Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн “Seed Awards 2021” шагналын эздийн нэгээр залуу уран бүтээлч Ц.Анударь шалгарчээ!
Ванжил Арт Институт нь 2013 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш, Монголын залуу уран бүтээлчид, урлаг судлаачид, кураторууд болон оюутнуудын контемпорэри урлагийн тухай мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, чадавхжуулах ажлыг тууштай хийж ирсэн билээ. Энэ төрлийн үйл ажиллагаа нь бусдад ил харагдах зүйл бага, тодорхой үр дүн гарахад их хугацаа шаардлагатай байдаг бөгөөд хэд хоноод Фейсбук дээр пост хийгээд байх боломжгүй юм. Яагаад бид ийм замыг сонгосон вэ? Яагаад гэвэл, сэтгэлгээний өөрчлөлтийг хийхгүйгээр урлагт дорвитой хөгжил авчирах боломж маруухан гэдэг нь сүүлийн 500 жилийн урлагийн түүхийн замналыг харахад дэндүү ойлгомжтой байсан учраас ингэж шийдсэн юм. Нэг талаараа манайхаас сургалт, зөвлөгөө авсан хүмүүсээс хэн нэг нь, хэзээ нэгэн цагт олон улсад бодитой амжилт гаргана гэсэн итгэлтэйгээр бид ажлаа хийдэг гэсэн үг. Нөгөө талаараа, энэ нь хэдхэн хоногт үр дүн гаргахыг шаарддаг өнөөгийн хурдтай нийгмийн зүй тогтлын эсрэг гэмээр хачирхалтай үйл ажиллагаа мэт боловч, хэдэн жил болоод нэг жинтэй үр дүн гараад байхад бидний хувьд сэтгэл хангалуун байх болно.
Энэ удаад бид манай ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж, “контемпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага”-аар мэргэшиж байгаа залуу уран бүтээлч, загвар зохион бүтээгч, залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөөх активист Цолмонгийн Анударийг онцолж байна. Тэрээр “China Academy of Art”-ийг Загвар зохион бүтээгчээр төгссөн, суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил (2014-2018) дараалан шалгарч байсан бөгөөд, 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдаж оролцож байсан. Анударь нь 2020 оны 9-р сараас эхлэн мэргэжлийн шилжилт хийж эхэлсэн ба цаашид контемпорэри урлагийн уран бүтээлчээр олон улсад сурч, ажиллахаар шийдэж, зорилгодоо хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа Монголын шинэ үеийн төлөөлөл билээ.
Өчигдөр бид Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн албан ёсны цахим хуудаснаас “Seed Awards 2021”-ийн шагналын эздийн нэгээр Анударь маань шалгарсан гэдгийг олж мэдээд, түүнд баяр хүргэхээр энэ нийтлэлийг бичихээр шийдсэн юм.
Тус сангийн “Seed Awards 2021” нь карьерийн эхний 5 жилдээ явж буй, дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгаа зэрэг нийт 15 салбарт ажиллаж байгаа, дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны томоохон бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой, олон улсын чанартай шагнал юм. Одоогийн байдлаар, Анударь анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар ажиллаж байгаа бөгөөд түүний үзэсгэлэн нь олон нийтийн оролцоот, залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн, урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх зорилготой, сонирхолтой арт төсөл гэдгийг та бүхэнтэй хуваалцахад таатай байна.
Энэ дашрамд, Анударийн Монгол дахь анхны перформанс бүтээл болох “5 км” (2021)-ийн бүтээлч багт орж ажилласан Noise Art Media-ийн гэрэл зурагчин, уран бүтээлч багш Д.Давааням болон гэрэл зурагчин, уран бүтээлч Д.Гэрэлцэцэг нартаа баярласан талархсанаа илэрхийлье!
Мөн Ванжил Арт Институтын зүгээс өргөдлийг нь дэмжсэн гэрэл зурагчин Б.Инжинаашд Монгол улсаас шалгарсан хоёр залуу уран бүтээлчийн нэг болсонд баяр хүргэе!
Та бүхэнд олон улсын тавцанд Монголынхоо нэрийг гарган, дэлхийн шилдэг залуу уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн алхах боломжтой болсонд халуун баяр хүргэе!
Манай байгууллагын мэдээллийг та доорх холбоосоос авна уу.