“Шидэт Хайрцаг”-т юу байгаа бол?

Допамин, хоёрдмол болон хөндүүр төлвүүд

DrTsegmid
Vanjil Art Institute
6 min readMar 20, 2024

--

Кураторын эсээг Др.Ц.Цэндпүрэв

Олон талт, нийлмэл шинжтэй “Шидэт хайрцаг” үзэсгэлэн бол О.Золбоотөгөлдөрийн хүмүүний эмзэг чанарын тухай тасралтгүй хийсэн бүтээлч эрэл хайгуулын үр дүнд бий болсон бүтээлийн цуглабар юм.

Энэ үзэсгэлэнд уран бүтээлч нь допамин ба түүний хүний оюун, зан үйлдэл, бие махбодид үзүүлэх нөлөөлөл дээр төвлөрсөн байна. Тэрээр голчлон янз бүрийн сэтгэл хөдлөлийн төлөвт байгаа эмэгтэйчүүдийг дүрсэлсэн уран зураг болон зураасан зургуудаар дамжуулан, “таашаалын мэдрэмж үүсгэгч” буюу тархины урамшууллын төвтэй холбоотой мэдрэл дамжуулагчдын нэг допамины өсөлт, уналтаас хамааран бий болдог донтолт, сэтгэл гутрал, хэлбэлзлийн мөчлөгүүдийг илэрхийлэхийг зорьжээ.

Уран бүтээлчийн сэтгэл гутралтайгаа хийж байгаа байнгын тэмцэл нь үзэсгэлэнгийн суурь болж өгч байгаа бөгөөд тэрээр энэ хувийн туршлагаа бүтээлүүддээ тусгасан байна. Түүний бүтээлүүдийн гол дүрүүд нь нөхцөл байдлаа гүнзгий эргэцүүлэн шинжилсэн, дотоод зөрчилдөөнтэй харагдана. Үзэсгэлэнгийн гол сэдэв нь хүн допаминыг хүсэн байж хайн олохын зэрэгцээ түүнтэй дагалдан ирдэг тэр онцгүй мэдрэмж буюу хөндүүртэй төлвийн зөрчилдөөнт байдлын тухай юм. Бидэнд допамин таашаалтай мэдрэмж өгдөг. Бид допаминаар дутагдаж болохгүй, бас илүүдэл болвол өөрсдийгөө хянах боломжгүй болно. Тэгэхээр бид үүнд хэрхэн хандах вэ, хэрхэн зохицуулах вэ, болдог бол яаж тэнцвэржүүлэх вэ?

Золбоотөгөлдөр энэ тухай хэлэхдээ:

Бидний өдөр тутамд хийгддэг ихэнх таашаалтай үйлдлүүд сэтгэлзүйг хөөргөх, тааламжтай байлгах, амьтны зөнг өдөөх үйлдлүүд байдаг. Эдгээр үйлдлүүд нь өнөөгийн нийгэмд маш соёлтойгоор харагддаг. Найзуудаараа ууж суух, хоолны бичлэг үзэх, контент бүтээх, гоо сайхан, баян чинээлэг харагдах г.м. Харагдах байдлын сайхнаас цааш харвал бүгд сэтгэлзүйн илүүрхэл болон дутуу байдал дээр үүсэж үүнийгээ эндорфин, допаминаа ялгаруулах замаар олж авч нөхдөг. Яг эдгээр сэтгэлзүйн дутуугаа нөхөх гэсэн, өөрийгөө тааламжтайгаар мэдрэх гэсэн хүслүүд тогтворгүй бөгөөд үргэлж хариу цохилттой байгаа нь анзаарагдахын зэрэгцээ үүн дээр тулгуурласан бизнесүүд маш их байдаг.

Уран бүтээлч нь байнга хоёрдмол төлөвтэй. Нэг талаараа тэрээр хүний биед оршигч олон химийн бодисуудын хэлбэлзлээс үүдэлтэй бүх мэдрэмжийг тээгч юм. Нөгөөтэйгүүр, тэрээр оюун ухаандаа юу болж байгааг шүүмжит сэтгэлгээгээр тэнцвэртэйгээр дүгнэж, тэдгээрийн утга учрыг ялган салгаж, тодорхойлсноо бүтээлдээ тусгах хэрэгтэй. Түүний сэтгэл хөдлөлд суурилсан оюун ба шүүмжит оюуны хоорондох эдгээр хурцадмал, зөрчилтэй байдал нь “Бүрэлдэх тогтолцоо” (2024), “Допамины уналт I” (2022), “Допамины уналт II” (2023) and “Сонголт” (2024) бүтээлүүдэд илүү тодорхой харагдаж байна.

Зураг 1. “Бүрэлдэх тогтолцоо” (2024), 100 смx 80см, зотон тос. Байршил: Уран бүтээлчийн урлан

“Бүрэлдэх тогтолцоо” (2024) бүтээлд та янз бүрийн үйлдэл хийгээд зэрэгцэн зогсож буй гурван залуу эмэгтэйг харах бөгөөд тэдний гадаад төрх нь хачирхалтай төстэй. Тийм ээ, үнэхээр тэд нэг хүний гурван хувилбар буюу бүрэлдэхүүн хэсгүүд юм. Эдгээр эмэгтэйчүүд нь тайван байдалтай боловч сэтгэл хөдлөлийн хувьд үл ажиглагдам маш бага ялгаатай илэрхийлэлтэй. Хүн олон “дүр”-тэй (жишээ нь, уран бүтээлчийн хувьд эмэгтэй хүн, эхнэр, ээж, эгч, найз, уран бүтээлч, хамтрагч г.м олон дүртэй байдлаар нийгэмд оршиж ирсэн) байх нь түгээмэл бөгөөд бид энэ олон бөмбөгийг унагахгүйн тулд дүр бүрээ өвөрмөц байдлаар бүтээхийг хичээж амьдардаг билээ.

Зураг 2. Шидэт хайрцаг (2023), 60 см х 40 см 60 см, тос зотон, холимог техник. Зураг 3. “Тиффани дахь өглөөний цай” (1961) киноны гол дүр Одри Хепбёрн (1961), © 1961 Paramount — Зургийн зохиогчийн эрх mptvimages.com. Эх сурвалж: www.imdb.com/title/tt0054698/mediaviewer/rm1987876864/.

“Шидэт хайрцаг” (2023) бүтээлд та нэг нүдээ аниад соруулаар ундаалж буй загварлаг залуу эмэгтэйг харж байна. Мөн энэ бүсгүй энд тэндээс олж, хайчилж наасан нүд, бие, нүүр, гавлын ясны дүрсүүдээр чимэглэсэн хиймэл хүн-робот байж бас болно. Гэсэн хэдий ч бүсгүй “Тиффани дахь өглөөний цай” (1961) киноны гол дүрийн Одри Хепбёрний алдартай гэрэл зургийн тусгал шиг хоёр гараа донжтой байрлуулж “гоё, сайхан” харагдаж чадсан байгаа ч, нилээд ээдрээтэй хувилбар болжээ.

Эцсийн дүндээ энэ гадаад үзэмжинд донтсон нийгэмд оршихын гол утга учир нь “гоё, сайхан” харагдах биш гэж үү? Бидэнд харагдаж буй арьсны цаана юу болж байгаа нь хамаагүй, тэр хүний сэтгэл хэдэн хэсэг болж сэмэрч байсан ч арьс нь өөгүй харагдах ёстой мэт.

Зураг 4. Уран бүтээлч ээж С.Одхүүтэй хамт, Хутаг-Өндөр сум, Булган аймаг, Монгол Улс, 1993. Зураг 5. С.Одхүү И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи (1975–1980) дээр, Санкт-Петрбург хот. Уран бүтээлчийн хувийн цуглуулгаас.

Золбоотөгөлдөрийн уран бүтээлч болох зам түүний ээж С.Одхүүгээс (1956–2009) эхэлсэн гэж хэлж болох юм. С.Одхүү нь Монгол улсын Дүрслэх урлагийн дунд сургуульд График урлаг (1972–1974), дараа нь ОХУ-ын Санкт-Петербургийн И.Е Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид (1975–1980) Дүрслэх урлагийн түүхийн чиглэлээр тус тус суралцсан зураач, урлаг судлаач, зургийн багш хүн байсан билээ.

Түүний дурсан ярьснаар, ээж нь орос ардын үлгэр ярьж, зурж бүтээж, зургийн дугуйлангаар дамжуулан хүүхдүүдэд хичээл зааж, ирээдүйн зураачдыг бэлтгэдэг байжээ. С.Одхүү охиныхоо оюуны царааг тэлэхийн тулд нийслэлээс 500 км-ийн зайд амьдардаг байсан ч үзэсгэлэн, музей үзүүлэхээр төв газар луу дагуулж явдаг байжээ.

Золбоотөгөлдөр Дүрслэх урлагийн дээд сургуулийг монгол зургаар (2005–2010, Дүрслэх урлагийн бакалавр) мэргэшин төгссөн бөгөөд дараа нь Польшийн Николай Коперникийн их сургуулийн Дүрслэх урлаг, засварын сургуульд (2010–2012) суралцсан туршлагатай. Тэрээр хоёр жилийн хугацаанд хими, дэлхийн урлагийн түүх, материал судлал, уран зураг, зураасан зураг, керамик, уран баримал, Польшийн урлагийн түүхийн хичээлүүдийг судалжээ. Түүний хэлснээр, Польшид суралцсан туршлагаас улбаалж зургийнх нь хэв маяг өөрчлөгдөж, монгол зургийн гол ялгагдах шинж тэмдгүүдийн нэг болох зураасыг онцлохоо больсон байна.

Үүнээс гадна түүний уран бүтээлд Персийн миниатюр зураг, Японы график урлаг, Иерономус Бош (1450–1516, Нидерланд), Зденек Жанда (1953, Чех), Здзислав Бексиснки (1929–2005, Польш), Кшиштоф Хексел (1982, Польш), Цагаандарийн Энхжаргал (1960, Монгол), Жанатхааны Ойлан (1971, Монгол), Мауришио Каталан (1960, Итали), Баатарзоригийн Батжаргал (1983, Монгол), Яёи Кусама (1929, Япон), Йоко Оно (1933, Япон) зэрэг дүрслэх урлагийн төрөл зүйл, уран бүтээлчид нөлөөлж ирснийг энд дурдах нь зөв гэж бодож байна.

Золбоотөгөлдөр 2023 оны 11-р сард намайг үзэсгэлэн бүтээх төсөлд куратороор ажиллахыг урьсан билээ. Тухайн үед үзэсгэлэн сүүлийн шатандаа ойртсон, ихэнх бүтээлүүд дууссан байсан. Миний гол үүрэг бол үзэсгэлэнгийн концепц утга санааг олон нийтэд ойлгомжтой болгон задлан тайлах, үзэсгэлэнгийн дэглэлт дизайн хийх явцыг дэмжих, кураторын эсээг бичих зэрэг байв. Энэ хугацаанд бидний хамтын ажиллагаа нь бүтээлч хамтын ажиллагаа болон хувирч, бие биенээ нухацтай сонсож эхэлсэн бөгөөд уран бүтээлч нь миний санаа оноог тусган авч, ажил хэрэг болгож эхэлсэн гэдгийг онцлох нь зүйтэй. Золбоотөгөлдөр миний санал, шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч, богино хугацаанд өөрчлөгдөн хувьсаж чадаж байсан нь “Сэтгэл гутралын өдрийн тэмдэглэл” (2024) цувралыг бүтээхэд түүнд түлхэц болсон гэж бодож байна.

Зураг 6, 7. “Сэтгэл гутралын өдрийн тэмдэглэл” (2024), дижитал зураг

Энэ тухай зураач надтай “Би энэ цувралыг зурахаа зогсож чадахгүй байгаа. Би бүр ингэж зурж чадсандаа хүртэл гайхаж байна” гэж сэтгэл догдлон надтай хуваалцсан юм. Энэ нь түүний сэтгэлийн хөдөлгөөнөө даван туулж чаддаг, тухайн нөхцөл байдалд бууж өгөхгүй зөрүүд байх чадвартайг харуулж байна гэж бодож байна. Түүний хувьд урлаг бол догшин харанхуй далайн эрэг дээрх гэрэлт цамхаг юм. Амьдралд нь юу ч тохиолдсон тэрээр эр зориг, итгэл найдвар, уран бүтээлээ үргэлжлүүлэх хүслийг урлагаас хайж олдог.

Яг одоо бол түүний уран бүтээлийн чиглэл нь өнгөрсөн, одоо, ирээдүйн огтлолцол дээр байна. Энэ үзэсгэлэн нь өөрийн гэсэн үнэн дуу хоолойгоо олохыг хичээж буй уран бүтээлчийн хувьд зөвшөөрөгдөх түвшний хаос, зөрчилдөөн, тодорхойгүй байдлыг агуулж байгааг та бас анзаарах болно. Бүтээх үйл явц нь түүний хувьд сэтгэл засал болон өөрийгөө нээх нэг хэлбэр болдог бөгөөд өнгөрсний дөнгөөс салж, амьдралын утга учрыг дахин өөртөө нээж, ирээдүйгээ харах боломжийг олгодог.

“Шидэт хайрцаг”-т юу байгаа бол гэж та дахин асууж магадгүй. Та ирээд үз, тэгээд өөрийн шидэт хайрцгаа ашиглан нээгээрэй!

Др. Ц.Цэндпүрэв

Үзэсгэлэнгийн куратор

2024.03.20

Мюнстер хот, ХБНГУ

©2024, Цэгмидийн Цэндпүрэв.

--

--