МОНГОЛД УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ: ХУУРАМЧ ЭЛИТИЗМ, ХООСОН ДАГАН ДУУРАЙЛАЛ, БЯДУУ ТЭМЦЭЛ (3-р хэсэг)

DrTsegmid
Vanjil Art Institute
10 min readDec 22, 2020

Уран бүтээлч & Куратор Др.Ц.Цэндпүрэв

1-р хэсгийг эндээс уншина уу.

2-р хэсгийг эндээс уншина уу.

БЯДУУ ТЭМЦЭЛ

Эхний хоёр сумаа өөрөөсөө холдуулж гадагшаа тавьсан нь, нумаа эргээд өөр лүүгээ чиглүүлэхгүй гэсэн үг биш байлаа. Харин ч эхний хоёр сумыг маань байндаа онолоо гэж баярлаж, “өө асуудал надаас болоогүй юм байна” гэж таны санаа чинь бяцхан амарч байсан бол, би танд таагүйхэн мэдээ дуулгах нь. Би, та, бид бүгд буюу дүрслэх урлагийн салбарт хөл, гар, бие, оюун, бүхнээ дүрсэн хүн бүр энд хамаатай. Бид нар ямар байна, бидний цаг хугацаа, зүтгэл, сэтгэлээ өгч байгаа салбарын нүүр царай яг түүгээр тодорхойлогдоно. Шинэ онол биш. Бид бурууг хуурамч элитүүдээс биш, хоосон даган дууриагчдаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Энэ хэсгийн эхэнд нэгэн түүхийг сөхье.

2018 оны зун нэг залуу надтай холбогдлоо. Манай салбарын биш хүн. Хүүхдээ тээх хугацааг оролцуулан тооцвол, бараг 3 жил гэртээ байж, живх, баас, хоол, хувцас угаах гэсэн мөчлөгөөс тултлаа уйдсан байсан хүний хувьд “гэрээс гарч хүнтэй уулзах” гэдэг өөрөө цэвэр баяр баясал байлаа. Надтай холбогдсон залуу надаас урлагтай холбоотой зөвлөгөө асуух гэсэнгүй. Миний бас нэг сайн чадах зүйл түүнд хэрэг болжээ. Гадаадад Магистрантурт сурах сонирхолтой түүнд IELTS буюу Англи хэлний академик түвшин тогтоох олон улсын стандарт шалгалтанд бэлтгэх шаардлага гарчээ. Би ч чадах зүйлээ хийгээд хэсэг хугацаанд орлоготой байхыг зөвшөөрлөө. Харин тэр 6 сарын хугацаанд түүнээс ямар их зүйл өөрөө ойлгож, сурахаа төсөөлсөнгүй. Хичээлийн завсарлагааны үеэр бид нар манай салбартай холбоотой сэдвүүдээр ярилцаж эхэллээ. Тэр богинохон, оновчтой, гэхдээ их дотор маажсан асуултууд асуудаг байлаа. “Та яг юу хийдэг хүн бэ?”, “Та чиглэлээрээ Доктор хамгаалчихаад, яагаад ингээд сууж байгаа юм бэ?”, “Уран бүтээлч хүн яаж орлогоо олдог юм бэ?”, “Бүтээлийг сайн муу гэж яаж мэддэг юм бэ?”. Намайг Монголд байх хугацаанд дүрслэх урлагийн салбарын бараг хэн ч асуудаггүй, ярьдаггүй, зүрхэлж асуудал болгож тавьдаггүй асуудлуудыг тэр тэс хөндлөн салбарын хүн ойлгох гээд асууж байлаа. Би ч чадахаараа хариулж эхэллээ. Юу ойлгомжтой болсон бэ гэхээр өөрөө ч мэдэлгүйгүйгээр, Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил сулхан, боловсон хүчнүүд нь мэдлэг доройхон ертөнцөд вакуумжсан байдалд орсон байснаа их хурцаар мэдэрсэн. Ихэнх буюу барагцаалвал 40-өөс доош насныхны 80-иад хувь нь аль нэг гадаад хэлийг эзэмшээгүй, ерөнхий эрдмийн мэдлэг нь дунд сургуулийн багш нарынх нь өгснөөс даваагүй, өөрийгөө “Би”-д дэндүү их шатаж, тэгээд өөрийгөө “шатаадаг” хүмүүстэй харьцсаар, жинхэнэ орчин үеийн боловсон хүчин, мэргэжилтэн гэж хэн бэ, ямар чадвартай, чадамжтай байх ёстой вэ гэсэн стандартын луужингаа би алдсан байжээ. Хүссэн хүсээгүй, 30 дөнгөж гарч байгаа түүнийг би салбарынхаа ойролцоо насны уран бүтээлчидтэй, урлаг судлаачидтай харьцуулж бодож эхэллээ.

Хариуцлагатай байх (1. To be responsible), хэлсэн цаг хугацаандаа байх (2. To be punctual), хийнэ гэсэн ажлаа хийх (3. To be accountable), нээлттэй харилцаатай байх (4. To be open for communication), зорилгодоо үнэн ч байх (5. To be determined) гэх мэт олон чанаруудыг харьцангуй залуу насандаа цогцлоосон тэр намайг гайхуулж байлаа. Хэрвээ, хэрвээ, манай салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ядахдаа 30 хувь түүн шиг байсан бол би толгой өвдөх шаардлагагүй байхсан гэсэн гэнэн мөрөөдөл надад одоо ч төрдөг. Яагаад манай салбарынхан бусад салбаруудаас хэт тусдаа, нэг онцгой салбар шиг аяглаад байдаг юм бэ? Чаддаг нь бүтээж, бүтээдэг нь хүртэх ёстойгоо хүртэж байх ёстой биш үү? Одоо 2021 он гарах гэж байна. Феодолизм, социализм ард үлдээд удаж байна. Ялангуяа, урлагийн салбарт merit-based буюу чадамж дээр суурилсан үнэлгээ их дутмаг байдаг. Хэн нэгэн нэртэй хүний хүү, охин, эсвэл ач охин, бүр зээ, зээнцэр, гучинцар байсан ч гэсэн тэр хүнийхээ нэрийг амны уншлага шиг уншиж явна. Тэгж ярьж явсаар төрийн албан тушаалтай болдог, шагнал медаль горилоод явдаг миний үеийнхэн хүртэл байна. Гэтэл яг өөрөө, тэр хүн, өөрийнхөө цаг хугацаанд юу хийсэн бэ, бүтээсэн бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Урлагийн хүний удам угсаагүй, угшилгүй бол би, эсвэл олон олон залуу мэргэжилтнүүд яах ёстой вэ тэгэхээр? Эсвэл давуу талыг заавал “удам угсаа дамжин өвлүүлдэг” эртний ёсоо хадгалсаар, чадалтай, чадвартай мэргэжилтнүүдийг хааж боосоор байх уу? Монголын энэ овог аймгийн барилдлага, багш шавь хоёрын “насан туршийн” ган холбоос мөнхөд байх уу? Багшаасаа зөрөх чадваргүй хүн чөлөөтэй сэтгэж чадах уу? Спонсороосоо эмээдэг хүн таалагдахгүй сэдвийг барьж авч чадах уу?

Тэгэхээр миний шүтээд байгаа 30 настанд тухайн салбарт ажиллаж байсан, өндөр албан тушаал хашиж байсан, эсвэл санхүүгийн чадамжийн давуу тал байгаагүй. Тэр гүйцэтгэх шатны ажлаас нь эхлээд, хөдөлмөрлөсөөр, хичээсээр одоо Монголын урдаа байдаг томоохон компаний удирдах албан тушаалтнуудын нэг болжээ. Хичээвэл бүтдэг, хөдөлмөрлөөд зорилго нь биелдэг тийм мөчлөг манай салбарт ус агаар шиг хэрэгтэй байна. Бусадтай бид ураг садан, элдэв холбоо сүлбээгүй ч гэсэн албан ёсны, ажил мэргэжлийн харилцаанд цэвэр орж сурмаар байна. Хэн хэндээ өргүй. Хэн хэндээ туслах, дэмжих албагүй. Гэхдээ тухайн тодорхой төслийг, зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нэгдмэл, бие биенээ дэмжиж ажиллаж чаддаг. Хамгийн сайн чаддаг зүйлээ, нөгөө хүнийхээ сайн чаддаг зүйлтэйгээ уялдуулж чаддаг байх. Өөрийнхөө сайн чаддаггүй зүйлийг “сайн чаддаг мэт” жүжиглэхгүй. Нэг хүн 10 өөр зүйл хийх гэж өөрийгөө тарчилгах шаардлагагүй. Тийм ч учраас дүрслэх урлагийн уран бүтээлч хүн өөрийгөө “ертөнцийн төв” гэж байнга бодохоо болих нь хааяа эрүүл сэтгэхэд тусална. Жишээлбэл, чиний хараагүйг, мэдрээгүйг, огт төсөөлөөгүй зүйлийг мэргэжлийн куратор хүн чиний бүтээлээс харж болно. Мэргэшсэн нүдтэй байна гэдэг өөрөө ямар ч эрдэнэсээр худалдаж авах боломжгүй, 7 хоногт бий болдог зүйл биш. Доод тал нь арван жил, хэдэн арван мянган зураг, хэдэн зуун үзэсгэлэн үзэж, тоо томшгүй олон бичвэр уншиж, бас бичиж байж, куратор хүн, урлаг судлаач хүн “за би одоо л нэг хүнд тэнцвэртэй үнэлэмж өгөх оюуны чадалтай, бие даасан суурьтай боллоо” гэж боддог.

Харин сүүлийн 7–8 жил өөрийгөө “куратор” зарладаг хоосон даган дууриагчид огцом ихэсчээ. Урлаг судлалаар сураагүй байсан ч хамаагүй, бичвэр бичих чадварт суралцаагүй байсан ч падлийгүй, үзэсгэлэн аятайхан дэглээд тавьчихаж чадахгүй байсан ч хамаагүй. Сүүлийн мянган жил биш юм аа, сүүлийн зуун жилийн хэдэн урсгал, чиглэл, төрөл зүйлүүдээ хооронд нь хольдог байсан ч хамаагүй. Жишээлбэл, Монголд нийтдээ 50 гаруй үзэсгэлэнгийн куратороор ажилласан гэж гадаадад өөрийгөө танилцуулж явдаг хүн бол өөрөө эдийн засагч мэргэжилтэй. Ийм олон үзэсгэлэнг бүтээсэн хүн гадны хүний ойлголтоор бол Монголын тэргүүлэх куратор болж таарна. Яагаад гэвэл олон улсын дунджаар ярьвал, багахан үзэсгэлэнгийн бэлтгэл ажил нэг жилээс доошгүй хугацаанд явдаг, тэгээд жилдээ хувийн галерей 8-аас дээшгүй үзэсгэлэн гаргадаг. Илүү том галерейнууд жилдээ 3–4 үзэсгэлэн гаргадаг учраас гадныхан өөрсдийнхөө үзэмжээр тэгж бодох нь аргагүй. Гэтэл тэр олон үзэсгэлэнгийн бичвэрүүдийг би нэгийг ч олж хараагүй. Тэгэхээр наад захын үзэсгэлэнгийн бичвэр хийх чадваргүй мөртлөө “куратор” гэж өөр улс орны хүн өөрийгөө ярьж явж чадах уу? 7–10 хоногт “үзүүлэн” болгоод, машинддаг эвентүүдээ “үзэсгэлэн” гэж хэлж зүрхлэх үү? Тэгээд яг хийгээд байгаа ажлууд нь Урлагийн менежер, Галерейст, Урлагийн дилерийн ажлыг хослуулаад байгаа. Тэгэхээр яагаад үнэнээр нь хэлээд явдаггүй юм бэ? Гайхалтай юм шүү.

Энэ Монгол хандлага уу үгүй юу гэдэг дээр би байнга өөрөөсөө асууж явдаг. Нэг тийм хуурамч хандлага. Яг тухайн үедээ хэрэгтэй бол “куратор” гэдэг нэр зүүчихэд асуудалгүй. Шаардлагатай бол “уран нугараач” болчихно. За арай л “эмч” болж явахгүй юм даа. Нөгөө нэр хугарахаар яс хугарна гэдэг өвөг дээдсийн үг хаачив? Хэдэн удаа арьсаа өөрчилж байж, сэтгэл нь ханах вэ. Эсвэл 4 жил тутамд арьсаа шинэчилж байдаг улс төрчдийн формулаг дагаад байна уу? Өөртөө давуу тал олж авахын тулд мэргэжил нэгтнээ муулна, пялдага царайлж гарыг нь үнсэхээ шахна, хоол унд зөөж гүйнэ, тамхинд нь жороолно. Хатуухан хэлвэл, “биеэ үнэлэгч сэтгэлгээ”. Жаахан мөнгө олох, жаахан нөлөөтэй хүнд тал олж авах, жаахан давуу тал олж авах боломж гарвал яахад ч бэлэн. Харамсалтай нь, тийм сэтгэлгээтэй байснаараа, тийм үйлдэл хийснээрээ өөрийгөө, бусдыг, дараагийн үеийнхнээ “хордуулж” байгаагаа үл ухаарна. Хуурамч элитүүд нь бидний энэ занг дэндүү сайн мэднэ, ашиглана, хүмүүсийг хооронд нь сөргүүлнэ, уулзаж үзээгүй хүмүүсийг дайсагналцуулна, үзэн ядахад хүргэнэ. Хамгийн сонгодог, маш түгээмэл ашиглагддаг өгүүлбэр бол “Тэр хүн чиний тэр бүтээлийг муу гэж хэлсэн”. Энэ өгүүлбэрийг сонссон хүний цөс нь хөөрч, “Тэр муу одоо хэн болчихоод, намайг доош нь хийгээд байгаа юм бэ” гэж занана. Эхнээсээ зохиомол, чулуу хаясан энэ тактик цаашаа явж өгнө. Гэтэл цаана нь тэр үгийг огт амнаасаа унагаагүй хүн гэмтэн бол хувирна. Дунд нь хор найруулагч инээмсэглээд хоцорно. Хэрвээ миний шүтээд байгаа 30 настанд энэ тохиолдолд яах вэ гэвэл: 1. Энэ ховыг хэлээд байгаа хүн яагаад хэлээд байна гээд давхар бодох байсан 2.Тэр хүний хэлсэн үгийг шууд үнэн гэж хүлээж авахгүй. 3. Тэр үгийг хэлсэн гээд байгаа хүнтэй шууд холбогдоод асууна. 4. Ямар нэг хүнтэй зохиомол ховоос болж дайсагнахгүй.

