Алтай Таван Богдын Малчин (4050м)оргилд гарсан нь

Уул увдистай…

Terguunjargal Jane
Undoing Project
4 min readSep 8, 2021

--

Алтай Таван Богдын Малчин (4050м) оргил

…4050 метрийн өндөрлөгт орших ууланд гарна гэдэг бодол төдий байв…

Хэзээ билээ нэг өдөр би ажлын шугамаар бүлэг хүмүүсийн уулзалтад очсон юм. Ажил хэргийн яриа дуусаад бид бодол, хүсэл мөрөөдлийнхөө тухай ярилцаж эхэлтэл эхний бүсгүй тайзан дээр тоглолтоо хийхийг мөрөөддөг гэхэд, хөгжмийн фестиваль зохион байгуулах, арал худалдан авах, Европт амьдрах гэх мэт мөрөөдлүүд ар араасаа хөврөхөд нэгэн залуу Эверестэд авирах мөрөөдөлтэй гэсэн юм.

Энэ мөрөөдлийг өөр дээрээ авчирвал Эверест рүү явсан хүмүүсийн бичсэн зүйлсийг уншаад ядаж хормойд нь очиж хэвтэх сэн энэ тэр гэж бол бодож байсан шүү.

Найз маань Алтай Таван Богдын “Малчин оргилд гаръя” гэж санал болгосны дагуу Өлгий рүү нисэв. Онгоцны билет 2 талдаа 600 мянга. Хөшигтийн хөндийгөөс ниссэн. Шинэ онгоцны буудал яах вэ ээ, яагаад ч юм хямдхан материалаар барьчихаж гэсэн мэдрэмж төрснөөр өөр юмгүй.

Өлгийд очоод Өлгийн Зайсан толгой дээр гарч, Турк өглөөний цай менемен идээд, Алтай Таван Богдыг зорилоо. Замаараа бид нарт зориулан тусгайлан бэлдсэн Казак ширээнд суун шөлтэй хоол идэв ээ. Энэ хүртэл сайхан л явав.

Малчин оргилд бараалхахаас өмнө юу юу бэлдэх вэ гэж нэлээн хайсан ч унших зүйл олоогүй учраас Малчин оргилд бараалхах хүсэлтэй хүмүүст зориулан хэрэг гарган бичлээ. Дараа нь Хүйтэн оргилд бараалхчхаад бас ингээд бичээд сууж байх болтугай.

Бид үргэлжлүүлэн өдөржин явсаар гэр кемпд хонов. Алс холын цастай уулс улам тодроод ойртох тусам сэтгэл хөдөлгөн, зүрх гижигдэж байсан.

Маргааш нь зам ахиж уулчдын байрладаг майхан кемпэд байрлан, нөгөөдөр өглөө нь буюу 2021 оны 7 сарын 14 өдрийн өглөөний 6 цагаас босно гэсэн боловч босон боссоор есөн цагт Оргилын зүг авиралтаа эхлэв.

Уулчин биш энгийн миний ойлгосноор алхалт үндсэн 4 үе шаттай.

1. Эхлэл хэсэг

2. Сул хадтай хэсэг

3. Том том хадтай хэсэг

4.Цастай хэсэг

Бидний хөтөч ах Казак хүн байсан бөгөөд бусад нь энгийн иргэд байсны дээр нас насны л хүмүүс байв.

Эхлэл хэсэгт нэлээдгүй амьсгаадан хөлс гарч зузаалсан хувцсаа нимгэлцгээж байн байн л усаа ууцгааж явсан. Мөн өдрийн хоолонд цүнхэндээ каз авч явж, усгүй давстай мах идэх нь улам ядраасан тул гурван хэрчмээс хэтэрсэнгүй.

Хоёрдох үе ирэхэд яваад л байлаа. Харин гуравдах хэсэгт ирэхэд эргээд яаж бууна аа гэж сэтгэл үнэхээр шархирч байв аа. Яагаад энэ уулан дээр ингээд явж байдаг байна аа гэж өөрөөсөө ч найзаасаа асуун хөгжилтэй ч юм шиг шантармаар ч юм шиг л дээшлэж байв.

Явахаасаа хэдэн өдрийн өмнө юу өмсөж явах вэ гээд бас нэлээн л хайсандаа.

Ямартай ч салхи нэвтэрдэггүй куртка, салхи нэвтэрдэггүй өмд, сайн чанарын шагайг чинь хамгаалсан уулын гутал заавал авч явна. Зун байсан учраас хавар намар стайлтай явахад болж байсан.

  • Ноосон цамц,
  • Ноосон малгай,
  • Нарны тос,
  • Нарны шил,
  • Цасны шил,
  • Таяг,
  • Нимгэн бээлий
  • Нүүр хамгаалагч ороолт
  • Халуун барьдаг усны сав мөн зайлшгүй хэрэгтэй.

Оргил дээр гараад дараа нь Хүйтний оргилыг мөрөөдөх болов уу гэж өөрийгөө бодсон боловч тэгсэнгүй.

Өндөр уулыг хэзээ ч басаж болдоггүй юм байна билээ.

Хоёр, гурван алхмын цаадах үхэл нүдэнд зурайж байсан болохоор эл оргилыг нам гэж хамгийн өндөр оргил руу зүтгэсэн шунахай сэтгэл үнэхээр төрсөнгүй ээ.

Оргилд гарсны дараа үнэхээрийн сайхан юм аа хэмээн байгальд татагдан тэнд би ууланд дурлачихав. Ойрын 2 жил тэгтлээ их юмсад бүр хүнд ч зүрх алдраагүйн дээр удаан хайсан хайраа олсон мэт сэтгэл дүүрч нүүрэнд дулаан инээмсэглэл тодрон сэтгэл ханасан мөртлөө хайрлагдсан мэдрэмж төрсөн. Тэр дурлал байсан.

Оргилдчихоод доош бууж явтал тэр их уулсыг хараад нулимс мэлмэрсэн. Бүр өөрийн эрхгүй.

Өнгөрсөн хэдэн сар хуралдчихаад байсан стресс тайлагдах шиг болж сэтгэл уужирсан. Яагаад ч юм амар амгалан бөгөөд их хотын жижиг асуудлууд асуудал биш мэт санагдаж бүгдийг чадах юм шиг л баатарлаг мэдрэмж төрж байлаа.

Дахиад очих юмсан. Дахиад тэр гайхалтай байгалийг мэдрэх юм сан.

Ийнхүү ганц удаа ууланд яваад ирье гэсэн чинь ууланд эргэлт буцалтгүй дурлачихсан түүх энэ болой.

За бид ийнхүү оргилдож буух үест нөгөөх аймар том том хадан дээгүүрээ гурав дөрвөн хөллөж явсаар сул хадтай хэсэгт доош чулуун дунд гулгасаар буув.

Буух харин санаснаас нэг хуруу амар байсан бөгөөд бүр мөсөн бууж ирж сэтгэл амрав. 5 цаг өгсөж 3+ цаг уруудсандаа.

Залуу хүн бүр заавал гарч үзээсэй, бүрт эртхэн шиг энэ оргилыг зориосой, өөрийгөө сориорой гэж санал болгомоор сайхан газар орон нутаг юм билээ.

Завгүй завгүй гэсээр эсвэл буруу зүйлд зав гаргасаар л цаг хугацаа урсчихдаг болохоор дурсамж бүтээж, жаргалтай амьдармаар байна.

Эл авиралтаас шалтгаалан дараах төлөвлөгөөг гаргалаа.

4 Бэрхийг биелүүлнэ ээ.

Энэ өвөл Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрханд бараалхахаас эхэлнэ ээ.

Илүү их аялалд өөрийгөө бэлдэхээр шийдсэндээ.

Алтай Таван Богдын сүрлэг нуруудаас хүсэл мөрөөдөлтэйгээ хамт

2021.09.08

Тerguunjargal Jane with Love

--

--