“Яагаад, Яагаад, Яагаад?”

DrTsegmid
Vanjil Art Institute
2 min readJan 31, 2021

Гэрэл зургийн бүтээлийг Б.Ирээдүй, бичвэрийг Ц.Цэндпүрэв

“Яагаад, Яагаад, Яагаад” гэж цурхиран үглэх танихгүй эмэгтэйн танил хоолой шөнө дунд намайг сэрээв. Агааржуулагчаар дамжин чанга цуурайтах түүний цөхөрсөн дуунаас илүү сэтгэл зурсан авиаг би өмнө нь сонсож байгаагүй мэт. Бие зарайж, хүйтэн хөлс даалаа. Яах вэ, ахиад л цагдаа дуудах уу? Ахиад л “шийдвэрлэсэн” гэсэн мессеж 102 дугаараас авах уу. Залгалаа. Цангинасан хоолойтой залуу бүсгүй авлаа. Агааржуулагчаар сонсогдох эмэгтэйн уйлаан, юмс унах пад пид гэх чимээ, үг нь ойлгогдохгүй хашгирах эрийн хоолойг би түүнд сонсголоо. Оператор бүсгүй нилээд сандарч, хүн одоо явууллаа гээд утсаа тавив. Миний нойр хэдийнээ хульжжээ. Арваад минутын дараа бүсгүйн уйлан үглэх зогслоо. Ээлжит “шийдвэрлэсэн” гэсэн мессеж авлаа. Юу ч шийдвэрлэгдээгүй гэдэг нь дэндүү ойлгомжтой байлаа. Би харанхуйд орон дээрээ сууж цонхыг ширтсээр. Ахиад түүний уйлахыг сонсоно, ахиад цагдаа дуудна, хэсэг хугацаанд тэр шөнө уйлахгүй. Тэгээд л эхэлнэ. Энэ гинжин хэлхээг хэн, хэзээ таслах вэ. Чимээ шуугианд хөрвөж, хөрвөж байгаад тайвширч унтаж байгаа хүүгээ үнслээ. Гэвч “Яагаад, Яагаад, Яагаад?” гэж уйлах бүсгүйн хоолой чихэнд хангинасаар. Нүдээ анилаа. Ялгаа алга. “Маргааш шинэ өдөр шүү” гэж би өөртөө шивнэв. Үнэхээр “шинэ өдөр” гэдэгт эргэлзсэн ч гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙН БИЧВЭР

Гэрэл зургийн бүтээлийн бичвэр нь тухайн бүтээлийн концепц, агуулга, дүрслэл, зохиомж, гүйцэтгэл болон мэргэшсэн хүнд төрүүлж байгаа сэтгэгдэл гэх мэт хэд хэдэн хүчин зүйлүүдийг бодолцон тухайн бүтээлийн давуу талуудыг онцолж хийсэн бүтээлч бичвэрийн төрөл юм. Энэ төрлийн бичвэр нь голдуу ном бүтээх, үзэсгэлэн бүтээх болон олон улсын зах зээлд чиглэж байгаа гэрэл зургийн уран бүтээлчдэд илүү ач холбогдолтой байдаг.

©2020 Булгантамирын Ирээдүй. Бүтээлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр хэвлэн нийтлэх, ашиглахыг хатуу хориглоно.

©2021 Ванжил Арт Институт, Цэгмидийн Цэндпүрэв. Бичвэрийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр хэвлэн нийтлэх, ашиглахыг хатуу хориглоно. Тус бичвэр нь тухайн гэрэл зургийн бүтээлд дүрслэгдсэн бодит хүн, хүмүүс, байршил болон болсон үйл явдалтай огт хамааралгүй бөгөөд зохиомол гэдгийг анхаарна уу.

--

--