Энэ эсээний 1-р хэсгийн эхэнд би Монгол identity-г хөндөөд орхисон. Нэг талаасаа бид өөрсдийн бусдаас ялгарах онцлог, мөн чанараа ойлгох маш чухал боловч, нөгөө талаасаа орчин үеийн нийгэмд нэн шаардлагатай дээр дурдсан 5 чанарууд сул байгаагаа булзааруулах гээд шалтаг болгоод байх шиг. Ажил ярьчихаад гэнэт үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болсноо их янз бүрээр тайлбарлана. “Өө тэгээд л Монгол хүн чинь цаг хугацаа, орон зайд баригдахгүй штэ” эсвэл “Талын нүүдэлчин хүн штэ”. Тэгээд сүүлдээ намайг буруутгах өнгө аяс руу орох нэгэн ч бий. “Чи одоо ямар Англид байгаа юм уу?”. Нэг ёсондоо амалсан, хэлсэн зүйлийг нь сануулсны төлөө би буруутан болно. Гэтэл тэр хүнтэй ажил ярьж суусан 2 цаг, миний хувьд ямар үнэтэй байгааг тэр хүн ойлгож байгаа шинжгүй. Магадгүй би хүүхэдтэйгээ цаг хугацааг өнгөрүүлж байсан бол би харамсахгүй байх байлаа эсвэл нэг ном уншаад эхэлчих боломжтой байлаа. Яагаад, яагаад ийм хүмүүсээр манай салбар дүүрчихвээ? Тэгэхээр диплом өгөөд байгаа байгууллага руу асуудал тодорхой хэмжээгээр чиглэнэ. Гэхдээ энэ хэтэрхий ярвигтай сэдэв тул, энэ удаадаа орхиё. Базаад хэлвэл, элсэлтийн шалгуурын босгыг багасгаж, босго өндөртэй сургуулиудад тэнцээгүй хүмүүс элсэж суралцаад байгаад нэг учир нь байгаа. Хориод жилийн өмнө байсан тэр тэнцэх гэсэн өрсөлдөөн байхгүй, тухайн жилдээ тэнцээгүй болохоор дараагийн жил нь дахин элсэлт өгч ордог, тэр залуу насны хор шарыг буцалгадаг мөн чанар нь алга болжээ.

Энэ дунд мэргэжлийн сургууль төгсөөд 5–15 жил болчихоод, сургуулийн хичээлээсээ давж сэтгээгүй хүмүүс байгаа. Ялангуяа 25–40 насны эрэгтэй уран бүтээлчид голдуу тэр хувийг эзэлнэ. Энэ залуучууд маань аль нэг гадаад хэлийг эзэмших байтугай эх хэлээрээ нэг нүүр бичвэр алдаагүй бичиж чадахгүй. Байнгын асуултаас зугтаана, шаардлагаас зайлна. Ямар утга учиртай, яагаад, ямар сэдэлтэй, угшилтай, ямар ач холбогдолтой бүтээлүүд хийгээд байгаагаа ч сайн мэдэхгүй. Асуухаар, уцаарлана, дургүйцнэ, хараад л ойлгохгүй юу гэж хэлнэ. Цаашилбал, хариуцлага, цаг хугацаа, алсын хараа, төлөвлөгөө, үр дүн, төсөл, төслийн боловсруулалт, бүтээлийн үнэлгээний тухай бодитой ойлголт байхгүй. “Монголчууд зөвхөн үдээс өмнө, үдээс хойш гэсэн цагтай” гэдэг хэлц үгийг гадныхан биднийг “доромжилж” хэлдэг болохоос магтаагүй гэдгийг зарим нь ойлгоогүй явж байгаа. Энэ залуучууд, ид насны эрэгтэйчүүд, өөрийгөө голж, улам сайжирч, бусад салбарын үеийнхэнтэйгээ энэ тэнцүү, бүр зарим тохиолдолд оюуны хөгжил дээр түүчээлж явах ёстой залуучууд яагаад ийм төлөвшил, хандлагатай болчихов? Хэн нэгнээс, хэсэг бүлэг хүмүүсээс үлгэр дууриал авсан байж таарна. Энэ ямар хүмүүсийн тухай яриад байгааг танд ухаж ойлгох орон зайг үлдээе.

“Чөлөөт уран бүтээлчийн санхүүгийн удирдлага” сургалтын үеэр. Зүүн талаас: Багш С.Лхамаа, Барималч С.Мөнхзаяа нар. 2020.11.21, Ванжил Арт Институт, Улаанбаатар хот. Гэрэл зургийг Ц.Цэндпүрэв.

Эсрэгээрээ, эмэгтэй хүмүүс илүү өөрийгөө голдог шинж чанартай учраас, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, энэ тал дээр сул байгаа гэж ухаарах нь элбэг мэт. 2013 оноос хойш би Ванжил Арт Институтээрээ дамжуулан, хэдэн арван сургалт, лекц, семинар, уулзалт хийлээ. Бүгд бусад урлагийн сургуулиудад огт заадаггүй хичээлүүд, агуулга, дэлхийн сүүлийн үеийн урлагийн хандлагуудын тухай. 10 хүний 9 нь залуу эмэгтэй. Дээр яриад байгаа насны эрэгтэй уран бүтээлчид барагтай бол суухгүй. Би эмэгтэй хүйстэй байгаад асуудал байна уу, эсвэл эмэгтэй хүн өөрөөс нь илүүг мэддэг гэдэг дээр хүлээн зөвшөөрч чадахгүй залуу эрэгтэйчүүдийн асуудал уу? Саяхан намар олон улсын урлагийн академид бэлтгэх хөтөлбөр зарлалаа. Нийт бидэнд 6 хүн хандсан, бүгд эмэгтэй. Бидний шалгуурыг нэг бүсгүй хангасан учраас бид одоо хөтөлбөрийнхөө дагуу энэ бүсгүйг бэлдээд, чадавхжуулаад, шинэ бүтээлийн портфолиотой болгохын тулд шинэ концепц, шинэ бүтээл хийхэд нь мэргэжлийн талаасаа дэмжээд, зөвлөөд явж байна. Сургаж байгаа хүнээ магтлаа гэж хэлж магадгүй гэхдээ л Монгол хэлийг маш сайн эзэмшсэн, Хятад хэлийг өндөр түвшинд сурсан, Англи хэлээ сайжруулж байгаа гэвэл яах вэ. Энэ залуу уран бүтээлчийн хувьд хүрэхгүй газар, хийхгүй бүтээл гэсэн хязгаар байхгүй. Тиймээс асуудлын үндэс нь, асуудлуудыг бий болгож, хөөргөж, галанд тос нэмж байгаа хүмүүс бол бид нар өөрсдөө, буруу төлөвшил, мэргэжлийн бус хандлагыг бид нар өөрсдөө л өөгшүүлж байгаа.

Эсээнийхээ эцэст нь би аливаа урлагийн салбарын суурь болж, хөгжлийнх нь гол хөдөлгүүр болж, чанар чансааг нь тодорхойлдог, ялгаж салгадаг мэргэжилтнүүд болох урлаг судлаач, шүүмжлэгч, кураторын тухай ярья гэж бодож байна. Өөрөөр хэлвэл, миний болон цөөхөн хэдэн хүмүүсийн “бядуу” тэмцлийн тухай. Энэ хэсэг хүний тэмцлийг анзаарч байгаа хүн цөөхөн, албаар анзаарахгүй байгаа нь арай олон байж магадгүй. “Урлаг судлаач”(Art Historian)-ийг Монголд бакалавр, магистрын түвшинд бэлтгэдэг. Харин “Урлаг шүүмжлэгч” (Art Critic) болон “Куратор” (Art Curator) гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлддэггүй ч хүмүүс “мэргэшээд” явж байгаа гэж тайлбарлаж болно. Энэ гурван мэргэжил, мэргэшилтэй хүмүүсийг идэвхтэй, санхүүтэй, хүчтэй, оюуны өндөр чадамжтай, хэд хэдэн хэлтэй болоод гараад ирэхийг энэ салбарыг underground буюу хууль бус хэлбэрээр явуулах гэж хүсээд байгаа хүмүүс хүсэхгүй байгаа. Энэ хүмүүсээс гадна энэ хөөсрөл нь өөрт нь ашигтай байгаа зарим уран бүтээлчид ч гэсэн далд эсэргүүцдэг нь ойлгомжтой. Сүүлдээ “миний бүтээл бол сайн болсон гэж бодож байна” гээд ширэн нүүрлээд, өөрийгөө магтаад, эсвэл олны танил болсон ч мэргэжлийн биш хүнээр магтуулаад зогсож байх нь цөөнгүй болжээ. Нөхцөл байдал одоо өнгөц биш бүр ялзралын түвшинд ойртож байгаагийн жишээ бол энэ. Эсээний 1-р хэсэгт дурдсан энэ “хуурамч тойрог”-ийг аль болох удаан, тогтвортой явуулах ашиг сонирхол маш хүчтэй байгаа учраас би болон цөөнх хүчин мөхөсдөж байна.

Дээрээс нь нэмээд, төр нь энэ тухай хайхрахгүй, элдэв эвент, нэг удаагийн арга хэмжээг хөөгөөд алга болдог тул, энэ гурван чиглэлээр мэргэжсэн, мэргэшсэн, цаг хугацаа, хүчин зүтгэлээ өгсөн 35-аас доош насны залуучууд, бүсгүйчүүдийг онцгойлон анхаарч, бусдын хараат биш, талхны мөнгөнд санаа зовохгүйгээр судалгаа хийх, бичвэр бичих, хэлэх үгээ чөлөөтэй хэлэх тэр орон зай боломжийг бий болгох нь дэндүү чухал болжээ. Гэхдээ “төрийн албан хаагч” болгоод, хөл, эрх чөлөө, сэтгэлгээг нь туших тухай яриагүйг энд ойлгоорой. Мөн их сургуулиад дээр байршуулах нь тийм оновчтой биш шийдэл гэдэг ойлгомжтой болоод байна. Яагаад гэвэл, их сургуулийн захиргаа, удирдлага намаас томилогддог болсон өнөө үед бас нөлөө нь байна гэсэн үг. Мөн уран бүтээлчид нь энэ ховор мэргэжилтнүүдээ дэмжиж, судалгаа хийлгүүлэх, бичвэр бичүүлэх, үзэсгэлэн дэглүүлэх, зөвлөгөө авах гэх мэтээр чадахаараа дэмждэг хэвшил рүү ормоор байна. Энэ асуудалд оновчтой шийдэл олж, ядахдаа дунд хугацаанд энэ гурван чиглэлийн мэргэжилтнүүдийг амьжиргаатай, очоод ажиллаад суух ширээтэй болгохгүй бол эхнээсээ мэргэжлээ солиод эхэлсэн, Солонгос явж ажиллаад эхэлсэн, оймс зараад эхэлсэн. Хайран их сургуульд суралцсан он жилүүд, номын санд суусан цаг хугацаа, эргэцүүлэл бясалгал хийсэн хөдөлмөр талаар хоцрох нь. Тэгэхээр энэ бол нэг талаасаа 20–30 хүний амьжиргааны асуудлын тухай яриа мэт боловч, нөгөө талаасаа Монголчууд бид нар соёл урлагийнхаа хөгжилд хийж байгаа урт удаан хугацааны хөрөнгө оруулалт бөгөөд ирэх 50 жилийн урлагийн хөгжлийг зөв, тэнцвэртэй, үнэн мөн чанартай байлгахад гол үүрэг гүйцэтгэх юм.

Энэ эсээг би төрийн аль нэг албан тушаал горилж, өөрийгөө дөвийлгөх гэж бичээгүй гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Хувь хүний түвшинд хар толгойгоо яаж ийгээд аваад явчих тэнхээ надад хангалттай байгаа. Зүгээр улс солиход л бүрэн шийдэгдэх асуудал. Монголын хөрсөн дээр буух гэж, Монголчуудаа нарийн ойлгох гэж, туслах гэж, дэмжих гэж, чадахаараа хувь нэмрээ оруулах гэж би илүү ирээдүйтэй саналуудаас татгалзан эх орондоо эргэн ирсэн билээ. Энэ эсээнд магадгүй би дэндүү олон зүйлийг хөндсөн байж мэднэ. Гэхдээ бугшсан идээг нэгмөсөн цэвэрлэж байж эдгэдэг. Идээ үлдвэл, ахиад үрэвсэнэ. Дахиад цаашаа 10 жил үргэлжилнэ. Тэр үед дэндүү оройтсон байх вий дээ гэсэн зовнилтойгоор дуусгая даа.

2020.12.22

Улаанбаатар хот, Монгол улс

@2020. Цэгмидийн Цэндпүрэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

--

--