Goodyouths.com буюу анхны стартапаа шатаасан түүх + эргэн ирэлт

Tushigt-Erdene
Mar 9 · 8 min read
Goodyouths-ыг “шатааж байх” үеийн зураг

Саяхан амьдралдаа баримталдаг зарчмаа шинэчилж “Хий тэгээд хуваалц” болгосон юм. Миний ажигласнаар ихийг бүтээсэн хүмүүсийн дийлэнх нь өөрийн алдсан, оносон түүхээ бусадтайгаа хуваалцдаггүй. Харин хийж бүтээсэн зүйл цөөн хүмүүс олны өмнө гараад “Өглөө эрт бос”, “Бүү бууж өг” зэргээр хий хоосон номлох болж.

Энэхүү ажиглалт дээрээ үндэслэн энэ жилээс эхлэн алдсан, оносон түүхээ блогоороо дамжуулан хуваалцаж байхаар шийдсэн юм. Ирээдүйд ч мөн тэр болгон олны яваад байдаггүй замаар явж тэрхүү эрсдэлтэй, адал явдалтай замаас сурч мэдснээ хуваалцнаа.


Goodyouths гэж яг юу байв?

Хамгийн эхэнд хуваалцах түүх бол 11-р ангид байхдаа goodyouths.com нэртэй боловсролын сайтыг үүсгэн байгуулж, 1 жилийн дотор 1 сая гаруй хандалт авсан амжилтын бас бүтэлгүйтлийн түүх байх болно.

Одоо бодоход Goodyouths миний хамгийн анхны бизнес, сүүлийн үеийн хэллэгээр стартап маань байжээ. Тухайн үедээ юун стартап, бүр бизнесийн талаар ч анхан шатны мэдлэггүй байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Goodyouths-ыг мэдэхгүй хүмүүст зориулаад сайтынхаа шийдэхийг зорьж байсан асуудлуудыг товчхон байдлаар танилцуулъя. (Эдгээр постерыг сүүлд хийсэн болно.)


Бага зэрэг түүх

Сайтынхаа талаар бичихийн тулд өөрийнхөө түүхээс багахан хэсгийг нь хуваалцъя.

2015 оны зуны амралт миний хувьд нүд нээсэн цаг мөч байсан юм. Тэр жилийн зуны амралтаар ямар тохироо нь бүрдсэн юм бүү мэд, ямартай ч Улаанбаатарт ирж англи хэлний сургалтад суулаа. Тухайн үед хэдий би 10-р ангид суралцдаг байсан ч миний англи хэлний мэдлэг гэж одоогийн бага ангийн хүүхдийн түвшинд л байлаа. Самбар дээр “shall” гэдэг үгийг бичиж чадахгүй ангийнхнаараа шоолуулж байснаас эхлээд Англи хэлний минь чадварыг ямар муу байсныг батлах түүх мундахгүй олон.

За тэгээд, аймгаасаа удаан хугацаагаар гарч байгаагүй 15 настай Түшигтээ анх удаа зуны амралтаа улсын нийслэл Улаанбаатарт ирвээ. Өмнө нь хэд хэдэн удаа хотод ирж байсан учир байшин барилга, оршин суугчид нь тийм ч их анхаарал татсангүй. Харин хамгийн ихээр санаанд минь орж, өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан зүйл бол хөдөө орон нутаг болон хотын хүүхдүүдийн мэдлэг, мэдээллийн ялгаа. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч миний мэддэг зүйлс хотын хүүхдүүдийн мэддэг зүйлсээс хэд дахин бага байсан юм.

Энэ л үеэс эхлэн хүн нэг газраа “За, би чадчихлаа” гээд зогсож болохгүйг аймаг, сургуулиасаа гараад харвал бүхэл бүтэн дэлхий ертөнц хүлээж байдгийг ойлгосон юмдаа.

Тэр жилийн зуны амралтыг тэр чигт нь Англи хэлний сургалтын төвдөө явж, завсарлагаанаар нь Maxmall-д зардаг байсан 1200 төгрөгийн үнэтэй 4 ширхэг мантууг идэж, өнгөрсөн жилүүдэд юу сурснаа, ямар түүхий байгаагаа гайхсаар, өөрийгөө голсоор өнгөрөөсөн юм. Энгийнээр хэлбэл сэлж байсан нуурнаасаа илүү том нуур байгааг, тэр нууранд илүү олон загас байгааг мэдсэн хэрэг. Өөрийгөө тэр олон загастай харьцуулж үзээд улам ихээр хичээх хүсэл төрж байлаа.


