Batzorigt Rentsen
Unimedia Solutions
Published in
5 min readMay 17, 2018

--

Бичгийн соёлд суралцах нь

Хүн төрөлхтний адгууснаас ялгарах гол ялгаа нь өөрийн мэдлэг туршлагыг зөвхөн үр төл, сүргээрээ хязгаарлалгүй бусад сүрэгт хүртэл өвлүүлдэгт оршино. Тиймээс ч бусад төрөл зүйлээс илүү хүчирхэг, олуулаа болсон юм.

Туршлагыг эхлээд дохио зангаа, үйлдлээрээ дамжуулдаг байсан бол хэл яриа үүссэнээр илүү өндөр нарийвчлалтай, үр дүнтэй болжээ. Тэр хэрээр хүний хөгжил түргэссэн байна. Гэхдээ мэдээллийн цаг хугацаа, орон зайг туулах чадвар хүний нэг үе, хэсэгхэн газар-орноос хальсангүй. Хожим нь бичиг үсэг бий болсоноор энэ орон зай огцом тэлж, хөгжил хурдсав.

Мэдлэг хэдэн зууныг өртөөлж, баяжигдсаар өнөөгийн бидэнд ирсээр байна. Бүр 6000 гаран жилийн өмнөх үйл явдлыг зөвхөн бичгийн дурсгалаар дамжуулан мэдэх боломжтой юм. Бидний өвөг дээдэс 2000 гаран жилийн өмнөөс руни хэмээх бичгийг ашиглаж, хойч үедээ захиас сургамжаа үлдээсээр иржээ. Хамгийн тод жишээ бол Билгэ хааны гэрэлт хөшөө болно.

Өнөөгийн соёлт ертөнцөд харилцааны чадвар ажил мэргэжилээс үл хамааран хүн бүрт байх ёстой чухал чадварын нэг юм. Тухайлбал, бичгийн чадвар зайлшгүй эзэмших ёстой чухал чадварын нэг болно.

Бичгийн чадвартай хүн өөрийн үзэл бодол, туршлагыг тив дэлхийг алгасч, он цагийн уртыг ажралгүй бусдад өвлүүлэх, дамжуулах боломжтой. Өөр юугаар ч үүнийг хялбархан хийж үл чадна.

Үзүүлэн бэлдэх

Үзүүлэн буюу presentation-г бид хөрөнгө оруулалт татах, тайлагнах, сургалт зохион байгуулах гэх мэт зорилгоор ашигладаг. Хэрхэн үр дүнтэй, өгөөжтэй үзүүлэн бэлдэх талаар бяцхан зөвлөгөө өгье.

Зорилго тодорхой байх: Үзүүлэнг хэнд, юунд зориулах вэ? Эндээс ямар үр дүнг хүлээх вэ?

Агуулга-зохиомж: Зорилгодоо хүрэхийн тулд ямар агуулгыг, ямар дарааллаар хүргэх вэ? Ямар стратеги баримтлах вэ гэдэг зураглал маш чухал.

Хуудасны тоо: Нүүр, төгсгөлийн хуудсыг үл оролцуулан 10-аас ихгүй байх.

Нэг хуудсан дахь агуулгын хэмжээ: 3–5 мөрөөс хэтрэхгүй байх. Үг үсгийн тоо цөөн байх!

Бичгийн хэмжээ: Аль болох том. Хамгийн ард байгаа хүнд ч харагдахаар.

Тоо баримт дурдах: Итгэл үнэмшил төрүүлэхүйц бодит тоо баримт 2, 3-г оруулах.

Ойлгомжтой, сонирхолтой байлгах: Түүхийн ном, сурах бичиг шиг нуршуу, үйл явдал өрнөсөн дарааллаар бус, үзүүлэнгийн гүнд хөтлөн оруулах үр дүнгээс шалтгаан руу хөвөрсөн хэлбэртэй байх. Чухал хэсгүүдийг томруулж, тодруулах. Бүгдийг нуршилгүй хамгийн чухлыг нь түүж оруулах. Насанд хүрсэн хүний тасралтгүй анхаарал төвлөрөх чадвар 15 мин байдгийг мартаж үл болно! Арван таван минутанд багтахааргүй бол 15 минутын хэмжээтэй бүлгүүдэд хуваах.

Зураг, хүснэгт, график түлхүү ашиглах: Ганц зураг 1000 үгнээс ч хүчтэй! Мэдээллийн нягт их учир чадварлаг ашиглаж чадвал үзүүлэн ойлгомжтой, цомхон болно. Харьцуулсан судлагаа, мэдээллийг багцалж харуулах гэх мэтэд хүснэгт, судлагааны үр дүн, өөрчлөлт хувьсалийг харуулахад график хамгийн тохиромжтой.

Өнгө будаг, анимаци: Хэт эрээн мяраан, анимаци нь дэндсэн үзүүлэн үзэгчдийн анхаарлыг сарниулж мэдэх юм. Агуулгын хүртээмжид түлхүү анхаар!

Гадаад үг хэллэг, нэр томъёо: Бүгдэд ойлгомжтой нийтлэг үг хэллэгээр орчуулах. Гэхдээ орчуулах боломжгүй, монгол хэлэнд байхгүй ойлголт, мэргэжлийн нэр томъёо зэргийг хүчлэн орчуулбал ойлгомжгүй болно. Энэ тохиолдолд галиглавал илүү зохимжтой.

Дүгнэлт: Зайлшгүй байх ёстой агуулга. Дүгнэлтгүй үзүүлэн давсгүй хоолтой адил.

Олон дахин хянах: Өөрөө болон бусдаар олон дахин хянуулах. Бодол хэр цэгцэрсэнээс хамаараад 3–10 удаа. Хянах давтамж олон байх тусам сайн. Цаг хугацааны хүчин зүйл гэж бий. Хугацаа өнгөрөх тусам дутуу бодсон зүйл гарч ирдэг. Судлах тусам улам төгс болно. Хянах бүртээ агуулгыг нь алдагдуулалгүй богинохон, цомхон болгох!

Яарч болохгүй! Боломжийн эхлэлтэй, даржин төгсгөлтэй үзүүлэн бэлдмээргүй бол сайтар нягтлан, олон дахин хянаарай!

Хурдан, үр дүнтэй бичих арга: Юу бичихээ сайн мэдэхгүй бол санаанд орсоноо бүгдийг нь мартахаасаа өмнө тэмдэглэж ав. Дараад нь эвлүүлж болно. Төвлөрч байгаа дээрээ бич. Хүсэл төрөхийг хүлээлгүй, хийж эхэлбэл нэг мэдэхэд гүнд нь орж, уусч автсан байх болно. Хүний тархи үйлээ дагаад, хийж буй зүйлдээ төвлөрдөг.

Илтгэх үед: Бусдын үгээр бус өөрийн үгээр. Нэг хэмнэлээр бус, өргөлт, буулттай. Хоолойн өнгө, дууны чанга сул, үг хоорондын зай, зогсоцыг зохистой хэмжээнд барихыг хичээ! Хошин шогийн мэдрэмжтэй бол бага зэрэг хошигнол оруулж болно. Хэтэрвэл маазрал болно. Мөн илтгэлийн дараах хэлэлцүүлгийн үеээр ирэх болзошгүй асуултад урдаас бэлтгэх нь чухал.

Нийтлэл-эх зохиох

Нийтлэл бол үзүүлэнгийн томруулсан хувилбар. Иймээс дээрх дүрэм ижилхэн үйлчилнэ. Үүнийг эндээс харж болно:

Эх зохиоход дээр дурдсанаас гадна доор дурдсаныг анхаарвал зохино.

Өгүүлэмж-зохиомж: Үргэлжилсэн урт биш, хэрэгтэй мэдээллээ хурдан авч болохоор зохион байгуулах! Эхлэл, өрнөл, төгсгөл, тэдгээрийн холбоосыг зөв төлөвлөх хэрэгтэй. Өгүүллийг жижиг хэсгүүдэд хэсэглэн хувааж, тэдгээрийг зөв эрэмбэлбэл маш ойлгомжтой болдог.

Сонирхолтой байлгая, уншигчийг үйл явдал, асуудлын гүнд шурган оруулъя, автуулъя гэвэл хойноос урагш бичих нь шалгарсан арга юм. Уншигчийн сонирхлыг татсаны дараа тухайн үр дүнд хэрхэн хүрсэн тухай, яагаад ийм болсон тухай хүүрнэвэл үр дүн өндөр байх болно.

Сонирхолтой болгох бас нэг арга бол оршил хэсэгт түүх, домог оруулж орчин цагт болж байгаа төстэй үйл явдалтай холбох. Мөн өгүүллийн эхэнд үүнийг уншсанаар ямар ач холбогдолтой, юуг хүүрнэх, ямар санаа дэвшүүлэх гээд байгааг цомхон бичих нь зүйтэй.

Оновчтой гарчиглах: Агуулгатайгаа авцалдаж байх. Сонирхол татах гээд хаа хамаагүй гарчиг оноохгүй байх.

Параграфыг зөв ашиглах: Хэрэгтэй мэдээллийг хурдан шуурхай олж авах, алгасуулан унших, уншихад амархан байлгахад параграф чухал. Хэсэг бүлэг, агуулга солигдох бүрт параграф оруулж зохистой гарчиг оноох.

Ишлэл, афоризм, зүйр үг: Ихэдвэл өөрийн гэсэн бодолгүй хуулбарлагч мэт харагдна.

Яруу найраг, уран зохиол шиг байж болохгүй! Хэт уянгалбал итгэл үнэмшилгүй, нуршуу болно.

Агуулга давтагдаж болохгүй! Үсэргэх, хаана байгааг дурдахад хангалттай.

