Эрхээ мэддэг болчихвол ямар эрх чинь зөрчигдөж байгаагаа бас мэддэг болно

Altan Bayar
Young Voices Mongolia
6 min readMar 27, 2021

“Өсвөр үеийнхний дуу хоолой” клубын хамгийн анхны хийж байсан томоохон ажлуудын нэг болох НҮБ-ын “Хүүхдийн Эрхийн Хороо”-нд илгээсэн монгол хүүхдүүдийн хөндлөнгийн илтгэлийн тухай ярилцахаар Т.Ариунбаяр ах, О.Оюун-Эрдэнэ эгч хоёрыг урьж оролцуулж байна.

-Өөрсдийгөө сонсогчдод маань танилцуулаач?

А: Сайн байцгаана уу? Намайг Ариунбаяр гэдэг. Young Voices бүлгэмд байгуулагдахаас нь өдийг хүртэл хамт байгаа гишүүн байна.

О: Сайн байцгаана уу? Намайг Оюун-Эрдэнэ гэдэг. МУИС-д “Олон улсын харилцаа” чиглэлээр төгсөх курсдээ суралцаж байна. Би ч мөн адил энэ бүлгэмийнхээ анхны гишүүдийн нэг нь гэж хэлж болно.

-НҮБ-ын хөндлөнгийн илтгэл гэж юу болох мөн энэ илтгэлийг яагаад монгол хүүхдүүд бичих болсон талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо.

О: Ерөнхийдөө НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенц” нь 1989 онд байгуулагдаж байсан бөгөөд монгол улс 1990 онд нэгдэж байснаараа энэ конвенцод нэгдэж байсан анхны орнуудын нэг гэж хэлж болно. Үүнд нэгдэж орсноороо монгол улс тогтмол хүүхдийн төлөө ямар ажил хийсэн гэдгээ НҮБ-ын “Хүүхдийн эрхийн хороо”-нд тайлагнах үүрэг хүлээсэн. Энэ ажлыг засгийн газар хийдэг учраас зарим зүйлийг бодит байдлаас зөрүүлж тайлагнах, зөрчигдөж байгаа эрхийг дурдахгүй байх зэрэг асуудлууд гарч ирж байгааг хүүхдийн эрхийн төлөө ажилладаг олон улсын байгууллагууд анзаараад “хүүхдүүдээр өөрөөр нь бичүүлбэл зүгээр юм байна” гэсэн санаачлагын дагуу “Хүүхдийг ивээх сан” хүүхдээр хөндлөнгийн тайлан бичих төслийг анх санаачлан гаргаж байсан. Манай клубын хувьд хөндлөнгийн илтгэл бичсэн 2 дахь хүүхдийн бүлэг болсон.

А: Энэхүү илтгэл бичигдэх явцын талаар дурьдвал бид нар өөрсдөө хүүхдүүд учраас зарим зүйл дээр “Хүүхдийг ивээх сан”-ийн зөвлөх багш нараасаа сургалт зөвлөгөө аваад мөн өөрсдөө биеэрээ хогийн цэг, асрамжийн газарт очиж үзээд гол асуудлуудыг судлан нэг зуныг тайлангийнхаа төлөө зарцуулж байсан түүх байдаг.

-Энэхүү илтгэлийг бэлтгэх явцад ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

О: Монгол улсын гуравны нэг нь хүүхэд байдаг бөгөөд бүхэл бүтэн 1 сая хүүхдүүдийн өмнөөс тайлангаа бичих нь маш том хариуцлага байсан. Миний хувьд 11-р ангийн сурагч байсан бөгөөд тайлан бичих туршлага байхгүй. Олон хүүхдүүдийн дуу хоолой болно гэх итгэл байгаагүй нь зарим тохиолдолд бэрхшээл болж байсан. Гэхдээ “Хүүхдийг ивээх сан”-ийн арга зүйн чиглүүлэг байсан учраас тэдгээр хүндрэлүүдийг амжилттай давж гарсан.

- “Засгийн газар”-ын хийсэн ажлыг хүүхдүүд үнэлээд НҮБ-д тайлан илтгэл тавина гэхээр монголын шийдвэр гаргагчид хэрхэн хүлээж авсан бэ?

А: Бид монголд хэвлэлийн бага хурал хийж хүүхдийн эрхийн байгууллагуудад мөн тайлангаа тавьсан. Тэгэхэд засгийн газрын зүгээс зарим асуудлуудыг няцааж байсан. Гэхдээ Оюука эгчийн дурдсанчлан “Хүүхдийг ивээх сан”–гийнхаа тусламжтайгаар илтгэлээ маш сайн ойлгож, асуултууддаа бэлдсээр даваад гарсан гэж бодож байна.

О: Хамгийн сүүлд тайлангаа явуулахын өмнө “Чингис зочид буудал” дээр тайлангаа танилцуулсан нээлттэй уулзалт хийсэн. Тухайн үед хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд , ЗГ-ын гишүүд ирсэн байсан бөгөөд тодорхой хэмжээнд буруушаасан, дайрсан үйл явдал болж байсан. Мэдээж ЗГ-ын 5 жилийн туршид хийсэн ажлыг нь бид тодорхой хэмжээгээр шүүмжилж ОУ-д дуу хоолойгоо хүргэж байгаа учраас ийм асуудал гарах нь ойлгомжтой байсан. Гэхдээ бид энэхүү илтгэлийг хэн нэгний дарамт шахалтаар бус өөрсдөө хийсэн учраас энэхүү асуудалд тодорхой хэмжээнд бэлтгэлтэй, асуудлаа ойлгосон, гарцуудыг шийдвэр гаргагчдад санал болгож байсан.

-Илтгэл бичигдэх явцад хувь хүн талаас чинь ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарсан уу?

А: Тэр үед ч одоо ч тэр бодогддог зүйл маань бол хүндрэл бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр 1 сая хүүхдийг төлөөлөн дуу хоолойгоо хүргэх хариуцлагатай ажлыг хийж байсан учраас тайлангийн нууцлал гэх зэрэг бас бус зүйл дээр маш хариуцлагатай хандаж байсан. Тэр үедээ 9-р ангийн хүүхэд байсан учраас наад зах нь л ангийн багш хичээлээсээ /хэвлэлийн бага хуралд оролцох/ чөлөө авах үед хичээлдээ илүү анхаарахыг зөвлөдөг байсан. Гэхдээ эдгээр зүйлс саад бэрхшээл болохооргүй маш том хариуцлагатай ажил хийж байгаа учраас надад саад бэрхшээл юм шиг санагддаггүй байсан.

-Илтгэл бэлэн болсны дараагаар НҮБ-д Монгол улсын бүх хүүхдүүдийг төлөөлөн илтгэл тавих хүүхдүүдийг хэрхэн сонгосон бэ? мөн үйл явц нь ямар байсан бэ?

О: Тайланд хөдөө орон нутгийн хүүхдүүд мөн нийслэлийн хүүхдүүд оролцож байсан. Хөдөө орон нутгаас ирсэн судалгааг нийслэлийн хүүхдүүд түлхүү базаж боловсруулж байсан. Мэдээж хүүхэд болгон сургуулиа, бүлгээ төлөөлөхүйц мундаг хүүхдүүд байсан учраас сонгоход ихээхэн хүндрэл учирч байсан. Тухайн үед НҮБ-ын зүгээс тавьж байсан шалгуур нь илтгэл бичигдэх үед хэдий 18 нас хүрээгүй байсан ч танилцуулах хугацаанд насанд хүрсэн байх боломжгүй гэсэн байсан. Миний хувьд тайлан бичих явцад насанд хүрээгүй байсан ч танилцуулах үед 19 хүрсэн байсан учраас танилцуулах боломжгүй болсон. Тиймээс би хүүхэд гэдэг утгаараа бус хэлэлцүүлэгчээр ороод ажиглагч нарт монгол улсын нөхцөл байдлын талаарх тодорхой тайлбаруудыг өгсөн.

А:Тайлан илтгэл тавих үед би насанд хүрээгүй байсан учраас хүүхдийн багаа төлөөлөн оролцохоор сонгогдсон цагаасаа эхлэн тайлангаа өдөр болгон уншиж бэлтгэж орсон. Тэгсэн ч маш их сандарч одоо ч тэр үед ирсэн асуултуудад хэрхэн хариулснаа санадаггүй. Хурлын үйл явцын тухайд НҮБ-ын мэргэжилтэн багш маань миний орчуулагчийг хийж өгч байсан.

-Тэр үед яригдсан гол асуудал нь юу байсан бэ?

А: “Хүүхдийн эрхийн зөрчил”-ийг гол асуудлыг гол бус асуудал гэж ялгах нь боломжгүй. Бүх асуудал маш чухал, нэн яаралтай шийдэх ёстой гэсэн үг.

-Тайлангаа бэлтгэхийн тулд хэрхэн өөр өөр бүлгийн хүүхдүүдийг олж уулзаж байсан бэ?

О: Ерөнхийдөө зохион байгуулах энэхүү асуудлуудыг “Хүүхдийг ивээх сан” хариуцаж ажилласан байгаа. Бид нарын хувьд нөхцөл байдалтай уулзаж танилцан асуудлууд дээр ажилласан. /Улаан чулуут-ын хогийн цэг болон хүүхдийн хорих анги дээр очин уулзаж байсан./

-ОУ-ын шийдвэр гаргагчид Монгол улсын хүүхдүүдийн бичсэн хөндлөнгийн илтгэлийг сонсоод ямар хариу арга хэмжээ авсан бэ? мөн тайлангийн үр дүнгийн талаар “Young voices” ямар бодолтой байдаг вэ?

О:Тайлан гэдэг утгаараа энэхүү илтгэлд маш их тоо баримтууд байгаа. Тиймээс бусад тайланд маш их ашиглагддаг. Тодорхой хэмжээнд иргэний нийгмийн байгууллагуудад ч танилцуулан сайшаалыг хүлээн авч байсан болохоор хүүхдүүдийн нөхцөл байдлыг илрүүлж гаргаж ирсэн сайн тайлангуудын нэг жишээ юм болов уу? гэж одоо ч гэсэн боддог. Мөн хамгийн том зүйл нь хүүхэд ч гэсэн дуу хоолойгоо хаана ч хүргэж чадна гэдгээ харуулсан. Мөн бидний илтгэлийн дагуу НҮБ Монгол улсын засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмж дээр тулгуурлан засгийн газар үйл ажиллагаагаа төлөвлөдөг учраас үр дүнтэй байсан гэж хэлмээр байна.

-Энэхүү тайланг хаанаас унших боломжтой вэ?

-О: “Хүүхдийг ивээх сан”-ийн цахим хуудсан дээр бүх тайлан, судалгаа, мэдээлэл байдаг. Мөн манай бүлгэмийн хийж байсан судалгаанууд байгаа. Орж сонирхоосой гэж хүсэж байна. /Энд дарж уншина уу./

Дашрамд хэлэхэд би хүүхдийг эрхийн хамгаалагч болсондоо үнэхээр их баярладаг. Би энэхүү тайланг бичилцэхэд гар бие оролцсоноороо нийгэмд надаас ялгаатай ямар олон бүлэг байдгийг харж тэдний төлөө хичээх урам зориг аван хувь хүнд маань ч маш их сайнаар нөлөөлж байсан. Мөн энэхүү бичвэрийг уншиж байгаа хүүхдүүддээ хэлэхэд өөрийнхөө эрхийг мэддэг байгаарай, тэгвэл эрхээ зөрчигдөж байгааг мэддэг болно тэгээд мэдээж зөрчигдөж байгаагаа мэдвэл дуу хоолойгоо хүргэдэг байгаарай.

О: Миний хувьд цаг хугацааг ухраагаад илтгэл тавьж байх үе дээрээ очоод илүү сайн дахин хиймээр байна. Мөн энэхүү дуу хоолойг хүргэх төлөөлөгч болсондоо үнэхээр их баярладаг. Мөн уншигчиддаа хэлэхэд өөрийнхөө байгаа газраа хүүхдийн эрхийн зөрчлийг мэдэрч дуугарч чаддаг хариуцлагатай хүүхэд байгаарай би ч мөн адил хичээж байгаа хичээж хэлмээр байна.

Яах аргагүй Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн хороонд монгол хүүхдүүд хөндлөнгийн илтгэл бичсэн байдаг нь “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаа 1, 2, 3 мөн одоо бидний эхлүүлж байгаа “Ардчиллын төлөөх залуу үе” төсөл хэрэгжүүлэх бүх зүйлийн үндэс нь энэхүү илтгэл байсан гэдгийн дурдмаар байна.

Өнөөдрийн подкастанд зочноор оролцсон 2 зочиндоо баярлалаа. Дараагийн дугаараа уулзацгаая.

Ярилцсан: Алтанбаяр, Хонгорзул

Ярилцлагыг бичвэр болгон хөрвүүлсэн: Хонгорзул

--

--