Batzorigt Rentsen

ЭНГИЙН ЦООЖЫГ УХААЛАГ БОЛГОСОН НЬ

Дээх нь оруулсан нийтлэлдээ хийж дуусахаараа тайлагнах IOT төсөл байгаа тухай дурдаад өнгөрсөн билээ. Уул нь аль эрт (2018.05) дууссан боловч зав бололцоо олдохгүй явсаар өдийг хүргэв.

Энэ удаад оффисынхоо цоожыг ухаалаг болгож үзлээ. Ухаалаг гэдэг нь уламжлалт аргаар (механик түлхүүрээр) бус гар утаснаас түгжиж онгойлгох тухай юм.

Манай компани 80 гаран ажилтантай. Хүн бүрт түлхүүр хувилж өгөх боломжгүй. Хамгийн сүүлд үлдэх хүн марталгүй түлхүүр авч үлдэх шаардлагатай. Заримдаа ажил ихтэй үед түлхүүр авч үлдэхээ мартсанаас хэн нэгнийг гэрээс нь дуудах, эсвэл амралтын өдрүүдэд чөлөөтэй орж гарч чадахгүй байх, түлхүүр хэн хэнд байдаг, сүүлд хэн авсаныг хянаж удирдах нь ярвигтай асуудал болоод байлаа.

Юнимедиад компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах, ажилчдын ая тух, сэтгэл ханамжийг дээшлүүлэх гэх мэт янз бүрийн зорилго бүхий ажлын хэсгүүд бий. Хүн бүр сайн дурын үндсэн дээр, өөрийн сонирхлын дагуу ямар нэг зүйлийг сайжруулахад гар бие оролцох боломж байдаг юм. Нэгэн ажлын хэсэг дээр түлхүүрний асуудал хөндөгдөж хэрхэн шийдвэрлэх талаар яриа өрнөж, нэг инженер цоожоо ухаалаг болгох санаачлага гаргав.

Тэгээд хамтрагч хайсаар над дээр ирлээ. Би бас нэг нөхөртэй хамтраад нэлээд хугацааг энгийн цоожыг ухаалаг болгох тал дээр судлагаа, туршилтын ажлууд хийж байсан болохоор уухайн тас зөвшөөрөв. Бид дурын цоож дээр хийхээр хэд хэдэн хувилбар тестлээд үзчихсэн харьцангуй туршлагатай болсон байв.

Энэ удаад ганц хувийг, зөвхөн оффисынхоо цоожинд тааруулж хийх тул асуудал хамаагүй хялбар байсан. Хамтрагч минь дийлэнх ажлыг нугалж, би зөвхөн зарчмын асуудал дээр саналаа хэлэх, хөгжүүлэх орчин бэлдэх зэрэгт зөвлөх, чиг өгөх маягтай оролцсон болно.

Шийдэх ёстой асуудал

Хоёулаа ярилцсаар шийдэх ёстой асуудал, тавигдах шаардлагыг жагсааж үзэв.

  • Угсрах, суурилуулахад амархан байх
  • Засвар үйлчилгээг амархан хийдэг байх
  • Oффисын цоожинд яг таардаг байх
  • Түрээсийн оффис тул буцаагаад хэвэнд нь оруулж болдог байх
  • Ашиглалтын явцад цоожинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй байх
  • Ухаалаг нэмэлтийг авч хаяхад урьдын адил хэвийн ажилладаг байх
  • Тог тасрах ирэх үед цоож нээгдэж, хаагдахгүй байх

Цааш нь задлаад байвал дараах асуудлууд ундарна.

  • Хүний оролцоогүй түлхүүрийг яаж эргүүлэх вэ?
  • Тэжээлийн эх үүсвэрийг хаанаас авах вэ?
  • Аюулгүй байдал, хамгаалалтыг яаж шийдэх вэ?
  • Хэрхэн хялбархан, хямд өртгөөр хийх вэ? г.м

Шийдэл

Хүний оролцоогүй түлхүүрийг яаж эргүүлэх вэ? Хүний гарыг мотороор орлуулж, моторын эргэлтийн хүчээр түлхүүрийг эргүүлэхээр болов. Моторыг ямар нэгэн микроконтроллероор удирдах, тэр нь гар утаснаас тушаал хүлээн авах боломжтой байхын тулд WiFi, эсвэл bluetooth холболттой байх шаардлагатай. Ингээд ESP8266 (Node MCU), Raspberry Pi Zero W хоёрыг харьцуулж, богино хугацаанд хурдан хөгжүүлэх, цаашид шинэ функц нэмж, сайжруулах боломжтой байх г.м-ийг бодолцон Raspberry Pi Zero W-г сонгов.

Тэжээлийн эх үүсвэрийг хаанаас авах вэ? Шугамын хүчдэлд (~220V) шууд залгадаг байх уу? Цэнэг баригч ашиглах уу? Тог тасарвал яах вэ? Эдгээрийг бүгдийг нь бодолцоод олдоц ихтэй андроид утасны цэнэглэгчийг (адаптер) ашиглахаар болов. Тог тасарсан үед хажуугийн хавтасны нөөц түлхүүрээр уламжлалт аргаар нээж хааж болно гэж тооцсон болно.

