Шүрэнцэцэгийн уран бүтээл дэх эмэгтэйлэг тэсвэр хатуужлын хэлбэрүүд: Өөрийн дотоод “Би”-гийн бүрэн хүч чадлыг зурах үйлдлээр дамжуулан эргүүлэн олж авах нь

DrTsegmid
Vanjil Art Institute
6 min readMay 28, 2023

Кураторын эсээг Др.Ц.Цэндпүрэв

Зураг 1. “Байгалийн нэг хэсэг ”, 80 см х 100 см, зотон тос, 2022 он. Одоогийн байршил: Зураачийн урлан.

Нас бие гүйцсэн эмэгтэй ваннд хэвтэн алжаалаа тайлж байгаа зураглал нь амьдралын хамгийн нууцлаг мөчүүдийн нэг. Тэр нүцгэн, тайван, хэн гэдэг нь үл мэдэгдэнэ. Та плитаны хүйтнийг бараг мэдэрч, ванны усны температур нь нь алжаал тайлахаар түвшинд байгаа эсэхэд санаа зовохоор. Бид мэдэхгүй. Эмэгтэйн бие болон плита дээр хэдэн навч зуржээ. Гүн ногоон, цэнхэр, хар хөх, цайвар ногоон өнгөнүүдийг чадварлаг холин ашиглаж, нэмэлт дүрслэлүүд байхгүйгээр шийдсэн нь бүтээлийн оньсого мэт дүр төрхийг бий болгоно. Зураач бидэнд эмэгтэйн царай, арьсны өнгө, үндэс угсаа болон түүнийг тодорхойлж болох мэдээллийг өгөхөөс татгалзсан нь тэр эмэгтэйн нөхцөл байдлыг ойлгоход албаар түвэгтэй болгож байгаа мэт.

Энэхүү бүтээл нь орчин цагийн хүмүүс буюу бид нар, нүцгэн эмэгтэйн зураглалыг хараад, түүний биологийн хүйс, арьсны өнгө, эротизм, феминизм болон бусад ойлголтуудтай холбохгүй байж чадах уу. Хариулт нь маш эргэлзээтэй. Гэхдээ энэ бол удахгүй нээгдэх Шүрэнцэцэгийн “Bold Female Forms” нэртэй бие даасан үзэсгэлэнгийн бүтээлүүдээр дамжуулан бидэнд тавьсан өдөөн хатгалга юм. Бид эсвэл би, кураторын хувьд эдгээр бүтээлүүдийг янз бүрийн линзээр дамжуулан ойлгох ба үүнд хүн бүрийн хүмүүжил, боловсрол, нийгмийн байр суурь болон дээр дурдсан ойлголтууд гэх мэт олон хүчин зүйлүүд нөлөөлнө. Харин бид нар энэ бүтээлүүдийг хэт түвэгтэй болгох эсвэл хэтэрхий ихийг унших гэж хичээгээд байгаа асуудалтай тулгарч байна уу?

Зураг 2. “Зоригтой бөгөөд амгалан ”, 112 см х 115 см, зотон тос, 2021 он. Одоогийн байршил: Хувийн цуглуулга.