Бага зэрэг түүхийн үргэлжлэл

Удалгүй зуны гурван сарын хугацаа ч дуусаж аймагтаа очив. Очоод хөдөө орон нутагт сурдаг хүүхдүүдэд яагаад хотын хүүхдүүд шиг боломж байдаггүй юм бол гэж өөрөөсөө асууж заримдаа харамсдаг боллоо. Аймагт сурдаг үеийнхээ хүүхдүүдийг харахаар ихэнх нь тэр том далайг харахгүй байсан юм. Бүр тийм далай бий шүү гээд хэлчих хүн цөөхөн байсан гээд бод доо! Үүнд мэдээж боловсролын салбараар эхлээд буруутгах зүйлс олон.

Хөдөлмөрлөх цагаа багахан нэмэгдүүлж, аль нэг гадаад хэлийг дундаж эзэмшсэн байхад л боломжууд ар араасаа ирдэгийг биеэрээ туулчихсан болохоор бусдадаа түгээхийн хүслэн болсон үе байв. Ингээд л бие даах гэх ойлголттой болж, муухан англи хэлээ ашиглан Wordpress.com дээр блог нээн хувь хүний хөгжилтэй холбоотой нийтлэл орчуулж эхэллээ.

Хамгийн эхний нийтлэл маань “Цаг хугацааг зөвөөр ашиглах 21 арга” гэсэн нэртэй нийтлэгдэж нэгхэн хоногийн дотор олон (10 орчим) шэйр авсанд их л урамшиж билээ. Одоо санахад нэг нийтлэл дээр их удаан суудаг байж. Гэхдээ л орчуулгын амт гэдэг зүйлд донтож байжээ.


Асуудлыг олж харсан үе

Тухайн үед миний гайхшралыг төрүүлж, санааг чилээдэг байсан бас нэг зүйл бол Монгол хэл дээрх мэдээллийн дутагдал, чанаргүй байдал юм. Жишээлбэл анхны нийтлэл болох цаг хугацааг ашиглах тухай нийтлэл дээр маш олон хоног сууж, бичсэн хүнийх нь гаргах гэсэн санааг тултал нь гаргахыг хичээн орчуулсан байтал яг тэр мэдээг монголын нэг сайт (их л олон хандалт авдаг сайт) ердөө хэдхэн өгүүлбэрт багтааж халтуурдаж орчуулсан байхыг олж уншаад ой гутаж байв.

Англи хэл сураагүй байсан бол хандалтын төлөө бичсэн мэдээгээр тархиа ундаалж байх байжээ гэж бодохтой зэрэгцэн улам чанартай нийтлэлүүд гаргамаар санагддаг болов.

Ингэж явсаар 2016 онтой золгов. Блогтоо домайн аваад сайт нээе гэдэг санаа ер нь л шинэ онтой зэрэгцэн төрж эхэллээ. Tushigterdene.com гэдэг домайн миний хамгийн эхний сонголт байв. Тэр үед сайтдаа хувь хүний хөгжилтэй холбоотой нийтлэлүүд орчуулж тавина гэсэн бүдүүн, баараг төлөвлөгөөтэй байсан санагдана. Энэ тухайгаа нэг найздаа санаандгүй ярьтал тэр өөрийнхөө нэрээр домайн авах хэрэггүй, ер нь л хувийн тоглолт хийх хэрэггүй гэсэн зөвлөгөө өгч билээ.


Шийдэл олсон үе

Тун удалгүй илүү дээр санаа төрж эхэлсэн юм. Тэр нь боловсрол, гадаад хэл сурах, гадаад сурах зэрэг сэдвээр дагнан нийтэлдэг вебсайт бүтээх байлаа.

Хөдөө орон нутгийн сургуулиудад хичнээн мянган хүүхэд чанартай мэдээллийн эх сурвалжгүйгээсээ болоод хохирч байгааг өөрийн биеэрээ мэдэх тул энэ асуудал гарцаагүй шийдэл олох ёстой гэж үзсэн хэрэг.

Үүнээс хойш зөвхөн хувийн блог бус илүү том хүрээнд харахыг хичээн вебсайт, домайн зэрэг техникийн талын мэдээлэл болон бусад мэдээллийг бие даан судалж эхэлсэн юм.


Goodyouths яаж нээгдэв?

