Weekly blog #20: Gap Year хүн бүрийн хүсэхээр гоё эд биш шүү

Gap Year гэхээр л ийм зураг санаанд ороод байдаг

Цаг хугацаа хүүхэд байх үеийнхтэй харьцуулбал хавьгүй хурдан санагдах болж. Наадмын дараа намар гэж нэг мэдэхэд л намар болох дөхжээ. Ер нь намрын улирал бүх талаараа гоё. Халуун биш, хүйтэн ч биш бороо ч ордог цас ч ордог. Гэхдээ хамгийн сэтгэл татам нь намрын өнгө юм. Өмнөх өдөр нь шаргал өнгөтэй байх хэрнээ нэг өглөө босоход бүх зүйлс цагаан цасанд хучигдаж тогтуун болсон байдаг. Мөн зунжин бидний харцыг чимсэн цэцэг, модод бүгд гундах ба үүнтэй зэрэгцээд хүмүүсийн сэтгэл ч мөн хөнгөн гунигт дарагдана. Дээр дурдсан өнгө дээр бодлогошрон алхах хүмүүс нэмэгдээд тайван сайхан уур амьсгалыг бүрдүүлнэ дээ.

За, намрын талаар бичээд байвал дуусахгүй тэгэхээр өнөөдрийнхөө сэдэврүүгээ оръё. Намар болж хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн төгсөх ангийнхны толгойд орж ирэх бодол бол гарцаагүй ямар сургууль, мэргэжил сонгох вэ? юм. Тэдний хэсэг нь өнөөдөр бичих сэдэв болох Gap Year-ын талаар бодсон эсвэл авахаар шийдсэн байгаа нь тодорхой. Тиймээс өмнөх Weekly blog #11: Сургуулиа хаясны дараах 9 сар гэсэн блогийн агуулгыг арай өөр талаас нь гаргаж ер нь Gap Year авах уу? Авбал юу хийх вэ? Бүр яагаад авахгүй байх нь зүйтэй вэ? зэрэг асуултад өөрийнхөө зүгээс хариулт өгье.


Та бүхний заримын мэдэж байгаачлан би төгсөөд бусдын жишгээр ЭЕШ-ээ өгч МУИС-д элссэн ч элссэнээсээ хагас сарын дараа сургуулиасаа түр хугацаагаар гарах буюу бидний нэрлэж заншсанаар Gap Year авсан юм. Анх авахдаа нэг жил гэж тооцсон ч одоогоор 2 дахь жилдээ Gap Year гэгчийг гавч байна. За эндээс хамгийн эхний асуулт гарч ирнэ.

Gap Year-ыг ямар шалтгаанаар авах вэ?

Миний анзаарснаар Gap Year авч байгаа залуусыг хоёр хувааж болно. Эхний хэсэг нь нийт Gap Year авагчдын 80–90 хувийг эзлэх бөгөөд үүнд гадны их дээд сургуульд элсэх хүсэлтэй ч шалгалтуудын оноо зэрэг нь хүрэлцээгүй эсвэл сургуульруугаа явуулах өргөдөл, cv-ээ сайжруулах хэрэгтэй шинэхэн төгсөгчид багтана. За харин үлдсэн хувь нь их дээд сургууль элсэхэд бэлэн биш хорвоо ертөнцтэй танилцах, сонирхлоороо ажил хийх зэрэг төлөвлөгөөтэй хүмүүс багтана. Би хувьдаа энэ цөөнх хэсэгт нь багтаж байгаа юм.

Gap Year авахын давуу тал юу вэ?

Ямар зорилгоор авч байгаагаас шалтгаална. Гадагшаа сурах гэж байгаа залууст бол мэдээж шалгалтууддаа бэлдэж өндөр оноо авах, илүү олон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох, сайн эссэ бичих зэрэг багтана. Харин их сургуульд орохоосоо өмнө хүссэнээ хийж эсвэл үргэлжид хүсэх зүйлээ олохыг хичээж байгаа залууст бол маш том эрх чөлөө бөгөөд асар их зүйлийг сурах боломж олгох юм. Үүнээс бас л дараагийн асуулт гарч ирнэ.

Gap Year-ын эхний хэдэн хоногт ёстой л эрх чөлөөг мэдрэнэ дээ

Gap Year-ээ хэрхэн үр дүнтэй өнгөрөөх вэ?

Юуны өмнө авч буй зорилгоо тодорхой болгоод нарийн төлөвлөгөө биш юмаа гэхэд цаашид юу хийх талаараа хар зурагтай бол. Тэгэхгүй бол санаа амарч хэвтсэн хүнд нэг жил нэг мэдэхэд өнгөрч хоёр мэдэхэд өнгөрсөн хугацаанд бүтэлтэй юм хийгээгүйгээ ойлгох болно. Жишээлбэл ямар мэргэжлээр эзэмшихээ шийдэхээр Gap Year авч байгаа бол хойш тавилгүй олон хүмүүстэй уулз, өөрийн мэдэх компаниудаасаа цалингүй 1 сар ажиллая гэж гуй.

Ер нь Gap Year гэдэг чиний одоог хүртэлх амьдралдаа гаргаж буй хамгийн том бөгөөд хариуцлагатай шийдвэр байх болно. Аа бас хамгийн их эрх чөлөөг өгөх зүйл. Учир нь ихэнх өсвөр насныхан өмнө нь бүтэн нэг жил юу хийхээ, хаагуур явахаа голчлон бие дааж шийдэж байгаагүй нь тодорхой.


За давуу тал, хэрхэн үр дүнтэй өнгөрөөх гээд Gap Year-ыг дэмжсэн санаа бүхий зүйлс нэлээн бичлээ. Одоо харин Gap Year-ын сөрөг талаас нь буюу яагаад авахгүй байсан нь дээр талаар бичье.


Gap Year-ыг ойлгодог хүмүүс цөөхөн. ЭЕШ өгөөд их сургууль авчхаад түүнийгээ хаясан бол арай гайгүй. Харин ЭЕШ ч өгөөгүй бол хамаатнуудаас эхлээд олон хүмүүс чамайг сургууль авч чадаагүй нойлын ногоон 0 гэж харна. Тэгэхээр чи өөрөө ч эвгүй байдалд ороод зогсохгүй гэрийнхэн чинь тун эвгүй байдалд орох юм. Хамгийн хэцүү нь тэр хүмүүст тайлбарласан ч ихэнх нь ойлгодоггүй. Учир нь тэд ЕБС төгсөөд л их сургуульд орж ажилд орох ёстой гэсэн ойлголтоо толгойдоо суулгачихсан байдаг. Тэгэхээр тэрхүү дарамтыг, ямар сургуульд орсон бэ гэх асуултуудыг, сургуульд яв гэж загнах хүмүүсийг тэвчиж чадахгүй бол Gap Year авах хэрэггүй.

Сүүлдээ тэгээд тиймэрхүү ёжтой асуултад дасна, дасна

Gap Year зүгээр л залхуурах шалтгаан болох өндөр магадлалтай.Учир нь Gap Year авахаар чиний санаа амарч бие махбодь чинь шууд л амралтын бас хойшлуулалтын горимд шилжинэ. Бие даалтын 14 хоногоо хойшлуулсаар байгаад өмнөх шөнө нь хийдэг шигээ залхуурах юм бол зөнгөөрөө явах нэг жилд зүгээр л гэртээ хэвтэж идэж, унтаад өнгөрөөх аюултай. Тэгээд гэнэт л хавар болж үеийнхэн чинь их сургуулийн нэгдүгээр курс гэх хүндхэн даваа давчихсан байхад чамд гарсан өөрчлөлт юу ч үгүй байх магадлал өндөр. Энэ тохиолдолд юун нэг жилд өөрийгөө олж, күүл хүн болох нэг жилээ алдсан сургуульгүй нөхөр болж л хувирна шүү.

Ингэж сууж байгаад күүл ах/эгч болсон хүнтэй одоохондоо уулзаагүй байна

Gap Year авах сэтгэлзүйн хувьд тийм ч амар даваа биш. Мэдээж бусдыг хичээлдээ дарлуулж байх үед эрх чөлөөтэй явах сайхан. Гэхдээ энэ аз жаргал удаан үргэлжлэхгүй. Гэр бүл, эргэн тойрноос эхлээд чамд далдуур дарамт үзүүлэх зүйл цөөнгүй гарч ирнэ. За тэгээд төсөөлж байсан зүйлс бүтэхгүй болоод ирэхээр сэтгэлээр унаад эморох тохиолдол бишгүй гарна. Бас болоогүй тодорхой бус зүйл амьдрал чинь их тохиолдоно. Ингэж зовохоор зүгээр сайхан сургуульдаа сурдаг байж гэж харамсах үеч бий. Тиймээс өөртөө, явах замдаа 100 биш юмаа гэхэд 70 хувьтай итгэдэг бол Gap Year аваарай. Тэрнээс биш чухал шалтгаан байхгүй зүгээр л өөрийгөө эрхлүүлэх гэж, залхуу зандаа дийлдээд сонгодог сонголт Gap Year биш. (Хэрэв чи күүл ах/эгч болмооргүй байгаа бол шүү дээ)

