Бидний тухай

Altan Bayar
Young Voices Mongolia
2 min readDec 15, 2020

Бид 2015 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн (ХИС) дэргэд “Өсвөр үеийнхний дуу хоолой” клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд ХИС-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, сургалтад хамрагдах, судалгаа хийх, нөлөөллийн ажлуудад оролцсоор ирсэн. Одоо ч мөн клубын үйл ажиллагаа хэвийн явагддаг бөгөөд нийт 21 ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 13 их сургуулийн оюутан, 4 зөвлөхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2015 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн хороонд ХИС-ийн чиглүүлгээр “Бүх хүүхдийн эрхийн төлөө” нэртэй засгийн газрын сүүдэр илтгэлийг бичиж, Швейцарь улсын Женев хотод байрлах НҮБ-ын байранд манай клубээё О.Оюун-Эрдэнэ, Т.Ариунбаяр нар хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэлээ танилцуулснаар Монгол Улсын Засгийн Газарт НҮБ-аас хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн байдаг.

2017 онд мөн ХИС-ийн чиглүүлгээр “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааг 1236 хүүхдийг хамруулсан судалгаа, 2018 онд 2191 хүүхдийг хамруулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой-2” буюу Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил сэдвээр, 2019 онд 370 охидыг хамруулсан охидын үзлэгийг ерөнхий сургуульд хийж байгаа асуудлаар “Охидын дуу хоолой” судалгааг тус тус хийж гүйцэтгэсэн.

НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг дөрвөн төрийн бус байгууллагатай хамтран 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хүүхэд, залуучуудын оролцоо, сонгуулийн мэдээлэлтэй оролцоог хангах замаар тэдний дунд ардчиллын үнэт зүйлс, сонгуулийн үйл явцад залуусын мэдлэгтэй оролцоог дэмжих зорилготой юм. Төслийн хүрээнд “Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлэг болон бусад ТББ, зөвлөхүүдийн хамт иргэний боловсрол, нийгмийн ухааны хичээлд дүн шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөрийн 5 модуль боловсруулах, Ховд аймагт 3, Улаанбаатар хотод 7 клуб буюу нийт 250 хүүхэд, залуустай 10 клубыг хариуцан ажиллаж байна.

Хүний эрхийн төлөөх үг нь тод, үзэг нь хурц байг.

--

--