нэг өдөр энэ тухай илүү нухацтай бодох шаардлага гарна гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Орчин цагт зар сурталчилгаа бол маркетингийн төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг, үүнтэй маргах хэрэггүй.

‘’Зардлаа хэмнэх үүднээс сурталчилгаагүйгээр бизнес хийнэ гэдэг нь, ханын цагаа зогсоогоод цаг хугацааг хэмнэх гэж оролдож байгаатай адил’’ гэж Thomas Jefferson хэлсэн байдаг билээ.

Үүнийг батлахын тулд Hollywood-н кинонуудыг ямарч сурталчилгааны компанит ажиллагаагүйгээр кино театруудаар цацвал хэдэн хүн үзэх байсан бол гэж төсөөлөөд үзэхэд л хангалттай. Нөгөөтэйгүүр сурталчилгаа болгон үр дүнд хүргэдэг гэсэн үг биш. Учир нь үүнийг амжилттай хийхийн тулд судлах, төлөвлөх, бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах, мөн багагүй хугацаа шаардлагатай болдог.

Мэргэжил нэгт залуустаа хэрэг болж магад гээд дараах бяцхан зөвлөмжүүдийг блогоороо дамжуулан хүргэж байна.

1. Стратеги төлөвлөгөө: Маркетингийн концепт, төлөвлөгөөгүйгээр сурталчилгаа хийнэ гэдэг бол хэрэглэхгүй байж хувцас худалдан авдагтай яг адил зүйл. Учир нь сурталчилгаа бол маркетингийн төлөвлөгөөтэй уялдаж байж үр дүнг авч ирдэг.

2. Хэрэглэгчдийн оронд өөрсдийгөө тавиад үзэх : Үнэндээ хэн ч зар сурталчилгаа үздэггүй. Зөвхөн сонирхол татахуйц, өөрт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээнд л анхаарлаа хандуулдаг.

Үйлчилгээг тань хэн худалдан авах вэ? Тэд юу хүсч байна? Ямар сувгаар тэдэнд хүрч болох вэ? гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Реклам үзээд худалдан авалт хийнэ гэдэг нь нэг бол тэд хайж буй зүйлээ олсон эсвэл сурталчилгаа тэдэнд ямар нэг сэтгэгдэл үлдээж чадсан гэсэн үг.

Хамгийн гол нь цагаан хоолтон найзыгаа оройн хоолонд урьчхаад бяслагтай hotdog санал болгож болохгүй гэдэг тухай юм.

3. Бүтээлч сэтгэлгээ: Хэт ерөнхий рекламыг хэт олон рекламдах нь хэрэггүй зардал болж хувирдаг. Ялангуяа сошиал сувгуудаар цацаж байгаа сурталчилгааг аль болох шинэчлэх хэрэгтэй ба хүн нэг харсан зүйлээ дахин дахин сонирхон үзээд байдаггүй.

Бас хэрэглэгчид нэг дор олон мэдээлэл авч чаддаггүй тул нэг сурталчилгаанд нэг санааг хүргэхэд л хангалттай. Хэрэв 2 өөр санаа хүргэхийг хүсвэл 2 өөр реклам хий.

4. Ухаалгаар зарцуулах: Цахим ертөнцөд сурталчилгаа бүр танд өөр өөр үнэ цэнийг авчирдаг. Яг юунд илүү мөнгө, цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэйг сайтар бодож тунгаасны үндсэнд шийдвэр гаргах хэрэгтэй. Өндөр өртөгтэй реклам бүр өндөр үр ашиг авч ирнэ гэсэн үг биш. Мөн хэмнэж байна гээд ядруухан реклам хийж болохгүй. Яг л таарсан балансыг нь л олчих.

5. Цагийн менежмент ба сахилга бат : Анхнаасаа төлөвлөхдөө цаг хугацааг хангалттай гаргаж өгөх, хийгдэх ажлуудаа цаг хугацаатай төлөвлөх хэрэгтэй. Сурталчилгаан дэх ажлын ажилбар,хийцлэлээс шалтгаалан өөр өөр хугацаа зарцуулагддаг ба ихэнх тохиолдолд хамгийн багадаа 2–3 засвар ордог. Засварыг хэдэн ч удаа хийх шаардлага тулгарч магадгүй тул хугацааны хувьд уян хатан байхаар төлөвлөх нь зүйтэй. Төслийн гүйцэтгэл тэр чигээрээ багийн ажиллагаа бөгөөд дор бүрнээ хийж буй зүйлдээ хариуцлагатай хандах, мэдээллийг бусадтайгаа хуваалцах нь төслийг амжилттай гүйцэтгэх гол түлхүүр болдог.

6. Зоригтой байх : Маркетерүүд дотроо маш олон шинэ санаа бодчихсон байдаг ч эцсийн дүндээ нөгөө л нэг уламжлал болсон сурталчилгааны санаагаа хэрэгжүүлэхээр шийддэг. Шалтгаан нь ихэнх тохиолдолд тэдгээр санаануудыг рекламдаа хэрхэн зөв буулгах тал дээр, эсвэл хэрэглэгчдийг уг рекламыг хүлээж авч чадах эсэх дээр эргэлздэг. Уг нь бол хэрэглэгчид хангалттай ухаалаг мөн тэд шинэ содон зүйлд илүү нөхөрсөг ханддаг болсон шүү дээ.

7. Бизнесийн ёс зүйтэй байх: Муу бүтээгдэхүүн үйлчилгээг үнэхээр мундаг рекламдсан ч тийм ч хол явдаггүй. Үйлчлүүлэгчид нэг удаа худалдан авдаг ч хоёр дах гэж байхгүйг ойлгох хэрэгтэй.Тэд аливаа зүйлд мөнгөө зарцуулахдаа маш болгоомжтой ханддаг.

Хүн өдөрт хэдэн зуун реклам сурталчилгааны дайралтад өртөж байхад таны рекламыг онцолж анхаараад худалдан авалт хийж байгаа бол баяр хүргэе та үнэхээр сайн ажилласан бололтой.

--

--