Гар + Дор: Цолмонгийн Анударийн анхны бие даасан үзэсгэлэн дэх айдас болон бүтээлч сэтгэлгээ хоёрын түгшүүрт эвцэл

DrTsegmid
Vanjil Art Institute
8 min readMar 22, 2022

Үзэсгэлэнгийн куратор Др.Ц.Цэндпүрэв

Айдас бидэнд яаж нөлөөлдөг вэ, түүнд бид хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ гэх мэт асуултуудад бэлэн хариулт олон байдаг. Гэсэн хэдий ч илүү чухал асуултууд бол бид айдаст яаж ханддаг вэ, ямар хэлбэрээр тэвчдэг вэ, хамгийн гайхалтай нь бид далд ухамсартаа шингэсэн гүн айдсуудаа бүтээл хийхэд ашиглаж, бусадтай тэр мэдрэмжийг хуваалцаж, олон нийтэд нөлөөлөх арга замыг хэрхэн хайж олох вэ гэдэг юм. Айдас бүр тоолж баршгүй олон хувилбар, хэлбэр, давхаргатай байдаг гэж бид төсөөлж болох юм. Ихэнхдээ бид айдсаа бусдаас нуудаг бөгөөд олонх маань хэнтэй ч хуваалцдаггүй. Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг контемпорэри урлагийн уран бүтээлч Цолмонгийн Анударь (1996 онд төрсөн, Монгол улс) хэлэхдээ, цахим санал асуумжинд оролцсон 224 хүний 58 нь айдсаа бусадтай хэзээ ч хуваалцахгүй гэж хариулж. Мөн 111 хүн буюу нийт судалгаанд оролцогчдын бараг 50 хувь нь нийтийн орон зайд тооцогдох орчинд янз бүрийн гадуурхал, дарамтын олон хэлбэрийг туулж байсан гэж бичжээ. Асуумжийн сүүлийн асуулт нь оролцогчдоос бидний амьдарч буй нийгмийг цочирдуулдаг хамгийн их сэтгэл түгшээсэн үйлдэл гэж юу болохыг асуусан байна. Харин би хариултуудыг нь уншаад дахин унших зоригтой болохын тулд долоо хоногийг зарцуулсан гэдгийг энд хэлье.

Тэгэхээр эдгээр үр дүнгээс харахад дахин хэд хэдэн асуултууд урган гарч ирнэ. Урлаг, уран бүтээлчид нийгэмд ямар хэлбэрээр оршдог вэ? Ер нь нийгэмтэй ямар нэгэн хамааралтай юм уу? Одоо зөвхөн биет ертөнцөд төдийгүй виртуал ертөнцөд оршин тогтнодог энэхүү маш нарийн төвөгтэй парадигмын хүрээнд уран бүтээлчдийн үүрэг яг юу вэ? Уран бүтээлчид гоё сайхан зургууд эсвэл хана чимэглэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байх уу? Уран бүтээлчид нийгэм дэх хөндүүр сэдвийн талаар үгээ хэлдэг, өөрийгөө илэрхийлдэг байх ёстой юу эсвэл урлаг нь зөвхөн амьдралын “сайн сайхныг” сануулах зорилготой юу? Би энэ мэт оршихуйн философийн эргэцүүллийн ёроолгүй нүхэнд унахаасаа өмнө өнөөгийн урлаг, одоо уран бүтээлч байх нь яг юу гэсэн үг болох дээр анхаарч үзэхийг хүсч байна. 2022 он бол зүгээр нэг жил биш юм. 2022 оны 2-р сарын 14-ний байдлаар (ДЭМБ) дэлхий даяар 5.7 сая хүний амийг авч, 406 сая гаруй хүнийг халдварлуулсан Ковид-19 цар тахлын хамгийн хөнөөлтэй үе дуусаж байгаатай энэ үзэсгэлэн давхцаж байна. Ихэнх хүмүүсийн хувьд цар тахлын энэ хэцүүхэн үед урлаг бол тэдний санаанд орж ирэх хамгийн сүүлийн зүйл бөгөөд энэ нь хэвийн хариу үйлдэл юм. Гэвч бидний мартах хандлагатай нэг зүйл бол хүмүүн гэдэг сэтгэл хөдлөлт бодьгал бөгөөд амьдрахын тулд нийгмийн харилцаанаас ихээхэн хамааралтай байдаг. Цар тахал энэ шинжийг илүү огцом, цочирдом байдлаар тэнхлэгийн голд авчирлаа. Халдварын айдас биднийг бусдаас тусгаарлахад хүргэсэн; зарим хүмүүсийн хувьд энэ нь 10 хоног, бусад хүмүүсийн хувьд хэдэн долоо хоног, үлдсэн хүмүүст жилээс илүү хугацаа байв. Эхэндээ гэмгүй мэт энэ халдварын айдас нь аажмаар бидний сэтгэцийн гүн дэх бусад айдсуудыг ил гаргаж эхэлсэн билээ.

Энэ үеэр Зүүн хойд Азийн алслагдсан орны нийслэлд Анударь хэмээх хувцас загварын залуу дизайнер тахлын улмаас Хятадаас гэнэт буцаж ирчихээд яах тухайгаа бодож байв. Түүний хувьд хувцас загварын дизайны чиглэл улам бүр хязгаарлагдмал санагдах болж, ямар нэг хэв маяг, хэм хэмжээ, ашиг орлого олох зорилгоос ангид бие даасан концепцтой бүтээлүүдийг хийж эхлэхээр сэтгэл шулуудсан байна. Тийнхүү 2020 оны 9-р сараас контемпорэри урлагийн уран бүтээлч болох шилжилтийн явцыг эхлүүлжээ. Яг л зохиомж санаа гаргадаг шиг Анударь алхам, алхмаар зорилгоо биелүүлэх төлөвлөгөө хийж, тархиндаа зураглал бүтээсэн гэж хэлэхэд болно. Эргээд харахад, тэрээр намайг ментор чиглүүлэгчээр сонгосон нь “оюутан бэлэн болсон үед багш гарч ирнэ” гэсэн хуучны хэлц үгийг баталсан мэт. Гэхдээ баг болж ажилласан сүүлийн 18 сар хүрэхгүй хугацаанд, ийм хурдтай, ийм ахиц дэвшлийг гаргана гэж бидний хэн маань ч төсөөлөөгүй гэдгийг баталгаатай хэлж чадах байна.

“Гар + Дор” бол Анударийн анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд 2012 онд Монголд эргэн ирснээсээ хойшхи миний куратораар дэмжин ажилласан тав дахь анхны бие даасан үзэсгэлэн болохоос гадна цар хүрээний хувьд хамгийн том нь болж байна. Уран бүтээлч маань энэ үзэсгэлэндээ дүрслэх урлаг, хувцас загвар, хөгжлийн тогтвортой байдлын төлөөх гурвалсан хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хөндөн гарган ирж буй билээ. “Бусдын тойрогт бүү хүр” гэсэн уриан дорх уг инстолляц бүтээл нь томоохон төөрдөг байшинтай төстэй. “Нүднүүд”, “Хагархай өрөө”, “Нарийн тойрог”, “Дүрст өрөө”, “Эргүүлэг” гэх мэт нэр бүхий өрөөнүүдтэй бөгөөд Анударь энд тоглоом тоглоогүй. Төв орон зай болох “Тайвшралын өрөө” нь цагаан гэгээлэг орчин ба хүмүүс суух боломжтой. Нийт 2100 м2 нүсэр талбайн бараг харанхуй орон зайд улаан хонгилууд, янз бүрийн өрөөнүүдээр дамжин алхаж ирсэн үзэгчдэд итгэл найдварыг төрүүлнэ. Зочид амсхийн суугаад цай ууж, бусадтай харилцан ярилцаж, бүр сэтгэлзүйчидтэй сэтгэгдлээ солилцох таатай боломж бий. Энэхүү үзэсгэлэнгийн зорилтот үзэгчид нь залуу хүн буюу өсвөр наснаас идэр нас хүртэлх 14–40 насныхан байх ба энэ нь тодорхой шалтгаантай. Уран бүтээлчийн хэлснээр бол хэрвээ энэ үзэсгэлэн нь өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдэд ижил түвшинд хүрч чадвал амжилттай боллоо гэж дүгнэж болох юм байна.

Тус үзэсгэлэнгийн төсөл нь дэлхий даяар сүүлийн хэдэн арван жилийн туршид тулгарч байгаагүй хүнд нөхцөл тохиосон үед шаргуу хөдөлмөр, хүсэл тэмүүлэл болон шаналаллын үр дүнд биежиж байгаа билээ. Монгол улсын 1990-ээд оноос хойшхи орчин үеийн дүрслэх урлагийн түүхийг сөхвөл ийм хэмжээний алсын хараатай, ийм том талбайд, нийгэмд нөлөөлөх зорилготой нэгдмэл концепцтой, нэг уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэж байгаагүй гэж хэлж болно. Тиймээс бид уг үзэсгэлэн нь олон мянганы адал явдалт түүхтэй, Их Монголын байлдан дагууллын үеийн хаад, хатад, өрлөг жанждаараа алдартай эх оронд минь олон улсын жишигт нийцсэн томоохон урлагийн төслүүдийн эхлэл болно гэж чин сэтгэлээсээ найдаж байгаа юм.