Аюулгүй байдал, хамгаалалтыг яаж шийдэх вэ? Хаалгыг зөвхөн дотоод сүлжээнд холбогдсон, зориулалтын апийг суулгасан, ажилтнууд л нээж хааж чаддаг, хэн хэзээ цоожийг тайлж түгжсэн тухай мэдээллийг алдалгүй бүртгэдэг, гадаад сүлжээнээс удирдах боломжгүй байх шаардлагатай гэж үзээд компанийн интранэт системийг ашиглахаар болов. Манай интранэт систем вэб болон мобаил апьтай бөгөөд хөгжүүлэгч нарт нь хүсэлт тавьж, цоож нээгдэж хаагдсан түүхийг хянах боломжийг вэв апид, цоожийг тайлах, түгжих хүсэлтийг ухаалаг нэмэлт рүү илгээх боломжийг мобаил апид нэмүүллээ.

Интранэт апь дээрх нэмэлт

Ухаалаг нэмэлт дээр бяцхан вэб сервер ажиллах бөгөөд интранэт апиас зөвхөн private IP хаягаар л хандна, гадаад сүлжээнд харагдахгүй. Энэ сервер ирсэн хүсэлтийг шалгаад үнэхээр интранэтэд нэвтэрсэн хүчинтэй хүсэлт эсэхийг шалгаад, моторыг нааш цааш эргүүлж чаддаг байхад л хангалттай.

Ухаалаг нэмэлт дээр ажиллах софтвэр стайк

Хэрхэн хялбархан, хямд өртгөөр хийх вэ? Бэлэн интранэт систем байсан учраас маш бага хөдөлмөр зарж, асуудлаа хялбархан шийдэж чадсан. Моторыг монголоос амархан олж болох хямдхан мөртлөө хүчтэйг сонголoo. Raspberry Pi Zero W ердөө $15.

Хамгийн хэцүү асуудал юу байв?

Нэмэлт төхөөрөмжийг хаана яаж суурилуулах вэ? гэдэг хамгийн том асуудал байсан. Суурилуулах гадаргуу ган төмрөөр хийсэн, нүхэлж болохгүй (учир нь биднийх биш) тул дээр нь нааж тогтоож болох хуванцар хайрцаг хийхээр боллоо. Хайрцгийн тавцан буюу шалыг цоожны гадаргуутай нягт, ховхорч унахааргүй нааж бэхлэхийн тулд цавуу түрхэх гадаргууг аль болох том байлгахыг хичээсэн. Засвар үйлчилгээг амархан хийхийн тулд тавцангийн 4 буланд шурагдах боломж бүхий шон босгов.

Цоожны гадаргууд суурилуулах тавцан

Модон хайрцаг хийх тухай бодолцож үзсэн. Хэмжээ алдалгүй хэдэн ч хувь яг адилханыг хийх хамгийн сайн арга нь 3D хэвлэл болж таарсан.

Энэ тавцан дээр эх биеийг хөмөрч шурагдах тул хайрцагны 4 буланд, тавцан дээрх 4 шонтой харалдаа шураг орох нүх бүхий сэнж гаргав.

эх бие буюу хайрцаг

Хайрцаг дотор микроконтроллер, моторыг байрлуулах орон зай, эд ангиудыг эвлүүлж холбох боломж, хяналтын гэрэл, тэжээлийн утас, моторын улирдлагын холболт, олон цагаар ажилласан ч халахааргүй агаар чөлөөтэй нэвтэрч байх г.м зүйлсийг нарийн тооцоолж, олон дахин хэмжсэний үндсэнд иймэрхүү 3D загвар гаргалаа.

Түлхүүрийг яаж эргүүлэх вэ? Бид түлхүүрийг яаж эргүүлдэг билээ? Яг тэрэн шиг түлхүүрийг барьж хавчиж байх баригч хэрэгтэй. Түлхүүр баригчийг моторын эргэлдэх голтой холбочихвол л болох нь тэр.

Key holder буюу түлхүүр баригч

Угсралт

  1. Түлхүүрээ цоожны нүхэнд зооно.
  2. Тавцанг нааж бэхэлнэ.
  3. Хайрцаг дотор эд ангиудыг суурилуулж бэхэлнэ.
  4. Хайрцгийг тавцантай шурагдаж бэхэлнэ.
  5. Тогонд залгана.
Суурилуулж буй нь

Үр дүн

Хамтрагч минь үнэгүй ашиглаж болох 3D загвар гаргадаг програм судлаж, ашиглаж сурав. Анх удаа хийсэн тул алдаа зөндөө байсан. Дээрх олон хүчин зүйлийг бүрэн тооцоолж олон дахин нягталж байгаад хэвлэлтэд өгсөн. Олон дахин хянасны хүчинд эхний хэвлэлтээр эд ангиуд хоорондоо яв цав таарч ямар ч асуудалгүй зөв ажилласан билээ.

Суурилуулахаас өмнө тестлэж байгаа нь
Суурилуулсаны дараа

Төгсгөлд нь

Нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Энэ төслийг амжилттай дуусгахад тусласан бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

Ингээд дууслаа. Одоо бас нэг юм хийж байгаа. Гэхдээ нууц задлахад арай эрт байна. Дуусахаар нь …

Хамаатай холбоос

Unimedia Solutions

Unique Ideas

Batzorigt Rentsen

Written by

Tech Lead at MLab Mongolia. Former Tech Lead at Unimedia Solutions.

Unimedia Solutions

Unique Ideas

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade