МОНГОЛД УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ: ХУУРАМЧ ЭЛИТИЗМ, ХООСОН ДАГАН ДУУРАЙЛАЛ, БЯДУУ ТЭМЦЭЛ (2-р хэсэг)

DrTsegmid
Vanjil Art Institute
7 min readDec 16, 2020

Уран бүтээлч & Куратор Др.Ц.Цэндпүрэв

1-р хэсгийг эндээс уншина уу.

ХООСОН ДАГАН ДУУРАЙЛАЛ

Аливаа зүйлийн мөн чанар, утга агуулга, ач холбогдол, урт удаан хугацааны үр дүн нөлөө гэх мэт ойлголтуудыг бага ярьдаг болсон энэ үед “хоосон даган дуурайгчийн сэтгэлгээ” нь дүрслэх урлагийн хөгжилд маш том саад бэрхшээл болж байгааг мэргэжил нэгтнүүд сайн мэдэж байгаа гэж би таамаглаж байна. Хоосон даган дуурайгчдад бол урлагтай холбоотой бүх зүйл амархан. Яагаад гэвэл тэд боддоггүй, эргэцүүлдэггүй, барагтай бол шаналахгүй, бүтээлийн санаа олох, концепцийг боловсруулах, бүтээх гэж суух, хувийн амьдралаа огоорох, хоолны мөнгөө олж чадахгүй байх, тэгээд бүтээлийг нь бусад хүн ойлгохгүй байх ямар байдгыг мэдэхгүй. Харамсалтай нь сүүлийн үед хоосон даган дуурайгчийн сэтгэлгээтэй “уран бүтээлчид” бас олширч байгаа нь нэг гамшиг юм. Гялс, гялс, хурдан, хийгээд гаргаал, зараад л, Инстадаад л, Фейсбукдээд л, Лайкдаад л…Дэлхийн II дайны үеийн зэвсгийн үйлдвэрийн ажиллагаа шиг. Байнгын бүгдэд харагд. Be Present Always, For Everyone. Энэ бол зүгээр л галзуурал. Хэн ч хэзээ ч, 100 хувь бүтээмжтэй, байнгын бүтээл “үйлдвэрлэх”, байнгын “амьд байгаагаа” зарлаад байх боломж байхгүй.

Хуурамч элитүүд ноёрхсон энэ нийгэмд “урлаг-ийг хүн бүр ойлгоод байх шаардлагагүй гэдэг үзлийн тухай бид 1-р хэсэг дээр ярилцсан. Хэдийгээр социалист тогтолцоонд алдаа оноо байсан ч, хүн бүрт, малчин, сэхээтэн бүгдэд урлагийг ямар нэг байдлаар ойртуулах зорилгоор хамгийн урт удаан хугацаанд, маш их зардал гаргаж, нэгдсэн журмаар буюу “хүчилж” системтэйгээр “соён гэгээрүүлэх” компанит ажлыг хийсэн түүхтэй билээ. Яг үнэндээ бид сүүлийн 30 жилийн хугацаанд ч гэсэн өмнөх 70 жилд нь соёл урлагийн салбарт хийсэн оюуны болон санхүүгийн хөрөнгө оруулалтын үр дүнг үргэлжлүүлэн хүртэж, очих театртай, үзэх галерейтэй, хүүхдээ дагуулаад явах музейтэй байгаа билээ. Цаашдаа хэрвээ сүүлийн 30 жилд барьсан “системгүй”, “эвент хөөсөн”, “нэг удаагийн”, “хэн нэгэнд дулдуйдсан”, “аль нэг аймаг, сумыг магтан дуулсан”, “Чингис гэж цээжээ дэлдэж” савангийн хөөс шиг нисэж явбал бид социализмын үеийн хэдэн туурьтай, аргаа барсан хэдэн уран бүтээлчидтэй, түрээсээ төлж дийлэхгүй болж эхнээсээ дампуурч эхэлсэн хэдэн хувийн соёл урлагийн байгууллагуудтай, харин энэ сул дорой байдлаас ашиг хонжоо олж, нөлөөгөө улам бэхжүүлсэн хуурамч элитүүдтэй тийм нөхцөл байдал үүснэ.

Энд мөн социалист сэтгэлгээний сүүдэртэй талыг сэдэвтэйгээ уялдуулан ярих хэрэгтэй гэж бодож байна. Монголд “чаддаг нь дийлж, чадахгүй нь ялагдах ёстой” гэсэн “шударга” байгалийн шалгарлын хууль үйлчлээд байгаа мэт боловч, урлагийн салбарт ажиллаж байгаа бүтээгч, судлаач, оюунлаг хүмүүсийн боловсрол, ажил, хөдөлмөр, мэргэшилдээ зориулсан он жилүүд, цаг хугацаа, зардлыг хэн ч ойшоож үзэхгүй. Урлагийн мэргэжилтний чадварыг нь үнэгүйгээр эсвэл маш бага ханшаар үнэлнэ. Дэлгүүрт ороод талх үнэгүй аваад гардаггүй мөртлөө, урлагийн хүний мэдлэг, нарийн мэргэшил, эксперт туршлагыг Монголд үнэгүйдүүлээд байдгын учрыг мэдэх хүн байвал надад тайлбарлаж ойлгуулаарай. Мэдээж, нөгөө хэдэн медалиуд өгдгийг эс тооцвол шүү дээ. Медалиудын зарим нь эзнээ олдог биз, гэхдээ ихэнхдээ яам хавиар эргэлддэг, зурагтаар арай илүү гардаг хэд нь авдаг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.

Мөн ямар ч урлагийн чиглэлээр мэргэшсэн бай тэр хүнийг “нийгмийн тусын тулд ажиллаж байгаа сайн дурын албан хаагч” гэж олон нийт, хуурамч элитүүд болон албан тушаалтнууд ойлгодог. Урлагийн мэргэжлийг “ажил” гэж боддоггүй. Тэр хүн ажлаа хийж, орлогоо олж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээдэг гэдгийг ойлгодоггүй. “Аа чи сайхан дуртай юмаа хийгээл, боссгүй гоё байгаа биз дээ”. Яг нарийн судлаад үзвэл, ихэнх чөлөөт уран бүтээлчид НД төлж дийлдэггүй, ЭМД-гүй, эрсдлийн хадгаламж байхгүй, зарим нь бүр ямар ч төрлийн хадгаламж байхгүй, өм цөм орлого орж ирэхээр нэг хэсэгтээ гайгүй, тэгээд орж ирэхгүй бол таг сууна, тэгээд үнэтэй цайтай юм байвал ломбардад тавина, гэр бүл найз нөхдөөсөө зээлнэ. Ийм амьдралаар амьдрах гэж 21-р зууны Монголд хүн урлагийн мэргэжлийг сонгодог юм уу? Хэрвээ тийм юм бол энэ дотоодын урлагийн их дээд сургуулиуд урлагийн мэргэжилтнүүд бэлдэхээ нэг хэсэгтээ болих хэрэгтэй. Сүүлийн 30 жилд “үйлдвэрлэсэн” хүмүүс чинь хоногийн хоолоо арайхийж олж, хөл хорио болоход ямар ч хадгаламжгүй шоконд орж, амьжиргааны түвшин дунджаас ядуу гэсэн түвшинд хэдхэн сарын дотор шилжиж байна.

Гэрэл зургийг Ц.Цэндпүрэв, 2018.

Бодлогогүй, бодолгүй, анги дүүргэх гэж, дөнгөж 18 хүрсэн хүүхдүүдийн ирээдүйг давхар бодолцоогүй, тухайн хүүхдийн гэр бүлийг бодолцоогүй, уран бүтээлчийн карьерийг бодолцоогүй ийм байдлаар жил бүр диплом хэвлэх нь маш хор хөнөөлтэй үйлдэл буюу тухайн хүний амьдралыг үрэн таран хийж байгаатай агаар адил. ХБНГУ-ын академиудаас суралц. Жилдээ 100 биш 10 оюутан шигшээд элсүүл. Зарим жилд элсэлт авахгүй алгас. Баталгаагүй, орлогогүй, дэмжлэггүй ирээдүй рүү хэдэн зуугаар нь битгий түлх. Тэгээд тэр сургалтын төлбөрын орлогын алдагдлыг өөр эх сурвалжаас нөхөж сур.

Харин хайрт улс маань, яамдууд маань нэг удаагийн арга хэмжээнд хэдэн зуун саяар нь цацна. Хэдэн арваараа цуглаад, соёл урлагийн “хөгжлийн” тухай баахан ярина, үнэтэй ус ууна, 1,2-р хоол идэж, кофе шимж, бялуу зооглоно. Тэгээд гоё зургууд даруулна, Фейсбук дээр тавина, мэдээгээр гаргана. Нэг удаагийн Пиар хийх зорилготой арга хэмжээнд ийн цацахаас гадна “олон улсын” гэсэн өнгө аястай төсөлд бас өгнө. “Монголын нэрийг гаргаж байгаа” гэж бамбай барина. Тэр төслийн нээлтэнд нь очих гэж хэсэг хүн улсын мөнгөөр, ямар ч тодорхой шаардлагагүй гадаадад тэлчигнэнэ. Гэтэл хэн ч төсөл дууссаны дараа араас нь нэхэл дагал болж яваад, энэ төсөл улсаас тийм зардал авсан байна, үр дүн нь юу болсон бэ, хэдэн уран бүтээлчийн амьдрал, карьерт эерэг нөлөө үзүүлсэн бэ гээд санхүүгийн тайлангаас гадна үр дүнгийн тайлан нэхээд явдаггүй. Яагаад гэвэл энэ бол төрийн мөнгө. Яаж зарцуулсан нь хэнд ч хамаагүй. Тухайн үедээ л хэсэг хүмүүсийг “сайн ажилласан” болгож харагдуулж байвал болоо. “Олон улсын” гэсэн тодотголтой урлагийн төслүүд Монголоос гадагшаа гэсэн урсгалтай байх бөгөөд сүүлийн 10 жилийг зөвхөн тооцвол, хэдэн арван тэрбумаар тоологдоно. Хэн ч тэр тухай нарийн асуухгүй, зүрхлэхгүй, шаардахгүй. Асуудал гаргаж тавьсан ганц нэг хүн рүү олноороо дайрч давшилж, чиний хийж байгаа зүйл юу юм гэж чичлэнэ. “Чамайг төсөлд оролцуулахгүй дээ” гэж хар жагсаалтандаа тодоос тодоор тэмдэглэж авна.

Гэтэл бид гэрээ янзлаад, төрөө янзлаад, тэгээд гадагшаа гаргах тухай буюу “урлагийн экспорт” хийх тухай ярих ёстой биш гэж үү? Энд байгаа хэдэн чөлөөт уран бүтээлчид нь түрээс, материалын зардал дээрээ бүдэрсээр л үлдэнэ. Тэрийгээ дагаад яваандаа “сэтгэлгээ” нь хязгаарлагдана. Хичнээн сайн юм хийх гээд материал, орон зайгүй бол юу ч хийгдэхгүй. Бурхан халдун, Чингис, морь гурваа янз янзаар зураад суухаас яах билээ. Цаашилбал энэ санхүүгийн асуудлаас болж тэдний гэр бүл дагалдан, хагас ядуурлын байдалд амьдарна. Дотоодынхоо хэдхэн мянган уран бүтээлчдийг бүтээл хийх боломжийн нөхцөлтэй орчин, амьжиргааны доод түвшний сарын цалингаар хангаж чадахгүй байж, юун яасан “Монголын нэрийг гаргах” вэ? Яагаад хангах ёстой юм бэ гэж зарим нь асуух байх. Яагаад үгүй гэж? Сайн, чансаатай урлагийн бүтээл улсдаа их хэмжээний ашиг, нэр хүнд, дагалдах эерэг нөлөөг авчирч чаддаг гэдгийг олон жишээгээр баталж болно. Өмнөд Солонгосын BTS хөвгүүдийн хамтлаг улсынхаа эдийн засагт жилд 3.6 тэрбум долларын орлого оруулдаг гэсэн тооцоо байдаг. Энэ бол зөвхөн мөнгөөр тооцож байгаа үзүүлэлт. Энэ хамтлагаас болж Солонгос руу анх удаа жуулчнаар очдог хүмүүсийн тоо жилд бараг сая хүрэх гэж байна. Энэ хамтлаг газар ухаагүй, алт зэс гаргаагүй, аль нэг гол горхи, мөрнийг ширгээгүй, хүчлээр хөрс бохирдуулаагүй, цөлжилтийг түргэсгээгүй. Энэ хамтлагийнхан ямар нэг зүйлээр дутагдаж, зовлонт Ван Гогийн амьдралаар амьдраад ийм амжилтанд хүрсэн үү. Үгүй. Амьдралын анхан шатны хэрэгцээгээ бүрэн хангуулаад, тэгээд оюун санаагаа хөвчлөх, төвлөрүүлэх, хамгийн бүтээмжтэй байх тийм сэтгэл зүйн болон санхүүгийн байдалд тэд байдаг. Гэхдээ энэ хамтлагын цаана бүхэл бүтэн мэргэжлийн том баг байгаа. Дуу хөгжмийн түмэн янзын нарийн мэргэжилтнүүд, Пиар маркетингийн экспертүүд, сэтгэл зүйчид, хоол зүйчид, биеийн тамир спортын мэргэжилтнүүд, эмч нар гээд л. Гэтэл энэ бүхэн амархан уу. Огт үгүй. Өмнөд Солонгост жил бүр хэдэн арван мянган охид, хөвгүүдийн хамтлаг байгуулагддаг бөгөөд тэдний маш бага хувь нь BTS-ийн хэмжээнд хүрнэ, 99 хувь нь мөрөөднө, гэхдээ л сайн багтай бол тэд бас тодорхой хэмжээний амжилт үзүүлэх магадлалтай.