Уран бүтээлийн төрөл зүйлийн хувьд бол инстолляц урлаг нь 1960-аад оны эхэн үеэс бий болсон контемпорэри урлагийн хэлбэрүүдийн хамгийн уян хатан, олон нийтэд нөлөөлөх хүчтэй хэлбэр байсаар ирсэн. Томоохон хэмжээний инстолляц урлагийн бүтээлийг хийхэд ганц уран бүтээлчийн урландаа суугаад бүтээлээ туурвидаг сонгодог загвараар биш олон нийтэд зориулсан уран бүтээлчийн үзэсгэлэнгийн концепцийг биет бүтээл болгоход тусгай баг, багагүй хэмжээний санхүүжилт болон чиглэл бүрдээ мэргэшсэн экспертүүдийн нягт хамтын ажиллагаа шаардлагатай болдог. Зарим талаараа энэ төсөл миний хувьд зүүд мөрөөдөл мэт санагдана. Их Британид контемпорэри урлагийн Магистрант оюутан байхдаа, Их Британий уран бүтээлч Рачел Вайтерийдийн Embankment (2005, Tейт Модерн, Их Британи), Өмнөд Солонгосын уран бүтээлч Ким Соояагийн Kimsooja: A Needle Woman (2009, Балтик контемпорэри урлагийн төв, Их Британи), Их Британий уран бүтээлч Трейси Эминий Love Is What You Want (2011, Хейвард Галерей, Их Британи) and Японы уран бүтээлч Яоюүи Кусамагийн Yayoi Kusama: Infinity Rooms (2012, Тэйт Модерн, Их Британи) зэрэг сүрлэг үзэсгэлэнгүүдийг үзэх завшаан тохиолдож байсан бөгөөд үр дүнд нь би нэгмөсөн өөрчлөгдсөн гэхэд болно.

Эцэст нь хэлэхэд энэхүү үзэсгэлэн нь дүрслэх урлагийг хүний оршихуй судлалын ухаан гэдгийг, нийгмийн бүхий л давхаргын хүмүүст зориулагдан бүтээгддэг гэдгийг, урлаг гэж юу вэ гэдэг үндсэн ойлголт ямагт ийм байсаар ирсэн гэдгийг сануулахыг хүсэж байна. Мөн одоохондоо үзэсгэлэнгээс илүү дүрслэх урлагийг олон нийтэд шууд хүргэдэг дээд хэлбэр байхгүй байгаа тул, урлагийг үзэгчдэд зориулан бүтээдэг гэдгийг дахин батлахын тулд энэ залуу уран бүтээлчийн айдас болон бүтээлч сэтгэлгээ хоёрын эвцэлдэх явц ус, агаар шиг шаардлагатай байсан мэт.

2022.02.14

Улаанбаатар, Монгол Улс

Гэрэл зургуудыг Б.Ирээдүй, Д.Давааням/Noise Art Media, 2022.

Уран бүтээлчийн намтар

Залуу уран бүтээлч Цолмонгийн Анударь (1996 онд төрсөн, Улаанбаатар, Монгол улс) нь хувцас загвараас гадна перформанс, гэрэл зураг, дүрслэх урлаг зэрэг контемпорэри урлагийн олон төрлөөр бүтээл хийж, хавсарч ажилладаг. Тэрээр залуу хүмүүсийн сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудалд гол анхаарлаа хандуулдаг ба бүтээлч байдлаараа нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохыг хүсдэг. Түүний урлагт хандах хандлага нь дэлхийд тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр зорьж байгаа тогтвортой хөгжлийн зорилтуудтай хүчтэй уялдаж байгаа юм. Анударь нь “China Academy of Art”-ийг Бакалаврын түвшинд Хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээр, Ванжил Арт Институтын “Контемпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” ганцаарчилсан сургалтанд тус тус суралцаж төгссөн. Тэрээр БНХАУ-д суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил (2014–2018) дараалан шалгарч, 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдан оролцож байсан туршлагатай. Мөн 2021 оны эхээр анх удаа зарлагдсан Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит Соёл Урлагийн Сангийн “Seed Awards 2021” тэтгэлэгт хөтөлбөрт түүний үзэсгэлэнгийн төсөл шалгарсанаар дэлхийн шилдэг 100 залуу уран бүтээлчдийн нэг болоод зогсохгүй, тус сангийн дэмжлэгээр төслийн бэлтгэл ажлыг эхлүүлэх боломжийг бидэнд олгосон. “Бусдын тойрогт бүү хүр” гэсэн уриатай түүний үзэсгэлэн нь залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хөндөж буй бөгөөд контемпорэри урлагаар дамжуулан хувийн орон зайн ач холбогдлын тухай олон нийтэд ойлгуулж, нөлөөлөхийг зорьж буй билээ.

--

--