Сайтаа нээхээд тулгарсан нэг асуудал нь санхүүгийн бэрхшээл байв. Itools.mn дээр борлуулагдаж байсан хамгийн хямд домайн, сервер жилийн 120 орчим мянган төгрөг байсан ч арван жилийн сурагч надад ийм хэмжээний мөнгө олдоогүй нь тодорхой. Азаар тэр үед хүргэн ах маань ямар ч туршлагагүй надад хэд, хэдэн орчуулгын ажил өгч миний бие сар орчмын хугацаанд хэрэгтэй байсан 120 мянгаа олсон юм.

Ингээд хэд хоногийн турш Фэйсбүүк дээрх Монголын веб хөгжүүлэгчдийн бүлгэм болон Itools-ын инженерүүдийн тэвчээрийг дуустал баахан зүйл асууж шалгаасны эцэст 2016 оны 5-р сарын 9-нд goodyouths.com сайт хүнд харуулчихуйц зүйл болсон билээ.


Goodyouths-ын үйл явц

Сайтдаа өдөр бүр 2 контент оруулахаар төлөвлөж, нэгдсэн төрлийг гаргалаа. Долоо хоногийн 14 нийтлэлийг яагаад ч өөрөө бичиж чадахгүй учир 3 найзыгаа нийтлэлчээр нэгдэхийг ятгаж чадсан юм.

Бүх зүйл шинэ, хэцүү, сорилт ихтэй байсан ч манай хамт олон амжилттай ажиллаж байлаа. Үүний тод жишээ бол “Сайт гацаад, ороход удаад байнаа” гээд холбогдох бүрд Itools-ын өгдөг “Хэт их хүн хандаад байна. Серверийн чинь хүч хүрэхгүй байна, нэмж мөнгө төлөөд илүү сайн сервер ав” гэх хариулт байв.

Одоо харахад алдаа ихтэй ч тухайн үедээ л нийтлэлүүд маань олон хүнд хүрч серверийг маань 5 орчим удаа удаан хугацаагаар унагах (ажиллахгүй болох) шалтгаан болсон юмдаа.

Зарим нийтлэлүүд маань 100 гаруй мянган хандалт авч байлаа

Goodyouths-ын замналыг маш товчхон байдлаар дор бичив.

2016. 5 сар- Нээснээсээ хэдхэн хоногийн дараа ачааллаа дийлэхгүй болж сервэр маань хэд хэдэн удаа унаж, ажиллагаагүй болов. Сервер түрээсэлж байсан Itools-ын инженерүүдийг мөн ч их зовоосон доо.

2016. 8 сар- Төрөлжих гэдэг ямар чухал зүйл болохыг ойлгов. Бидний контент хэдий чанаргүй ч өдөрт тогтмол 3–10 мянга хүн уншиж байсан нь тухайн үед хувь хүний хөгжил, гадаадад суралцах, гадаад хэл сурах зэргийн талаар бичиж байсан ганц сайт байсантай холбоотойг ухаарав.

2016. 10 сар- Сервэрийн түрээсдээ сарын 100 мянгыг төлж эхлэв.

2016. 11 сар- Сайтынхаа багийг өргөжүүлэв. Анх найз нөхдөө уруу татан ажиллуулж байсан бол энэ удаад +15 хүнээс бүрдсэн багтай болов. Бүгд хувийн сургуульд сурдаг, нэгээс илүү гадаад хэл сурдаг, товчхондоо бол надаас мундаг хүүхдүүд байсан учраас илүү их хичээх хэрэгтэйг ойлгож байв.

2016. 12 сар- Хоёр сайтад боловсрол, гадаад хэл зэргийн талаар дагнан бичдэг гэрээт нийтлэлч хийж эхлэв. 100 хувь өөрийн бүтээлээр мөнгө олж эхэлсэн үе.

2017. 2 сар- Нэг сар гаран хаалттай байсан GoodYouths шинэ хамт олон, шинэ өнгө төртэйгээр нээлтээ хийсэн ч хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байв.

2017. 3 сар- Санхүү болон бусад асуудлаас үүдээд GoodYouths хаагдав.


Яагаад хаах болов?

Нэгт, мэдээж санхүүгийн бэрхшээл байв. Сар бүр 100 мянга гэдэг ажил хийдэг хүнд бага мөнгө байж болох ч арван жилийн сурагч надад хүндхэн тусч байсан.

Хоёрт, чадвар. Баг хамт олны гэхээсээ илүү миний удирдах, зохион байгуулах болон бусад хэрэгцээт чадварууд том хэмжээний багийг удирдахад гологдсон хэрэг. Goodyouths-ыг нээхдээ би хэзээ ч нэг өдөр 10 гаруй гишүүнтэй багтай, Монголын хоёр том сайттай бартерын гэрээтэй, өдөрт 10 мянган уншигчтай сайт болно гэж төсөөлөөгүй байсан юм.

Дээрээс нь манай багийнхны 80 хувь нь Улаанбаатард амьдардаг харин би өөрөө Сүхбаатар аймагт сурч, амьдардаг байсан тул удирдах, зохион байгуулахад тун ярвигатай байсан. Ёстой л залуу насны ассан хүсэл эрмэлзлэлээс өөр зэвсэггүй байсан гэхэд буруудахгүй.


Юу сурав?

Goodyouths-ын ачаар арван жилиийн сурагч 2 том сайтад нийтлэлчээр ажиллаж, бага гэхдээ үнэ цэнэтэй цалин авч байлаа. Тэрхүү хоёр сайтад орсноороо мэдээллийн хүчийг, хэвлэл мэдээллийн салбарын чухлыг ойлгож одоог хүртэл энэ салбартаа хүчин зүтгэж явна. Ирээдүйд ч хэвлэл мэдээллийн хүчийг ашиглан олон хүний амьдралд эергээр нөлөөлөх бадрангуй хүсэл бий.


Goodyouths-ээс хойш юу хийв?

Өнөөдрөөс 2 жилийн өмнө Goodyouths-ыг хаасан бөгөөд түүнээс хойш их сургуульд сурах гэж яарсангүй. Харин өөрийгөө илүү хөгжүүлж, ажлын туршлага олох зорилгоор 8 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан байдаг. Яг одоо бол Монголын медиагийн овгоруудын нэг болох gogo.mn-ы технологийн сэтгүүлч, гарааны бизнесийн экосистем хөгжүүлэгч томоохон байгууллагуудын нэг болох START-д нийтлэлч гэсэн хоёр ажлыг зэрэгцүүлэн хйиж явна.


Ирээдүйд юу хийх вэ?

Goodyouths-ээс хойш гурван жил өнгөрөхөд боловсролын чиглэлээр төрөлжсөн сайт нээгдээгүй нь нэг талаар харамсалтай, нөгөө талаар маш том боломж болж байна.

Өмнө нь дурдсанчлан сүүлийн хоёр жилийг туршлага, мэдлэг, танилын хүрээтэй болоход зарцуулсан. Тиймдээ ч дараагийн түвшний буюу илүү мэргэжлийн түвшний боловсролын чиглэлийн компани байгуулах ажлаа төлөвлөөд эхэлчихсэн байгаа. Учир нь яг өнөөдрийнх шиг боловсролын системээрээ манай улс хөгжинө гэвэл ёстой үлгэр. Тийм болохоор туршлага дээрээ үндэслээд боловсролын салбарт чадах чинээгээрээ хөрөнгө оруулах болно.

Энэ удаад зөвхөн веб бус гадаад үг цээжлүүлэх Мессенжер бот, хөтөлбөр, сургалт, Юүтүб суваг гээд залуу хүн таныг яаж л дэмжих боломж, суваг байна тэр бүрийг ашиглах юм. Цаг нь болохоор тэдгээрийгээ нэг нэгээр танилцуулаад явна. Тэр хүртэл намайг Инстаграм, Фэйсбүүк дээр дагаарай. Санал, шүүмж байвал шууд бичээрэй. Эсвэл зүгээр бичээд хов базаж болно.

Төлөвлөөгөө ид явж байна. Энэ удаа ална!

Баярлалаа. Байгаа боломжоо ашигла, бүр олдохгүй бол өөрөө бий болгоорой. Удахгүй уулзъя.

Мартах шахлаа сүүлд ийм подкастад зочноор орсон. Сонсоод үзээрэй.

Сайнуу, Намайг Түшигт-Эрдэнэ гэдэг. 2018 оны 3-р сараас Medium-ээ идэвхтэй ашиглаж эхэлсэн. Хэрэв танд блогууд минь таалагдвал clap дараарай. Нэг хүн 50 хүртэлх clap дарж болдгийг бүү мартаарай. Мөн асуулт, санал сэтгэгдэл байвал миний Facebook хаягруу бичээрэй. Баярлалаа.❤

Tushigt

Зүгээр л бичье.

    Tushigt-Erdene

    Written by

    "Life is not always beautiful, but it's a beautiful ride."

    Tushigt

    Tushigt

    Зүгээр л бичье.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade