Улаан эргүүлэг
Урлаг судлаач О.Болор-Эрдэнэ
Ийм нэг үзэсгэлэн гарах тухай хальтхан сонсоод өнгөрсөн би тийм ч их анхаарал хандуулаагүй байв. Харин үзэсгэлэн нээх тухай ярианы хажуугаар хэн бүхний хайсан бүхнээ олдог, түм бужигнасан Hарантуул зах дээр нэг хэсэг нь олон нийтэд хүрэхээр болсныг сонсоод их л содон, чихэнд чимэгтэй сонсогдох нь тэр.
Сэдэв, санааны талаар дурдах төдий сонссон надад уламжлалт маягтай төсөөлөл бууж байлаа. Цагаан сарын өмнөх ид үймээн дунд Нарантуул захын ажилчид, аж ахуй эрхлэгчид, үйлчлүүлэгчид гээд тэр олон хүн ийм контемпорэри үзэсгэлэн үзээд ямар хариу үйлдэл үзүүлэх нь их л сонин санагдахаас гадна урьд өмнө ийм урлагийн үйл хэрэг энэ түм бужигнасан зах дээр болж байсан үгүйг мэдэхгүй тул зүгээр л тэнд, тэр байршлыг сонгоод, ажил болгоод, тэр хүмүүст тайлбаргүй юу нь мэдэгдэхгүй нэг “зүйл”-ийг аваачиж тавиад нээлттэй харуулж байгаа эл үйлдэл нь миний сонирхлыг татаж, хорхойг хүргэсэн юм.
Товлосон цагаасаа жаахан хоцорч очоод Нарантуул захын урд хаалгаар орж одов. Тэнд ердөө ганцхан улаан “биет” байлаа. Тиймээ энэ л нөгөө инстолляци маань байх нь гэж бодон инстолляцийн нэг талаас орлоо. Төөрдөг байшингийн нэг өрөө л гэсэн үг. Яг л хүүхдийн эргэдэг гулсууран дээр гулсаж байгаа юм шиг эргүүлгэнд ороод явчихлаа. Тэр эргүүлгэн дунд ороод тал талаас цоо ширтэх толинд өөрийгөө харан бүтэн бүтэн эргэж эргэлдсээр нөгөө талд гарч ирэв. Юу юугүй эргэлдээд гараад ирсэн болохоор яг юу болоод өнгөрснийг ойлгох гэж хичээхчээ аядан буцаад оров. Буцаж ороод өөдөөс яг над шиг эргэлдэн гүйсээр гарч ирэх хоёр жаахан охинтой таарав. Тэр хоёрын инээд нэгийг хэлэх шиг. Цааш алхаад дахиад оюутан насны бололтой хоёр охинтой таарав. Тэд мөн л инээлдсээр, хоорондоо ярилцан зөрлөө. Нэг тийм баяртай мэдрэмж төрөв. Тиймээ тэр яг анх энэ үзэсгэлэн нарантуул зах дээр дэлгэгдэнэ гэхэд л надад төрсөн тэр нууцхан мэдрэмж гэхээс илүү хүсэл байсан байж. Энэ үзэсгэлэн энд дэлгэгдэнэ гэхэд би урлаг судлаачийн хувьд ийм мэдрэмжийг хүлээсэн бололтой. Урлагаар, урлагаас авах мэдрэмжээр дутагдаж буйгаа мэдэхгүй ч ямар нэг урлагийн бүтээлийг харуулахад сониучирхан харах тэр агшин, тэр ойлгомжгүй мэдрэмж нь тэднийг өөртөө асуулт тавихад, асуултаасаа цааш ургуулан өөр ертөнц рүү тэмүүлэх хүслийг нь өдөөдөг гэж итгэдэгийнх биз.
Тэндээс гараад холоос ажиглаж хэсэг зогсов. Цагаан сарын идээ будаагаа бэлдэхээр яарсан хүмүүс сүлжилдэнэ. Яаран зөрж явсан хүмүүс сониуч зандаа ч юм уу, зүгээр нүдэнд нь туссан болохор ч юм уу эргэн харж, сониучирхана. Зарим нь дундуур нь ороод гарна. Настай ээжийгээ даган яваа хүү тийш орохыг хүсэн тийш зүглэсэн боловч ээж нь хүүг татан эргүүлж, үглэсээр чирэн одов. Энэ мөч хүүгийн өмнөөс харамсмаар ч юм шиг мэдрэмж төрүүлэх… Бас нэг хорь орчим насны залуу хүү тамхиа соронгоо эргэн тойрон харж явснаа толины өмнө очоод нэлээн удаан толинд тусах өөрийгөө болон тамхины утаа амьсгал хоёр нь агаарт уусан одохыг харан зогсохыг ажиглах их л таатай санагдав. Яруу найрагчдын тамхиныхаа утааг яг ингэж үлээн бодлогоширон суухыг харах дуртай болоод ч тэр юм уу, сонин дүр зураг байлаа.
Эцэст нь энд байгаа “биет”-ийн хоёр зүйл тэдний сонирхлыг татаж байв.
Нэг: Юу нь үл мэдэгдэх улаан дугуй “биет”, яг яах гэж энд байрлуулсан нь сонирхолтой. Ямар нэг юманд хэрэглэх, ашиглагдах ёстой гэсэн хандлагаар эргэж тойрч харна.
Хоёр: Эргэж тойрч харж яваад тойруулж өлгөсөн толинд өөрийгөө харна. Цааш эргээд дахиад харна. Цааш тойрог руу ороод бүр хэдэн талаасаа өөрийгөө харна. Эхлээд царай төрх нь аятайхан байгаа эсэхийг харна, тэгээд хувцасаа зохистой байгаа эсэхийг харна, цааш алхаад нээрээ яагаад ийм олон толь байгааг, толинд туссан өөрийнхөө талаар бодолхийлнэ. Энэ л энэ инстолляцийн зорилго нь.
Энэ эхлэл шинэлэг байлаа. Тэр анхаарлыг татаж чадлаа, зөрж өнгөрсөн нэгэнд Яагаад? гэсэн бодол төрүүлж, мэдрэмж үлдээж чадлаа. Бүтэн үзэсгэлэн нь илүү гайхалтай байна гэж өөртөө хэлээд төгсгөе.
Энд зөвхөн Нарантуул зах дээр дэглэсэн үзэсгэлэнгийн нэг хэсгээс үлдсэн сэтгэгдлээ сийрүүлэхийг хичээлээ. Уран бүтээлчийн талаар болон бүтэн үзэсгэлэнгийн талаар үзэсгэлэн гарсны дараа өгүүлсү.