Existential frustrations

Why do you do such things?

Terguunjargal Jane
Undoing Project
6 min readFeb 4, 2020

--

Yangon city, Myanmar

Өнөөдрийн бүлгийг нэгэн уйтгартай юм шиг хэрнээ сонирхолтой блоггерийн тухай яриагаар эхлүүлье.

Түүний нэгэн алдартай нийтлэлийг унших гэж бараг 2 өдөр зарцуулсан би Хөвсгөл далайгаар аялахад ингэж бичиж байгаа юм чинь гадаад явбал ямар мэдрэмж аваад юу гэж бичих бол гэж бичвэрүүдийг нь сэмхэн шалгадаг байв.

Харин Зүүн Өмнөд Азийн аялалаасаа азаар юмуу тохиолдлоор юмуу Сөүлд ирчихсэн байхад нь уулзаж аяллын туршлага судлая хэмээсэн юм мессэжээр илгээв. Юу бодож сэтгэж явдаг нь уншигчийн зүгээс сонирхолтой байсан болохоор тэр.

Гэвч харин тэр уулзах саналыг маань хүлээж авсангүй.

Яагаад гэдгийг нь бүр сүүлд ойлгосон.

Тухайн үед би бас Зүүн өмнөд Азируу ганцаар үүргэвчтэй аялах гээд нилээд айдастаа ороогдонгуй байсан ч билет энэ тэрээ аль хэдийн захиалчихсан амьхандаа жинхэнээсээ яваад ирсэн хүнээс туршлага сонсох санаатай байсан юм.

Айж байсан ч яагаад аялахыг чин сэтгэлээсээ хүссэн шалтгаан маань тун энгийн.

Нэг газраа гацсан мэт сэтгэл санаа нэг л шуургатай, яах учраа олохгүй санагдах ч өнгөн дээрээ бүх зүйл зүгээр, нэг тийм өөртөө драм зохионгуй амьдралаа эрс өөрчилмөөр юм шиг өөрийгөө сорьмоор санагдаад 4–5 улсаар аялна гээд орой бүр аяллын влог үзэж Rome2rio хаанаас хаа хүртэл яаж явах вэ гэдгийг хардаг байв.

Дээрхи гацсан яахаа мэдэхээ байсан мэдрэмжийг Логотерафигаар тайлбарлавал оршихуйнхаа учрыг олох гэсэн “existential frustration” байв. Хүн бүр өөрөөсөө асуудаг байх.

My responsibility is to find meaning in my existential frustration.

Төд удалгүй дээрхи аялалаа Малайзаас эхлүүлсэн юм.

Үнэхээр аялахаар тэр дундаа ганцаар явахаар бүх зүйлийн хариулт олддог гэж үү?

Товчхондоо миний тохиолдолд хариулт нь тийм байв.

Хайж явсан эрдэнэсүүд болох бодол ухаарлуудаа ч оллоо. Гэхдээ олон тохиолдолд надад ер таалагдаагүй хачин сонин хариултуудыг олсны нэг нь Мьянмар улсын Янгон хотод нэгэн эмэгтэйтэй уулзсан явдал байв.

Чухам энэ мөчөөс амьдрал маань өөр болсон.

Одоо хэр нь яагаад түүнтэй ямар учир ерөөлөөр уулзаад энд ингээд өгүүлрэн суугаагаа гайхна.

Бид хоёр Мьянмарын Янгон хотод аялагчдын дотуур байрны (hostel) нэг өрөөнд байрлаж таарсан. Намайг очиход өрөөнд чинь ганц аялагч л байгаа гэсэн ба өрөөнд ороход аялагчдын мода болох том хар osprey үүргэвч, хуучирч элэгдсэн Англи хэл дээрхи уран зохиолын ном зэрэг байсныг ажаад урт хугацаагаар аяладаг хүн байна гэж бодолхийлэв.

Тэндхийн Шангриларуу очиж (Яг л Монгол шиг маань) мөнгө солиулаад ирэх хооронд тэрээр өрөөндөө ирсэн байлаа. Цааш хараад сууж байхад нь “сайнуу” гээд мэндэлтэл эргэж харахад нь би бараг цочирдсондоо хаалгаруугаа ухарсан. Царай цэвхий цагаан болсон гэдэгт лав итгэлтэй байна.

Миний ойлгосноор төрөлхийн л тэгж төрсөн байх. Ямар нэгэн улаан ургацаг нэг нүд нүүрний талыг нь бүрхсэн байх ба нүүрэнд нь уруул хамар зэргийн хэлбэр дүрс байхгүй ба харж байсан хамгийн сонин хүн байлаа.

Би тухайн агшинд энэ хүнээс юм сур гээд л намайг уулзуулсан байхдаа гэж бодоод түүнтэй юм ярьж эхлэхийнхээ өмнө 10 минут шахуу өрөөгөө солихуу гэж бодсон. Тэр хооронд орон дээрээ суугаад чимээгүйхэн хувцсаа янзлаад цүнхээ эргүүлээд баглахаа шахсаныг минь яана. (Жаахан хүүхэд шиг л айж балмагдаж орхив.)

Тэгтэл миний зөв байж таарав. Бараг л дэлхийг бүтэн тойрч яваа 18 наснаасаа аялсан эмэгтэй байсан.

Би өрөөг орхиогүй.

Маргааш өдөр нь түүний танил хэмээсэн Мьянмар ахтай бид 3 өдөржин гадуур явж хийд дугана үзвэр үзэв. Өглөө түүнийг найз нь ирж авна гэхэд нь аялагчын уу эсвэл ашигч сэтгэлгээгээр таксиныхаа мөнгийг танил бус хотод хэмнэх санаатай тэр хоёртой нэгдэхээр шийдсэн юм.

Анхандаа дасаж өгөхгүй байсан бол сүүлдээ зүгээр л түүнийг юу ярихыг сайтар сонсохыг эрмэлзэж байлаа. Аль болох нүүр өөд нь хармааргүй хаяа хоол идмээргүй хүртэл санагдсан нь сонин.

Тэр миний хүмүүсийг шүүдэг өөнтөгч харцыг минь тас цавчсан.

Би одоо хүртэл яагаад яг түүнд юу тохиолдсоныг яагаад би түүнтэй уулзсанаа ахин дахин боддог. Тэр их намуухан хоолойгоор тайван ярина. Түүнийг нөхцөл байдлаа бүрэн ашигладаг хүн байна гэж харав.

Тэр тэгж төрсөндөө амьдралд дургүйлхэж амьдралыг үзэн яддаггүй мэт. Өөрийгөө мянган удаа оронд нь тавьж бодсон би хэрвээ тийм нөхцөлд байсан нь яаж байх байсан бол?.

-Өнгөц бодоход л өөртөө дургүй амьдралыг үзэн ядсандаа хавь ойрынхондоо ялархах байсан биз.

Харин тэгтэл бусад шиг хөөрхөн энэ тэр гэж даврахгүйгээр нормал хүний төрхөөс өөр харагддаг Анн гэгч энэ эмэгтэй ямар их зүйлийг үзэж туулаа бол.

Хаана ч явсан нутгийн иргэд түүнрүү цоо ширтэнэ. Яг л ямар нэг ховор үзмэр гудманд алхаж буй мэт дахин ахин нүдэндээ итгээгүй мэт харцгаана.

Эв эрүүл сав саруул мөртлөө элдэв бодисонд донтоод эрэмдэг зэрэмдэг болж байгаа сэтгэлийн тэнхээгүй нэгэн биш байв. Хүчтэй салхины өөд сэлэм бариад зогсож байгаа хүн шиг санагдав.(Онцгүй зүйрлэл)

Миний толгойд түүний хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл ямар байдаг бол гэх мэт бодлууд урсана.

Асууж зүрхлээгүйээ.

Түүнийг яаж харагддагийг дахин дүрсэлбэл энэ хүнтэй бага зэрэг төс буй. Магад нэг нүдгүйгээрээ төстөй байж болох ч тун өөр.

Би дахиад хэнийг ч хэзээ ч яасан ч гадаад үзэмжээр нь шүүхгүйдээ гэж дотроо өдөр бүр тангараг өргөмөөр болдог байлаа.

Түүний зургийг ч дараагүй. Тэр харин ард талаасаа зургаа даруулдаг. Эдгээр эрээн өмдтэй хэдэн зургийг тэр ах Анн хоёр ээлжлэн тун найрсгаар дарж өгсөн шүү.

Түүнтэй учирсандаа өөрийгөө азтайд тооцон байгаа. Энэ хосгүй ховор оршихуй Канад улсын иргэн.

Ээж нь Канадруугаа охиноо буцаж ирэхийг хүсэж байгаа бие нь сайнгүй байгаа гэсэн ч тэр маргааш нь Мандалая хотруу хөдлөсөн бөгөөд удахгүй аяллаа өндөрлүүлнэ гэсэн хэдий ч аялал түүний амьсгалдаг ус агаар гэлтэй нэг ч хот суурин тосгон үлдээлгүй л явдаг бололтой.

Мьянмарын Мандалаяруу хөдлөхийнх нь өмнө ийнхүү би түүнтэй ганц 2 хоногийг үдсэн юм.

Тэр лав амьдралд ууртай дургүй ханддаг нөхцөл байдлынхаа хохирогч биш байв.

Харин миний бие нэг л базаасангүй хоолны хордлогонд ороод өдөржин хэвтэв. Хоолны хордлого бол тоглоом биш ба эвгүйтвэл үхэж ч болох юм шиг санагдсан. Тэгж л би нэг сүрхий айж билээ. Бусдаар бол ганцаараа аялахад их зүйл сурна энэ мэт сонирхолтой хүмүүстэй яриа дэлгэнэ.

Гудамжний хоолноос болж бие өвдлөө гэж хардсан надад ёстой дээш тэнгэр хол доош газар хатуу, гэр орон хэдэн мянган бээрийн цаана санагдаж байсан болохоор сайн эмнэлэг бараадсан нь дээр гэж бодон танил дотно Бангкокруу нисэхээр шийдээд энэ улсад хамгийн цөөн хоносон ч хамгийн их зүйлийг сурсан санагддаг. Одоо хэр нь өөрийгөө сонссондоо талархдаг. Аялагчдын дунд алдартай гээд хамаг л сүм дугана үзвэр бүрийг нүхлэх хүсэлдээ автагдаад цааш явсан бол яах ч байсан юм бүү мэд. Заавал очих ёстой гэгддэг газруудаар орж үзлээ гээд аялаж байна гэсэн үг бишсэн.

Яг л Эйфел цамхаг дээрээ гарч үзээгүй Франц иргэн хамгийн сайхан хөгжим болон хоолтой газрыг төвөггүйхэн санал болгоод өгөхтэй адилаар хэн нэгнээс, ямар нэгэн соёлоос олон зүйл сурч болдог шиг.

Мьянмар яг л хагас зуун ухарчихсан мэт боловч iphonе бариад яваад буй мэт мэдрэмж төрүүлсэн.

Хүмүүсийнх нь сүү шиг сэтгэл, охид эмэгтэйчүүдийнх нь үзэсгэлэнт байдал эрчүүдийнх үзэсгэлэнгүй муухай шүд (Анх хараад “What the heck?” гэж уулга алдмаар) гэх мэтийг эргүүлэн бодоход хаа газар соёл уламжлал өөр өөр.

Тайландад буцаж ирээд хэд хоногийн дараагаас он удаан хүсэж хүсэж явсан урт аялалаа өндөрлүүлэхдээ бичвэрийн эхэнд дурьдсан надтай уулзаагүй блоггерийг явж явж гэртээ ирээд бүрэн ойлгосон.

Би ч өөрөө аяллын туршлага энэ тэр яриулах гэсэн кофе, цай хоолны урилгаас бүгдээс нь татгалзсан.

Яваагүй хүн яриулаад ч ойлгохгүй олон мэдрэмж туршлага байдаг.

Заримдаа үзсэн харсан ойлгосон зүйлсээ үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг юм билээ.

Би олон удаа ганцаар аялахгүйээ. Дахин магад ганц хоёр удаа ганцаар явна байх.

Ганзага нийлэх хүнтэй хууч хөөрөн харсан бүхнээ хуваалцах ч бас сайхан.

Хуваалцаж байж юм бүхэн амттай.

Гэхдээ ганцаараа аялах хэрэгтэй байдаг юм билээ.

Тэдгээр сэтгэлийн дуудлагаа дагаад аян замд гарсан өдрүүд бол жилийн (2019) хамгийн сайхан өдрүүд.

Очихыг хүссэн газартаа алхаж явах мэдрэмж…

Сэтгэл дотор сахиусан тэнгэр оршдог гэвэл эдгээр өдрүүдэд тэр сахиусан тэнгэр маань эрх дураараа нисэх шиг л болсон.

Тийм тайван хүсэл мөрөөдлөөрөө алхах өдрүүд олон байгаасай.

Би хайсан зүйлээ олсон.

Хаачихаа мэдэхгүй байсан сэтгэлийн эрчлээс гарсан.

Эргэж байрандаа ирээд хийж буй зүйлээ хүссэн хэмжээндээ хүртэл хийхэд л болох юм билээ.

Би оройтоогүй.

Ухраагүй.

Муудаагүй.

Харин ч давгүйхэн алхаж яваа санагдсан юм.

Хэзээ хамгийн сүүлд хэнээс ч юунаас ч ямар ч нөхцөл байдлаас хамааралгүй алхаж явахдаа сэтгэл дүүрэн жаргалтай байсан бэ гэвэл эдгээр өдрүүд байх. Зүгээр л алхаж явсан юм. Нүүрэнд юунаас ч хамааралгүй баяр тайвшрал гэрэлтэн инээмсэглэмээр санагдаад л.

Тийм жаргалтай сэтгэл тайван байснаа доторхи сахиусан тэнгэрээ жинхэнэ утгаар нь нисгэж байгаагүйгээ ойлгосон.

Өчнөөн өдрийн хүч хөдөлмөр энерги цаг хугацаагаараа худалдаж авсан өдрүүд тэр байлаа.

Явж явж яагаад гэсэн хариулттайгаа ирсэндээ тун олзуурхан буй. Өмнө нэг яваад юун хариулт манатай бүр илүү манарч төөрч орхиж билээ.

Аялаад байвал улам баяжих бололтой. Ярих зүйл зөндөө байна.

Байгаагаараа хангалттай гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрөн далавчаа олон сэтгэл санаа хүчирхэгжин зоригтой болсон.

Сэтгэл зүрхээрээ бол би үргэлжийн аялагч.

Т.Тэргүүнжаргал Jane

Хүсэл бүхэн биелэдэг.

--

--