Тайлбар зүүлт: Бүгдийг нэг газар шамбааралдуулан бичилгүй тусгай тэмдэглэгээ зүүж, гол зүйл, тайлбар хоёрыг тусгаарлан бичих. Мэддэг нь алгасаад унших, мэддэггүй нь тайлбар зүүлтийг нэмж уншихаар тусад нь бичвэл ойлгомжтой бөгөөд товч болгоно. Тайлбар зүйлт ихдэж болохгүй. Гүүглдээд мэдчихэж болох, чухал биш зүйлийг тайлбарлахгүй орхиж болно.

Ном зүй, ишлэл, холбоосыг дурдах: Мэдээллийн эх үүсвэр, санаа авсан зүйлийн тухай дурдах нь бичгийн соёл. Нийтлэлийн үнэ цэнийг өсгөх, сайтар судласан, гүйцэд боловсорсон, үнэн бодитой эсэхийг үнэлэх боломж олгох, уншигчдад илүү итгэл үнэмшил төрүүлэх болно.

Найруулга, үгийн сонголт: Монгол хэлний бичгийн соёлд дараалсан, хэсэг бүлэг өгүүлбэрийн эхэн, дунд, адагт ижил үг, хувирал давтан ашиглахыг хориглодог. Эхний өгүүлбэр манай гэж эхэлсэн бол дараагийн өгүүлбэрт дахин манай гэхийн оронд бидний гэх мэтээр ижил утгатай өөр үгээр орлуулах, эсвэл өгүүлбэр -жээ гэж төгссөн бол дараагийн удаад -сан, -лаа гэх мэтээр сэлгэж хэрэглэнэ. Үүнтэй адилаар бий-буй, ажээ-болно-болой-юм, гэтэл-харин-гэвч гэх мэтээр маш олон хувилбар байдаг.

Ба, буюу, болон, бөгөөд, гэвч, гэтэл, боловч, гэдгийг буруу ашиглах нь түгээмэл. “Эм гашуун хэдий ч биед тустай” гэдэг шиг гэвч, ч, боловч гэх мэт үгийг аливаа зүйлийн сайн-муу, эерэг-сөрөг талыг сөргүүлэн илэрхийлэхэд хэрэглэдэг. Сүүлийн үед ижил утга бүхий зэрэгцээ өгүүлбэрт хэрэглэсэн бүдүүлэг алдаа их гарах болжээ.

Бас олон тооны дагавар барагтай бол ашигладаггүй. Гэтэл бизнесүүд гэх мэтээр гадаад үгийг буруу орчуулж, улмаар монгол үгээ хүртэл байнга олон тоон дээр бичих боллоо!

Энэ мэтээр үгээ оновчтой сонгож, зөв найруулах нь сайн эх болох хамгийн чухал үзүүлэлт болно. “Гүйцэтгэлийн төгөлдөршил“, “Жигнэлтийн боов“, “Мессеж автомашин асаалтын төхөөрөмж” гэх мэт утга авцалдаагүй, уншихад хэцүү, хэл орооцолдмоор зүйл бичихгүйн тулд найруулга зүйдээ анхаараарай!

Бичгийн чадвараа хэрхэн ахиулах вэ?

Хэрхэн эхлэхээ мэдэхгүй бол: Мөн чанарыг нь ойлгосон, биеэрээ туулж мэдэрсан зүйлээ бичих амархан байдаг.

Хамгийн чухал нь бичиж эхлэх: Хийж үзээгүй зүйлээ эхний оролдлогоор хамгийн оновчтой, зөв хийх боломжгүй. Дадлага туршлага, дадал зуршил чухал.

Тэмдэглэл хөтлөж хэвших: Дадлага хийх хамгийн сайн арга. Өдрийн тэмдэглэл, хурлын тэмдэглэл, хийх ажлын жагсаалт, төлөвлөгөө, дэлгүүрээс худалдан авах хүнсний жагсаалт гэх мэт.

Орчуулга хийж үзэх: Орчуулга хийх нь үгийн сонголт, найруулга зүйгээ сайжруулах сайн аргын нэг.

Бусдын бичсэнийг унших: Сайн нийтлэлчийг дагаж, бичих хэв маягаас нь суралцах, санаа авах

Төгсгөлд нь

Та ч гэсэн оролдоод үзээрэй! Бичиж эхэлсэнээр таньд олон давуу тал бий болж, дараах шинж тэмдэг илт мэдэгдэх болно.

  • Цэгцтэй сэтгэдэг, ярьдаг болно.
  • Төсөөлөн бодох чадвар нэмэгднэ.
  • Задлан шинжлэх-нэгтгэн дүгнэх чадвар сайжирна.
  • Төлөвлөх чадварт ахиц гарна.
  • Өөрийгөө илэрхийлэх чадвар тань өснө.
  • Аливаад ул суурьтай, судлагаатай ханддаг болно.

Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал хүмүүс таны яриаг анхааралтай сонсож, бичсэнийг тань шимтэн унших нь лавтай.

Цаашид “Сурах арга барил”, “Үр дүнтэй ажиллах нь”, “Ярилцлаганд бэлдэх нь” зэрэг сэдвээр бичих санаа байна. Ингээд өндөрлөе дөө.

--

--