“КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ”

DrTsegmid
Vanjil Art Institute
4 min readDec 9, 2020

Монголын анхны Кураторын сургалтын тухай

Ванжил Арт Институтээс санаачилсан сургалтуудын нэгийг бид онцлохоор шийдлээ. Монголд анх удаа зохион байгуулсан КУРАТОРЫН ЭРДЭМД СУРАЛЦАХ НЬ: БҮХ ЮМ БИЧВЭРЭЭС ЭХЭЛНЭ (A1.1 CURA/WRITING) сэдэвтэй албан бус 8 долоо хоногийн мэргэшүүлэх сургалтыг 2019 оны 5-р сарын 9-өөс 8-р сарын 7-ны хооронд явуулсан түүхтэй.

Суралцагчид үзэсгэлэн үзэж, анализ хийж, бүтээлүүд дээр ярилцаж байгаа нь, МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхим.

Тус сургалтыг Ванжил Арт Институтын захирал & тэргүүлэх куратор Др.Ц.Цэндпүрэв удирдсан бөгөөд Монгол, Их Британи, АНУ, ХБНГУ-ын соёл урлагийн салбарын, хувийн хэвшлийн болон их дээд сургуулиудын мэргэжилтнүүд, кураторууд, эрдэмтэн судлаачид зочин багшаар уригдаж хичээл заасан билээ. Бид кураторын бичвэрт сургах үндсэн хичээлүүдээс гадна, манай салбарт нэн ач холбогдолтой болж байгаа зохиогчийн эрх, санхүү,олон улсын карьер, урлаг судлалын онол зэрэг сэдвүүдийг тухайн чиглэлийн экспертүүдээр заалгаж, олон талаас нь ярилцах, мэтгэлцэх боломжтойгоор сургалтын хөтөлбөрийг боловсруулан, нарийн төлөвлөж явуулсан юм.

Сургалтанд Монголын шинэ үеийн уран бүтээлчид, урлаг судлаачид, кураторууд, дизайнеруудыг төлөөлж 6 хүн хамрагдсан ба таныг тэдэнтэй танилцахыг урьж байна.

  1. Тогтохбаярын Эрдэнэтуяа, Уран бүтээлч & Урлаг судлаач

2. Норовсамбуугийн Баасандорж, Уран бүтээлч

3. Сүхбатын Шүрэнцэцэг, Уран бүтээлч

4. Пүрэвийн Мягмарцэрэн, Урлаг судлаач, Туслах куратор

5. Гомбосүрэнгийн Уранбаяр, Урлаг судлаач

6. Жаргалсайханы Номин-Эрдэнэ, Интерьер дизайнер

Урлагийн түүхч, Куратор Проф. Гейл Левин хичээл зааж байгаа нь.

Тус сургалтын явцад бидэнд аз тохиож, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, АНУ-ын Төрийн Департментын Боловсрол, Соёлын албанааас зохион байгуулдаг Фулбрайтын Мэргэжилтний хөтөлбөрийг хэрэгжүүлж таарсан бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Урлагийн түүхч, Куратор, Профессор Гейл Левин Монголын судлаачдад зөвлөгөө өгөх, сургалт явуулахаар богино хугацаанд ажиллахаар томилогдон ирээд байсан юм. Бидний урилгаар тэрээр хүрэлцэн ирж, бүтэн өдрийн турш өөрийн куратор, урлаг судлаач, уран бүтээлчийн карьерийн тухай дэлгэрэнгүй ярьж, 40 гаруй жилийн туршлагаа суралцагчидтай дэлгэрэнгүй хуваалцсан юм. Энэ дашрамд, тус боломжийг олгосон Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон орчуулгыг мэргэжлийн түвшинд хийсэн А.Дуламжавтаа баярласан талархсанаа дахин илэрхийлье!

Уран бүтээлч, Урлаг судлаач М.Батзориг хичээл зааж байгаа нь.

Ингээд жил гаруй хугацааны дараа эргэн харахад манай сургалтанд суусан суралцагчдаас уран бүтээлч Т.Эрдэнэтуяа, С.Шүрэнцэцэг нар бие даасан үзэсгэлэнгээ олноо толилуулж, П.Мягмарцэрэн нь АНУ-ын Нью Йоркийн Рубиний дүрслэх урлагийн музейд кураторын дадлагажигчаар явж, Г.Уранбаяр МУ-ын Консерваторид багшаар ажилллаж эхлэн, Ж.Номин-Эрдэнэ өөрийн Интерьер дизайны брэндийг эхлүүлэн, улсынхаа соёл урлаг, дизайны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгааг дуулгахад таатай байна.

Зохиогчийн эрхийн чиглэлээр мэргэшсэн Хуульч Э.Болорчулуун хичээл зааж байгаа нь.
Нэрт орчуулагч, зохиолч, Утга зохиол судлалын Доктор, СГЗ Готовын Аким гуай хичээл зааж байгаа нь. Гэрэл зургийг Г.Мөнх-од.

Кураторын эрдмийг эзэмшихийн тулд хүн олон жил суралцаж, хөдөлмөрлөх шаардлагатай юм. Кураторын эзэмших ёстой олон чадварууд дундаас хамгийн чухал чадвар бол кураторын бичвэр бичих чадвар юм. Урлагийн тухай, уран бүтээлчийн тухай, бүтээлийн тухай, үзэсгэлэнгийн тухай бичихдээ тодорхой үгийн хязгаарт баригдан, мэргэжлийн түвшинд, агуулга концепцийг оновчтой буулган, тэнцвэрийг хадгалан, стандартыг барьж бичвэр бичиж сурна гэдэг өөрөө удаан явцтай, амаргүй эрдэм гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх аа. Бидний анхны сургалт бол “Кураторын бичвэр бичих чадвар”-т сургах дээр илүү анхаарсан бөгөөд нөхцөл байдал хэвийн болох үед бид “Куратор үзэсгэлэнг хэрхэн бүтээх, дэглэх чадварт сургах” сургалтыг зохион байгуулна гэж найдаж байна.

МХО-ны зургийн багш, уран бичлэгийн эрдэмтэн, мастер уран бүтээлч Жалайр Батбаяр ирж хичээл зааж байгаа нь.
Эхний эгнээнд: Др.Лиз Стирлинг. Арын эгнээнд: Др.Касей Орр, Др.Жо Хассалл

Мөн тус сургалтын зочин багшаар Их Британий Лийдс Беккетийн их сургуулийн Лектор, Уран бүтээлч Др.Лиз Стирлинг уригдаж, цахим хичээлийг бэлдэж явуулсан юм. Тэрээр F = феминист урлагийн нэгдлийг Др.Касей Орр, Др. Жо Хассалл нартай хамтран үүсгэн байгуулсан бөгөөд тэд өөрсдийн төслүүд, перформансууд болон олон нийтийн оролцоот бүтээлүүдээ хэрхэн хийдэг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.

Уран бүтээлч, Куратор Др.Ц.Цэндпүрэв ХБНГУ-ын Кольний Медиа урлагийн их сургуулийн багш Др.Ми Юүгийн явуулсан кураторын судалгааны төслийг тайлбарлаж байгаа нь.

Дэлхий дахинд цар тахал дэгдэж, нөхцөл байдал хэцүү байгаа ч, нэг талаасаа бидэнд хийсэн бүтээснээ эргэн харж, дүгнэж цэгнэж, анализ хийхэд таатай жил болж хувирч байна. Тус сургалтын хүрээнд суралцагчид тодорхой сэдвүүдийн дагуу бичвэрүүд хийсэн бөгөөд энэ бичвэрүүдийг ямар нэг засваргүйгээр, цензур хийлгүйгээр цуврал хэлбэрээр нийтлэхээр шийдлээ.

Бидний анхны бичвэрийн сэдэв бол “Урлаг гэж юу вэ?” байсан бөгөөд суралцагчид маань энэ сэдвийг олон талаас нь бодож, эргэцүүлж бичсэн бөгөөд бид та бүхэнд унших боломжийг өгч байгаадаа их баяртай байна. Мөн тус сургалтыг ажил хэрэг болгоход гар бие оролцсон хүмүүс, хичээл заасан багш нар болон суралцагчиддаа баярласан талархсанаа дахин илэрхийлье!

--

--