Image source: Pexels.com

Програмчлалын ухааны үндэс

Tumurtogtokh Davaakhuu
UnboxingMinds
Published in
4 min readOct 23, 2017

--

Хүн төрөлхтөн үеийн үед өөр өөрсдийн түвшинд жижиг том янз бүрийн асуудалтай тулгарч, тэр асуудал бүрээ ямар нэг хэрэгслийн тусламжтайгаар өөрсдийн оюун ухааныг ашиглаж шийдэж эхэлсэн. Эрин галвын үед хэрхэн дулаахан байх вэ гэдэг асуудал байхад үүнд тохируулж өөрсдийн гар доорх хатуу биет чулууг ашиглан гал гаргаж уг асуудлаа шийдсэн. Мөн тэр асуудлаа шийдсэнээр өөрсдийн амьдрах түвшин, сэтгэх түвшинг дээшлүүлэн хүмүүн буйгаа хөгжүүлсэн. Үүний ч ачаар хүн төрөлхтөн тулгарсан асуудал бүрийн дайгаар өөрсдийгөө хөгжүүлсээр өдийд дэлхийд эзэн болж суугаа биз. Нөгөө талаар хүмүүст тулгардаг асуудлуудын цар хүрээ томорч, хүнд хэцүүн төвшин улам өсөхийн зэрэгцээ тэрхүү асуудлуудыг шийдэхэд туслах хэрэгсэл, хэрхэн шийдэх арга барлын сонголт ч асар том болсоор буй.

Өнөө үед нөгөө харанхуй дорой үе шиг хэн хүчтэй нь шийд гарган бяр чадлын ялгаагаар хүнийн байр суурь илэрхийлэгддэг үе хэдийн хойно хоцорч, технологийн хөгжил өндөр түвшинд хүрч, интернетийн ачаар хүн өөрийнхөө хүссэн бүхнийг дэлхийн хаанаас ч хийж болох түвшинд хүрсэн. Үүнийг ч дагаж дэлхийн бүх улс технологийн хөгжил, ард иргэдийнхээ мэдлэг боловсролд анхаарч байна. Аж үйлдвэрлэлийн дөрөв дэхь хувьсгал үйлдвэрлэлийн ажилд хүний хөлс орохгүйгээр эхэлж, өндөр хөгжилт орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн хиймэл оюун ухааны дэвшлийн ачаар хэдхэн жилд хэд нугарч өсөж, технологийн хөгжил хүмүүсийг энэ дэлхийг тойрсон сэтгэх хүрээг тэлж өөр гараг эрхэст хувьсал хийх хаалга нээж байгаа үед дэлхийн улсууд хүмүүсийнхээ мэдлэг, боловролд анхаарахаас өөр аргагүй байдалд хүргэдэг биз.

Үүний талаар алсан хол Америкт судалгаа хийнгээ тус улсын хоёр ч их сургуульд зочин профессороор ажиллаж байгаа Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс “одоо дэлхийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, боловсролын систем бүрэн автоматжуулалтын хэлбэр рүү явж байна. Ердөө 40 жилийн дараа гэхэд өнөөдөр бидний хийж буй бүх ажлын дийлэнхийг машин хийнэ.Жолооч, хэлмэрч, багш, сувилагч гээд маш олон мэргэжил байхгүй болно. Харин энэ бүх машиныг ажиллуулдаг, алгоритмийг нь боловсруулдаг, засдаг кодлодог хүмүүс л ажил дээрээ үлдэх гээд байгаа юм. Гэтэл тэр ажлын байранд цөөхөн л хүн очно. Дэлхийн тэр цөөхөн ажлын байр дээр Монголчуудаас хэд нь очих вэ гэдэг л чухал.” гэж алсыг харан айлдсан.

Зүгээр нүдээ нээгээд эргэн тойрноо сайн сонирхож харахад л эмэгтэй хүн зөвхөн гоо үзэсгэлэнтэй байгаад л хэн нэгэн хаан ноёны хатан болж сайхан амьдрах үлгэрт үлдэж, эрэгтэй хүн уулыг тээх хүчтэй байгаад л бусдыг удирдан залж амьдралаа авч явах үе өнгөрсөн гэдэг ажиглагдмаар. Гэвч ойрын үед дэлхийн энэ байдлыг манай улсад анзаарч буй хүмүүс бага байгаатай зэрэгцээд, эсэн баларын үеийн сэтгэхүйгээсээ ч салаагүй хүмүүс ч их бий нь нүднээс далд зүйл биш.

Гэхдээ одоо үеийн энэ технологийн ”ирээдүй”-ээс хоцрохгүйн тулд бидний зүгээс Програмчлалын ухааны талаар цуврал явуулж буй билээ. Уг цуврал хичээлүүд маань програмчлалыг яаж ашиглаж байгаа талаар шинжээчийн нүдээр харахын хажуугаар хэрхэн ашиглавал үр дүнтэй байх талаар инженерийн сэтгэхүйгээр ч харсан байх болно. Тийм ч учраас програмчлалын ухааны үндсэн нэгж үйлдлүүд болон тэдгээрийн цаадахь сэтгэхүйн талаар хөндөгдөж яригдан тухайн онол, хэрэглүүрийг юу болох, яагаад ингэж хөгжсөн талаар, юунд яаж хэрэглэж болох талаар хичээлийн хэмнэл байна. Хичээлд олон талын салбарт өөр өөрсдийнхөө давуу талыг гаргаж харуулаад буй Java, Python, Ruby гэх гурван програмчлалын хэлийг ашиглаж програмчлалын ухааны үндэс хэрхэн ашиглагдаж байгааг харуулна. Мөн програмчлалын талаарх мэргэжлийн англи хэл дээрх хэллэгүүдийн утгыг тайлбарлахын зэрэгцээгээр програмчлалын хэлний заавар гарын авлагыг хэрхэн ашиглах, програмчлалын талаар мэдээлэл хаанаас олж авах талаар заах болохоор хичээлийг үзэгчид дараа нь өөрөө бие даан мэдлэгээ гүнзгийрүүлж судалгаа хийхэд нэмэр болно.

Эдгээр шалтгааны улмааас цуврал хичээл маань хүмүүсийн танил сургалт, хичээлийн хэмнэл бүтцээс тэс өөр байх ба хичээлд яригдсан онол, үндсэн мэдлэгийг хүн өөрийн сонирхсон чиглэлдээ өөрөө бие даан хэрэглэх ёстой болно. Өөрөөр хэлбэл хүнд асуудлыг хэрхэн шийдэх хэрэгслийг нь бэлдэж өгөх л юм. Зарим сургалт хичээлийн бүтэц шиг нэг тодорхой зүйл бүтээдэг шиг нүдний өмнө гялтагнаад байх зүйл харагдахгүй ч бидний үзэл бодол бол хүнд нэг зүйлийг ганц аргаар хийхийг зааж өгөх нь тухайн хүний өөрийнх нь потенциалийг хааж байгаатай агаар нэг юм. Тиймдээ ч хэрхэн ашиглаж болох хэрэгслүүдийг нээж өгсөн байхад тэрийг ашиглаад өөрийн хүссэн зүйлийг хэнд ч хориглогдохгүйгээр бүтээх хүн бидний залуус дундаас гарна гэдэгт итгэдэг.

За цуврал хичээл маань сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт онлайнаар явагдах ба тодорхой цагийн хуваарийг бидний олон нийтийн хэрэгслээс авна уу. Хичээлийн сэдвийн хувьд обьект хандлагат програмчлалаас эхлээд хамгийн өргөн хэрэглэгддэг алгоритмууд, өгөгдлийн зохион байгуулалт, програмны бүтэц, обьект хандлагийн хэрэглээний талаар хөндөнө. Эдгээр зүйлс одоо үеийн програмчлал оролцсон бүх л зүйлсийн суурь ба энэнээс хэтэрч гүнзгийрэхэд тухайн технологоос хамаарч өөр өөр зүйлсийг илүү гүнзгий судлах хэрэгтэй болно. Хичээлийн бүтэц, материалыг Их Британид сургуулийн програмчлалын хэл, математик, логик, тооцооллын онолын хичээлийн материал дээр үндэслэн бэлтгэгддэг.

Хичээлийг үнэгүйгээр онлайнаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн Бямба гарагт хүлээж авах боломжтой ба хэрвээ та өөрийгөө дайчилж суралцахыг хүсвэл бидний дэмжигч болж нэмэлт заавар материал болон даалгавар зэрэг материалыг бидний онлайн ангиас хүлээж авах боломжтой. Бидний олон нийтийн хэрэгслийг дагаж хичээлийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай.

UnboxingMinds — Хүртээлтэй мэдлэгийг ард олонд хүргэх суваг

Facebook: https://www.facebook.com/unboxingminds/

Patreon: https://www.patreon.com/unboxingminds

Youtube: https://www.youtube.com/c/UnboxingMinds

--

--