Хүсээгүй холыг чи зорь…

Жил бүрийн төрсөн өдрийн бичвэр

Terguunjargal Jane
Undoing Project
5 min readAug 19, 2020

--

Гангвон Аймаг Өмнөд Солонгос

Хүсээгүй холыг зориод амьдарч үзээгүй амьдралаараа амьдарч үзмээр байна.

Албан ёсоор тавийн талыг бүтэн наслаж насанд хүрж том боллоо. Гэсэн хэдий ч сэтгэл дотор минь нэгэн бяцхан охин зураг зуран инээмсэглэн суудаг гэж сэтгэнэ. Магад бид бүгд үүрэг хариуцлагад хүлэгдсэн хүүхдүүд бизээ. Сэтгэл зүй, бие махбод, сүнсний түвшинд насанд хүрнэ гэдэг нь биеэр бага зэрэг томорч нас ахихаас өөрсөнж.

Монгол гэх алдартай хэр нь алдар хүндгүй ч өөрсдийгөө Ази биш гэж андуурдаг овлиурган хүмүүсийн нэг би бээр 2020 оны 7 сарын босгон дээр юу хийж, юу хүсэн мөрөөдөж бодож сэтгэж яваагаа бичиглэе.

Төрж өссөний баярынхаа тухай бичмээр байгаа ч үхлийн тухай бас бичмээр байна.

Хайртай ахыгаа алдчихлаа.

Хэзээ хамгийн сүүлд уулзсанаа санахгүй юм.

Үүрд ингээд санахгүй хэвээрээ үлдэхнэ. Дахин хэзээ ч бид нараар тоглоом хийгээд инээж байдгийг нь харахгүй гэхээр л зүрх зүсэгдэх юм. Төрсөн өдрөөр маань түүнийг гаргасан гэнэлээ. Монгол маань хилээ нээсэнгүйсэн болохоор харьж гэртээ очиж чадсангүй.

Түүнийг би бодон далайн эрэг дээр сууна. Жир үед далай тайван байх нь тайвшрал авчирдаг ч далай өнөөдөр энгэр дүүрэн нулимс шиг, цээж дүүрэн гуниг шиг санагдана. Ердөө хоосон бас шударга бус ертөнц сайнуудыг нь авч яваад байх шиг. Үүрд таныгаа би үргэлж инээж явдаг гэгээн дүрээр чинь сэтгэлдээ мөнхөлнө өө. Хажууд нь байж чадаагүйд түм бум уучлаарай. Таныг би явчихна гэж даанч санасангүй.

Тэр үргэлж сүү авчирдагсан. Гэнэн цагаан сэтгэл тээж явдгийг нь гартаа атгасан ганц сүү болон ганган инээд нь илтгэнэ.

Тэр манайд ирэхдээ үргэлж сүү авчирдаг байсан.

Сэтгэл

Сэтгэл санаа дажтай дажгүйн хооронд. Хааяа яагаад юм бүү мэд завтай байгааг илэрхийлж байгаа юм шиг “emotional emptiness” мэдэрдэг юм. Сэтгэлийн энэ орон зайг ямар нэг далд нууцлаг байдал гээд хэлчихэж болмоор.

Үүгээрээ би бусдаас ялгаатай байж болох. Энэ байдал энгийн нэгэн биш гэдгийг минь илтгэх мэт. Үргэлж хаа нэгтэйгээс утга учир шалтгаан хайж явдгийн минь тайлал тэр биз.

Энэ нууцлаг байдалгүйгээр би яг л бусдын адил болно. Өдийг хүртэл өөрөөсөө хайж ирсэн зүйлээ өнгөрсөн жил харин ч нэг олж явжээ. Энэ жил харин байгаа зүйлийнхээ үнэ цэнийг харах хурц хараа л нэмэв бололтой. Өнгөрсөн жилийн Зүүн Өмнөд Азиар ганцаар аяласан ганц цүнхны аяллаас өөрийн минь дуу хоолой болон ертөнц байгаль дэлхий тэр чигээрээ надтай ярьж байсныг сонссон. Тэд яг л тайван алхдаа охин минь яг наад замаараа алхдаа гэж газарчлангүй чиглүүлэн буй мэт санагдаж байсансан.

Далайн чимээ хадан цохионы сүрлэг оргилоос, хаа нэг юм уулын оргилын салхинаас зөвхөн надад зориулж шивнэх ертөнцийн чимээг анирдах гэж мөрөөдсөн учраас их тэнгисийг гатлан өнөөдөр би Өмнөд Солонгост суугаа билээ. Холгүйээ хорь гаран мянган бээрийн энгэрт Солонгос гэх энэ улсын Гангвон аймгийн нэгэн далайн эрэгт сууна. Далайн давалгааг ширтэн бодол төөрөн суух цаг дор энэхүү бичвэрийг 5,10 жилийн дараах өөртөө болон өрөөл бусдад зориулж байна. “Корона” вирусээс болоод бүх хүн төрөлхтөн хэсэг азнан өнгөрснөө ажих энэ цаг мөч дор өчүүхэн би энэ улсад ирсэн зорилгоо биелүүлэн сургуулиа төгсөж эрдмийн зэргээ ахиуллаа. Айдаа, хэл усыг нь мэдэхгүй улсад ирээд боловсролын зэргээ ахиулна гэдэг хоосон завьтай хол далайд загасчлах мэт байлаа. Далайд гараагүйсэн бол эгэл жирийн тосгоны охины амьдралаар амьдрах байсан нь гарцаагүй. Хөл хүрэхгүй эрдмийн далайгаас хэсэг олз шүүрсэн миний харах өнцгийг өргөн далай тэлж түүнийг ойлгон танихад энэ хэдэн жилийг зарцууллаа.

Одоо би нэг шатан дээр ирсэн тул дээш үргэлжлүүлэн хаа юм бүү мэд хүргэх энэ замаар алхах ёстой. Гэхдээ хэсэг зуур энэ далайг, аав ээжийнхээ төрхийг, найз нөхдөө болон өөрийгөө усны тусгалд хэсэг харж зогсмоор байна.

Эрэлхэг дайчин эрэмгий аавынхаа санчиганд гялтганах буурал хярууг хараад өөрийн эрхгүй сэтгэл өмөлзсөн. Яг бидний доторх сэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн цэцэглэн дэлгэрч өнгө зүсийг олж гаднаа хүчирхэгжиж эхлэхэд тэдний маань супер хүч болох хэзээд бидний төлөө байдаг эрэлхэг дайчин чанар бидэнд шилждэг бололтой. Тэд нэг л өдөр биднийг орхиод одно гэж бодохоор бушуу түргэн хүчтэй бүр хамгийн хүчирхэг нь болмоор байна. Хэзээ нэг хүний зэрэгтэй хүн болж тэднийгээ өөрийн хайранд цэнгүүлэх бол. Хорвоогийн жамыг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Тэднийгээ хөгшрүүлмээргүй байна. Хажуунаасаа алдмааргүй байна. Үнэхээр хүлээн зөвшөөрмөөргүй байна. Даанч олон зүйлс хийж өгч чадаагүй байна.

Ийм бодлууд орж ирэхийн хэрээр амьдралд яармаар бушуу түргэн авах ёстой зүйл байвал авч, амьдрах ёстой газар байвал амьдарч, хөлөө тавих ёстой газар байвал хөлөө тавьж, хийх ёстой зүйл байвал бүгдийг нь хийж үзэн, ухаарах ёстой бодол ухаарал байвал бушуу түргэн тэдгээр бодол ухаарлыг нь тээмээр санагдана.

Гэвч амьдралд яараад хэрэг байдаг юм болов уу?

Хүсээгүй зүйлийнхээ хүлээсэнд орооцолдож амьдармааргүй байна.

Энэ биеийг дааж дийлээд тэжээж тэтгээд тордоод явах ер яасан их ажил вэ.

Эдгээр бодлууд маань сэтгэл түгшээсэн таагүй гуниг хэдий ч сэрэл мэдрэмжийг өдөөсөн өөрийг минь дотроос минь хатгасан хатгалгаа гаргалгаа юмдаа.

Би хичээх учиртай.

Солонгосын уулс надтай ярьдаггүй юм. Харин далай нь надтай ярилцах шиг болдог .Тэр үргэлж тайвшир гэж шивнэнэ.

Уучлал

Эдүгээг хүртэл уучлах эрдэмд суралцаж явна.

Тэр дундаа өөрийгөө гомдоож бие сэтгэлээ өвтгөснөө уучлахад суралцаж байна.

Үл хүндлэл, дутуу үнэлэлт, тоомжиргүй байдал, үгээ зальгиж хэлээ хазсанаа уучлах гэж оролдож явна. Эвийдээ чаавас энэ цаг үед байгаа ухаан өнгөрсөнд оршоогүйг өөртөө сануулж л байна.

Саяхан нэг хүүхэд үеийнхээ зургийг хараад өөрийн эрхгүй уйлчихсан. 14,15 настай охины гэгээн инээмсэглэлийг яагаад юм өнөөдрийн би үгүй хийчихсэн юм шиг санагдсан. Одоо тэр хүүхдийн төрх надаас холдсон мэт санагдах нь том болох гэж хэтэрхий яарч энд тэнд худал үнэн ном хаялцаж үг уралдуулан толгойгоо гашилгаж суудгийг минь илрэл биз.

14 настай өөртөө хандаж хэлэх хэдэн зүйл байна.

Уучлаарай,

Хэн нэгний тухай хэрэггүй бодлоор толгойг чинь дүүргэж гэнэн хонгор баяртай инээдийг нь сольсонд уучлаарай. Гуниггүй харцанд нь гуниг нуусанд өршөөгөөрэй. Гуниг авчрах элдэв балайг бодуулж энд тэнд эвгүй байдалд оруулж сэтгэл санааг нь үймүүлсэндээ өөртөө дургүй хүрнэ.

Дураараа шийдвэр гаргаад цээж хөндүүлэсэн дурлалын галаар цээжийг чинь төөнөж сэтгэл зүрхийг чинь шатаасанд уучлаарай. Урлаг уран зохиолтой ойр бид дурлаж догдлох нь амархан ч хайрлах нь гүн хийгээд бат юм.

Чамд буруу байгаагүй.

Чиний энэ төрх үнэхээр их олон жил өнгөрсөнийг илтгэнэ. Хүүхэд насны төрхийг чинь энэ их олон өнгө будгийн ард нуусанд уучлаарай. Яагаад ч юм би урт үсэндээ дургүйлхдэг байсан. Чиний тэгтлээ их хүсдэг байснаар чинь үсээ мөр дайруулан тайруулсан. Өсвөр насны чамд би үүнийг хийж өгөх учиртай.

Хэзээ ч дураараа шийдэж энийг өмсөнө, тэрийг авна, ийм баймаар байна, тэрэнтэй найзлана гэж сонгож шилж өөрийгөө илэрхийлж яваагүй өсвөр насандаа өөртөө би дургүйлхдэг байлаа. Үргэлж сонсож дуулгавартай байж дотроо үнэнээ хадгалж ирсэн тэдгээр он жилүүдэд би өртэй учраас одоо үргэлж өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж явах болохоо чамд амлая. Чиний хүсэл мөрөөдлийг чинь би биелүүлж өгнө өө. Яг ямар байхыг боддог байснаар чинь далайн эрэг дээр одоо амьдарч байгаа шүү.

Одоо би харин чиний дуртай зүйлийг чинь хийгээд үзэг цаас холбон энэ тэрийг тэрлэж яваа шүү.

Чиний даль жигүүрийг би олсон. Хаашаа нисэх ёстойг чинь хэнрүү хараад инээмсэглэх хэрэгтэйг чинь мэддэг болсон охин минь. Санаа бүү зов. Одоо чи хүчирхэг. Одоо чи зоригтой эрэлхэг.

Т.Тэргүүнжаргал

Сугчу хот Солонгос улс

--

--