Мэргэжлийн сертификатын үр ашиг

Ankhbayar Gansukh
Unimedia Solutions
Published in
3 min readMay 11, 2020

Мэргэжлийн сертификат авах нь IT-ийн мэргэжилтнүүдэд маш чухал юм. Ихэнх маань үүнтэй санал нийлдэг ч хүн бүр сертификат аваад байдаггүй. Зарим нь сертификат авч чадахгүй байх гэж эмээдэг. Зарим нь сертификатгүйгээр би ажлаа асуудалгүй хийдэг, заавал сертификат авах шаардлага байна уу гэж бодно. Гэхдээ олонхи нь зүгээр л ач холбогдолыг нь ойлгоогүй учраас чухалчлан үздэггүй.

Жишээ болгож өөрийн түүхээс хуваалцъя.

Би анхны ажлын гараагаа “ГрэйпСити Монгол” (банкны програм хангамжийн салбарт тэргүүлэгч) компанид хөгжүүлэгчээр ажиллаж эхэлж байлаа. Тус компани нь маш чадварлаг мэргэжилтэнүүдтэй байсан бөгөөд багийн гишүүн болж орсондоо би өөрийгөө азтайд тооцдог юм. Их сургуульд програмчлалын хичээлдээ дуртай байсны ачаар, ажилд ороод мэдэхгүй юмаа гүүгэлдээд эсвэл бусдаас асуугаад өгсөн даалгаварыг биелүүлчихдэг, үүндээ эрдэж өөрийгөө хэтрүүлэн үнэлж чадахгүй юм байхгүй мэтээр төсөөлнө. Гэхдээ тухайн үед би буруу бодож байснаа хэсэг хугацааны дараа ойлгосон юм.

Тус компани нь хөгжүүлэгчдээ мэргэжлийн сертификат эзэмшүүлж ур чадварыг нь дээшлүүлдэг бөгөөд би түүнд хамрагдаж хоёр сертификат авсан юм.

  • MCP (Microsoft Certified Professional)
  • MCSD (Microsoft Certified Solution Developer)

Дээрх хоёр сертификатад хагас жил бэлдэж, нийт 4 шалгалт өгч авч байсан. Тус шалгалтууд нь мэргэжлийн хувьд нүдийг минь нээсэн бөгөөд өөр олон давуу талуудыг бий болгодог юм билээ.

Ур чадвар сайжирна. Өмнө нь гүүгэлддэг байсан ажлаа цээжээрээ хийдэг болно. Хийж байгаа ажлаа сайн ойлгож, хамгийн зөв аргаар хийж байгаадаа итгэлтэй болно.

Бусад чамайг үнэлж хүндэлдэг болно. Чамд мэдлэг байгаа учир чи бусдад туслана, энэ нь чамд бусдын талархал, хүндлэлийг өгч, бодсоноос ч илүү эерэг уур амьсгал, урам зоригийг бий болгоно. Үүнийг дагаад чиний өсөлт хөгжил геометр прогрессоор өснө.

Ажлын карьер өснө. Би японд мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг байж билээ. Нэг удаа япон компанид CV-тэйгээ хамт сертификатуудаа хавсаргаад явуулахад намайг шууд авчихсан. Миний япон хэл нойл байсан бөгөөд тухайн үед япон компани хэлгүй хөгжүүлэгчийг монголоос авах нь ховор үзэгдэл байсан юм. Ингэж би сертификатын ачаар хүссэн ажилдаа орж байсан түүхтэй.

Ажлаасаа авах сэтгэл ханамж ихэснэ. Мэддэг чаддаг зүйлээ хийж байгаа болохоор ажлаасаа кайф авч ажилдаа улам дуртай болно. Ажилдаа дуртай байх нь амжилтын үндэс гэдэг.

Чөлөөт цаг нэмэгдэнэ. Сертификат эзэмшсэнээр хурд болон бүтээмжид эерэгээр нөлөөлдөг тул үүнийг дагаад чөлөөт цаг илүү их бий болж та өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаг ихэснэ. Танаас их ажлыг амжуулдаг мөртлөө эрт гэртээ харьдаг нэг тийм хүн байдагдаа, тэгвэл түүний энэ чадвар нь байгалиас заяагаагүй явцын дунд үүссэн бөгөөд бий болгох аргуудын нэг нь мэргэжлийн сертификат эзэмшиж ур чадвараа дээшлүүлэх юм.

Сертификат эзэмших нь зөвхөн залуучуудад бус бүх төвшний хүмүүст хэрэгтэйг онцлоё. Бас л өөрийн жишээг дурдая, би IT салбарт 15+ жилийн туршлагатай бөгөөд 6 жил AWS дээр ажилласан байдаг. Үүний 4 жилд AWS-ийн тодорхой хэдхэн үйлчилгээг ажлынхаа хүрээнд ашиглаж, шинэ технологи болон үйлчилгээг нь зөвхөн хэрэг болсон үед л ашигладаг байсан юм. Тэгээд илүү мэргэшихээр шийдэж AWS-ийн хоёр сертификат авсан юм.

Үр дүнд нь 4 жил ажилласан туршлагаас илүү их мэдлэгийг 3 сарын хугацаанд авчээ. Тэр мэдлэг маань төслийн зардал бууруулах, хөгжүүлэлт болон operation-ий цаг хэмнэх, шинэ төсөл авчирч байгууллагын орлогод нөлөөлөх зэрэг давуу талуудыг бий болгож байгаа билээ.

Төгсгөлд нь эрэлт бүхий топ 10 сертификат болон жилийн үнэлгээг сонирхуулъя. Энэ хүртэл уншсан танд баярлалаа.

http://ucertify.com/blog/top-5-it-certifications-for-2020/

--

--