Шүрэнцэцэг нь анхны хүний агуй-гэрийн хананаас эхлээд хэдэн сая удаа дүрслэгдсэн эмэгтэй хүний сүр жавхлант дүр төрхийг бидэнд сануулна. Үүний зэрэгцээ, зураач маань энэ эмэгтэйчүүдийн дүрслэлийн цаана ямар нэг феминист эсвэл эротик санаа байгаа гэдгийг хүчтэй үгүйсгэнэ. Зураач тунхаглахдаа: “ Би феминист биш. Гэхдээ миний эргэн тойрны бараг бүх эмэгтэйчүүд ямар нэг байдлаар эрэгтэйчүүдийн хүчирхийллийн золиос болж байсныг би мэднэ. Би эрэгтэй хүний амьдралаар амьдарч үзээгүй тул, эрэгтэй хүний амьдрал ямар байдгыг мэдэхгүй. Тиймээс би эмэгтэйчүүдийг дүрслэн харуулдаг, яагаад гэвэл миний мэддэг зүйл бас надад хамгийн ойр санагддаг. ” (2023.04.19, Zoom ярилцлага # 1) Хэрвээ зураач маань өнөөгийн трэндийг дагаж мөрдвөл, олонхийн хувьд илүү хүлээн зөвшөөрөгдөх боломжтой байсан мэт. Гэхдээ тэр трэндийг дагаж гүйдэггүй. Би түүнтэй энэ тал дээр санал бодол нийлж байгаа бөгөөд ямар ч жил, үечлэл, урсгал, хамгийн “Шинэ” эсвэл “Халуухан” байгаа трэндүүдээс үл хамааран, абстракт болон метафизикийн утгаараа урлагт суурь хөрс байх ёстой юм. Үүнгүйгээр, урлаг зүгээр л “боловсруулаагүй” түүхий мэдрэмжүүд эсвэл ямар нэг зүйлд үзүүлж байгаа хариу үйлдлийн “сэтгэгдлүүд” төдий болж хувирна. Харин түүний бүтээлүүдэд энэ хөдөлшгүй суурь хөрстэй чанар байдаг.

Түүнээс яагаад нэгэн цагт эмэгтэй хүний хамгийн хүсэмжит галбирт тооцогддог байсан биерхүү эмэгтэйчүүдийг дүрсэлдэг талаар асуухад: “Гоо сайхны нэг хэмжүүр гэж байдаг юм шиг эмэгтэйчүүдийг харагдах байдлаар нь ялгаварлан гадуурхаад байгаад би дургүй. Жишээлбэл, эмэгтэйчүүдийг туранхай байхыг шаардаад байгаа явдал. Нэг хэмжүүр гэж байхгүй. ” (2023.04.27, Zoom ярилцлага # 2) Би үргэлжлүүлэн түүний эмэгтэйчүүдийн дүрслэлд эротизм болон тачаангуй байдлын далд илэрхийлэл, холбоос, харилцан хамаарал байгаа эсэх тухай лавлаж асуув. Шүрэнцэцэг хариулахдаа: “ Би ямар нэг эротик өгүүлэмж, агуулга байгаа гэж үзэхгүй байна. Жишээлбэл, эмэгтэйлэг галбирыг дүрслэхийн тулд хөх, өгзөг, гуяыг тодотгож байж л нас биенд хүрсэн эмэгтэйн биеийн хэлбэрийг харуулна шүү дээ. Тэгээд л. ” (2023.04.27, Zoom ярилцлага # 2)

Зураг 3. “Зохиомж ”, 40 см х 40 см, зотон тос, 2022 он. Одоогийн байршил: Зураачийн урлан

Сонирхолтой нь түүний бүтээлүүд нь бусад хүмүүсийн ойлгодог Шүрэнцэцэгийн даруу байдал, тайван хандлагаас эрс ялгаатай юм. Хувь хүнийхээ хувьд, тэрээр бодлогоширонгуй, бага ярихыг илүүд үздэг бөгөөд өөртөө гэхээсээ илүү бусдад илүү тохируулж харьцдаг. Энэ хандлага нь Ази эмэгтэйн тухай Барууны хэвшмэл ойлголттой төгс нийцэж буй хэдий ч, тэрхүү тэнцвэртэй төлөв байдлын цаана хүчирхэг тэмцэгч нэгэн нуугдаж байгаа. Түүний зарим бүтээл дээр тэр “Би” нь навч зэрэг жижиг элемент дээр илэрч гарах ба эх биеэсээ салсан ч тэр навчнууд нь амьд харагдана. Зураачийн далд ухамсраас хяналтгүй байдлаар үүссэн “Би”-гийн хамгийн хүчтэй илэрхийлэл нь сонгодог эмэгтэйлэг галбиртай, биерхүү, зоримог төрхтэй, сонирхолтой зогсолтоор зогсож, сууж байгаа эмэгтэйчүүдийн дүрслэлд их тод харагдана. Тэр эмэгтэйчүүдийн хачин жигтэй зогсолт болон суултын тухай би тодруулан асуухад, тэрээр хэлэхдээ: “ Тийм ээ, хэн нэгэн нь тэднийг түлхэж байгаа мэт, эсвэл араас нь татаж байгаа мэт, гэхдээ тэд хөдлөхгүй байгаа бөгөөд суурь нь ганхашгүй. Би аливаа зүйлд хэт нэг талыг барьсан байр суурьтай байх дуртай биш. Гэхдээ би эмэгтэйчүүдийг өмгөөлж, хамгаалахыг хүсдэг. ” (2023.04.19, Zoom ярилцлага # 1) Хэдийгээр зураачийн тайлбар нь эсрэгцсэн байдалтай мэт боловч, өөрийнхөө бодол санааг цардмал зотон даавуун дээр илэрхийлж чадсаар байгаа нь түүний цөвүүн нийгэмд “амьд үлдэх” гэсэн байгалийн зөн совинтой холбон зөвтгөж ойлгож болох юм. Олон хүн өөрсдийн дотоод зөрчилдөөнөө ойлгох гэж асуулт тавьдаггүй эсвэл хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд, харин маш цөөн хүн айдастайгаа тулж, бухимдал цөхрөлөө бүтээлч үйл явцад чиглүүлэн саармагжуулснаар үр дүнтэй үйл явц болгон хувиргаж чаддаг билээ.

Зураг 4. “Дотно яриа”, 100 см x 108 см, зотон тос, 2022. Одоогийн байршил: Зураачийн урлан

Энэхүү үзэсгэлэнгийн төсөлд би үзэгч, олон нийтийн анзаарахгүй байж магадгүй зураачийн концепц санаа, бодол эргэцүүлэл, бүтээх үйл явц болон сорилтуудыг гүнзгийрүүлэн судлан гаргаж тавих кураторын үүрэг хариуцлагыг хүлээж оролцсон билээ. Миний хэрэглэдэг аргачлал бол уран бүтээлчдийн бүтээлүүдийг судалсны дараа тэд юу бодож, сэтгэж хийснийг олж мэдэхийг хүсдэг. Яагаад, яагаад, яагаад? Бүтээл бүр тодорхой шалтгаан, сэдэл эсвэл нийгэмд хандсан уриалгатай байх ёстой гэдэг үүднээс биш, харин үзэсгэлэнг тодорхойлж, олон нийтэд хүргэхийн тулд маш чухал учраас тэр юм. Миний хэрэглэдэг ярилцлагын аргачлал нь Барууны орнуудад боловсрол эзэмшсэн уран бүтээлчдийн хувьд танил юм. Харин Монголд сурсан, ажилладаг уран бүтээлчдийн тухайд бол куратор эсвэл судлаач тэдний санаа бодол, бүтээлийн тухай асуулт асууж ярилцахад дасаж өгөхгүй хэвээр л байна. ЗХУ-аас өвлөж авсан Монголын дүрслэх урлагийн багшийг-дага-бүү-асуу сургалтын хэлбэрээр үүнийг тайлбарлаж болох юм. Энэ хуучирсан сургалтын хэлбэр нь багштайгаа нээлттэй ярилцах, мэтгэлцэх эсвэл үзэл бодол нийлэхгүй байх зэрэг ирээдүйн уран бүтээлчийн оюуны чадавхийг хөгжүүлдэг сургалтын загваруудыг дэмждэггүй тул, оюутнууд зөвхөн урлан бүтээх техникийн ур чадварыг голчилж сурдаг. Энэ эсээг бичих ажлын хүрээнд би зураачтай нийт таван цаг гаруй үргэлжилсэн гурван удаагийн онлайн уулзалт хийсэн бөгөөд энэ нь Шүрэнцэцэгийн 2011 онд сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлийн куратортой нухацтай ярилцсан анхны тохиолдол болж байгаа юм.

