Хүүхдүүд хүүхэд насан дээрээ юунд ч санаа зовохгүйгээр амьдрах ёстой

Altan Bayar
Young Voices Mongolia
3 min readApr 13, 2021

“Өсвөр үеийнхний дуу хоолой” клубээс долоо хоног бүр бэлтгэн гаргаж буй подкастын дараагийн дугаар ийнхүү эхэлж байна. Өнөөдрийн подкастыг хөтлөхөөр “Хүний эрхийг хамгаалагч хүүхэд залуусын дуу хоолой” ТББ-ын зохицуулагч А. Алтанбаяр, “Өсвөр үеийнхний дуу хоолой” клубын гишүүн Б.Хонгорзул нар бэлэн болсон байна. Энэхүү дугаартаа “Хөөрхөн зүрх” ТББ-ийн зохицуулагч Б.Оюундарь эгч маань оролцож байна.

“Хөөрхөн зүрх” ТББ-г сонсогчдод маань танилцуулаач.

Анх 2012 онд “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлэх ”эрхэм зорилготойгоор байгуулагдсан. Энэхүү зорилгын дагуу ес дэх жилдээ ажиллаж байна. Бидний явуулдаг үйл ажиллагаа маань өөрсдийн зорилгын дагуу нөлөөллийн ажил зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хүүхдүүдтэй харилцдаг мэргэжилтнүүдийг үндэсний хэмжээнд чадавхжуулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.

Танай байгууллага охидын хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж та хэллээ. Тэгвэл охидыг ямар нэгэн аюулд өртөхөөр “Чи яагаад богино юбка өмссөн юм бэ? Чи богино юбка өмсөөгүй бол, шөнө орой яваагүй бол ийм асуудал гарахгүй байх байсан” гэж хэлдэг. Та энэ хандлага дээр ямар бодолтой байна вэ?

Манай байгууллага Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа 0–18 насны бүх хүүхдэд туслах үйл ажиллагаа явуулдаг. Харамсалтай нь 90–95% нь охидын хүчирхийлэл байдаг. Үүний шалтгаан нь эцэг эх асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаатай холбоотой. Саяны асуултын дагуу хохирогчдыг буруутгах нь хүчирхийлэгчийг улам дэвэргэх суурь шалтгааныг тавьж өгч байна гэсэн үг.

“Хөөрхөн зүрх ТББ” нийгэмд тулгамдаж байгаа томоохон асуудлын эсрэг “Хүчирхэг охид” аппликейшн гаргасан байсан. Та энэ аппликейшнаа танилцуулж өгөөч?

2017 оноос хойш “Хүчирхэг охид-Хүчирхэг улс” хөтөлбөрийг манай байгууллага хэрэгжүүлж байгаа. 2017 онд ухаалаг утсан дээр үнэ төлбөргүй татах сонжоон дээр тулгуурласан аппликейшн гаргаж байсан. Бүтцийн хувьд 4 насны ангилалтай. Бага насны буюу 3–10 хүртэлх насны ангиллыг эцэг эх сурган хүмүүжүүлэгч багштайгаа хамт хийх сонжоо, 11–14 насны охид хөвгүүдийн сонжоо, 15–18, 18-аас дээш гэж байгаа. Мөн дотроо хосын хоорондох харилцаа эрүүл байгаа эсэх, ажлын байран дахь хүчирхийллийг таних, олон нийтийн газар хүчирхийлэлд өртсөн эсэхийг таниулах мэдээлэл байгаа. 2020 онд мөн казак хэлтэй болгосон байгаа. Цаашид энэ аппликейшнаа улам өргөжүүлэх зорилготой байгаа.

Хүүхдүүдтэй уулзаж байхад хүүхдүүд “Би хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн төлөө юу хийх вэ? Хэрхэн бусдыг хамгаалах вэ? гэж асууж байсан. Та энэ асуултанд хариулт өгөөч.

Хүүхдүүд хүүхэд насан дээрээ юунд ч санаа зовохгүйгээр амьдрах ёстой боловч хүчирхийллийн эсрэг хүүхэд насаа өнгөрүүлмээр байна гэж хэлэх нь нэг бодлын харамсалтай нөгөө бодлын хайрламаар байна. Миний бодлоор эхний ээлжид эрхээ таних, үзэл бодлоо илэрхийлж сурах ,бусдын эрхийг хүндэтгэх, хүчирхийллийн харсан бол таслан зогсоох хэрэгтэй.

Үнэтэй зөвлөгөөнүүд өгсөнд баярлалаа. Хөөрхөн зүрх ТББ маань миний мэдэж байгаагаар “Амлая” чалленж, хүчирхэг охид аппликейшн, бэлгийн боловсролын цуврал контентууд гэх мэтчилэн маш олон өргөн хүрээтэй ажлуудыг хэрэгжүүлээд Монголынхоо өнцөг булан бүрд байгаа мянга мянган хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байгаад нийт хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр манай урилгыг хүлээн авч оролцсонд бас баярлалаа гэж хэлье.

Хүний эрхийн төлөөх үг тань тод үзэг чинь хурц байгаарай

--

--