Weekly blog #23: 6904 өдөр

Tushigt-Erdene
Sep 2, 2018 · 4 min read
“person walking in road near building during daytime” by Dean Hergert on Unsplash

18 насны тухайд

Насныхаа талаар их ч бичих юм. Яг үүнийг бичиж суухдаа хэдэн өдөр амьдарснаа тооцож үзэв. 6904 өдөр болж. Хурдан ч юм шиг удаан ч юм шиг.

Бага байхдаа дэлхий сүйрэхээс өмнө том болохыг хүсдэг байсан би нэг л мэдэхэд 19 дөхөж, тун удахгүй хорьж болдоггүйгээрээ алдартай 20 настай болохнээ. Багадаа ирээдүйн талаар тэгтлээ их төсөөлдөггүй ч байж. Төсөөлсөн ч үргэлж гэрэлтэйгээр төсөөлнө. Ямар их сургуульд явах, юу худалдаж авах гээд л. Яаж мөнгө олох, хаана амьдрах талаар бодож ч байсангүй. Гэтэл том болох урьдчилсан бэлтгэл шиг эдгээр өдрүүдэд олон төрлийн зүйл сэтгэлд ачаа болох юмдаа.

Урьдчилсан бэлтгэл гэснээс эдгээр өдрүүд ямар нэг холын аяллын эхлэл мэт санагдаж улмаар баясал төрүүлх үе бий. Ийм үе өчигдөр тохиов. Бороонд норж чийгтсэн гудамжаар алхаж яваа найздаа “Улаанбаатар гоё хот шүү, гэхдээ би гадаадад богино хугацаанд ажиллаж үзээд энэ бодлоо улам бататгахыг хүсэж байна.” гэв. Эхэндээ энэ өгүүлбэрийг олон юм бодолгүйгээр шууд амнаасаа гаргачихсан ч тухайн үед өөрийн ирээдүйгээ төсөөлөхөд явах зам яасан урт, хийх зүйл тоймгүй олонг ухаарсансан. Ийм ухаарал хүнд ер бусын тайван мэдрэмжийг төрүүлдэг юмсанж.

Тиймдээ ч зарим үед толинд өөрийнхөө ядруу царайгаа хараад “Түшгээ хичээгээрэй, чи залуу байна.” гэж хэлээд нүүрээ алгаараа “үрэх” дуртай.

Ганцаардлын тухайд

Хүмүүс намайг их чимээгүй л гэдэг. Ихэнх хүмүүстэй дундаа орж чаддаггүйгээсээ болоод янз бүрийн боломжуудыг алдах тохиолдол их бий. Гэхдээ заримдаа надад зүгээр л чимээгүй сууж өөртэйгээ ярих нь хэн нэгэнтэй үлдэцгүй юм ярьснаас үр дүнтэй байдаг юм. Тиймдээ ч зарим шөнө маргааш нь ядрахаа мэдэх ч юу ч хийлгүй үүр цайхыг хүлээдэг. Хүмүүс сатааруулж чадахгүй цаг нь шөнө учраас би ямар ч хамаагүй юм бодоод, намайг алдар нэрт хүргэх зохиолын санаа ч юмуу ер нь л ямар нэг үлгэрийн зүйл хүлээгээд суучихдаг.

Одоогоор тэр айхтар санаа төрөөгүй, түүнийгээ бичиж эхлээгүй яваа ч тун удахгүй төрнө, бас бичиж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад ийм итгэлтэй байна гэжүү? Хмм, шалтгаан нь их энгийн. Би хувьдаа мэдэхгүй, чадахгүй гэж бодох түүнээс болж хүний өмнө бөхийж, хэн нэгнээс дор явах дургүй ээ. Энэ нь “Чадахгүй байж болох ч итгэхгүй байж болохгүй” гэдэг үзлээс минь гаралтай. Мэдэхгүй зүйл зөндөө их байгаа ч тэднийг мэдэх нь цаг хугацааны л асуудал.

Ганцаардал гэснээс цаас хэнээс ч илүү сонсогч байж чаддаг юм шүү. Юу ч бичсэн чамайг тэвчээртэй сонсоор л байх болно. Ер өөрийг чинь ямар ч цаг үед сонсох хүн эрж үйлээ үзсэнээс цаас, бал аваад бичээд эхлээрэй.

Том болохын тухайд

Ээж заримдаа ахиад жаахан залуу байсан бол илүү ихийг хийж бүтээх байсандаа гэж харамсангуй ярьна. Аав харин хариуд нь юу ч болоогүй юм шиг, ээжийн хэлснийг үгүйсгэдэг. Би ч гэсэн нэг л өдөр 100-ын тал хүрнэ. Одоо бодоход асар хол юм шиг санагдаж, сүрдэх ч 50 нас хүрээд харвал ирээдүйн 30 жилд туулах бүхэн минь зүүд шиг санагдах бизээ.

Миний ойрын хүрээлэлд 20 гарсан эсвэл 30 дөхөж яваа хүмүүс олон байдаг. Тэднийгээ хааяа хөгшинөөр нь дуудаж тоглох дуртай. Тэд ч хариуд нь миний залуу насанд атаархана. Харин би өөрөө дунд сургуулийн сурагчдын залуу байгаад сэмхэн атаархаж, өөрийгөө ахиад залуу байгаасай гэж бодно. Буцаад хүүхэд болмоор санагдах үе тохиолдолгүй л яахав. Хүүхэд болчихвол аливааг хийхдээ тархиа бус зүрхээ дагаж, хэнээс ч ичиж зовохгүйгээр дураараа байж болно...

Бараг бүх хүн л бага байхдаа 20, 30 настай хүмүүсийг ёстой мундаг том хүн гэж хардаг байсан биз. Би ч тэдний нэг явлаа. Гэхдээ өөрөө тэр ёстой мундаг том нас руу ойртох тусам том болно гэдэг нээх ч айхтар өөрчлөлт биш гэдгийг ойлгох шиг. Мөнгө, танилын хүрээ, туршлага, хариуцлага нэмэгдэхээс бусдаар бол том болсон ч бидний дотор багын зан араншин минь байсаар л байдаг талтай.

Ирээдүйн тухайд

За тэгээд ирээдүйд юу ч болдог байсан болог. Нэгэнтээ урьдчилан таамаглаж чадахгүй учраас тэр тохиолдох юманд нь сэтгэлээ бэлдээд байж байвал зохилтой. Заримдаа “Ирээдүйг зөнд орхи, өнөөдрийн ажлаа эрт дуусгаад унтаж амар” гээд хүн бүрт хэлмээр санагдах юм. Ялангуяа 10 хэдэн настай хүмүүст. Ирээдүй бидний бодож байгаагаас ч баялаг. Бусдаас хожимдсон мэдрэмж, ойлгох хүнгүй байх мэдрэмж гээд бачуурмаар мэдрэмж бишгүй олон. Гэхдээ хүн бүр үлдсэн амьдрал гэх холын нэгэн аяллын эхлэл дээр зогсож буйг бүү мартаарай.

Миний хамгийн дуртай 30 настантгуудын нэг “Амьдрал баялагаа, бүү санаа зов” гэж байнга шахуу над руу бичдэг юм.

Бид чинь амьдралынхаа туршид суралцсаар байгаал дуусдаг амьтад юм билээ. Тиймээс бусдаас болж үүссэн сэтгэл гутрал, санаа зовнилт гээд сөрөг бүхнийг мартаад одоо байгаа насаа хайрлаад сайхан хөгжилтэй байгаарай. За тэгээд удахгүй уулзъя. Тэр үед миний сонсохыг хүсэхүйц сонирхолтой түүхтэй болчихсон бас түүнийгээ хуваалцана гэж найдъя.


Сайнуу, Намайг Түшигт-Эрдэнэ гэдэг. 2018 оны 3-р сараас Weekly blog буюу долоо хоногийн Ням гараг бүрт төрөл бүрийн сэдвээр блог бичин Medium-дээ оруулж эхэлсэн юм. Хэрэв танд блогууд минь таалагдвал clap дараарай. Нэг хүн 50 хүртэлх clap дарж болдгийг бүү мартаарай. Мөн асуулт, санал сэтгэгдэл байвал миний Facebook хаягруу бичээрэй. Баярлалаа.

Tushigt

Зүгээр л бичье.

Tushigt-Erdene

Written by

"Life is not always beautiful, but it's a beautiful ride."

Tushigt

Tushigt

Зүгээр л бичье.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade