“Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлгийн талаар ярилцлаа.

Altan Bayar
Young Voices Mongolia
4 min readFeb 3, 2021

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрөөс эхлэн 7 хоног бүрийн бямба гарагт “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийн хүрээнд “Young Voices” подкаст та бүхэнд хүрэх болно. Подкастаараа бид та бүхэнд маш олон хэрэгтэй мэдээлэл бэлтгэж төрөл бүрийн сэдвээр долоо хоног бүр сонирхолтой зочдыг урьж ярилцах байгаа. Ингээд бидний анхны подкаст эхлэхэд бэлэн боллоо. “Young voice-1” буюу “Өсвөр үеийн дуу хоолой” бүлгэмийн үүсгэн байгуулагч гишүүдийн төлөөлөл болох А.Алтанбаяр ах, Б.Мөнхцэцэг эгчийгээ анхны дугаартаа урьж оролцуулж байгаадаа таатай байна. Өнөөдөр зочидтойгоо “Өсвөр үеийн дуу хоолой” клуб анх байгуулагдаж байсан түүх мөн хийгдэж байсан ажлууд, яагаад энэ бүлгэмд гишүүнээр элсэн орох болсон талаар ярилцлага хийх болно.

-Юуны түрүүнд сонсогчдод маань өөрсдийгөө танилцуулаач.

А:Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Алтанхуягийн Алтанбаяр гэдэг. 22 настай. МУИС-ийг энэ жил эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд “Young voice” клубын чиглүүлэгчээр ажилладаг. Би хүүхдийн эрхийн чиглэлээр 2013 оноос эхлээд өдгөө 7 жил тасралтгүй ажиллаж байна. Хамгийн анх “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-ийн харьяалалд Хүүхдийг Ивээх Сангийн “Сайн засаглалд хүүхдийн оролцоонд амин чухал” төсөлд оролцсоноор “Өсвөр үеийн дуу хоолой” бүлгэмийн анхны гишүүнээр элсэн орж байсан.

М:Сайн байцгаана уу? Намайг Б.Мөнхцэцэг гэдэг. МУИС-ийн хууль зүйн сургуулийн 5-р курсэд суралцдаг. Уг бүлэгт 1-р курсээсээ эхлэн үйл ажиллагаанд нь тасралтгүй оролцоод явж байна.

-Энэ бүлгэм анх яагаад байгуулагдах болсон бэ?

А: Манай бүлэг түрүүн дурдсанчлан “Сайн засаглалд хүүхдийн оролцоонд амин чухал” төслийн дагуу Чингэлтэй дүүргийн 6, 13-р хорооны хүүхдүүдийг клуб болгон нэгдүүлж нийслэлийн удирдлагууд болон шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэх зорилготойгоор эхэлж байсан. Хүүхдийн клуб маань анх 2008 онд “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-ийн дэргэдэх “Хамгаалал” клуб нэртэйгээр нэгдэж хэсэг бүлэг хүүхдүүдийг чадавхжуулах мөн тэдний дуу хоолойг нэгтгэе хэмээх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэ клуб нь хамтдаа үйл ажиллагаагаа явуулсаар 2015 онд “Өсвөр үеийн дуу хоолой” нэртэй бүлэг болж “Хамгаалал” клубын залгамж халаа болсон гэж ойлгож болно. Бид шийдвэр гаргах түвшний хүмүүст хүүхдийн дуу хоолойг хүргэх, хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа бол хүүхдийн дуу хоолойг заавал сонсоосой гэх мөрөөдлөө эрхэм зорилго болгон өдийг хүртэл хамтдаа нэгдэн ажиллаж байна.

-Энэ бүлэг маань ТББ болох явцдаа ямар ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Мөн амьдрал дээр гарсан бодит үр дүнгээсээ хуваалцаач?

М: Манай бүлгийн онцлог нь оюутны бүлэг, сурагчдын бүлэг хэмээх хоёр бүлэг нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг. Сурагчдын бүлэг байгуулсан зорилго маань бидний хийж байгаа ажил дандаа хүүхэд рүү хандсан хүүхдийн төлөө байдаг учраас энэ ажил маань эргээд хүүхдэд хэрхэн очих вэ, хэр үр дүнтэй явагдаж байна, хүүхдүүд хэр ойлгож байна вэ хэмээх асуултуудууд хариулт олоход их тусалдаг.Иймээс ч бид хамтдаа “Хүүхдийг Ивээх Сан”–ийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож ирсэн байна. Бид бүлэг болон нэгдсэнээсээ хойш хийсэн томоохон ажлуудаас дурдвал:

· Өсвөр үеийнхний дуу хоолой-1 судалгаа

· Өсвөр үеийнхний дуу хоолой-2 судалгаа буюу “ЕБС”-ийн орчинд авилга ашиг сонирхлын зөрчлөөс улбаалан хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар судалгаа хийсэн.

· Охидын дуу хоолой судалгааг бүлгээрээ хийж дуусгасан байна.

-Одоо бидний ажиллаж байгаа “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

А: Манай клуб 7 жилийн турш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж энэ жилийн 10-р сард албан ёсоор “Хүний эрхийг хамгаалагч хүүхэд залуусын дуу хоолой” нэртэйгээр ТББ болсон байгаа. НҮБ-ын Ардчиллыг дэмжих сангийн санхүүжилтээр “Хүүхдийг Ивээх Сан”, “Хөөрхөн зүрх ТББ”, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ”, “Цогц хөгжлийн төв ТББ”, мөн манай “Хүний эрхийг хамгаалагч хүүхэд залуусын хоолой ТББ” хамтран ажиллаж байна. Энэ төсөл дээр хийгдэж байгаа ажлуудаас дурдвал иргэний боловсролын хичээлд дүн шинжилгээ хийж сургалтын хөтөлбөрийн 5 модуль боловсруулах, 15–19 насны залуу сонгогчийн 10 клубыг өөрсдийн шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэдэг, ямар нэгэн хүүхдийн эрхтэй холбоотой асуудал гарвал тоолгүй өнгөрүүлэх бус заавал шийдэж чаддаг хүүхдүүд болгон чадавхжуулах зорилготойгоор Ховд аймгийн 3 сургуульд, Улаанбаатар хотод 2 оюутны бүлэг мөн 5 сурагчдын бүлгийн байгуулсан байна.

-Хувь хүнийхээ талаас та хоёр маань энэ бүлгэмд орсноороо ямар шинэ зүйлийг сурж, ямар чадвартай болсон гэж боддог вэ?

М: Энэ клубт орсноороо шинэ найзуудтай болж, ямар нэгэн ажлыг сэтгэлээ шингээн хариуцлагатай хийж сурсан гэж боддог. Мөн хувь хүний хөгжил маань тодорхой хэмжээнд дээшилсэн. Ядаж л би ямар нэгэн юмыг уншаад оновчтой дүгнэлт хийж чаддаг. Энэ бүх дүгнэлт хийх, багаар ажиллах, хариуцлагатай байх чадварууд маань цаашлаад хувь хүнд маань ч сайнаар нөлөөлдөг гэж боддог.

А: Анх клубт ороход нийгэм их хэцүү харагддаг байсан. Насанд хүрээгүй хүүхдүүд маш их хэмжээгээр гуйлга гуйдаг, ажил эрхэлдэг байсан. Гэхдээ намайг анх хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж эхэлснээс хойш маш их эерэг өөрчлөлт гарсан. Би үүнээс маш их урам авдаг. Бид хамтдаа бие биенээсээ мэдэхгүйгээр маш их зүйлс сурсан байдаг. Жишээ нь: бид уулзаад хэзээ ч нэгэндээ муухай үг хэлж байгаагүй, нэгнийгээ үргэлж дэмждэг, ядаж л хурлын дараа хогоо цэвэрлээд тардаг.

-“Young voices” бүлгэмийн гишүүн байгаагүй бол өөрийгөө ямар хүн болсон байх бол гэж бодож байна вэ?

М: Энгийн л оюутан байх байсан. Урсгалаараа хичээлээ хийгээд л явдаг.

-Түрүүн дурдсанчлан одоо байгуулагдсан байгаа 10 клубын гишүүддээ та хоёрын зүгээс хэлэх үг байна уу?

А:Одоогоор цар тахлын улмаас бид хараахан нэгнийхээ царайг харж чадалгүй цахимаар уулзалт хийн танилцсан ч гэсэн халуун дотноор хүлээж авсан. Бие биенээсээ суралцсан чадварлаг хүүхдүүд гарч ирнэ гэж найдаж байна. Төслийн сүүлд хүүхдүүд маань өөрсдөө төсөл бичих байгаа. Үүнээс үр дүн нь харагдана .

М: Манай клуб бүх юмаа өөрөө хийдэг яаж ийгээд муу ч бай сайн ч бай үр дүнг нь заавал үздэг. Энэ дүрэм чамд ч гэсэн нөлөөлнө гэж хэлмээр байна. Чи энэ бүлгийн нэг хэсэг болсноороо маш олон зүйл сурч мэдэж авсан байх болно. Мөн хүлээж авахдаа таатай байна.

Өнөөдрийн подкастанд зочноор оролцсон 2 зочиндоо баярлалаа. Дараагийн шинэ дугаараа уулзацгаая. Баяртай.

Ярилагыг хөрвүүлэн бичсэн: Өсвөр үеийнхний дуу хоолой бүлгийн гишүүн Б.Хонгорзул

--

--