МОНГОЛД УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ: ХУУРАМЧ ЭЛИТИЗМ, ХООСОН ДАГАН ДУУРАЙЛАЛ, БЯДУУ ТЭМЦЭЛ (1-р хэсэг)

DrTsegmid
Vanjil Art Institute
5 min readDec 15, 2020

Уран бүтээлч & Куратор Др.Ц.Цэндпүрэв

Хэрвээ урлаг “үнэн” юм бол, хэрвээ урлаг “хүний сэтгэлийн анхдагч илэрхийлэл” юм бол, “хүн урлаггүйгээр амьдарч чаддаггүй” юм бол Монголд яагаад урлагийн тухай ойлголт, үнэлэмж ийм хэмжээнд хүртэл тэг заасан юм бол гэж надад байнга бодогддог. Тэгэхээр урлагийн тухай ярихад, Монголыг “онцгойлж”, түүх, соёл, нийгмийн харилцааны онцлогууд, хүмүүсийн хэв шинжүүдийг хувь хүний identity буюу “ондоошил”, “өөрийншил”, “тодотгол”, “ялгарал” гэж олон үгээр орчуулах гэж оролдоод байгаа ойлголтыг зангидах хэрэгтэй болно. Жишээ нь Их Британид урлагийн тухай ярихдаа, Их Британи хүний identity-г заавал хамт яриад байдаггүй, үндэсний хэв маяг, үнэт зүйл, түүх соёл гэсэн холбоосуудыг хүчээр уялдуулах гэж оролдох нь маш ховор. Харин Монголд урлаг заавал Монголын түүх, соёл, Монгол хүний гэсэн үндэсний тодотгол дээр суурилж байх ёстой гэсэн туйлшрал газар авсан. Монголын урлаг Монголын хилийг давахдаа тухайн бүтээлийн өөрт агуулагдаж буй чанар чансаа, ач холбогдол, концепц биш “Монголын” гэдэг шошгоор явдаг учраас хаана ч, хэзээ ч тийм чухлаар тавигдаж, дэлхий даяар шагшигдаж байгаагүй. Өндөр Гэгээн Занабазарын (1635–1723) болон түүний сургуулийн бүтээлүүдийг эс тооцвол, Монголын дүрслэх урлагийн сүүлийн 100 жилд хийгдсэн модерн болон контемпорэри урлагийн чиглэлийн ямар ч бүтээл дэлхийн хоёр том дуудлага худалдааны байгууллага болох Sotheby’s (Since 1744) болон Christie’s (Since 1766)-д орж байгаагүй. Ойролцоогоор 6 жилийн өмнө, нэгэн их сургуулийн ЭШХ дээр “Монголын нэг ч орчин үеийн уран бүтээлчийг дэлхийд танихгүй” гэж би хэлснийхээ төлөө ахмад уран бүтээлчид, багш нараас багагүй шүүмжлэлийн үг сонсоод өнгөрсөн. Тэр үед ч гэсэн “Хэв шинжит Монгол хүн үнэнтэй тулах дургүй, чаддаггүй, хүлээж авдаггүй” гэдгийг яв цав ойлгож байсан учраас би сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Харин одоо бараг 8 жилийн дараа тэр мэдлэг маань зүгээр л “хүн бол мөнх биш” гэдэг шиг амьдралын үнэн болж хувирсан. Тиймээс энэ эсээгээ гурван үндсэн хэсэгт хуваагаад үргэлжлүүлье гэж мунхаг би шийдлээ.

ХУУРАМЧ ЭЛИТИЗМ

Урлаг бол цөөнх ойлгодог, таашаадаг, өөрийн болгож чаддаг гэж үздэг үзлийг урлагийн жинхэнэ элитүүд биш хуурамч элитүүд бий болгодог. Та тэднийг ялгах аргагүй ээ. Тэд яг л сармагчин шиг Фейсбукийн постноос уншсан, зурагтаар хальт үзсэн, Инстагаас харсан “элит” гэдэг өнгөцхөн ойлголтоо өөртөө “зодож” шингээх гэж ядсан нэг хэсэг. Харин эсрэгээрээ зэрлэг капитализм ноёлсон энэ нийгэмд, жинхэнэ элитүүд танд үнэхээр бядуу амьтад шиг харагдана. Та тэднийг олж харахгүй.

Гэрэл зургийг Ц.Цэндпүрэв, 2020.12.16

Харин хуурамч элитүүд том ярина, гадаад үг их ашиглана, “урлагийг ойлгодог” гэдгээ батлах гэж дэндүү хичээнэ. Зарим нь галерей юм уу, урлагтай холбоотой ТББ байгуулж, өөрсдийгөө олны нүдэнд “өргөхийг” оролдоно. Гэхдээ тэд хэзээ нэгэн цагт өөрийнхөө үнэн нүүр царайг нөгөө туслах гээд, дэмжих гээд байгаа хүмүүстээ гаргана. “Би хэдэн зураачдад л туслах гээд байгаа шүү дээ” гэж шүдээ ярзайлган инээнэ. Тийм мэт хөгийн царайг нь дэндүү олон удаа Монголд харсан. Цаагуураа уран бүтээлчдийг дарамтална, шантаажлана, хүрээлэлдээ багтаасан гэдгээ байнга сануулна, ивээлээ хүртээж байгаа гэдгээ ялзарсан феодал шиг ярьсаар нэг л мэдэхэд хамаарал үүсгэнэ. Тэр хүнтэй битгий харьц, муу нөлөөнд нь орчихвий гэж хойд эхийн сайхан сэтгэл гаргана. Угтаа бол миний хэлснээр хийхгүй бол гэж хөмхийгөө зууж байгаа нь тэр. Аман дээрээ “Монголын урлагийг аварч байгаа, бид байхгүй байсан бол яах уу, уран бүтээлчдийн амьдрал бас л хэцүү байна шүү дээ” матрын нулимс унагаан уянгална. Гэхдээ энэ хуурамч элитүүдийн “туслаад”, “өргөөд”, “дэмжээд” байгаа уран бүтээлчдийн амьдрал нэг их дээшилж шалихгүй.

“Уран бүтээлчид чинь сэтгэлээрээ шүү дээ” гэж ёгтлон даапаална тэгснээ оюунаа чилээж хийсэн бүтээлийг нь халтар хэдэн төгрөгөөр “бэлэн”-ээр авна. Ямар ч баримт үлдээхгүйгээр, гэрээгүйгээр, авсан өгсөн гэсэн ч гарын үсэггүйгээр бүтээлийг нь авна. Урлагт дуртайдаа аваад байгаа юу гэвэл үгүй. Хэд нугалж ашиг олно гэж бодно. Ашиг олохыг нь би эсэргүүцэхгүй ч, харин ашиг олох гэж хийж байгаа үйлдэлд нь, хэлбэрт нь, сэдэлд нь ёс зүйн үнэр байхгүй байгаад эгдүүцдэг. Хэрвээ жаахан ч гэсэн урлагаас ашиг олох талаар мэдлэг байсан бол, бүтээл дээрх гарын үсэг хангалтгүй гэдгийг мэдэх байлаа. Монголоос гадагшаа гаргаж, дээр дурдсан дэлхийн нэр хүндтэй дуудлага худалдаанд оролцуулья гэхэд artwork provenance буюу бүтээлийн шилжилт, хөдөлгөөний түүхийг ямар ч он цагийн зай байхгүйгээр, нэгд нэгэнгүй бүртгэж, баталгаажуулж, тэмдэглэж, бүтээл бий болсон цагаас хэдэн хүний гар дамжсан, хэдэн байршил сольсон, ямар үнээр авсан, ямар арга замаар эзэмшигчид очсон гэдэг цогц мэдээлэлтэй байх ёстой бөгөөд тухайн дуудлага худалдааны байгууллагын мэргэшсэн баг тэр мэдээллийг шалгаж, тулгаж, мөрдлөгийн ажлыг заавал хийдэг гэдгийг мэдэх байсан биз. Тэгээд ямар нэг сэжигтэй зүйл гарвал, дуудлага худалдаанд оролцуулдаггүй.

Хэдэн тэрбумын бизнес эрхэлдэг байж бас зохиогчийн эрхийн хуулийг мэдэхгүй юм шиг жүжиглэнэ. “Өө би худалдаад авсан юм чинь, минийх л гэж бодсон шүү дээ”. Зохиогчийн эрх өөрөө биет бүтээлээс ангид эрх зүйн ойлголт бөгөөд зохиогч нь бүтээлээ зохиогчийн эрхийн хамт худалдаагүй, бэлэглээгүй бол худалдан авагч буюу эзэмшигч зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд, хувийн орчинд ашиглах, хүсвэл худалдах эрхтэй юм. Харин тухайн бүтээлийг зохиогчийн тусдаа зөвшөөрөлгүйгээр дахин хувилах, хэвлэх, дүр дүрслэлийг байгууллагынхаа логонд ашиглах эрх байхгүй билээ.

Хуурамч элитүүд Монголын соёл урлагийн салбарт аль хэдийнээ ноёрхлоо тогтоосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол би бас хэв шинжит Монгол хүн болж хувирна. Үнэнийг хэлж чадахгүй хулчийдаг бол үнэний тухай бичих нь огт утгагүй үйлдэл болно. Энэ хуурамч элитүүд гэр орон, байгууллага, агуулахаараа дүүрэн цуглуулгатай. Өнөөг хүртэл Монголд урлагийн бүтээлийг “бодитой үнэлж чадахгүй байгаа” учраас тэр хэдэн арван мянгаараа ямар ч албан ёсны даатгалгүй, үхмэл хөрөнгө болж хадгалагдана. Зарим “самбаатай” уран бүтээлчид энэ хуурамч элитүүдийн мөн чанарыг мэддэг тул, муухан бүтээлээ “хөөргөдөж, хөөсрүүлж” зарна. Хуурамч элитүүд маань үнэхээр сайн бүтээлийг жорлонгийн цаасны үнээр худалдаж авч байхад, заримдаа ирээдүйдээ үнэлгээ нь цаг цагаар унах чансаа муутай бүтээлийг машины үнээр худалдаж авч сохор номин шиг аашилна. Тэдний худалдан авалт нь мэргэжлийн хүний зөвлөгөөг дагаж биш, энэ гавьяатынх, тэр хүний хүүхэд, тэр нутгийн дошны найз, зурагтаар гарсан хүн, Инстагийн од, гоё өнгөтэй гэх мэт ядуухан шалгуураар явагдана. Нэг үгээр хэлвэл, энэ бол хуурамч процесс. Бодит гэхдээ хуурамч. Харин ихэнх хөгжилтэй орнуудын хувьд art philanthropist буюу “урлагийг хөхүүлэн дэмжигч” (Цаашид УХД) гэдэг нэршил бол хуурамч биш, тэр хүний бахархал, сэтгэлийн дуудлага, нэр хүндийн баталгаа байдаг. Жинхэнэ УХД бол тухайн уран бүтээлч болон бүтээлчдийг удаан хугацаанд, талхны мөнгөний тухай санаа зовохгүй байлгахын тулд “сэтгэл” гаргаж зүтгэдэг хүмүүсийг хэлдэг. Голчлон, бусад бизнесээс орлогоо олдог тул, арт дилер хийх гэхээсээ илүү уран бүтээлчийг дэмжих гэдэг чин хүсэлтэй. Урлагийг “ашиглах” гэхээсээ илүү урлагийн хөгжлийн урсгалыг “амьд” байлгах, сайн уран бүтээлчийг дэмжих, сайн бүтээл хийлгэх гэсэн зорилготой. Тийм УХД-ын соёл Монголд огт байхгүй учраас уран бүтээлчид “дэмжлэг”-ийн оронд нь “өр төлөх” ёстой юм шиг байдалд ордог. Ялангуяа эмэгтэй уран бүтээлчдийн хувьд бол бас бэлгийн дарамтанд өртөх эрсдэл ихтэй байдаг нь нуугаад байх зүйл биш юм. Үүнтэй болон бусад жендерийн асуудлуудтай холбоотойгоор Монголд эмэгтэй уран бүтээлчид эрэгтэй уран бүтээлчдээс бага орлоготой байдаг. Худалдааны явц албан бус явах нь түгээмэл тул, “нэг сайхан суугаад хоёр пиво уух” бол энүүхэндээ гэж хэлэхэд хамгийн сонгодог загвар. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нөхөртэй эмэгтэй уран бүтээлч тэгээд явах боломж бололцоо хэр байдаг бол.

Тэгэхээр энэ хуурамч тойрог хэнд хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ цөөнхөд “ашигтай” байгаад байгаа, “цөөнхийн” Эго-г тэжээгээд байгаа энэ гинжин хэлхээсийг хэдэн талаас нь бат гагнаад байгаа хүмүүс нь хуурамч элитүүд. Энэ дунд дүрслэх урлаг судлал, шүүмж, суурь судалгаа, бүтээлийн бодит үнэлгээ, мэргэжлийн үнэлэмж, салбарын хамтын ажиллагаа гээд дүрслэх урлагийн салбарын үндсэн эрэг шураг болсон хэсгүүд хар нүх рүү хаягдаад удаж байна.

1-р хэсэг. Үргэлжлэл бий.

2-р хэсгийг эндээс уншина уу.

3-р хэсгийг эндээс уншина уу.

2020.12.15

Улаанбаатар хот, Монгол улс

@2020. Цэгмидийн Цэндпүрэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

--

--