“ Чи яагаад зураг зурдаг вэ?” Би Шүрэнцэцгээс энэ анхан шатны мэт боловч чухал асуултыг асуухад тэр зураг зурах үеэр түүний хувьд цаг хугацаа зогсож байгаа мэт мэдрэмж төрдөг тул, тэр өнгөрсний тухай боддоггүй гэж хариулсан. Хүн өөрийн дотоод “Би”-гийн бүрэн хүч чадлыг (eng.agency) эргүүлэн авахын тулд олон янзын аргачлалуудыг хэрэглэх шаардлага гарч магадгүй бөгөөд, энэ эсээг бичиж байх зуур хэдэн арван мянган өөртөө туслах ном хэвлэгдэж, подкастууд явж байгаа. Тийм ээ, гэхдээ танд тохирсон цорын ганц аргачлал бол таны өөрийн олж авсан аргачлал юм. “Юу ч тохиолдсон байсан хүн амьдрах ёстой, амьдралаа үргэлжлүүлэх ёстой. Миний бүтээлүүд үзэгчдэд арай өөр зүйл мэдрүүлэх байх гэж найдаж байна. Би өөртөө үнэнч байж, зарагдах болов уу гэж бодохгүйгээр хүссэнээ зурахыг илүүд үздэг.” (2023.04.27, Zoom ярилцлага # 2)

Эцэст нь миний өөрөөсөө асуусан асуулт бол: “Эмэгтэйлэг байдал, эмэгтэй хүйсийн шинж чанарын тухай нэн маргаантай байгаа энэ эрин үед Шүрэнцэцэг эмэгтэй хүний хэлбэрүүдийн өөрийн хувилбарыг гаргаж тавих эрхтэй юу?” Энэ асуултанд хариулахын тулд, Шүрэнцэцэгийг эмэгтэй хүн гэдгийг, олонд алдаршиж хараахан амжаагүй гэдгийг, Чингис хааны “зэрлэг” цэргүүд нэгэн цагт сэтгэлээ хөвчилж, зоригоо чангалж, дэлхийг эзлэхдээ бэлдэж байсан өнөөгийн гуравдагч орны иргэн гэдгийг мартая.

Юуны түрүүнд, бид түүнийг хүн гэдгийг, бүх чадлаараа үнэхээр хичээж байгааг, “амьд гарах”-ын тулд зүтгэж байгааг, бусдын тавьсан хязгааруудыг даван туулах гэж явааг санах ёстой бөгөөд тэрээр хүмүүсийн анхаарлыг албаар өөртөө хандуулахын тулд цахим болон биечилсэн байдлаар элдэв үйлдэл хийгээгүй билээ. Зураач бусдыг өөртөө татахын тулд ”хашгирах” -ын оронд “өөрийгөө-илааршуулах” чимээгүй аргачлал болох “зурах”-ыг сонгосон. Энэ нь түүнд тохирч байгаа, бас үр дүнтэй байгаа аргачлал бөгөөд би тус үзэсгэлэнгийн хувьд түүний дуу хоолой болж байгаад баяртай байна!

Зураач Шүрэнцэцэг нь 2023 оны 6-р сарын 7-ны өдрөөс арван хоногийн турш Улаанбаатар хотын Норфей арт галерейд “Bold Female Forms” нэртэй, 60 бүтээлээс бүрдсэн дөрөв дэх томоохон бие даасан үзэсгэлэнгээ гаргахад бэлэн болж байна!

Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, үзэж сонирхохыг урьж байна!

Др. Ц.Цэндпүрэв

Үзэсгэлэнгийн куратор

2023.05.22

Мюнстер хот, ХБНГУ

--

--