Gap Year бол бараг л эморолын оргил цэг юм даа

Би яг сэтгэл зүйн хувьд шамирч байх үедээ ийм нэгэн тэмдэглэл бичиж байжээ.

“Гэрийн даалгавраа үүрийн 4 хүртэл хийгээд, хичээлээ ганц ч таслахгүй байх юм бол төдөн жилийн дараа намайг яг тийм амьдрал, тийм эхнэр/ нөхөр, тийм байшин хүлээж байна гээд мэдчихдэг байсан бол мөн амар байхгүй юу? Эсвэл хэн нэгэн алдартны туулсан зам, мөрийг нь алдалгүй дагасаар эцэстээ өнөөх хүсээд, хүлээгээд байдаг зүйлийнхээ оргилд хүрчихдэг ч байсан болоосой.

Бага ангид математикийн хичээл дээрээ үздэг байж билээ: “Эхлэлтэй ч төгсгөлгүй шулууныг цацраг гэнэ. Харин эхлээд төгсдөг шулууныг хэрчим хэмээн нэрлэнэ.” Саяхныг хүртэл надад бол ихэнх зүйл хэрчим юм шиг санагддаг байж. Яагаад гэвэл та бид төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Жаргах үнэн жаргал дуусах нь ч үнэн. Зовлон гэх шулуун эхэлж явсаар өөр нэгэн мэдрэмжийн эхлэл дээр очоод төгсөнө. Тиймээс хүн хэрчмийг дагаж, хийж буй аяллынхаа эцсийн буудал, төгсгөлийг заавал хардаг байх хэрэгтэй гэж боддог байлаа. Нэг ёсондоо зөвхөн үр дүн нь “баталгаатай” зүйлс хийн яг л төсөөлөлдөө байгаа ирээдүйдээ тааруулж амьдрахыг хичээсээр 18 настай золгожээ.

Гэтэл төсөөлөл, мөрөөдлөөсөө холдоод амьдрал гэгчид ороод ирсэн ямар ч хэрчим байсангүй. Бүх зүйл цацраг юм. Зогсож байгаа газраас минь яасан их цацраг эхэлнэ вэ? Төсөөлөл, мөрөөдлөөс өөр нь би энэ “ертөнцөд” явах чиглэлийнхээ төгсгөлийг харахгүйгээр сонгох хэрэгтэй болж байна. Адармаатай нь нэг цацраг ахин хоёр цацрагийн эхлэл нь болдог аж. Энэ олон замаас сонгохын тулд жинхэнэ өөрийгөө сайн сонсох хэрэгтэй болох нь. Харин нэгэнт сонгосон бол төгсгөл нь харагдахгүй ч “итгэл” гэгчээ дагуулаад алхаад байх хэрэгтэй юм шиг байна шүү.

За тэгээд явж буй зам минь Дэлхийг өөрчлөх агуу хүнийг эсвэл хүн бүрт таалагдах төгс нэгнийг төрүүлэхгүй ч байж болно. Гэхдээ ядаж л өөрийгөө сонсож чадсан, энэ ертөнцөд ирсэн туйлын зорилгоо биелүүлсэн хүнийг төрүүлэх нь лавтай. Яагаад гэвэл энэ галт тэргэнд би өөрийнхөө хүслээр суусан, буух буудлаа ч өөрөө л сонгосоор ирсэн, сонгосоор ч байх болно.

2017.10.06 Түшигт-Эрдэнэ”

Дүгнээд хэлбэл Gap Year гэдэг нь ашиглаж чадсан хүндээ үр өгөөжөө өгдөг харин ашиглаж чадаагүй хүнээ алдаг эд юм шүү. Өмнө нь дурдсанчлан үр өгөөжтэй байлгая гэвэл сайн төлөвлөгөө, хийх зүйлсийн ерөнхий чиглэл хэрэгтэй тэгэхгүй олдсон бүгдрүү дайраад байвал нэг жил гэдэг дорхноо өнгөрөх аюултай.

Энэ сэдэв дээр дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл бол Gap Year авах зөвшөөрлийн тухай буюу гэр бүлийнхэндээ хэрхэн ойлгуулах юм. Ер нь л ямар ч эцэг эх нэг сонсоод шууд зөвшөөрөхгүй тэгэхээр яах аргагүй сайн ярилцах л хэрэгтэй. Нэг жилийн хугацаанд юу хийхээ, ер нь цаашдаа яамаар байгаагаа хэлэх нь чухал. Уйгагүй ярилцсаны эцэст авч чадсан олон хүн байдаг учир чи ч бас чадна, ядаж л оролдоод үзэхэд илүүдэхгүй.


Бяцхан зөвлөгөө

Сайн их сургуульд элсэхээр, шалгалтуудын оноогоо дээшлүүлэхээр авч байгаа бол нээх төөрөлдөөд байх зүйлгүй, сайн сургалтын төвд хамрагдаад ч юмуу хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Харин өөрийгөө олох, мэргэжлээ сонгох, хорвоо ертөнцтэй танилцъя гэж бодож байгаа Gap Year аваад аймар их боломж, сонголт дүүрэн ертөнцөд орох зовлон нэгтнүүддээ зориулаад дараах зөвлөгөөнүүдийг бичлээ.

Хамгийн эхний зөвлөгөө бол аль болох олон хүнтэй танилц. Бүр боломжтой бол чадахаараа олон ажил хийгээд ажилчин ангид ороод үз. Чиний төсөөлж байгаагаас шал өөр ертөнц гэдгийг амлах байна. Ер нь хүмүүсийг яаж ажилладгийг харчихвал ядаж л чи их сургуульд ороод юуг сурах ёстойгоо ойлгоно. Харин хүмүүстэй танилц гэдгийн гол шалтгаан нь ялангуяа ажлын талбар дээр танилын хүрээ ихтэй, олон мэргэжлийн найз нөхөдтэй хүн л амьд үлддэг юм билээ. Тэрнээс биш аймар мэдлэгтэй, чадвартай байгаад хүнтэй харьцаж чаддаггүй, хэрэгтэй хүнээ таньдаггүй бол күүл ах/эгч болох хүндхэн санагдсан шүү.

Дараа нь аль болох өөртэйгөө их цагийг өнгөрөө. Миний бодлоор ЕБС-д байхад яг хувь хүн талаасаа төлөвших боломж гардаггүй юм шигээ. Олон хүмүүсийн дунд байхаар яг би ийм гээд хэлчих зан араншин, онцлог юм байхгүй, товчхондоо бол олон хүмүүсийн холимог нөхөр байдаг. Харин Gap Year аваад хүмүүсээс жаахан тусгаарлагдах боломжтой болчихвол би бол ийм хүн гээд хэлчих төсөөлөлтэй болно. Тиймээс Gap Year-ыг том хүн болох, өөрийн гэсэн үзэл бодолтой, зан ааштай, нэг тийм тогтсон хэлбэр дүрстэй хүн болоход зарцуулаарай.

За хамгийн сүүлд нь enjoy everything (тэнэг аз жаргалтай) байгаарай гэж захья. Эцсийн эцэст энэ чиний сонгосон зам тэгэхээр хүнд хэцүү зүйл гарвал бусдыг буруутгах биш өөрөө хариуцлагаа үүрээд туулаад гараарай. Угаасаа нэгэнт Gap Year авчихсан хүнд бол хийх өч төчнөөн зүйл боломжууд харагдана. Тэгэхээр болохгүй бүтэхгүй гээд гуниг царайлаад суух биш, алдсан ч хурдхан алдаад дараагийн зүйлрүүгээ яваарай. Яагаад гэвэл үеийнхэн чинь их сургуульд сураад боловсорч байхад чи тэнэг царайлаад явж болохгүй. Ер нь тэгээд Gap Year-ынхаа уриаг fail fast, fail forward болгочих.

Ийм мэдрэмж төртөл нь күүл байгаарай

Өнөөдрийн блогоо энд хүргээд өндөрлөе. Дараагийн блогт энэ тэмдэглэлийн 2 дахь хэсгийг оруулна гэж төлөвлөж байна. За тэгээд сонгосон сонголтдоо эзэн нь болоорой. Амжилт хүсье бас удахгүй уулзъя.