Туранхай байх уу? Эрүүл байх уу?

Hotolsar
6 min readFeb 5, 2019

--

Балетын сургуульд охидыг шалгаруулж авахдаа ээжийг нь хардаг талаар сонсож байсан уу? Ээж нь тарган байвал ээжтэйгээ яг адил таргаламтгай болдог гэж үздэг байна. Учир нь охин бусад охидыг бодвол хурдан таргалах магадлалтай учир байнга жингээ барих нь өөрт нь хэцүү байдаг #гэнээ.

Энэ яг баталгаатай биш дам яриа төдий зүйл л дээ. Гэхдээ энгийн хүмүүстэй адилгүйгээр хурдан таргалдаг хүмүүс байдаг нь гарцаагүй. Жишээ нь би байна.

найз Халиун надаас лав их иддэг. Гэвч би түүнээс даруй 2 size том өмсдөг (гурав ч байж магадгүй) Би өдөрт 2 аяга хоол иддэг бол тэр бараг 5н удаа хооллодог байх. Тэр туранхайгаар барахгүй улам тураад байгаагаа гайхсаар. Мэдээж би гайхамшигтайгаар турах дэглэмээ барьсан ч амаар минь агаар орж л байгаа цагт таргалсаар…

Namo Bold-ийн энэ пост нээрээ яг шүү

Тиймээ тэд ч азтай юмаа (АТААРХАВ) бид угаасаа ийм бишээс хойш одоо яах ч билээ…

Нээрээ би жин хассан шүү. “16 кг”

Өмнө нь бараг л турах бүх аргыг хэрэглэж үзсэн арвин их туршлагатай шахуу. Турах талаар зөвлөгөө өгөх төв ажиллуулахаар хэмжээний зузаан мэдлэгтэй болсон байсан хүн шүү би чинь.

Гэхдээ одоо миний хэлэх зөвлөмж бол “Туранхай байх уу? эрүүл байх уу?” гэдгээ л cонгох хэрэгтэй.

Ээж маань жил хагасын өмнө цус харвасан. Хүндхэн хэцүүхэн өдрүүдтэй тэр өдрөөс л нүүр тулсан. Ухаан оролгүй бүтэн комын байдалтай 9 хоносны эцэст гайхамшиг гэлтэй тэр минь ухаан орсон. Ходоодруу нь хийсэн гуурсаар 0 шөлөөр хооллож, хоолойг нь зүсэж суулгасан хиймэл амьсгалын аппаратаар амьсгалж, катетераар л бие засдаг байсан. Ингэж 5 сар сэхээний тасагт хэвтсэний эцэст гэртээ гарсан юм. Ээж маань илүүдэл жинтэй, даралт нь байнга ихэсдэг, давстай хоол их хэрэглэж, амттанаас буцдаггүй хүн. Яагаад гэнэт ийм хүнд хэвтэрт ортлоо харвах болов? Сэхээний тасгийн үүдэнд ээжрүүгээ эргэлтээр орох цагаа хүлээж зогсох бүрдээ ханан дээр нь байсан олон самбарыг нэг нэгээр нь дахин дахин уншсан. Самбарт харвах шалтгаан болон харвалтаас сэргийлэх аргуудыг маш ойлгомжтойгоор зурагтайгаар нааж тавьсан байдаг. Тэнд: дасгал хөдөлгөөн тогтмол хийх, илүүдэл жингээ хасах, давс сахарын хэрэглээгээ багасгах, тогтмол даралтны эм ууж хэвших зэрэг энгийн зүйлүүдийг л бичсэн байсан. Гэхдээ энгийн энэ зүйлсийг л ээж маань хийгээгүй. Хийчихсэн бол би ээжийгээ дагуулаад хүрээлэнд гүйж байсан бол өнөөдөр ээж маань эрүүл саруул байх байж шүү дээ!!!

ТУРАНХАЙ байхын тулд биш ЭРҮҮЛ байхын тулд чамайг хайрладаг хүмүүстэйгээ илүү удаан хамт амьдрахын тулд, хүүхдүүдээ том болохыг, ирээдүйд дагуулж ирэх хүргэн бэрээ харахын тулд, ач зээгээ тэвэрч үзэхийн тулд, амьдралдаа заавал очиж үзнэ гэсэн газраа очихын тулд, хамгийн том мөрөөдлөө биелүүлэхийн тулд ИЛҮҮДЭЛ жингээсээ салах хэрэгтэй байна. Эрүүл байх л хэрэгтэй байна та минь ээ!!!

Ямар ч байсан ээжийгээ эрүүл байлгахын тулд өөрөөсөө эхлээд эрүүл байх хэрэгтэй байсан тул эдгээрийг удаан хугацааны турш тууштайгаар амьдралын хэмнэлдээ оруулсан. Ингэж байж л бага багаар жилийн хугацаанд 16 кг хассан байна. Манайхан тэр чигээрээ л таргаламтгай хүмүүс учир одоо би таргалаад байгаа ах эгч нартаа ч үргэлж дасгал хөдөлгөөн хий, зөв хоолло гэж захиж байгаа. Өвдөж байж л ойлгох хорвоо юмдаа. Тэд маань ч эхнээсээ ээжээс сургамж авч хөдөлгөөн хийж кола, чипсны хэрэглээгээ багассан. шүү. Нэг ах маань спиннинг -д яваад (сонин нь тэрэндээ явах үнэхээр дуртай)

  1. Тогтмол дасгал хөдөлгөөн

Ер нь амар хялбар аргаар гэдсээ илж хэвтээд болчихдог гэж хаанаас сонссон бэ? Байдаггүй юм байна лээ… Гэхдээ дасгал хөдөлгөөн гэхээрээ өөрт таалагдахгүй байгаа төвөгтэй зүйлээ ял юм шиг хүчилж хийх гэж яараад яахав. Нэгт дурлаж хийх зүйлээ ол. Хоёрт дурласан зүйлээ тууштай хий. Минийх бол туялзуур сэлэм бас цэцэрлэгт хүрээлэнд гүйх. Хүрээлэнд 7 хоногтоо багадаа 3 өдөр ажлаа тараад 2 тойрог гүйдэг. Гүйх дуртайг хэлэх үү? хүчээр хийж үзээгүй. Үүн шиг дурлаж тогтмол хийх өөрийн юмаа олоорой. Булчингийн масс эрүүл байх гол үндэс шүү. Булчингийн массгүй турсан хүн дархлаа муу, өвдөнө. Юун эрүүл байх эсрэгээрээ юм болохвий.

  1. АЛХ, алх, алх… БАС ДАХИН АЛХ

Машин, такси, автобус бүгдийг нь март. 5км доторх газар л бол заавал алхаж бай. Алхаад байхаар аяндаа сурчих нь өө 5 км гэдэг харин ч ойрхон зай шүү. Би эмнэлэг рүү алхаад буцаж ирэх гэсээр өдөрт багадаа 15 км алхдаг байсан. Алхах гэхдээ ямар гоё гээч хөлдөө эвтэйхэн гутлаа өмсөөд л ажилруугаа гараад алхчих…

2. Халуун бүлээн ус

Өглөө бүр босохдоо ходоодоо өвтгөхгүй гэж халуун бүлээн ус уудаг байсан нь одоо бодоход маш сайнаар нөлөөлсөн шүү. Нүдээ нээгээд л бүлээн гялс уухад нэг минут ч хүрэхгүй шүү. Өдөр хоол идэхээсээ өмнө, ер нь зав л гарвал халуун бүлээн ус уугаад л байвал ам хатаад үргэлж усаа л нэхээд байдаг юм билээ. Үүнийг нэгэн төрлийн заль болгон ашиглах ч боломжтой. Хүйтэн ус уувал амны цангаа тайлагддаг бол бүлээн ус уух бүрт ам улам цангадаг. Ингэснээр өдөрт уух усны хэмжээ эрс нэмэгдэнэ гэсэн үг.

3. Би шөл захиалъя

Өдөр хоол идэхдээ заавал дэглэмийн хоол гэж өөрийгөө зовоож хүндрүүлээд яах юм бэ? Гоё шөл уухад буруудах зүйл нээх байхгүй л байх. Ямар ч шөл байсан яахав дээ. Гол нь шөл уухаар биенд хөнгөн хэрнээ шингэц сайтай байдаг. Нэг хэсэг эмнэлэг гэж сэтгэл санаагаар унаснаас болсон уу? хоол хүртэл шингэж өгөхгүй дуршил хөдлөхгүй байхад намайг тэнхрүүлж байсан ганц л зүйл шөл байсан. Дараа нь бие өөрөө хүнд шарсан хуурсан юм идэхээр шингэж өгөхгүй байгаам шиг санагдсан. Нээрээ энэ бас л заль шүү :P “2-р хоолыг бодвол шөл нь гэдсэнд илүү удаан хугацаанд байж 2 цагаар илүү хугацаанд цадах мэдрэмжийг төрүүлдэг” гэдгийг нэгэн баримтат нэвтрүүлгээр үзэж байсан юм.

4. Оройн хоол бол ХОР

Ер нь энэ талаар хүн бүр л залхтал хэлдэг биздээ. Гэхдээ үнэн шдээ. Орой хүнд хоол идээд унтах юм бол тэр хоол хаачих вэ гээд нэг бодоод үзээрэй. Чадахгүй байвал ядаж 7 хоног орой хоол идэхгүй байгаад үз. Өглөө бүр хичнээн хөнгөн сэрж байгаагаа мэдрэх болно. Нэг мэдэрчихвэл тэр мэдрэмжиндээ шунаад идэх гэхээр чадахгүй л болов уу. (зальтай инээв) Бас л нэг заль хэлье. Манай ажлын Чинсанаа надад үүнийг хэлж байсан. Өглөө идсэн зүйл таргалуулдаггүй өдөр зарцуулагдах энерги болдог учир үнэхээр гоё зүйл идмээр байвал орой нь унтахдаа ӨГЛӨӨ ИДНЭ ДЭЭ!! гээд унтаарай.

5. Халуун ногоо, газтай ундаа NO, NO, NO

Энэ 2 нь хоолны дуршил нэмэгдүүлж өлсөөгүй хэрнээ элдэв зүйл идэх хүслийг улам төрүүлдэг учир хэрэглэх хэрэггүй юм билээ шүү.

6. Давс, сахарын хэрэглээг багасга

Үүнийг би биш эмч нар хэлсэн шүү :) Яаж энэ хоёроос татгалзах вэ? Дахиад л заль зааж өгье дөө^^ 7 хоног яг давсгүй биш давс багатай хоол идээд, чихэртэй зүйл ердөө идэхгүй тэвчээд үз. Долоохон хоног шүү дээ юухан байхав ТИЙМЭЭ? Давс багатай хоол идээд эхлэхээр давсанд их мэдрэг болчихдог. Сахар ч мөн адил. Дараа нь жүүс уугаад үзээрэй. Нуль чихэр амтагтаад ямар муухай гээч…

Эцэст нь хэлэхэд яг маргаашнаас хичээнэ гэж бодож байна уу?

БИТГИЙ ХИЧЭЭГЭЭРЭЙ!!! хичээвэл чи нэг л зүйл хүссэн шиг чинь байхгүй бол урам хугарч, цөхөрч, замаасаа буцна.

Тиймээс хичээх гэдэг бодлоо авч хая. Амьдралын хэмнэлээ эрүүл болгож өөрчлөх хэрэгтэй. Ингэж өөрчилснөөр эрүүл урт удаан амьдрана гэдэгтээ итгэх хэрэгтэй. Цаашдын турна гэсэн том зорилгоо мартаад өдөр бүрийн хийж байгаа үйлдэл чинь ЭРҮҮЛ, ЗӨВ амьдралын хэмнэл болж байгаа гэдгийг л сайн санаж аваарай. Тиймээс ТУРАХ УУ? ЭРҮҮЛ БАЙХ УУ? сонголтоо зөв хийгээд УРАГШАА (Вүүхххүүү ЖАСТ ДҮҮ ИЙТ!!)

--

--

Hotolsar

Эгэл нэгэн төмсний мэдрэмж, сэтгэгдлүүд… Гэхдээ ер нь энд юу ч байж магадгүй шүү!