The ultimate answer to why do I write

Terguunjargal Jane
Undoing Project
Published in
7 min readOct 1, 2020
Автор

Бичиг цаастай холбогдож бийр үзгэнд дурласан шалтгаанаа өнөөдөр өгүүлнэ.

Бичнэ гэдэг бол өөрийн дотоод мэдрэмж болон сэтгэл хөдлөлтэйгээ холбогдож буй хамгийн эгэл зүйл билээ.

Би цаасан дээр илүү сайн сэтгэдэг.

Бодож сэтгэж буйгаа эмх цэгц дэс дараанд оруулахад цаас хамгийн сайн тусладаг найз минь учраас тэр бид хоёрын харилцаанд хэн нэгнээсээ үнэнээ нуух, хэлэх гэснээ засаж хий дүр исгэх шаардлага байдаггүй. Би түүнд их үнэнч. Тэр намайг хамгийн сайн сонсоно.

Хааяахан бодол мэдрэмжинд минь үгс үнэгүйдэх нь бий. Илэрхийлэх зохимжит үгийн эрэлд хатан шүлгийн дэвтэр эргүүлдэг юм. Нэрт сэтгэгчид суу билигт зохиолчид маань мэдрэмж бодол ухаарлуудыг маань аль хэдийн үгээрээ урлаад буулгачихсан байх юм. Хүмүүний ухаарал он цагийн хэлхээнд өнгө будгийн ялгаралгүй оршдог нь тэр биз. Орон зайн баримжаа ч үл оршино. Гадаадад амьдарна уу дотоодод амьдарна уу хэн нэгэнд сэтгэлээ уудламаар нийгмийн тодорхойлолтоор хэмжигдсэн хэнд бүү мэд таалагдах гэж хичээсэн хийсвэр багаа тайлмаар санагдана. Яг би чиний дэргэд эгэл даруу борхон зүрхээрээ инээмсэглэн оршиж болох уу гэх мэдрэмж маань цаас үзэг холбоход л нэг тайвшрал олдог байх.

Би цаасан дээр илүү сайн төвлөрдөг.

Энэ бүхэн нэгэн нартай өдөр Тайландад хөл тавьснаар эхлэсэн юм. Би ер нь тэнэгийн харанхуй мунхагийн дууль гэдгээ тэрхэн хэдэн өдөрт ойлгож тэнгис далайг үзэн нүдэн баясаж билээ. Тэндхийн хүмүүс тэнгисийн хажууд тунчиг амгалан тайван оршин суудгийг танин мэдсэн надад аглаг ойгоос анх удаа их хотод очсон аятай мэдрэмж төрж “Би хаагуур юу хийж яваа вэ?” гэж дотор хүн минь чанга гэгч нь хашхирсанаар амьдралынхаа туршид аялах хэрэгтэйгээ ойлгож билээ. Анх аялалд сэтгэлд хөөрсөн би янз бүрээр бичиж үзлээ. Аялалаас харж үзэж ухаарсанаа хааш яаж ийж явахыг ч бичиж үзэв. Дээр нь номын тэмдэглэл хүнд тустай мэдээлэл заавар зөвлөгөө бүтээгдэхүүний ревью гээд олон зүйл л бичиж үзэж явна. Солонгост амьдардаг Монголчуудад зориулан бичвэр бичдэг ажил хүртэл хийдэг байв. Яг үнэндээ хүмүүс аялалын тэмдэглэл уншдаггүй юм. Зөвхөн аялалд гарах гээд судлаж буй хүмүүс л уншдаг байх. Би ч хувьдаа хэн нэгэн очиж үзэхийг хүссэн газарлуу маань очсон байсан ч уншдаггүй юм.

Өөрөө явахаараа л унших гээд тэр биз.

