HBE Багийн удирдлага номын талаарх сэтгэгдэл

zagdsuren.b
Unimedia Solutions
Published in
3 min readJan 3, 2022

Юуны түрүүнд хэд хэдэн сэдвээр бичнэ гэж амлачихаад бичлэгүүд оруулахгүй байгаадаа хүлцэл өчье. 2021 онд хийе гэж төлөвлөсөн зүйл маш их байсан боловч цаг зарцуулалт муутайгаас болж олон зүйл амжуулж чадсангүй. Гэхдээ 2022 ондоо ч бас бичлэгүүдээ чадлынхаа хирээр оруулаад явъя гэж бодож байна.

Миний бие нь IT инженер бөгөөд баг ахлан олон жил ажилласан боловч өөрөө удирдлагад нь байхдаа удирдаж байсан хүмүүсээс харж болон өөрөө баг удирдахдаа тулгамдсан асуудлуудаа судлан суралцсан зүйлс дээрээ тулгуурлан багаа удирдаж ирсэн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн багийн удирдлагын цэгцтэй мэдээлэл өдийг хүртэл авч байгаагүйгээ ухаарсан юм. Тиймээс энэ талын мэдлэгтэй больё гэж бодоод номын дэлгүүрээс авсан хоёр номын нэг маань “HBE Багийн удирдлага” гэдэг ном байсан юм. Тиймээс энэхүү номын агуулга болон уншаад ямар сэтгэгдэл төрсөн талаар та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.

Harvard Business Essentials — Багийн удирдлага

HBE Багийн удирдлага номын агууламж

Harvard Business Essentials цуврал номын нэг нь бөгөөд шинэхэн эсвэл туршлагатай менежерт аль алинд нь зөвлөмж болж чадахуйц агууламжтай гэдэг тайлбартай байсан нь миний энэхүү номыг сонгох нэгэн түлхэц болж өгсөн байдаг. Уг номын тухай “Сүүн Сувд”-аас гаргасан тайлбарыг эндээс уншиж болно.

Энэхүү ном нь найман бүлэгтэй

  • Багийн тухай үндсэн ойлголтууд
  • Амжилттай багийн үндсэн шинжүүд
  • Баг бүрдүүлэх нь
  • Зөв хөл дээрээ босох нь
  • Баг удирдахад тулгарах бэрхшээлүүд
  • Багийн үйл ажиллагаа
  • Виртуал баг
  • Багийн тоглогч байх нь

Эдгээр бүлгүүд нь тухайн сэдвүүдийн сонирхолтой хүн анзаарамгүй хэсгүүдийг хөндөн оруулсан. Бүлгийн эхэнд гол сэдвүүдийг дурдаад төгсгөл хэсэгт нь дүгнэлт оруулж өгсөн нь бүлэгт өгүүлсэн зүйлсээс юу хүлээх болон эргэн харах зүйлсийг нь тодруулж өгсөн. Мөн зарим нэгэн бодит жишээ татан тайлбар хийсэн нь уг номыг илүү өгөөжтэй болгосон гэж бодогдсон. Ихэнх номтой харьцуулахад хуудасны тоо цөөнтэй байсан боловч хүргэж байгаа агууламж нь хангалттай өргөн хүрээтэй байсан.

Энэхүү номын сэтгэгдэл бичих зөвшөөрөл олгосон “Сүүн Сувд” ХХК-тай холбоо барихыг хүсвэл доорх линкээр холбогдож болно.

Уншигч миний бие энэхүү номоос мэдэрсэн зүйлс

Дээр дурдсанчлан миний бие олон жил багт ажиллаж байсан бөгөөд янз бүрийн хүмүүстэй ажиллаж үзсэн туршлага дээрээ үндэслэн багаа удирдан авч явдаг. Тиймээс энэхүү номыг уншиж судалснаараа яагаад би ийм арга барилаар багаа удирдаж байсан юм, эсвэл яагаад ийм зүйлс хажууд байсаар байтал мэдэрч ойлгож чадаагүй юм бол гэсэн зүйлсээр дүүрэн байсныг юу юуны түрүүнд дурдъя гэж бодлоо.

Багыг хүчтэй байлгах хүчин зүйлсийг олж мэдсэнээрээ тухайн нөлөөлөх хүрээний үнэт зүйлсийг бий болгох ямар их хэрэгтэйг мэдэрсэн. “Хамт сэлүүрдэж, хамтдаа урагшилна” гэсэн хэсэг нь хэдий хүн бүр мэддэг боловч хэрэгжүүлэхгүй бол ямар үр дагавартайг ойлгуулсан гайхамшигтай хэсэг байсан.

Ном дотор олон амьд жишээ татаж тайлбар оруулсан нь амьдралд энэхүү аргачлал нь хэрхэн нөлөөлсөн болон цаашид хэрхэн авч явах боломжтой талаарх сэдлүүдийг төрүүлж байсан. Мөн олж хар байгаагүй өнцгөөс багийг харсан тайлбарууд нь сэтгэлд нэгийг бодогдуулж байлаа.

Номын тайлбар дээр байсанчлан ямарч төвшний хүн байсан сэтгэлээ гарган уншвал маш олон талын мэдлэг болон мэдээлэл авч болохоор агууламж сайтай ном байлаа гэж хувийн зүгээс дүгнэж байна.

Та бүхэнтэй энэхүү сэтгэгдлээ хуваалцах үүднээс энэхүү номын сэтгэгдлээ бичлээ.

Энэхүү номын сэтгэгдэл бичих зөвшөөрөл олгосон “Сүүн Сувд” ХХК-д баярлалаа.

Эх сурвалжууд

--

--