24 нас хүртлээ ойлгосон 24 зүйл

  1. Туршиж үзэх. Арван жилдээ бүх хичээлд жигд сайн байсан нь мэргэжил сонгоход хэцүү болгосон. Дуртай дургүй бүгдийг нь хийдэг байв. Олон сонголт байх тусам хүн хийсэн сонголтдоо илүү харамсдаг. Би бараг 4 жил харамсаж байсан юм даг. Харин харамсаж суухын оронд одоо би юу хийх боломжтой вэ гэдэгт төвлөрбөл дээр. Олон зүйл сонирхдог байсан тул туршиж эхэлсэн. Сайн дурын ажил, богино хугацааны сургалт гм. Одоо юу хийх вэ гээд хайж эхэлбэл турших арга түмэн олддог. Ингэснээр юунд дуртай, юунд дургүйгээ олж мэдэн туршлага хуримтлуулдаг.
  2. Нэг мэргэжил сонгосон бол үлдсэн амьдрал үүгээр дууслаа гэсэн үг биш. Янз бүрийн чиглэл рүү хөрвөх боломжтой. Гол нь чадвар эзэмшихдээ анхаарах хэрэгтэй юм билээ. Мэргэжлээрээ ажиллахгүй ч дуртай зүйлээ хийгээд явж буй хүн олон.
  3. Санаа нийлсэн хүмүүсийг олж хамт юм бүтээх. Найзуудтайгаа хааяа буу халж суух зүгээр л дээ. Гэхдээ заримдаа яриа нийлэхгүй, караоке орох болбол бүр бүтэхгүй байх нь бий. Харин сонирхол нэгтэй хүмүүстэй ямар нэг зүйлийг бүтээхийн төлөө зүтгэвэл илүү сонирхолтой. Мөн бие биенээсээ суралцдаг.
  4. Ажил хийж өөрийн цалинтай болох. Хүн өөрийн мөнгөө зарцуулж эхлэхэд илүү чөлөөтэй сэтгэж эхэлдэг. Гэрийнхэн мөнгө өгдөг байсан ч дөнгөтэй юм шиг мэдрэмж төрдөг. Харин өөрийн олсон мөнгөө яаж зарцуулах нь өөрийн дур тул хийж үзэхийг хүссэн зүйлээ санаагаа чилээхгүй хийж болно. Дуртай сургалтандаа сууж, дуртай номоо авч, янз бүрийн арга хэмжээнд очиж болно. Сонголтоо өөрөө хийж бие даасан хүн болох эхлэл.
  5. Хичээлээс гадуур суралцах боломж олон бий. Үнэгүй онлайн сургалт (edx.org, coursera.org, khan academy г.м.)-уудад бараг бүх төрлийн хичээл бий. Сайн дурын ажил хийе гэвэл Монголд ivolunteer.mn гэж сайт бий.
  6. Бусадтай боломжийг хуваалцаж бай. Манай их сургуулийн нэг найз бий. Тэр үргэлж олж мэдсэн шинэ соргог мэдээ, боломжийг хуваалцдаг. Хамтарч ажиллах санал гаргадаг. Хэчнээн сайхан санагддаг гээч. Би түүнээс суралцаж өөрөө эргээд бусадтай хуваалцдаг, хэрэг болж мэднэ гэсэн зүйлийг мэдэгддэг болсон. Дандаа авах биш, өгч сурах хэрэгтэй юм билээ.
  7. Боломж үргэлж олддог. Зориглоод үзэхэд алдах юмгүй. Жишээлбэл тэтгэлэгт хөтөлбөр хэчнээн цөөхөн хүн авдаг байсан ч тэнцэх боломж байдаг.
  8. Санаанд багтсан юмыг хийж болдог” гэдэг үгийг Н.Гансүх гуайн “Гэрэл зураг унших| ойлгох| тайлбарлах| авах түлхүүр” номноос сүүлд олж хараад голыг нь олж хэлж дээ гэж санагдсан. Санаанд л багтаж байвал бүтдэг.
  9. Хэрэггүй зүйлээс салах. The Minimalists-ийн нэг нийтлэлийг олж уншаад хэрэггүй зүйлээс салах тусам хэрэгтэй, үнэ цэнтэй зүйлд зарцуулах цаг ихэснэ гэдгийг ойлгосон. Зурагт үзэлгүй бараг 2 жил болж байна. Гэхдээ сошиал медиад цаг үрээд байгаа тул тодорхой хугацаанд зарим сайтын хэрэглээг хязгаарладаг аппликэшн (windows үйлдлийн системд WasteNo Time, apple-д SelfControl) ашиглаж эхэлсэн, дажгүй л байна.
  10. Төгс хийх гэж бодсоор юу ч хийхгүй үлдэж мэднэ. Би энэ блогийг эхлүүлэх гэж өчнөөн удсан. Ийм юм хүнд ер нь хэрэгтэй юу, яаж хүмүүсээс ярилцлага авах, гэрэл зураг авах гээд бүгд шинэ мэдэхгүй зүйл байсан тул яах бол гэж эмээсээр байсан. Нэг эхлүүлчихвэл сайжруулааад явах боломжтой. Нөгөө талаар дэмий санаа байвал эрт олж мэднэ. JUST DO IT!
  11. Дааж авсан ажлаа сэтгэл гаргаж чамбай хийх. Бусад хүн ч, өөрөө ч сэтгэл хангалуун үлддэг. Тэгсхийгээд хийсэн ажил дараа нь муухай мэдрэмж төрүүлдэг.