Тэгсэн хэрнээ аялалын тэмдэглэл бичиж суудаг нь тэдгээр гайхалтай сайхан дурсамж мэдрэмжээ мөнхлөх л оролдлого юм. Их сургуульд сурж ухаарсанаас хамаагүй гүн ухаарал бодролыг соёлын ялгаа өөр нутаг орны хүмүүсийн аж амьдралаас сурч болж байсан учраас тэр. Аялалын тэмдэглэлийн оронд гүн ухааны ядаргаатай бичвэр унших нь илүү сонирхолтой. Бид ер уншдаг зүйлийнхээ л тусгалыг бичих хандлага зонхилдог шүүдээ. Мөн би номын ревью бичихгүй. Хааяахан дэвтэр дээрээ сараачихна сараачина. Би байтугай надаас цаадах нь тэр байтугай ихийг уншиж бичээд нийтлэчихсэн байхад яст мэлхийний хурдаар хэрэггүй зүйлс сараачин хэн нэгэн зохиолч туурвигчийн санааг буруу зөв талаас нь егөөдөн халтар мултар хуулбарлан бүр гуйвуулж ухаантай царайлах нь надад зохихгүйг басхүү нилээд хэдэн номын тэмдэглэл бичсэний дараа ухаарсан. Миний хийх зүйл биш аж. Хэн нэгэнд тустай байлаа ч надаас гарах зөв тус биш юм. Яг үнэндээ зохиолчийн амьтны хүрээлэнгийн тухай хүүрнэсэн ч улс төрийн тухай бичсэн санааг нь ойлгохгүйгээр би уншчихлаа та нар бас унш гэж нийтэд уриалах нь над шиг хүнд зохихгүй. Тэгсэн хэдий ч дэлхийн хэмжээнд сэтгэгчдийн бүтээл туурвилыг тэр хэмжээнд нь тайлж уншиж чадахгүй байна шүүдээ. Уншиж байгаа номнууд чинь уншаад ч хэрэггүй ердөө ухаантай харагдах гэсэн тэнэглэл бол яана. Тийм биз. Бодох л хэрэгтэй. Сайн ном уншиж харагдахаараа л ухаантай болдоггүй байх. Уншсан тэрийгээ тайлбарлаж яриад ч бас сайн мундаг хүн гэхэд эргэлзээтэй. Ингээд би номын тэмдэглэлээс албан ёсоор гараа татлаа. Мөн өөр кино бүтээлүүдэд ч үнэлэлт дүгнэлт өгөхгүй. Он цаг улирангуут арилжааны тиймэрхүү хямдхан нийтлэлүүд арилан устанаа.

Харин би ном бичнэ.

Ном бичихийг нилээдгүй нас хэвийгээд хөгжлийн доройтолд арай орчихоогүй үедээ өөрийн үлгэн салган өнгөрүүлсэн өрөвдөлтэй амьдралаа хайр найргүй засч сүрхий амьтан байсан мэтээр худал гуйвуулан бичих гэж бодож явсан юм. Ямартай ч хөгширөөд ирэхээр аяндаа ухаарал толгойд орж ирэнгүүт нь шууд цаасан дээр буулгаад намтраа биччихнэ гэж бодсон үгүй юмсанж. Одоо үед ном бичих их амархандуу болчихсон юм байна. Элдэв хүн амьтнаас яг үнэн дүр төрхөө уран яруу үгээр халхалсан ярилцлагууд цуглуулан ар монголын алдар цуутнуудын үнэн үгс гэсэн гарчигтайгаар хэвлүүлэнгүүтээ өөрийгөө зохиолч нь гээд тэргүүн нүүрэнд нь Тэргүүнжаргал гээд гаргачихвал болох л юм. Яахавдээ оргүйгээс охинтой нь дээр гэгчээр ийм юм бичсэн гээд энэ тэнд барьж явж танил тал энэ тэрийг горилдог биз. Жишээлбэл манай алдарт Тим ах байна шүүдээ.

Гэхдээ бид бүгдээрээ л түүнд хайртайсан. Хайрлахгүй байхын аргагүй ч хүнлдээ.

За тэгэхээр бас л биш болж таарлаа. Уншдаг зүйлийнхээ тусгал гэгчээр бодвол би автобиограф номонд хамгаас дуртай хэдий ч өөрийн амьдралын тухай бичнэ гэвэл амьд арзайж яваагаа олонд зарлахын сацуу бас нэг муу багширхуу аядаж ингэ тэг хэмээн зөвлөгөө хэрвээ бичвэл өөрөөсөө үнэхээр ичнэ. Миний намтар бол надад болоод надаас ургагчидад хамаатай учир түүнийг өөртөө зориулж бичмээр санагдах хэдий ч би ХЭН НЭГЭН болох боломжтойг үл мартана. Хэн ч болж болно шүү гэдгийг Мишель Обамагийн номоос эгээтэй л сайн гогцоодон ойлгож…
Харин би бээр ямар нэгэн утга учиртай зүйлийг бичмээр түүнийг өөрийн дуу хоолойгоор олонд уламжлах хүсэлтэй.

“Something meaningful” энэ өгүүлбэрийг ямар нэгэн утга учиртай зүйл гэж орчуулбал бас цаана нь байгаа утга учрыг гээгээд буй юм шиг санагддаг. Зүгээр л орчуулахгүй бол илүү ойлгогдоод байгаа энэ үед л үг хямддаж хуучин цагийн үгийн их мастеруудын бүтээл туурвилаас унших хэрэгтэйг надад сануулна.

Тиймээс би утга учиртай зүйлийг бусдад хүргэмээр байна. Тийм зүйл л бичмээр байна. Товчхондоо бичих арга барилаа олох гээд бэдэрч яваа тул элдэв хачиныг бичсэн. Цаашдаа ч бичнэ.

Өөрийн доторхи дуу хоолой зөн совингоо түнэр харанхуйгаас ил гаргах түүнийг ойлгохын тулд би бичдэг.

Гэхдээ би хариултыг нь бас л олоогүй байна. Хүүхэд насруугаа эргэн буцвал Монгол хэлний хичээлдээ сайн төдийгүй өгүүлбэрийн бүтцээр задлах байц, тусагдахуун гишүүн өгүүлбэр энэ тэрийг ялгахдаа гарамгай байсансан. Саяхан Англи хэл уран зохиолын ангид суралцдаг гадаад найз маань эдгээрийг ялгахын дээр Вильям Шекспирийн бүтээлүүдийг судладаг гэхэд бяцхан атаархал төрж билээ. Монгол хүн учраас Монгол хэлэндээ сайн байх нь тодорхой ч хэл зүйн дүрмэндээ гайгүй байсныг минь нотлох ганц хоёр медал бий нь ч бий. Он цаг өнгөрөн урсахад услаж тордоогүйн улмаас үг үсгийн алдаа гаргах нь энүүхэнд хэвтдэг болжээ. Уйгуржин Монгол бичгээ мартсандаа жаахан сэтгэл дундуур явдаг юм. Харин бичих арга барил хийгээд хүргэх дуу хоолойгоо олоход тун ч их хөдөлмөр зүтгэл шаарднам зэ. Хувь хүний маань солонгорсон бодлууд олон төрлийн өнгө, дуу хоолой, утга уянгатай сүлэлдээд ирэхээр зэрэг их эрс шулуун өнгө аястай болох шинжтэй. Уран зохиолд би дуртай хэдий мөхөс миний уран зохиолийг оролдох нь ёстой ичмээр дамшигдаа.
Их зохиолч Аким гуай нэгэн яриандаа төөрдөг байшинд ороод явчихсан мэт зүйл бичихгүй хэмээсэнтэй би санал нийдэг.

Хэрэв та үүнийг уншаад төөр ч байвал бас л болоогүй л байна гэсэн үг.

Чаддаг болохоор хэвийн л зүйл гэж бодоод анзаараагүй бас яг тоогоогүй үлдээсэн чадвар маань бичих явдал байжээ.

Түүнийг минь анзаарсан уу яасан ангийн нэг найз маань надаас Монгол хэлний багш болохуу гэж асуухад жигтэйхэн дургүйцэж билээ. Багшийн уйтгартай амьдралаар амьдрах бус бизнес хатагтай болохсон гэсэн хүслээр жигүүрлэсэн би тэс өөр зүгт одсон юм. Нэг сургуульдаа хэдэн хүүхдүүдтэй хэрүүл хийж насаа барж буй багш нарыг харах тийм урам зориг авмаар санагддаггүй байсан юм. Харин одоо бол сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж бусдын харах өнцөг хандлагыг өөрчлөхөд нөлөөлөхсөн гэхээс сэтгэл зүрх минь үнэнхүү догдлодог юм. Тэр дундаа алс хязгаарт аймаг сумын төвөөр хязгаарлагдан хурга ишиг хариулан яваа хөөрхөн хүүхдүүдийг би үнэхээр чин зүрхнээсээ боддог. Тэдний сэтгэлд нь гал асааж чи хорвоог өөрчлөх хэн нэгэн байж болно шүү гэдгийг ойлгуулахсан. Үүнийг бичихэд зүрх минь жигтэйхэн хурдан цохилж нүүрэнд минь инээмсэглэл тодрон байна.

Би багш болно. Гэхдээ Монгол хэлнийх бус эрээд буй тэр утга учиртай зүйлийнхээ багш болно.

Хүүхэд насныхаа дурсамжуудруу эргэн очвол хөөрхий нэгэн хүүхэд цагаахан мөрөөдлөө цаасан дээр буулгасны төлөө дооглуулж доромжлуулах нь хүнд тусаж билээ гэсэн дурсамж тодорно.

Өдрийн тэмдэглэлийг маань анги нийтээрээ уншин шоолон тохуурхаж байсныг мартагддаггүй бололтой хөөрхий би. Хүүхэд ч гэсэн хүн шүүдээ. Сэтгэлийн утсыг хөндсөн нандин хийгээд далд ухамсарт суусан дурсамжууд хүүхэд насанд үлдсэн байдаг. Тэр тусмаа сэтгэл хөндүүрлэдэг хүчтэй дурсамжуудыг насан туршдаа тээж явах нь ч бий. Зүгээр л тэдгээр хүмүүс урмыг минь хугалчихсан хэрэг. Харин одоо бол би л өөрөө өөрийнхөө урмыг хугалсаныг мэддэгч тэр үед тийм дархлаа суугаагүй байлаа. Түүнээс хойш өсвөр үе оюутан нас гээд ер үзэг цаас холбоогүй арван хэдэн жилийг үдсэн.

Би больсон юм. Мөн Монгол хэлээр ч сурахыг сонгоогүй.

Харин азаар нэг юм дахин бичих сэдэл тэртээх арлын Тайланд улсад сэдэрсэн билээ.

Гэхдээ одоо бол үнэхээр “чөтгөр аваг” гэж хэлмээр байна. Намайг шоолоод хамгийн хөгийн амьтан гээд хэн ч хэзээ ч уншихгүй байсан ч би бичих л болно.

Би бичихээр ирсэн. Юу ч болсон бичсээр байх болно. Бас би зогсохгүй.

Хэнд зориулж бичих вэ?
Таньдаггүй нэгний зүрх сэтгэл танил дотно хэн нэгний дуу хоолойгоор хүрэх холбогдох нь зорилго маань.

Охинтойгоо он цагийн хэлхээсээр уулзахсан. Миний энэ цаг хугацаанд юу хүсэж сэтгэж бодож явсаныг минь зуу зуун хуудас тэмдэглэлээс минь чи минь уншаасай.
Орчин тойрон шинэчлэгддэг ч хүмүүний ухаарал он цаг бүрт адил байдаг юм шиг.

Хүн бүр англиар бичиж байгаа учраас хүргэх гэсэн санаагаа зүрхнээс ундрах хамгийн ойр хэл Монголоороо бичиж байгаа. Бидэнд мэдээллийн сан, үг үсгийн мастерууд, яруу найрагчид маш их хэрэгтэй байна. Хүн бүр өөрийгөө үгээр урлах гэж өдөр бүр нэг бичвэр бичих зэргээр янз бүрээр л тэмцэлдэж байгаа нь харагддаг. Гэхдээ би хэлмээр байна. Бичих гэдэг бол сэтгэл зүрхнээс ундардаг зүйл. Энэ бол сэтгэл хөдлөл биш юм. Мөн орчуулга хуулбар биш байгууштай.
Бичгээрээ нөлөөлөл үүсгэмээр буй үзэл бодлоос илүүтэйгээр судалгаа шинжилгээнд үндэслэсэн мэдээллийг хүргүүштэй.
Чанартай юм бич.

Т.Тэргүүнжаргал

2019.4.29

--

--