Стойк үзлээр сэтгэлээ авч явах нь | Философи

Марк Аврелийн хөшөө. Ром.

“Стойсизм” (Stoicism) гэх философийн урсгал нь Эртний Грек, Ромд МЭ 400-аад оны үед цэцэглэн дэлгэрчээ. Амгалан тайван хэрнээ эр зоригтойгоор айдастайгаа нүүр тулахыг сургадаг философийн тулгуур үзлүүдийн нэг бөгөөд хамгийн их нөлөө үзүүлсэн төлөөлөгчид нь Сенека (МЭ 4–65), Марк Аврелий (МЭ 121–180) юм.

Стойк үзэл хүмүүс бидний дараах 4 бэрхшээлд хариулт өгчээ.

1. ТҮГШҮҮР

Хэзээд, хэнд ч хэцүү зүйл тохиож л байдаг. Ихэнх хүмүүс ийм үед өөдрөг байж, сэтгэлээ сэргээхийг нэгэндээ зөвлөдөг. Харин Сенека “Болчих вий гэж айж байгаа тэр л зүйлээ нэгэнтээ болчихсон мэтээр хүлээн зөвшөөрчихвөл түгшүүр арилна” хэмээн зоригтойгоор тулахыг сургажээ. Гэгээн амгалан байя гэвэл бүх зүйлд нэг их найдаад хэрэггүй л гэсэн үг. Бүхнийг үл огоорч, аливаа аар саархан асуудлаас өөрийгөө чөлөөлөх!

Өнөөдөр шоронд орсон ч, байдаг бүхнээ алдсан ч, хайртай хүн нь сэтгэлээ хувиргасан ч дотоод амар амгаланг тань эвдэхээргүй хүчирхэг бөгөөд нигүүлсэнгүй зүрх сэтгэлийг өөртөө цогцлоох! Хаан сэнтийд ч, гуйранчийн хэвтэрт ч нэгэн төрхөөр байх!

“Жаргалтай байхад багахан л зүйл хэрэгтэй”

-Марк Аврелий

2. УУР ХИЛЭН

Уур хилэн бол эмзэг дорой сэтгэлийн үр жимс хэмээн стойкд бичжээ. Итгэл найдвар болон бодит байдлын зөрүүг хүлцэж чадаагүйн тэнэглэлээс уур хилэн үүснэ. Хүн зовлон гунигтай юмс бүхэнд бархираад байдаггүй ч зовлон гунигтай бөгөөд гэнэтийн зүйлсд түгшиж орхидог.

Хүмүүс чамайг хуурна, бүгд үхнэ, амьдралд бүтэлгүйтнэ, ажлаасаа халагдана, үгээгүй хоосроно. Энэ бүхэнд цочирдолгүй өмнө нь хүлээн зөвшөөрч, мэдэж байвал гуниглан хилэгнэхгүй нь лав.

“Өдий амгалан байя гэвэл амьдралаас төдий багийг хүлээ.”

3. ПАРАНОЙ*

Хэцүү зүйл тохиоход “Яагаад” хэмээн толгой шааж, хорвоо ертөнцийг буруутгах шиг амар зүйл үгүй. Гэтэл стойк үзлээр “Хэний ч буруу биш байвал яах вэ?”

Эртний Ромын домогт “Фортуна” хэмээх хувь төөргийн бурхны тухай өгүүлдэг аж. Фортуна бүх ертөнцийн хүмүүсийн хувь заяаг атгаж, аз тохиол, мөнгө, хайр гэхчлэн хуваарлан өгнө. Хэнд юу заяах нь түүний зан байдлаас хамаарах бөгөөд нэг л өдөр танд гайхалтай хайр дурлал, эд баялгийг өгөх хэрнээ орой нь хоолонд хахуулаад үхүүлчихэж чадна. Шашинлаг үзлээс ангидаар стойкууд хувь төөрөг буюу “Фортуна”-д итгэдэг байв. Өнөөдөр зовлонтой байлаа гээд зүгээр л хүлээж байтал жам ёсны дагуу маргааш жаргах төөрөг гэж байхгүй.

Хувь төөргийн бидэнд өгдөг мөнгө, хүч чадал, алдар нэр, хайр сэтгэл, эрүүл мэнд — аль нь ч “үнэхээр” биднийх биш. Тиймээс эдгээрт хянуур хандаж, өөрийн “би”-г бүтээнэ үү.

4. ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛДЭЭ ХҮЛЭГДЭХ

Хүн байгалиасаа л өөрийгөө хэтрүүлэн үнэлдэг. Ертөнцийг өөрийнхөө өрөөний хэмжээгээр л хардаг учраас хүмүүс юу хийх, хэн байхыгаа хэтэрхий чухал мэт үнэлж, түүндээ хүрэхгүй бол цочирдон балмагддаг. Стойк үзэлд, ертөнцийг өөрийнхөө хэмжээнд бус асар уудмаар харахыг зөвлөжээ. Өнөө чухал мэт сэтгэлийг тань зовоож буй асуудал үнэндээ огторгуйн уудамд юу ч биш хэмээн сэтгэвэл сэтгэл амрах буюу.

Өөдрөг мөрөөдөмтгий байхыг сургасаар ирсэн өнөөгийн бидэнд СТОЙК хэт гашуун, цочир санагдавч байж болох хамгийн бодит, эрх чөлөөт, биеэ авч явах үзэл юм.

“Одоодоо таатай, ирээдүйдээ сэтгэл түгшдэггүй, итгэл найдвар болоод айдсын алинд ч үл гайхшрах, элдвийн хүсэлд хүлэгддэггүй амьдрал л хамгийн аз жаргалтай нь.”

-Сенека

Эх сурвалж: The School of Life

Параной* — Өөрийгөө зохиомол дарамтанд оруулж, хий хоосноос айж жигших, ор үндэсгүй атаа хонзон санах, өөрийгөө хэт өндрөөр эсвэл хэт доройгоор үнэлэх зэргээр тодорхойлогддог сэтгэцийн өвчин. Үүнээс үүдэн аливаад донтох, хүндээр өвчлөх, ухаан санаагаа алдах шизофрени гэх мэт өвчлөл үүсдэг аж. /Marriam Webster Dictionary/

--

--