Мэргэжлийн чөлөөт уран бүтээлчдэд сард тодорхой урамшуулал дэмжлэг өгдөг, мөнгөн бус хэлбэрийн дэмжлэгүүд үзүүлэх нь Барууны улс орнуудад түгээмэл байдаг туршлага. ХБНГУ-ыг жишээг ярихад, чөлөөт уран бүтээлчид хэрвээ “идэвхтэй” байгаа, бүтээлээ хийж байгаа, үзэсгэлэн гаргаж байгаа, бүтээлээ худалдан борлуулж байгаа гэдгээ баталж чадвал, дээр дурдсан хөнгөлөлт дэмжлэгүүдэд хамрагдах боломжтой болох ба жил бүр тайлан авдаг. Түүнээс гадна орлогоос хамаарсан хөнгөлөлтүүд болох урлангийн түрээсний тодорхой хувийг төлөх, үзэсгэлэн гаргахад дэмжих гэх мэт цогц байдлаар дэмждэг. Тус улсад “Künstlersozialkasse” (KSK) буюу “Уран бүтээлчийн нийгмийн халамжийн сан” гэдэг бие даасан хараат бус байгууллага байдаг бөгөөд мэргэжлийн уран бүтээлчийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудлуудыг хариуцаж, тэтгэвэр, гэнэтийн осол, өвчин зовлон тохиолдоход тодорхой хугацаагаар тэтгэмж олгодог. Мөн хотын болон мужийн түвшинд томоохон нэр хүндтэй компаниуд, байгууллагууд нь мэргэжлийн чөлөөт уран бүтээлчдийг дэмждэг удаан хугацааны хөтөлбөрүүдтэй байдаг юм байна. Хэдийгээр хаана ч урлагаар амьдрах амаргүй гэлээ ч ХБНГУ-ын энэ олон давхраат дэмжлэгийн системийн нүхээр хүн унах нь цөөн гэж таамаглаж байна.

Та бүхэн эргэн тойрноо харцгаа. Монголд урлаг хөгжөөд байна уу? Олон эвент, үзэсгэлэн болоод байгаа нь хөгжлийн хэлбэр үү? Хэн, хэзээ, ямар судлаач, ямар куратор судалгаа хийж, шүүмж бичих вэ? Тэр хүний амьжиргаа, орлого, амьдрал яах вэ? Зөвхөн энэ эсээг бичиж дуусгахад би 3 хоног зарцуулна. Хэн ч надад энэ эсээг бичлээ, чи хэрэгтэй юм хийж байна гээд цалин төлөхгүй, мөнгө өгөхгүй, ямар нэг байдлаар туслая гэж гараа сунгахгүй. “Чи хүсээд л хийж байгаа биздээ? Юугаа хийгээд гоншигноод байгаа юм бэ?” гэж нэг хүн надад хэдэн жилийн өмнө бичиж билээ. Миний хохь ч байж мэднэ. Гэхдээ тэр дүгнэлтийг би өөрөө өөртөө хийх чадвартай учраас хийх ёстой гэж бодсон зүйлээ хийж байгаа.

Энэ их хоосролын дунд, энэ хоосон даган дуурайллын мананд би ядарч байна, залхаж байна, сэтгэлээр туйлдаж байна. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ манан дунд би гэрэл олж харах гэж хүчээр нүдээ онийлгоно. Намайг тэр гэрлийг харах гэж ямар их хичээж байгааг та төсөөлөхгүй. Харин миний дараагийн үеийн, зоригтой, хүчтэй, хэлтэй, авьяастай, хараат бус залуучууд бүсгүйчүүд энэ хуурамч элитүүдийн нөлөөг ойлгоод, хоосон даган дууриагчийн баг өмсөхгүйгээр, байр сууриндаа бат зогсоод, энэ гинжин хэлхээсийг бут цохиж гарч ирнэ гэсэн найдвар өвөртөлсөн хэвээрээ байгааг энд хэлье.

Үргэлжлэл бий. 3-р хэсгийг эндээс уншина уу.

--

--