  12. Зарим ажилд үгүй гэж хэлэх. Хэт олон ажил хийхэд самгардаж, аль аль ч үгүй болж мэдэх тал бий. Энэ зарчмаа бүрэн дагадаг болоогүй л байна. Одоо чухалд нь анхаарахыг зорьж байгаа.
  13. Амьдралаас утга учир хайгаад хэрэггүй. Өөрөө бий болгох хэрэгтэй. Хориод насны хямрал гэж бодит шүү. Хэчнээн ч удаан үргэлжилж мэднэ. Хайдеггэрийн хэлснээр “бид энэ хорвоод шидэгдсэн” гэдгийг гэнэт ухаардаг. Уул нь эрт ухаарах тусмаа сайн сан. Би хэн бэ? Яах гэж амьдраад байгаа юм? гэх мэтчилэн асуулт хөвөрнө. Мухардалд орж, хэн ч юу ч сонин биш болдог. Азаар би нэг ном (тусад нь бичиж оруулна) олж уншаад хүнд хэрэгтэй юм хийж амьдаръя гэж шийдсэн. Энэ бодол минь хэр урт настайг мэдэхгүй ч, тасрах хүртэл нь, шинэ үзэл санаа суух хүртэл нь явж болмоор санагддаг аа. (Энэ үзлийг өөрчлөх бодлын үр хөврөл үүсч байгаа нь мэдрэгдэж байна.)
  14. Орчноо солиод зугатсан ч асуудал байж л байна. Хэзээ нэг цагт өнөө асуудалтайгаа нүүр тулах хэрэг гарна. Гэхдээ өөртөө ингэж чөлөө өгснөөр энэ хооронд шинэ туршлагатай болж, шинэ хүмүүстэй танилцдаг, шинэ санаа олдог сайн талтай.
  15. Хүсэл хэзээ ч дуусахгүй. Нэг зорилго тавиад зүтгэж зүтгэж хүрсний дараа одоо яах вэ гэсэн асуулт эргэлдэнэ. Ахиад өөр зүйл хүсч эхэлдэг. Ийм тойрогт л бид амьдардаг. Хүн цаг үргэлж аз жаргалтай байх боломжгүй. Аз жаргал бол эцсийн зорилго биш юм шиг санагддаг. Гол нь өөрөө хүсч байгаа зүйлд зүтгэж байна уу, эсвэл бусдын хүлээлтийн дагуу хүсч байна уу гэдгийг ялгах нь чухал.
  16. Утга учиргүй ажил хийхгүй байх. Хийж буй ажил нь хэнд ч хэрэггүй бол үүн шиг гутармаар зүйл үгүй. Монголд одоохондоо ажилтай болох л гол асуудал байж мэднэ. Гэхдээ яваандаа хүн бүр ажилдаа сэтгэл хангалуун байх, хийж буй ажил нь нийгэмд сайн сайхныг авчирч буй эсэхийг асуудаг болно гэж санадаг.
  17. Нийгмийн асуудлыг шийдэх хамгийн үр дүнтэй арга бол Social Entrepreneurship. Яагаад гэвэл олсон орлогоороо өөрийгөө санхүүжүүлж урт хугацаанд оршин тогтнох, тэр хэмжээгээр олон хүнд хүрэх боломжтой. Би өөрөө дорвитой зүйл хийж амжаагүй боловч ТББ-ууд грантаас грантын хооронд дэнжигнэснээс энэ бол үр дүнтэй арга гэж боддог болсон.
  18. Баг бүрдүүлж, удирдаж сурах хэрэгтэй. Ямар нэг санааг ажил хэрэг болгоё гэвэл багтай байх хэрэгтэй гэдгийг ойлгож л байна.
  19. Өөрөө бүрэн итгэхгүй байгаа санааг ажил хэрэг болгоно гэдэг хэцүү. Харин яаж итгэлтэй болох, үүнийг хэрхэн өөрчлөх гэдэг асуултад хараахан хариулт олоогүй байна.
  20. Comfort zone буюу тухтай хэвтрээсээ өндийх амаргүй. Гэхдээ тэгж байж л сайжрах юм байна. Шинэ зүйл туршихаас гадна сайн чаддаг зүйлтэй болох.
  21. Аливаа зүйлийг болгож бүтээх талаас нь харж сурах. Өөрийгөө заримдаа гомдоллох, боломжгүй талыг нь хараад байдгийг анзаарсан.
  22. Сурах ёстой бас нэг чухал зүйл бол self-discipline. Өөрөө өөрийгөө удирдаж сурах нь хүн удирдаж сурахаас ч чухал.
  23. Өөрийн ажил хэрэгт, өөртөө анхаарч яваад гэрийнхнээ тоохгүй байх тал бий. Сүүлд харамсах вий гэж санагдавч дорвитой өөрчилсөн юм алга л байна.
  24. Аялах. Ганц хоёр хоног жуулчны хувиар аялснаас аялаагүй нь дээр, шинэ газар дор хаяж 2–3 сар амьдарч байж илүү танина гэж боддог байсан. Гэхдээ сүүлийн үед богино хугацаанд үр дүнтэй аялах боломжтой, ер нь аялж байсан нь дээр гэж бодогдох боллоо.

Дээрх жагсаалтыг дараах нийтлэлүүдээс санаа авч бичсэн билээ. Та ч бас ийм жагсаалт гаргаад Your Story Career -тай хуваалцаарай. Илүү туршлагатай хүмүүсийн (Batzorig Begzsuren, Enkhbolor Gantulga, Oko D) нийтлэлийг уншихыг хүсвэл: