Хэрхэн өөрийн доторхи сөрөг хүнийг ялах вэ?

Terguunjargal Jane
Undoing Project
Published in
19 min readMar 24, 2020

Өнөөдрийн бүлэгт үргэлж бидний дотор нуугдан сөрөг сэтгэл хөдлөл, үг үйлдэлрүү уруу татан хаанаас юм гарч ирээд зүүн мөрөн дээр залран байдаг “Чөтгөрийг” ялах тухайд өгүүлнэ.

Зохиолч Свивен Прэссфиелд хэлэхдээ:

Жинхэнэ зохиолч болон зохиолч болохыг хүсэгч хоёрын хооронд нэг л ялгаа байдаг.

Жинхэнэ зохиолч хүн бичгийн ширээнд суугаад бичихэд төдий л асуудалтай үл тулгардаг бол зохиолч болохыг санаархагчид ширээнд суусан ч юу бичихээ үл гадарладаг.

Харин зохиолчийг ширээнд суугаад бүтээлээ туурвихад саад болоод байдаг ганц зүйл бол “сөрөг таталцлын хүч” юм.

Тухтай бүс=Тухгүй амьдрал

Энэхүү сөрөг татах хүч үргэлж биднийг “тухтай бүсрүү “ татаж байдаг.

Дулаан хөнжил, зөөлөн сандал, нөгөө л нэг таньдаг хэдэн найз нөхөд, нөгөө л нэг урагш ахидаггүй уйтгарт амьдралын хэв маягруу уруу татан байдаг.

Энэхүү татах хүчний гол утга учир бол биднийг үргэлжийн мөнхөд нэгэн хэвийн уйтгартай ахиц гаргадаггүй анхиагүй амьтан болгох юм. Юун тэр амжилт гаргаж мөрөөдлөө биелүүлэх яг тэрний эсрэг үйлчилдэг хүч юм.

Өөрөөр хэлбэл тухтай бүс бол хар нүх. Энэ хар нүх бол өвчин зовлон, аз жаргалгүй ядуу тарчиг байдлын эх ундарга. Харин хар нүхрүү тасралтгүй сорох хүч нь “сөрөг таталцлын хүч”.

Энэхүү сөрөг таталцлын хүчний үнэнч барлаг бол бидний сөрөг бодол сэтгэл хөдлөл буюу энд өгүүлж буй энэхүү “чөтгөр” юм.

Чөтгөрийн уриа лоозон бол “Би чадахгүй, Би хангалтгүй, Би тэнэг” гэх бодлууд.

Хэзээ нэг өдөр өөрийгөө хангалттай ухаантай биш, урлагийн үзлэг, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан дээр илтгэл тавьхад чадвар мэдлэг маруухан гэж бодож байв уу?

ҮРГЭЛЖ!

Хар нүхэнд цаг хугацаа явдаггүйн илрэлсэнж.

Харин яг эсрэгээрээ энэ тухтай бүсийн эсрэг тал болох “тухгүй бүс”-с л бидний амьдрал эхлэдэг. Шинэ найз нөхөд хамт олон, шинэ хүсэл сонирхол мэдлэг туршлага…

Хурал дунд даруу загнан дуугүй дүмбийж суух бус үзэл бодлоо илэрхийлэхээс, дасгалын зааланд очиж хөлс хүчээ урсгаж тухгүй өвдөлттэй мэдрэмж авч эхлэхээс л өөрчлөлт ирдэг.

Бидний доторхи Сөрөг хүн = Өөрийгөө сүйдлэгч хүч

Энэхүү сөрөг татах хүч нь харагдаж үзэгдэж үнэрлэгдэж амтлагдахгүй. Харин мэдрэгнэ. Бидэнд үргэлж саад болж аливаа зүйлийг амжуулж зорилгодоо хүрэхээс арагш татдаг нягуур нь алхам тутамд чинь залхуурал нозоорлоор илэрч арагш сэмээр зулгаасаар байх болно.

Салхи нүдэнд харагддаггүй ч түүнийг бид мэдэрдэг. Харин салхинд туугдах шороо тоос моддыг бол харж болдогийн адилаар энэхүү таталцлын хүчний нөлөөгөөр бид сөрөг бодол сэтгэл хөдлөлдөө дарлуулан сэтгэлийн шуурганд өртөж байдаг.

Энэ өөрийгөө сүйдлэгч хүчинд тулаад зогсох ёроол гэж байхгүй. Ангалын ангал хонгилын хонгилруу чамайг чирнэ.

Үхье үхэж чадахгүй амьдаряа амьдарч чадахгүй өвгөнтийн ах нарыг харж байв уу?

Намайг лав хүүхэд байхад энэ тэндээс чөтгөртөө дэндүү дарлуулсан өөрөө ч бараг чөтгөрөрхүү харагдах архины боол болсон ах нар эн тэндээс гарч ирж айлгадаг байсан.

Бас “Breaking Bad” дээр гардаг болор метамфетамин -д донтсон нөхдүүдийн царайг санаж байнуу?

Тэдэн лугаа хамгийн муу архичин донтогч боллооч түүнээс доош татсаар л байх болно.

Ёроол нь тэгвэл үхэл!

Яахав тэгээд ядруухан явж байснаас үхсэн ч хал палгүй амарсан гэж бодож болох ч хамгийн гол нь чи бид гэв гэнэт хорвоогийн хаа нэгтээгээс ургаагүй гэдгийг сана. Нялх нялзрай өөрийгөө арчлах чадваргүй байхаас минь чин сэтгэлийн хайраар өсгөн миний төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн аав ээж хоёрыгоо бодохын төдийд л тэднийгээ сайхан амьдруулна, сэтгэл санааг нь үл чилээнэ гэвэл үхсэн энэ муу залхуурал гэгч ямбий авгайг өшиглөөд л гармаар санагддаг юм. Замаасаа түлхэн гаргаад дахиж зам дээр минь тээглээд элдэв янзын амттангаар намайг хуурах гэж оролдохооргүй болгоно.

Бид тэдний өмнө маш том хариуцлагатай.

Гав ганцаар гэв гэнэт хаа нэгтээ ургасан бол хамаа алгасанжуу гэвч цэцэг хүртэл ургамлын эрхтэн тогтолцооноос дэлгэрдэг гэдгийг санах юун.

Энэ хүрээд чөтгөрийн тухай яриаг түр орхихдоо доорх жишээгээр илүү ойлгомжтой болгосу.

Энгийн үгээр фитнесст явагчид болон фитнесст явах хүсэгчдийн хооронд нэг л ялгаа буй. Тэр бол биднийг зааланд очих гэхээр гарч ирээд байдаг элдэв шалтгаанууд буюу ядарсан эрч хүчгүй санагдах, найз гэнэт залгах эсвэл хэт бүдүүрчихсэн болохоор зааланд очиход ичгэвтэр санагдах гэх мэт зөөлөн сандлаас ирдэг дохионууд. Бидний доторхи “чөөгий” зүүн мөрөн дээр завлин суугаад амар хялбархан ялих шалихгүй зүйлээр биднийг хуурахыг оролдон буй нь энэ юм.

Яагаад гэдгээс эхэл

Нийтлэл эхлэхээсээ өмнө нэгэн баатрын тухай түүхийг өгүүлье.

Энэ бол нэгэн дайчины тухай түүх юм.

Энэ дайчин бол энэ нийтлэлийг уншиж буй та(……) юм.

Бичиж буй би ч өөрийгөө нэгэн дайчин гэж сэтгэдэг тул ийнхүү бичиглэнэм.

Одоо хоёул хамтдаа нэгэн урт хугацааны аялалд гарна.

*Зорилгоо хурдан биелүүлж болох тул заавал хэтийдсэн урт хугацаа орохгүй ч байж болно.

Одоогийн бодит нөхцөл байдлаа тодорхойлохуй

Та чи ялгаагүй бид хоёулаа яг адилхан тухтай дулаахан нэг их хэцүү зүйл тохиолддоггүй амьдралаар амьдарсаар өөрийн жинхэнэ потенциалаа ухаарч мэдэж ч амжилгүйгээр үхэх аюултай нөхцөл байдалд байна. Үнэхээр гуниг биш гэж үү?

Зорилго

Өөрийгөө сэтгэл зүйн хувьд хүмүүжүүлэх- Хохирогч сэтгэхүйгээсээ өөрийгөө чөлөөлж өсөх хандлагатай сэтгэл зүйтэй жинхэнэ утгаараа өсөн дэвждэг хүн болох нурж унашгүй сэтгэлийн тэнхээг өөртөө бий болгох.

Энэ бол өөрийгөө сайнаар бодож мэдэрдэг биш харин жинхэнэ утгаараа аливаад сайн нэгэн (……) дайчны түүх юм.

Хийж гүйцэтгэх даалгавар

Өөрийн доторх чөтгөрийг нухчин дарж төгс потенциалаа нээн илрүүлж түүнийг мастерлах.

Хүрэх үр дүн

Өөртэйгээ энх тайван найрамдлыг тогтоох.

Өөрөөрөө хүссэн бүхнээ хийлгэж чаддаг *“үл үзэгдэх гарын хүч”-г бүрэн эзэмших.

*Энэхүү үл үзэгдэх гарын хүч дараах байдлаар үйлчилнэ.

Судлагааны ажил, төсөл, улирлын эцсийн репорт, сэдэвт орчуулга, дундын шалгалт байнуу хамаагүй өөрийн гарт буй хийх ёстой ажлаа хэцүү чадахгүй гэж цааргалахгүйгээр шаардлагатай хэд бол хэдэн цагаар суугаад бичиж гараас гаргаж бэлэн болгодог, түүний төлөө шаардлагатай хөлс хүчээ шавхахдаа арагш урагш тавиж амьдралын шалтгаан тоочиж гонгинодоггүй байх “урагш ахиулах хүч” юм.

Дасгал хийж эрүүл хооллох хүслээ дагаад кола шарсан төмс идэхээ шууд л болидог тэр хүч.

Бизнесээ эхлүүлж мөнгө олж давхар орлоготой болмоор буй бол шууд л арга хэмжээ авч ажил хийж эхлэдэг тэр хүч.

Бид энэхүү дайнд ганцаараа байлдахгүй

Улс тосгон суурин бүрт арчаагүй байдалдаа дарлуулаад өөрийнхөө бүрэн потенциалыг үзэж харалгүйгээр залуу нас амьдралаа эцэслүүлж байгаа хүн зөвхөн чи бид юм биш.

Түүхийн үүднээс авч үзвэл зуу зуун саяараа чөтгөрийн хөлд сөхрөн хорвоогийн тоосноос арчигдсан нь бий. Бид тэднийг дурсахдаа хөөрхий минь жаахан балгадаг байсан юм гэх нь бий. Тэрээр нэгэн цагт чөтгөртөө ялагдан хөлд нь бүдэрсэн нь тэр.

Зорилгодоо хэрхэн хүрэх вэ?

Энэхүү сөрөг хүчийг таниад байлдааны тактик боловсруулаад хэдэн хэдэн удаа бүр хэдэн мянган удаа ч хамаагүй дайралтанд оруулж сүр хүчийг нь мохоовол бид эцсийн зорилгодооо хүрнэ.

Өөртэйгөө тэмцэхэд бэлэн үү?

Урсгалаараа амьдраад л байхуу?

-Хэзээ нэг өдөр хаана юм гацчихсан юм шиг санагдаж байсан уу?

-Англиар яръя ярихгүй, ажил төрөл дүнгэн данган хаана ч явсан алтан дундаж.

-Муутай харьцуулбал гайгүй.

-Гайгүйтэй харьцуулбал гамшиг.

-Дотроо үнэнээ мэддэг хэр нь өөрөөсөө нуучихдаг. Өөртэйгөө эвтэй найртай биш түүнд дургүй.

-Яавал энэ байдлаас салах вэ гэж боддог ч ажил төрөл ар амьдрал гээд өдөр өнгөрч шөнө болоод мартдаг.

-Бүх зүйлийг сайн хийдэг алт мөнгөн дундаж.

-Чи өөрийгөө хэн гэдгээ мэдэх үү?

-Ямар зүйлд дайчин байх хэмжээний чадвартай вэ?

Чөтгөрийг танихуй

Бидний дотор нуугддаг чөтгөр маш олон байдлаар илэрдэг. Бид хааяадаа үүнийг гаднаас ирэх хүчин зүйлсээр тайлбарлах гэж оролддог. Замын түгжрэл, уур ааш нь дэндсэн хуучинсаг үзэлтэй дарга, томоогүй хүүхдүүд, гарцаар гарч мэддэггүй сахилгагүй оюутнаас болж осол гаргалаа гэх мэтээр бурууг бусадруу чихээд байдаг маань бид өөрсдийнхөө чөтгөрийн заавраар л уур омгоо үл дийлэн байгаагийн илрэл.

Өөрийнхөө сөрөг бодол сэтгэл хөдлөлийг таньхуй

Бидний чөтгөр доорхийн аль нэгээр эсвэл ихэнхээр нь илэрнэ.

Аливааг хойш тавих

Чөтгөрийн хамгийн энгийн илрэл. Бүх хүнд тэгш үйлчилдэг. Бид хэзээ ч өөрсддөө “би хэзээ ч судлагааны ажлаа дуусгахгүй” гэж хэлдэггүй. Харин бид “маргааш эхлэе” л гэж хэлдэг.

Атаархал шүүмж өөртөө эргэлзэх байдал

Инстаграм шагайхад гуалиг сайхан залуус өөрсдийн төгс амьдарлаар амьдарч 7 хоногийн 24 цаг ажиллаж хөдөлмөрлөж байхад би гэж нэг юм залхууралдаа ороогдон “Доритос” тэврэн хэвтэж байх гэждээ гэдэг бодол төрнө.

Эд нар ийм төгс байх учиргүй гэж бодон элдэв шүүмж атаархлын харцаар зургийг нь хэд гурав томруулж жижигрүүлж харна. Бас нэг өөртэйгээ таарсан нөхөртэй ханьсан ам уралдан бусдыг мууг баясан дооглон байх нь чөтгөрүүдийн цайны цаг гэлтэй. Тэд хов живээр хооллоно.

Эсвэл чөөгийгийн тарнийг өдөр бүр өөртөө урьж байна уу?

Би чадахгүй, мэдэхгүй, боломжгүй, тэр хүн намайг тоохгүй гэх зэргээр бусад хүн төрөлхийн чарайлаг, авъяаслаг, баян, анхаарлаа нэг хормын дотор төвлөрүүлчихдэг, мотивац аваад л ажлыг машиндчихдаг гэж өөрийн эрхгүй бодоод өөрсдийгөө автоматаар дотроосоо сүйдлээд байнуу. Тиймээ бусад хүн төрөлхийн царайлаг. Одоо яая гэхэв олдсоноо тордсу.

Aйдас

Айх тусам бидний аливааг хийхгүй байх магадлал өндөрсөнө. Тухтайгаар чипсээ зооглон гэртээ суухыг сонгоно. Яагаад гэж үү яагаад гэвэл гадаа бороо орж байхад гарч гүйдэг нь би биш. Даархаас айлгүй яахав. Гэхдээ айж байна гэдэг тун сайн хэрэг. Айдсаа чиглүүлэгч луужин болгон гарч гүйх хэрэгтэй гэсэн үг.

Айдас арилдаггүй. Харин бид түүнийг өөрөөр хүлээн авах аргуудыг л боловсруулдаг.

Хэрвээ үнэхээр хийхийг хүсэхгүй байвал тэр зүйлийг л хамгийн их хийх хэрэгтэй гэдэг юм билээ.

Бид сөрөг таталцлын хүчийг зам заагч болгон ашиглаж болно.

Сарын эцсийн ажлын тайлангаа хийхийг хүсэхгүй байгаа ч хийх ёстой зүйл чинь яг тэр.

Дасгал хийж хогийн хоол идэхээ болихыг хүсэхгүй байгаа бол яг түүнийгээ эсрэгээр нь хийгүүштэй.

Өглөө 6 цагт орноосоо ховхрон босохыг хүсэхгүй байгаа ч аяа түүнийг л хийж байж тухайн өдрийг ялсу.

Аль эсвэл өдөржин орондоо кинодож хэвтээд өдрийн төгсгөлд ямар их боломж цагаа үрсэнээ тэмдэглэн өөрийгөө буруутгах уу?

Залхуурал

Амьдралаа сайжруулахгүй байхад хамгийн эерэг нөлөөтэй зүйл бол залхуурал. Хар нүхрүү хамгийн хүчтэй татдаг хүч бөгөөд ядуурал чамайг отно.

Сөрөг татах хүч ба Солонгос драм

Өөрөө өөрсддөө муухан драм зохион түүгээрээ бусдын анхаарлыг хүртэх гэсэн гавихгүй оролдлогоор та өөрийгөө сүйдлээд байгаа юм биш биз.

Өөрөө өөртөө өвчин зохиох гэж оролдох

Сэтгэл зүйн хямрал, гутранги үзэл, гавихгүй бодлууд олны дунд биеэ барьж сандардаг сандруу гэх зэргээр шинжлэх ухааны бус өөрийн миагаас үндэслэсэн нэр томъёо бодоод олчихно. Тоочсон зовлондоо өөрөө итгэж толгой мэдрэлийн ядаргаанд өртөнө. Би бусадтай ярихдаа тааруу юм чинь ямар нэг өвчтэй л байж таараа!

(Яг үнэндээ наадах чинь хөгжих боломж.)

Секс

Яагаад гэж үү яагаад гэвэл үүнээс хүн хамгийн хүчтэй түр зуурын сэтгэлж ханамж авдаг.

Энэ олон эрэгтэйчүүд эхнэрээ яагаад хуурдаг гэж бодож байна. Өөр хэн нэгэнтэй байж хоромхон зуур өөрийгөө сайн сайхнаар мэдрэх гэж тэр. Энэхүү түр зуурын хүчтэй сэтгэл ханамжаас бид нар өөрсдийгөө хангалттай сайн мөн тухайн харилцаа баталгаатай мэт эсвэл бүр хайрлагдсан мэдрэмж авдаг боловч эргээд энэ нь биднийг төгс потенциалаа хайж олох цагаас хумсалсаар байдаг. Зорилгоо хөөх ёстой байтал хэдэн арван жил охид хүүхнүүд хөөн явдаг хүмүүс олон.

Элдэв асуудлууд

11 жилд сурдаг байхад зодоон цохион хийдэг үеийнхнээсээ хальт царайлаг хөвгүүд мода байж билээ. Хичээл таслаж хэрэг төвөгт орооцолдох нь тэдний чөтгөрийн хийж байгаа бусдын анхаарлыг татах гэсэн хямдхан арга байсан юм билээ. Тэд одоо хэр нь алдартай биш байхыг бодоход архинд живсэн ч байж магадюун.

Элдэв дон

Хортойг нь мэдсээр байж хорт дарсанд хорхойтсон баавгай шиг хонууд өнжүүд дурладгийн шалтгаан бол өөрийн үнэн төрхөөсөө оргож чанга хөгжмийн нүргэлээнд дунд хэсэг зуур шалихгүй амьтан гэдгээ мартах гэсэн оролдлого. Өөр хэн нэгний яриа бүү хэл өөрийгөө юу яриад байгаагаа ч сонсохгүй байна гэдэг нь нэг ёсны энүүхэн Монголоос хэсэг зуур тасраад буйн нэр. Тэнд хөгжим хөлчүүрэл байхаас бус хэн нэгний үглэх дуу үгүй тул чөөгийнүүд цэнгэн хөгжилдөнө.

Зарим залуу хүмүүс маш их шоуддагийн шалтгаан бол аливаа зүйлд өгөх хариулт болон энэ дэлхийд үйлчлэх үйлчилгээгээ хараахан олоогүй учраас бүхнийг түр мартан орчиноосоо ангижран тасарч ямар нэг зүйлд автахыг тэмүүлдэг. Өөрөөс ямар хүчин чармайлт гарч болохыг аль эрт ухаарсанууд нь гимнастикийн зааланд, чөлөөт бөхийн ордонд, боксийн дугуйланд, номын санд завгүй сууцгааж байгаа.

Хохирогч сэтгэлгээ

Хүүхдийнхээ хөөрхөн сайхнаас өөр юм ярьдаггүй нөхрийнхөө тааруухан байгааг энэ дэлхийн эцсийн зовлон мэтээр гуниг гутралийн тэргүүн эгнээнд өөрийгөө тавьж надаас хэцүү амьдралтай хүн алга гэж хорвоогоор нэг шуудан түгээхийг завдах нь яг үнэндээ ахиц дэвшилийг үл авчирна. Хохирогч сэтгэлгээг эцэг эхчүүд хүүхдүүддээ өвлүүлдэг. Энэ бол нэг ёсны манай удмынхан намхан тул нэг нь ч сагс тоглох учиргүй, манайхан урлагийн гэр бүл биш зэргээр өөрсддөө дүрэм гаргасан байхыг хэлнэ. Заримдаа бүр ургийн бичигтээ худалч хуурамчийнхан хямдхан аргаар хүнээс юм салгах дуртай хүмүүс гээд биччихсэн байх нь бий. Сайн муу олон байдлаар илэрнэ.

Мөн баячуудыг үзэн ядах сэтгэлгээг тэд бас уламжлан өвлүүлэх гэнэ.

Чөтгөр ба түүний дагуулууд

Хамгийн сүүлд нь хэлэхэд та дээрхи чөтгөрүүд буюу өөрийнхөө сөрөг бодлуудыг ялсан ч гэсэн тэр өөрийн гэсэн дагуулуудтай.

Зохиолч залуу

Нэгэн сайхан залуу зохиолч арай хийн өөрийнхөө сөрөг бодлууд ялих шалихгүй шалтгаан айдсуудаа ялан хүсэн мөрөөдөж явдаг номоо бичиж эхлэхэд түүний хайртай аав ээж эхнэр нь хүртэл “явцгүй, амбицгүй, орлого авчрахгүй зүйл бүү хий” хэмээн ятгана. Чөтгөр башир аргаа хэрэглэж бидний ойр дотныхныг нь хөлсөлдөг нь тун харамсалтай.

Чөтгөр- Юмыг далдуур хорлох чадалтай гэх хий хоосон юм.

Тэдгээр дагуулууд мөн л адил өөрсдийнхөө чөтгөрт дарлуулсан хүмүүс бөгөөд хэн нэгэн өөрийнхийгөө ялчихаад хйихийг хүсээд буй зүйлээ хийж байгааг харж тэвчдэггүй.

“Тэд түүнрүү урьдынх шигээ байхаа больжээ”,“Чи хэзээ ийм байсан юм, их зантай болж цаг зав гаргадаггүй өөр хүн болж” гэх мэт гомдол дургүйцлын үг шидлэнэ. Шулуухандаа тэд хөөрхий зохиолч залууг ганц шил юм мултлан суух гутранги амьтан болох замруу нь хөтлөнө.

Мэдээж туршлагагүй нэгэн бол ахмадын сургааль алт гээд тэдний үгэнд автаад төөрч орхино.

Зохиолч залуу айдгаа ардаа хийгээд номоо гаргасан ч алдар нэр эд хөрөнгөөр чөтгөр бас илэрнэ. Арагш татаж доош унагаах гэж оролдоно.

Харин ойр дотныхных нь чөтгөрүүд тэр цагт баярлан дотроо мишээцгээнэ. Нэг ч атугай хүн илүү сайхан амьдарсангүйд, магад монголын уламжлалт уйтгарт мөрөөдлөөс гажаагүйд шагшицгаана.

Ураг удам ам бүлээрээ алтан дундаж бол хэн нэгэн нь өөр аргаар оргил өөд мацахад тэд дургүйцнэ.

Ахмадуудын зөвлөлийн хурлаараа хүртэл оруулна. Гэвч хэн нэгэн гинжин холбоог таслах үүрэгтэй энэ хорвоод ирсэн байж л таараа. Тэд манайхны дунд дуулж хуурдсан урлагийн салбадай байхгүй, тогооч болвол таргална, зураач болвол орлогогүй гэлцэнэ.

*Жич бидний тааруухан туршлага ганц хоёр удаагийн бүтэлгүй оролдлого дээр суурилсан хэдэн үг хэн нэгэн дүүгийнхээ мөрөөдлийг үгүй хийх вий үг үйлдэлдээ анхаараарай.

Миний чөтгөр

Дээрхи байдлаар хүмүүсийн дотроосоо өөрийгөө сүйдлэх хүч нь магад ихэнхидээ залхуурал аливааг арагш тавих зэрэг түргэн хугацаанд таашаал авах түргэн хоол архи мансууруулах зүйлтэй холбогддог байж болох юм.

Минийх бол арай өөр төрлийнх. Аливаа зүйлд хэт живж гүнд нь ордог хэтэрхий сайн хамгийн сайны туйлд хүрэх үнэхээр сүрдмээр төгс төгөлдөрч үзэл надад буй. Жишээлбэл блог бичье гэвэл үнэхээр туйлын сайн бичвэр л бичнэ гэж зүтгэнэ. Харин бодит амьдрал дээр эвлүүлж тавьж байгаа үгс маань сэтгэлд хүрдэггүй учраас яг төгс сайн болохоор нь нийтлэе гээд хойшлуулчихдаг.

Тэр харж байгаа биз чөтгөрийн тарни маргааш, дараа, тэгж байгаад…

Тэгж хойшлуулсанаар бичмээр буй нийтлэлийн маань гал нь унтраад яваандаа бичихгүй орхиж гараасаа гаргахгүй байх нь олонтаа. Түм буман гайхалтай санаа нэг л өдөр орж ирэхээр нь бичнэ гэж өөртөө маш өндөр стандарт тавьдаг болохоор өдий хүртэл санаанд минь хүрсэн бичвэр байхгүй л байна.

(Гэвч нийтлэх товчийг дарсандаа харамсаж байгаагүй. Тухайн цаг хугацааны бодит үнэн л тэрсэнж)

Энэхүү сайжруулан төгөлдөржүүлэх төгс ургальч үзэлдээ хүртэл сайн байх нь үнэхээр хэцүү тул эхлэхээсээ өмнө бууж өгдөг байдлаар илэрдэг.

Үнэн хэрэгтээ эхлэдэг юмлдаа. Хэд хэд туршиж үзээд овойж оцойсон оонзтой болно гэдэг чинь үнэхээр олон жил зарцуулдаг юм байна, чадахгүй юм байна, үнэн бүтэхгүй эд байна гээд дасгалдаа бууж өгнө. Булчин томрохгүй байна, үгийн сан арвижихгүй байна гэж санаагаа чилээхийн хэрээр стрессийн гармон булчин нөхөн төлжих үйл явцыг бусниулна.

Ингээд өдрийн төгсгөлд өглөө босоод “өнөөдөр үзүүлээд өгнө” гэж бодсон атал гараас гарсан зүйлгүй байгаагаа ажигласан төгс төгөлдөрч доторхи хүн маань намайг шүүмжилж эхлэнэ.

“Арайчдээ хэдхэн тоот дасгалыг тоолоод үнэнч хийчхэж болохгүй байнуу” гэхэд би хариуд нь “яг маргааш л үнэнч сайн хийе” гэж өөртөө хариулна.

Гэвч энэхүү төгс байх дуртай хүнд бас сайн тал буй. Яг биеэсээ гаргаад тавьбал аливаад чадварлаг болж олон зүйл хийхийг хүсэж мөрөөддөг хүн дотор маань амьдардгийг анзаарч авч хэлэлцэхгүй сэтгэлийн шуургатай явжээ.

Тэгээд би энэхүү доторхи хүндээ нэр өгмөөр санагдсан юм. Ядаж нэрийг нь мэддэг болчихвол нэрээр нь дуудаад “хөөе хэнээ хоёулаа ярилцах уу” гэж асуухад амар болох болов уу гэж бодсон юм.

Төгс төгөлдөр эмх цэгц цэвэрч байдалд дуртай чухам эрүүл сайхан бие хаатай хэр нь дотор нь зайрмаганд дуртай бяцхан охин нуугдаж байдаг хэн байдаг билээ?

Бодолхийлэх завдалд Найзууд киноны Моникагийн дүр орж ирэв.

Моника

Моника- Тэрээр ийм үзэсгэлэнтэй аж.

Моника “хангалттай сайн биш байна”, “хангалттай цэвэр биш байна”, “хангалттай гоё бичээгүй байна” гэж намайг сандраана.

Моника 7 хоногийн 8 өдөр дасгал хийхийг надаас шаарддаг. Аргагүй тэр төгс төгөлдөрийг эрхэмлэдэг юм чинь. Харин би шаардлагийнх нь талд нь арай чүү хүрч 3–4 өдөр л өөрийгөө дасгалжуулдаг юм.

Энэ бол миний өөрөө өөртэйгээ хэлэлцэж буй дотор сэтгэлдэх минь харилцан яриа.

Бусад хүмүүс тууштай байх гэж ямар ч зовиургүйгээр 6 цагт босоод 7 хоногт 50 цаг ажиллаад хажуугаар хав хавтай гэдэстэй хоёр гурван хүүхэдтэй халамжтай нөхрийн хамт хаус эдлэн газартаа жарган сууж байдаг. Тэгтэл би хаанаас юм саяханаас марафонд гүйнэ гэх мэтийн хөнгөн юм бодож явдаг.

Аав ээж хоёр яагаад над шиг эргүү амьтны төлөө ингэтлээ хичээдэг юм болоо гэж бодохоор шөнө гараад харанхуй бороон дундуур гүйж байтал хаанаас юм ачааны машин гарч ирээд дайрах агшинд:

Хөөрхий ээж минь үлдсэн амьдралынхаа турш өөрийгөө буруутгана. Хөөрхий гадаадад хоолтой хоолгүй явахдаа хэцүү байсан бол хэлэхгүй яасан юм болоо гэж гашуун нулимсаа залгих байх.

Тийм болохоор шантралтай нүүр туллаа гээд үхэж болохгүй.

Үхэж чадахгүй!

Миний төлөө хичээдэг хүмүүсийн төлөө би үхэх эрхгүй.

Бууж өгч чаддаггүй болохоор үхлийн тухай бодлийг хасав.

Р.Чойном агсан нэгэнтээ:

Эрдэм сурч санасандаа хүрэх хоёр л энэ насны жаргал” хэмээсэнчлэн амьдарвал амьдарсан шиг амьдръя.

Иймээс энэхүү чөтгөрийг дарж дотор сэтгэлийн амар амгаланг олмоор буй.

Би өөрийгөө ямар нэгэн зүйл хийхийг хүсээд түүндээ муу байвал яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй. “Би өнгөрсөн хүн” гэдэг үгийг өөртөө хэлж чадахгүй.

Cурахын төлөө тэмцсээр энэхэн насаа эрдэмт хүмүүн болоход зарцуулсу.

Уран зохиолийн хэтрүүлэгтэй хэлсэн энэ өгүүлбэрийг энгийнрүүлбэл өөрийн хамгийн сайн байх түвшинээ эртхэн л илрүүлэхсэн гэхээс яарч байна.

Би өөрчлөлтөнд итгэдэг.

Моника гэж сэрүүлэгтэй цаг аянгын харанга би өөрөө юм гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч буй. Тэр бол би юм.

Өмнө нь энэхүү сөрөг таталцлын хүч сайн муу, тууштай туушгүй, хөдөлмөрч хөдөлмөр биш хүмүүсийг ялгадаг хоорондынх нь зураас гэдгийг ухаараагүй явж. Харин ухаартал яг толины өмнө эгцлэх би л гол асуудал нь байж.

Яг энэ гаргалгааг гаргахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг бол ном юм.

Ийнхүү судруудаа ганзагалаад “чөөгий”-г дайлаар мордсу.

Чөтгөрийг дарах байлдааны тактик боловсруулах

Түүнийг таних — задлан шинжлэх — түүнээс гарах арга боловсруулах — хэрэгжүүлэх дахин эхнээс нь давтах.

Чөтгөрийг номхруулах ганц арга буй. *Түүнийг хороох.

Хорвоогийн тоосноос арчих, ам өчиггүй амийг нь таслах.

Гэвч алдхан биений минь нэг талыг эзлэх айхтар энэ этгээдийг хэрхэн хороохсон билээ. Ад үзэж уур зэвүү хүрч байгаа ч чөтгөр бол миний нэг хэсэг. Үгүй ээ чөтгөрийн нэг хэсэг нь би өөрөө.

Аз болоход түүнийг номхруулж өгөх хөлсний заазуурчин буй. Түүнийг “зуршил” гэдэг юм. Мөн түүний журмын нөхөр бол “тууштай байдал” юм.

Энэ хоёртой дотно нөхөрлөх санаатай сүүлийн үед өглөө бүр гүйх зуршилыг өөртөө нутагшуулах гэж оролдож байгаа.

Өглөөний гүйлт маань ердөө пүүзээ өмсөхөөс л эхлэдэг юм. Пүүзийг үдэх зуур салхи татуулан давхиж байна гэх төсөөллийг хальт зураглаад авна. Энэ мэт жижиг дохиог өөртөө үүсгэ гэж Жэймс Клэйр өөрийн “Аtomic habits” номдоо эржигнүүлэн бичжээ.

Хамгийн багадаа 3 өглөө эрт босоход өглөө эрт босох хандлага төрж эхэлнэ. Эсрэгээрээ 2 өдөр нарны гэрэлтэй байлдан хэвтэхэд 3 өдрийн хөдөлмөр замхрах аюултай. Тиймээс бид өөрсдийгөө нэг төрлийн гагнасан гинжин холбоонд оруулчихсан байдаг. Түүнийг эвдэж шинэ зуршил үүсгэхэд бидний тархинд шинэ эсийн холбоосууд үүсдэг бөгөөд үүнийг барьхад дунджаар 30 хоног хэрэгтэй болно.

Өдөр бүр аливааг хийх хэцүү ч ердөө 2 өдөр алгасахаар шууд өөртөө дургүй хүрч бууж өгмөөр санагддаг. Аргагүйээ манай Моника төгс төгөлдөр сайн зүйлд л дуртай. Намайг ганц ч өдөр алгасхыг үл зөвшөөрнө. Гэвч нэг л ахиж өгдөггүйээ. Гүйдэггүй харин зааланд очиж гол төмөр өргөдөг хүн гэж өөртөө бат итгэсэн байсан итгэлээ өөрчлөх хэрэгтэй болов. Өглөө бүр гүйнэ гэж учир утгагүй хаанаас юм өөр нэг хүний зорилгыг шүүрэн авч өөртөө хэрэгжүүлнэ үү гол төмөртэйгээ ноцолдоно уу хамгийн гол асуудал нь зорилгодоо бус системдээ байгаа юм. Урт хугацаанд эрүүл фит байх эрүүл амьдралын системтэй байх хүсэл сонирхол надад буй.

Аливаа зуршил бол ямарваа нэгэн системийн хэсэг юм.

Чөтгөрийн хүүхдүүд бол залхуурал аливааг арагш тавьж хойшлуулах байдал гэсний яг эсрэгээр зуршил бол дээр дурьдсан өөрөө өөрийгөө удирддаг “үл үзэгдэх гарын хүч”-ны нэг хэсэг юм.

Эдийн засагт “үл үзэгдэх гарын хүч” гэж буй гэж Адам смит номлосон байдаг. Бид хүссэн хүсээгүй зарим зүйлс аандаа тохиож эдийн засагт өөрчлөлтүүд гарч байдаг. Жишээлбэл улирал солигдоход өвлийн хувцасны эрэлт хэрэгцээ худалдан авалт багагасаж зуны хувцасны худалдан авалт өсөж байдгыг энэхүү далд гарын хүч зохицуулж байдаг. Энэнтэй адилаар сайн дэг журам, зуршил, системгүйгээр чи хүмүүсээс үргэлж нэг эгнээ ард жагсах болно.

Өөрийн төгс сайн хувилбараа бүтээж төгс потенциалдаа хүрчихсэн хүн гэж олон мянган сайн зуршлын уул уурхай болсон хүнийг хэлэх болвуу.

Мөн хүмүүн бид төрөлхөөс 100 килограммаар суулт хийж эсвэл зөөлөн буйдан дээр бурхан шиг залагдахаар бүтээгдсэн бус харин алхаж гүйхээр загварчлагдсан бүтээгдсэн биетүүд юм.

Чөтгөрийг дарах=Түүнтэй найрамдах

Найзыгаа ойр, дайснаа бүр ойр байлга гэж нэг үг байдаг.

Чөтгөртэй ам өчиггүй үгийн зөрүүгүй байлдах гэж оролдвол бидний сэтгэл хөдлөл эрч хүч энерги өөрийгөө үзэн ядахын дээд зэрэгт хүрч агаарын бөмбөгдөлт үүсэн эцэстээ сэтгэл гэж эрч хүч энэргигүй үнсэн товрого болно.

Харин ухаалагаар түүнийг таньж сул талыг нь барьж авч номхруулах буюу түүнтэй найзлахаас эхлэе.

Нэгдүгээрт чөтгөртэй найзлах буюу өөрийн сөрөг талуудаа (олон жил үргэлжлүүлсэн муу зуршлууд) хүлээн зөвшөөрөх.

Хоёрдугаарт хүлээн зөвшөөрөөд тиймээ би залхуурлын хатан хаан гээд суухгүйшдээ. Зорилгынхоо төлөө өнө мөнх зүтгэх боол нь болохын тулд залхууралтай тэмцэх аргуудыг хэрэгжүүлнэ. Гүүглэ гэж мэдлэгийн уурхай бүгдийг мэддэг тул асуухад л болно.

Моника бид хоёрын харилцан яриа

Нэгэн орой унтахаар хэвтэхдээ Моникатай урт гэгч нь хүрэн модон ширээний хоёр талд ярилцан сууж байна гэж төсөөлөв. Түүнийг харвал яг л би харагдах юм. Хааяа би түүнийг киноны дүрээрээ над дээр ирчихээд уйлахад минь нурууг минь илж байна гэж боддог юм.

Би: Сайнуу?

Тэр: Сайн, сайнуу?

Би: Сэтгэл санаа хэр байнадаа?

Тэр үгийн зөрүүгүй өөрийнхөө бүтээлч биш байдалдаа бас яах учраа нэг л олохгүй байгаадаа дурамчхан байгаагаа хэлэв. Олон жил зарцуулсан хамгийн их хийх ёстой нэг том юман дээрээ гацчихаад яаж дундаа орж үргэлжлүүлэх үү гадаадад сурна гэдэг чинь яасан хэцүү юмбэдээ гээд уйлав.

Хөөрхийг уйлхыг нь би зөвшөөрлөө.

Би түүнд юу гэж хэлэхээ мэдэж байв.

Анхаарал сарниулах зүйлсээ унтраагаад өөртөө нэгхэн цагийг эхлээд гаргаад ширээний гэрлээ асаагаад анхаарал төвлөрүүлдэг алфа долгион ялгаруулахад тустай аяа сонсоод нэгхэн цаг суучих. Эхний 20 мин хэцүү байна. 20 минут чадахгүй байгаа бол цагаа 15 минутын мөчлөгт хуваагаад дунд нь 5 мин амраад амрахтай аягатай юмнаасаа жаахан балгаад гараа өргөөд сунайгаад бай.

Эхний үгийг тавьхад эхний судлагааны ажлаа сийрүүлэн уншихад эхний хуудсыг бичиж дуусахад энэ бүх сэтгэл зовнил чинь арилж эхлэнэ. Чи мэдэж байгаа шүүдээ.

Тэр: Юу юу ч хийж амжаагүй байтал хураалгах хугацаа дэндүү дөхсөн байна.

Хамгийн чухал нь өнгөрсөнд юу хийж байв аа гэж би өөрийгөө буруутгахаа болиод Моника бид хоёр өнөөдрөөс юу хийж болох вэ гэдгийг хамтдаа харая гээд байлдааны бус энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурж тохиролццгоолоо.

Тэр жаахан уйлж байгаад тайвшрав.

Маргааш өдрөөс нь судлагаатайгаа холбоо хамааралтай судлагааны ажлууд уншиж асуулга боловсруулах нэг нүүр юм бичив.

Ийнхүү би өөрийнхөө сэтгэл санаатай жаахан ажилласны дараагаар урдаа ганцхан энэ судлагаагаа дуусгаж мастерийн зэрэгээ горилохоос өөр юм бодохыг хүсэхээ больлоо.

Сөрөг таталцлын хүч яг барианы зурваст хамгийн хүчтэй үйлчлэн араас чангаадаг бололтой. Уг нь мастерийн зэрэг горилчихмоор байдаг гэтэл Моникагийн надад өгөх үй түмэн айдас шалтгааныг яалтай.

Чөтгөр гэж үгийг одооноос би хэрэглэхээ болилоо.

Дайсныг дарах мэтээр дотор буй сөрөг бодлуудаа ор мөр дарчихвал л сая нэг тууштай байдлын бурхан тэнгэр болно гэж бодож явтал яг үнэндээ Моника буюу өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлийг таних гэж оролдсоноор түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэйгээ ойлголоо.

Тэр шөнийн төсөөллөөс хойш бодлууд маань ажиглагдаад байв.

Моника надад сайн л хийхгүй бол хийгээд хэрэггүй гэж хэлж байна.

Харин би өөрөө энэхүү шинэ зүйлийг сураад сайжрах боломжтойг харж байна. Эхлэчих л юмсан зэргээр бодлоо ангилж сурч байна.

Цаашид би өөртэйгээ дайсагнах бус эдгээр миний сөрөг сэтгэл хөдлөлүүд маань ямар нэг шинэ зүйл сурахад харин ч чиглүүлэгч газарч болж байна гэдэгт итгэлтэй байна.

Өөрийн сөрөг бодлуудыг Моника илгээгээд байгааг таниад ирэхээр Моникаг чимээгүй болгох гэж элдэв сатааруулагч хэрэглэх буюу хэтрүүлэн идэх маань багассан нь илт.

Тэр донатанд дуртайчлан би ч энэ цагариган боорцогорхуу амттанд туйлын дуртай. Хүн л болсон хойно элдэв амттан шохоорходгоо нуугаад яахав.

Хүрэх дүнгээс хүлээн авах шагнал

Дээрхитэй үл хамаарах гэхдээ сэдэвтэй маань хамааралтай нэгэн харьцуулалт дараах 2 хүний дунд хийе.

Амбер гэгч бүсгүй дасгал хийдэггүй ч нарийвтар эгэл биетэй эмэгтэй.

Венди харин Амберийг бодвол 20 кг илүүдэл жинтэй.

Амбер өөрөөс миалах зүйл гайгүй гэж боддог.

Харин Венди илүүдэл жингээсээ салах шийдвэр гаргаад тууштайгаар 15 кг хасчээ.

Жилийн дараа эргэн энэ хоёртой уулзвал Амбер хэвэндээ. Харин Венди өөртөө өчигдөрөөс 1 хувь л сайн байя гэсэн зорилго тавиад хичээсний дүнд Амбертай дөхөж очихуйц болсон байлаа гэж бодоё. Тэд хоёул цааш хөгжих боломжтой.

Энэ хоёрын өөртөө итгэх хэмжээний түвшинг харьцуулбал Вендигийнх хамаагүй илүү их байх нь ойлгомжтой. Тэрээр жин хаях явцдаа маш олон сорилт шантралтай нүүр тулсан ч тэр бүгдийг даваад гарсан өдөр бүрийн ялалт нь дан ганц харагдах байдлаараа өөрчлөгдөх бус өөрийгөө үнэлэх итгэлд нь хүртэл нөлөөлж мөн дээрээс нь олон шинэ зүйлийг сурсан байх нь гарцаагүй.

Хийсэн юмтай хүн өөртөө итгэлтэй байдаг.

Өөрийгөө буйдангийн төмсхөн байдлаас гаргаж өдөрт нэгхэн хувийн өөрчлөлтийг хийж эхлэснээр урт хугацаанд тонн тонн өөрчлөлтийг бий болгодог.

Ямар харагддаг болсондоо бус хэцүү шантармаар сонголтуудыг хийгээд түүнээсээ сайн үр дүн авсандаа мөн хэр их зүйл хийж хичээж зорьсон зорилгынхоо талд нь ч атугай очиж хэвтсэндээ илүү итгэлтэй болсон хэрэг. Сонирхолтой нь юу ч хийсэн бай урьд өмнө хийдэггүй байсан зүйлээ хийдэг болоход л өөртөө итгэх итгэл дээшилдэг. Би л гэхэд гүйж эхлэснээс хойш арай л харц дээгүүр “би чинь гүйж чадна шүүдээ” гэж бодогддог болсон байна.

Төгсгөл

Нийтлэлийг дуустал нь уншиж энд хүрч ирсэн үү?

Хөнгөхөн гүйлгээд “алив тэр нууц жор чинь хаана байна” гэж бодон гүйлгэж уншсан бол дахиад эхнээс нь унш.

Бидний оюун санааны зарим хэсэг амар хялбар зам товчилсон зүйлд тун дуртай байгаа биз.

Шидэт нууц жор гэж байхгүй. Мөн түүнчлэн нууц гэж байхгүй. Бүгд ив илхэн буй. Өөрөө л өөрийнхөө төлөө судалгаа хийнэдээ.

There is no magic formula.

Учир нь нууц жорууд аль хэдийн задарсан байгаа. Хүмүүс түүнийг зуу зуун жилийн өмнөөс ном зохиолдоо биччихсэн байгаа.

Боломж байгаа дээр бушуу түргэн уншиж ойлгож боловсруулж хэрэгжүүлэхээс яаран байна.

Хүн бүрийн дотор хийж бүтээж сайжрах хүсэлтэй магад жаахан дэггүй тоглож наадах хүслээ гээгээгүй бяцхан охин, хөвгүүн л нуугдаж буй гэдэгт би итгэдэг.

Моникатай ярилцаж байна гэж төсөөлөн заримдаа бүр бичсэнээр сөрөг сэтгэл хөдлөлүүд маань хааш яваад буйг тусгай хүнтэй ярилцаж буй мэтээр л сайн сонсож чаддаг болоод байгаа.

Одоо аливааг хойшлуулах гэж бодох бүртээ ирээдүйд бүгдийг миний өмнөөс амжуулж өгөх гээд буй хүнд найдах бус өнгөрсөнд орших Моникаруу хийхээ яасан юм гэж чичлэх гэж яарахаас илүү яг одоо юу хийвэл ирээдүй маань илүү амархан болох вэ гэх бодлыг өөртөө урьдаг боллоо. Ингэхдээ алдарт бясалгалын көүч Эндигийн заавраар доорхи дасгалыг ажилладаг юм. Түүнийг би багшаа гэж боддог юм. Гүйхдээ хүртэл яриаг нь сонсдог.

Бодлоо удирдах дасгал

Би байнга нэг ижил автобусны буудлаас автобус хөлөглөдөг юм. Эндээс урт ногоон лимузен маань намайг ирж авахыг хүлээн ганцаар суух нь олонтаа.

Энэ автобусны буудал гүүрний доор байрладаг ч ойр орчимд ногоон байгууламж байхгүй тул үргэлжийн саарал өнгөөр дүнсийдэг. Харин би сандал дээр суугаад урсан өнгөрөх машинуудыг ажиглан суугаагаар өөрийгөө төсөөөлнө.

Зам дээр хэр олон машин байна, машин дотор хэн байна гэдгээс үл хамааран тэднийг зүгээр урсан өнгөрөхийг харан сууна. Хэрэв машинуудыг нарийвчлан анхаарч детайлруу орох гээд байвал бодлоо эргүүлэн авчирч урсан өнгөрч буй машинуудыг ажиглахаа үргэлжлүүлнэ. Бидний бодлууд бол эдгээр зам дээрхи машинууд юм. Тэд ирж л байдаг явж л байдаг. Бодлууд биднийг сөрөг мэдрэмж үйл хөдлөлрүү хөтөлдөг. Нэг машин дээр хэт анхаараад байвал бусад машинуудын хөдөлгөөнд саад хийнэ. Улмаар зам түгжирч сэтгэл санаа тавгүйднэ.

Харин би бодлуудаа ажиглана. Анхаарал сарниад тэнэж одвол анхаарлаа амьсгаа дээрээ авчирна. Энэ маягаар бодлуудаа ажиглах хоорондоо амьсгаа дээрээ төвлөрнө. Урсан өнгөрөх машинуудыг явуулна.

Лимузен маань иртэл миний даалгавар бол хэрхэн би тэр бодлуудтайгаа холбогдож байна вэ гэдгийг ажиглах явдал юм. Муу бодлыг хүчээр сайнруу эргүүлэх гэхгүйгээр муухай бодлуудыг ч ажиглана.

За тэгээд өнөөдөр зам хэр их түгжирч байнадаа?

Энэ хүрээд эгэл баатар (……) чиний түүх эхлэж байна.

Эхлэсэн он сар өдөр …/…/2020

Дууссан он сар өдөр …/…/2020

Чөтгөр гэх үг хамгийн олон орсон нийтлэл энэ хүрээд өндөрлөж байна.

Энэ төрлийн бичвэр сэтгэлд чинь ойр туссан бол

https://www.terguunjargal.me/ -т зочлон subscribe хэсэгрүү орж имэйлээ бүртгүүлэн сар бүр шинэ бичвэр элдэв саадгүйгээр шууд имэйл хаягаараа хүлээн аваарай.

Энд зургаар харуулав. Вебрүү зочлоорой.

Өмнөх нийтлэл Монголд эргэж ирэх хэрэгтэй юу?

Санал болгох нийтлэл Салалтыг хэрхэн шаналахгүйгээр даван туулах вэ?

Энэхүү нийтлэл https://www.terguunjargal.me/-т нийтлэгдэв.

Т.Тэргүүнжаргал

Сөүл Хот

--

--