Weekly blog #24: Өнгөрсөн жил ажилласан 7 медиа байгууллагаас юу сурав?

Tushigt-Erdene
Sep 9, 2018 · 5 min read
Illustration by Josh Holinaty

Улаанбаатар шиг тайван, ер бусын хот байдаггүй байхаа. Урд шөнө 3 өнгөрөөж унтсан ч өглөө цоглог нь аргагүй хотын гудамжаар алхав. Яасан ч сайхан юм. Эх орны өглөө ёстой л гоо үзэсгэлэнгээ харамгүй дэлгэжээ. Залуус нь бүгд л хичээл ажилдаа яараастай. Ер нь бидний хот бусад том хотуудаас дутахгүй ээ.

Багшийн дээдийн туннел дотор амьдрал буцлана. Түүнээс гараад явахад том дэлгэцээр Блүмбэргийнхэн нээх хөөрхөн инээгээд амжилт хүснэ. Энэ хавиар үргэлж л ажил хэрэгч хүмүүс зөрж өнгөрөх юм. Ай, хөөрхий хот минь хөгжиж байна даа.

Ажил дээр ирээд өдрийн сонин уншъя гэсэн ч таг, түг гэсэн найруулга нь толгой өвтгөх шинжтэй.

Өөр тайван даа.

5/14/2018

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд яг 7 хэвлэл мэдээллийн байгууллагат орчуулагч, гэрээт нийтлэлч, дадлагажигч гэсэн статустай ажиллажээ. Дурдах юм бол Caak.mn, Gogo.mn, Yolo.mn Unread.today, Mongol HD, Forbes Mongolia, Remo Media зэрэг байгууллагууд багтана.

Одоо бодоход бүгдэд нь 100 хувь сайн, үр дүнтэй ажиллаж чадаагүй ч ажилчин анги гэж ямархуу юм байдгийг ойлгуулсан болохоор харамсах зүйлгүй.

Тиймээс энэ удаагийн блогтоо чиглэл бүртээ тэргүүлдэг тэдгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудаас сурсан сургамжуудаа бичье. Ажилласан байгууллагуудынхаа дотоод нууцыг задлах ёсгүй тул нэг өдөр хэрхэн өнгөрдөг, ямар арга барилаар ажилладаг зэргийг бичиж болохгүй нь харамсалтай.

За тэгээд энэ блог маань хэвлэл мэдээллийн салбарт сонирхолтой, суралцаж буй хүмүүст тус болно хэмээн найдъя. Мөн ихэнх өгүүлбэр маань “тэг, ингэ” гээд зааж сургасан хэлбэртэй бичигдсэнийг анхаараарай. Бичихэд болон уншихад амар үүднээс (үнэндээ миний найруулах чадвар дутсан хэрэг) тэгж бичсэн болохоос бичсэн бүрээ би өөрөө чаддаг гэсэн үг биш шүү, таминээ.

  1. Хариуцлага

Ер нь хийсэн / хийх гэж байгаа үйлдэлдээ хариуцлага хүлээж сурах “том хүний” хамгийн том шинж чанарын нэг. Ажил төрөл, хичээл сургууль, үерхэл нөхөрлөл гээд юу ч хийж байсан хариуцлага чухал.

Хариуцлага гэхээр дааж авсан ажлаа хэлсэн цагтаа дуусгаж чаддаг байхыг, за гэчихээд хэдхэн хормын өмнө шийдвэрээ өөрчлөхгүй байхыг, багаа хүндэлж ажлыг нь хойш татахгүй байхыг хэлнэ.

2. Бага цагт чанартай зүйл

Анх сайн контент хараад амархан л юм, тийм хэмжээний хугацаа байвал би хийчихнэ л гэж боддог байлаа. Гэтэл тэр контентуудыг бүтдэг газар очоод ажиллатал байдал тэс ондоо байв. Миний бодсоноос хэд дахин хурдтай ажилладаг аж. Гэхдээ л гарч байгаа контент нь үзэгч эсвэл уншигчдад тун хэрэгтэй. Үүнийг ганц нийтлэл бичих гэж 1 сар суусны дараа ухаарч билээ. Нэг сарын турш сүрхий царайлж сууснаас хавьгүй илүүг мундгууд ердөө нэг өдөрт нь л биччихийг мэдэх үгүй бас л хэцүүхэн мэдрэмж.

Тэгэхээр чи мэддэг бас чаддаг байж болох ч хурдгүй байж болохгүй. Ялангуяа хүмүүсийн оюун санаа, танин мэдэхгүй хэрэгцээг хангадаг ажилтай бол богино хугацаанд чанартай зүйл хийж дуусгаж сур. Ямар ч тэнэг хүнд хангалттай хугацаа өгвөл уулга алдмаар гоё зүйл хийдэг л байхгүй юу.

3. Дундаа орж сурах чухал.

Ажил хэргийн шугамаар уулзаж, хамтарч байгаа хүн чинь “Эхнэрийн урхи” дээр гардаг Шин Эри шиг ааштай байсан ч чи дундаа орох л хэрэгтэй.

Түүнчлэн өөрийн зан аашиндаа таарсан соёлтой компанид орох нь чухал. Эсрэгээрээ хэрвээ түр хугацаагаар ажиллаж байгаа эсхүл дадлага хийж байгаа компанидаа үлдэж тогтвортой ажилламаар байвал тухайн компанийн бас багийнхаа уур амьсгалд “уусан нэгд”.

4. Танилын хүрээ мөн л чухал.

Олон газраар тэнэсний хамгийн гоё хэсэг нь энэ. Медиатай холбоотой асуудал гарахад таньдаг хүнгүй гэж зовохгүй. Нэг салбарт ажиллаж байгаан хувьд хэн, хэндээ тус дэм болоод явчих нь амар.

5. Шүүмжлэл дааж сур.

Мөн алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрч сур. Тэгэхгүй “хүүхэд” зангаараа хэн нэгэн рүү чихэх эсвэл үгүй гэж гүрийгээд байвал хэцүүхэн л юм болно. Тиймээс эртхэн шүүмжлэл даадаг бас алдаагаа хүлээдэг болчихвол дээр шүү.

6. Бүх зүйлийг чин сэтгэлээ хий.

Хийсэн ажлаасаа сэтгэл үнэртүүл. Харахад ямар их хөдөлмөр, анхаарал, бодол шаардсан нь мэдэгдэхүйц зүйлсүүд байдаг даа. Чи өөрөө ч гэсэн тийм зүйл хийдэг болох нь чухал. Би лав сүүлийн 2–3 жилд хийсэн зүйлсдээ дунджаар 60–70 хувийн сэтгэл л гаргасан гэж боддог юм. 100 хувь гаргасан бол ямар ч байх байсан юм билээ.

7. Бэлэн бай.

  • Юунд?
  • Бүх зүйлд.

Олон хүний дунд орохоор чиний зовлон бэрхшээл, амжилт эсвэл чадвар ямар сул, бага болохыг ойлгоно. Иймд бэлэн бай.

Дээрх 7 байгууллагат ажилласан нэг жил миний бие даан амьдарсан мөн УБ-д тогтвортой суурьшсан хамгийн эхний жил байсан тул гарцаагүй юм үзүүлж, нүд тайлсан жил байж. Бүх зүйлээ аав, ээжээрээ бэлдүүлчихдэг байсан хүн сүү, махны үнэтэйг гайхаж, ихэнх хувцас ямар хурдан хиртэй болдгийг ойлгодог юм билээ.

8. Чамаас сайн хүн үргэлж байдаг.

Тэгэхээр залхуурч хэвтэлгүй урдах ажлаа дуусгаад эртхэн унтаж бай.

9. Чадвараас илүү хандлага чухал.

Мэдээж богино хугацааны ажилд бол чадвар чухал гэхдээ урт хугацааны ажил бол хандлага л чухал. Учир нь чадвар явцын дунд бий болдог бол хүний унаган зан, хүмүүжил, хандлага засрахад хэцүү. Даравч далдайна булавч бултайна гэдэг шиг үе, үе гарч ирээд багийн уур амьсгалыг эвдэх нягууртай.

10. Олон зүйлийг мэддэг бай гэхдээ нэгт нь шилдэг бай.

Ингэж чадвал чиний аливаа нэг байгууллага, багт зарагдах, улмаар зарагдсан газартаа үнэ цэнэтэй болох магадлал ихсэнэ. Би өмнө нь ч гэсэн бичиж байсандаа. Монголоор дүүрэн дундаж англи хэлтэй, Word, Excel ашиглаж чаддаг, нийтэч, хариуцлагатай нөхдүүд бий гэж. Тиймээс тэд нараас ялгарах өөрийн гэсэн давуу талтай л болохыг хичээгээрэй.

Олон зүйл мэдэж байвал мөн л борлогдох магадлал өсөх ба цалингийн хэмжээ ч мөн нэмэгдэнэ. Жишээлбэл сайн бичиж, найруулдаг график дизайнер бол контент хөгжүүлэгч хийгээд явчих боломж бий. Ер нь тэгээд Photoshop-оос эхлээд сурчихсан байхад илүүдэхгүй зүйл их.

Эцэст нь хэлэхэд их сургуулийн эсвэл дугд сургуулийн хичээлээр өөрийгөө бүү хязгаарлаарай. Үргэлжид шинийг сурахын төлөө байгаа бүх боломжоо ашиглаж байхыг хүсье. Учир нь цаагуур чинь дүүрэн күүл хүмүүс өдөр шөнөгүй хичээж байна. Удахгүй уулзъя. Хичээгээрэй.

Сайнуу, Намайг Түшигт-Эрдэнэ гэдэг. 2018 оны 3-р сараас Weekly blog буюу долоо хоногийн Ням гараг бүрт төрөл бүрийн сэдвээр блог бичин Medium-дээ оруулж эхэлсэн юм. Хэрэв танд блогууд минь таалагдвал clap дараарай. Нэг хүн 50 хүртэлх clap дарж болдгийг бүү мартаарай. Мөн асуулт, санал сэтгэгдэл байвал миний Facebook хаягруу бичээрэй. Баярлалаа.

Tushigt

Зүгээр л бичье.

Tushigt-Erdene

Written by

"Life is not always beautiful, but it's a beautiful ride."

Tushigt

Tushigt

Зүгээр л бичье.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade