Эргэлт, сонголт, уншилт

2B | +1% better 2day | b.007

--

Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө Амраа шаркын “Эргэлт, Сонголт” номыг бэлгэнд авсан юм. Нийтдээ 156 хуудастай, уншихад энгийн бөгөөд “Намтар дурсамж, дурдатгал” ангилалын ном байна лээ.

Өөрийн амьдрал болон карьерын талаар өгүүлсэн 11 бүлэгтэй ном нь түүний TEDx talk дээр хийсэн ярианы дэлгэрэнгүй хувилбар гээд ойлгож болохоор.

16 min : жоохон хоолой чичирсэн үү?

Номыг уншсаны дараа яагаад ч юм сонгуульд зориулж угтаж гаргаждээ гэж бодогдсон шүү. 1 жил орчим хугацаанд “Гүн” Г.Аюурзана-тай хамтарч бичсэн гэхээр 2018 оны сүүлээс шахуу бэлдэж эхэлсэн юм уу даа. Unlike some people

Гэснээс “Гүн” гэдэг цол хэргэмийг яаж, хэнээс авдаг юм бол?
(Asking for a friend 😂)

Эргэлтийн цэг

Ном маань ардчилал руу шилжих 90-ээд оны үед Дипломатч болох хүсэлтэй байсан залуу яаж яваад санхүүгийн салбар/банкир болох болсон талаар ярьж эхэлдэг.

Аав нь Бельги улсад суух элчин сайдаар томилогдсон нь хэн хүнд олдоод байдаггүй тавилан байж. 1992 онд Монгол улс 2 сая гаран хүн амтай байсан гэж бодохоор нэг талаас бол маш том БОЛОМЖ.

Гэхдээ хамгийн чухал нь тэр боломжийг таних, цаашлаад ашиглах.
Үгүй бол тэгээд ямар ч ялгаа гарахгүй.

Аз гэдэг нь боломжийг шүүрэхэд бэлэн байхыг хэлнэ.

Карьер төлөвлөгөө

Анх аяга таваг угаагчаас эхлээд ABN AMRO-д хэрхэн орсон тохиол, цаашаа ABN академид сурсан, Энроны скандал дээр ажилласан туршлага болон Лондонруу шилжсэн талаар сонирхолтой түүхийг унших явцад нэг зүйл гарч ирнэ. Карьер төлөвлөгөө. 🎯

Монгол компаниудад тэр болгон байдаггүй, эсвэл хүмүүсийнх нь толгойнд ч орж ирдэггүй тэр л зүйл… 5 жилийн дараа та ХААНА байх вэ?

Цалин нь хэзээ яаж өсөх нь ч тодорхойгүй газар карьер төлөвлөгөө гэж ярих ч бас боломжгүй юм уу даа. Өөр нэг зүйл нь бидний мэдэх “карьер хөөх” гэдэг үйл явцад гэр бүлээ ямар нэг байдлаар золиослох, ганц бие залуусын хувьд илүү давуу тал байдаг гэдгийг халтихан дурдмаар санагдав.

Хүүхэдтэй болох эсэх тэр нь сайн муу талаар энд дурдаагүй болно. Гагцхүү хоногийн 24 цагт хийж чадах зүйлс маань хязгаарлагдмал гэдгийг л сануулав.

Харвард (4.6%-н нэг)

Их сургуульд сурах нь диплом гэдэг цаасны төлөө юу? Магистрт сурахад юу хожиж, юу алдах вэ? (Pro/Con) Яавал Харвардад орохоор хүсэлтээ өгсөн мянга мянган залуусаас ялгарч 4.6%-н нэг болох вэ? гэсэн асуултуудад хариулсан дараачийн хэсгийн төгсгөлд өөрийнх нь бичсэн эссэ байсан.

Би ч бас дотроо яагаад заавал мастерт сурах хэрэгтэй талаар нэлээн эргэцүүлдэг л дээ. Ямар ч байсан ажилласан туршлагатай болчхоод Магистрт сурах хэрэгтэй гэдэгтэй бол 100% санал нийлдэг. Нээх өөрөө сураагүй болохоор атаархаад байгаа юм бол байхгүй. За тэгээд бүр болохгүй бол энэ 2 номыг уншчихад л болно доо…

Харвард дотор

Бүлэг #6 хуудас 70–90 хүртэл Харвард сургуульд хөл тавьсан цэгээс эхлүүлээд 2 жил сурах хугацаандаа хийсэн зүйлсийг товчхон тайлбарласан байв. Кампус, шинэ оюутны гарын авлага, оюутны байр, клуб, хичээлийн хуваарь, аль сандалд суухаас авхуулаад, хэнтэй найзалсан тухайгаа бичсэн энэ хэсэгт 2 зүйл л маш сонирхолтой санагдав.

  1. Кэйс (case) хэлэлцэх
    тухайн жилийн 800 оюутан 10 ангид хуваагдаж, хичээл дээрээ лекц гэхээс илүүтэй бодит кэйс дээр ажилладаг байна. Дор хаяж 100–200 хуудас бичвэр уншиж түүнийгээ хичээл дээрээ 90 минутад хэлэлцдэг
    #CrackTheCase
  2. Obsolescing bargain
    Хөрөнгө оруулалт хийгдсэний дараа ЗГ шаардлага нөхцөлүүдээ дахин тавих замаар гэрээгээ өөрчилж, эрх мэдлийг ЗГ-т шилжүүлж авах. Монголд бол одоо Оюу-Толгой (Рио Тинто)-н гэрээ л гэсэн үг…
    #Ultimatum

Харвардын дараа

Харвард төгссөн хүнд ажил олдохгүй зовлон гэж бол байдаггүй гэсэн. Харин ямар ажил вэ гэдэг л асуулт байдаг гэнэ. Шаркийн маань хувьд ч бас хаашаа орохоо шийдэж амжаагүй байхдаа ABN академийн хуучны танилтайгаа уулзаж, “сонирхолтой санал”-д нь татагдаад Казакстан руу явсан байдаг юм.

2007/9 сараас эхлэн Казкоммерц банкны Эрсдэл хариуцсан захирлаар ажиллахаар болж 3 жил гаран ажиллаад 2011 онд Монголдоо ирсэн байсан. Казахстанд ажиллах үеийн сорилт, давуу тал, Монголтой төстэй ямар үйл явдлууд болсон, эрсдэлтэй холбоотой ажлын туршлагаасаа хуваалцсан энэ бүлэгт нэг сонирхолтой зүйл яригдсан нь Болашак хөтөлбөр.

Future

Болашак буюу Ирээдүй гэдэг хөтөлбөр нь өнөөдрийг хүртэл нийтдээ 13'000 орчим шилдэг сурагчдыг буцаж ирээд дор хаяж 5 жил ажиллах ёстой гэсэн ганцхан нөхцөлтэйгөөр бүх төлбөрийг нь төрөөс дааж гадаадад сургажээ.

Манай төрийн сангийн зээл нтр яадаг юм бол доо? #ИлТодБайдал

Эргэн ирэлт (Тэнгэр, Хас)

2010 оны сүүлээр Казакстаны ерөнхийлөгчийн банкны салбар дахь нөлөө, эдийн засгийн уналт, Монголын эдийн засгийн өсөлт, гэр бүлийн шалтгаан зэргээс хамаарч эх орондоо буцаж ирэхээр шийдсэн байна.

@biligunb

Ирэхдээ Тэнгэр санхүүгийн нэгдлийн захирал, Хас банкны эрсдэлийн газрын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Энэ үедээ шинэ соёл үүсгэх, ирж буй уналт (End of the commodity super cycle) зэргийг тооцож ажилласан нь амжилттай байснаар харьцангуй бага цохилт авсан гэж хэлж болохоор.

Монголчууд бид нар хэтэрхий өөдрөг үзэлтэй, эрсдэлийг удирдахдаа маруухан юм шиг санагддаг. Hope for the best, but prepare for the worst…

Хобби

Ер нь л хүн бүр ажлаас гадна ямар нэг хоббитой, хамт уулздаг нийгмийн бүлэгтэй байх хэрэгтэй гэдэг юм билээ. Шаркын хувьд дугуй унадаг, түүгээрээ нэлээн хичээллэж тэмцээнд хүртэл орж явж. 🚴

Икигай номын тэмдэглэл

Би ч бас оюутан байхдаа хотынхоо 1 захаас нөгөө захруу дугуйтай 45 мин явчихдаг л байлаа. Даанч хобби нтр болоогүй л дээ. Монголд 1 хэсэг ажилдаа явж үзээд больсон. Одоо харин 1 хөдөлгөөн шаарддаг хоббитой болмоор л байгаа.

Сүүлийн бүлэг

Байгууллагын соёл, internal sabotage, мэдээллийн технологи болон амжилт гэж юу болох талаар товчхон бичсэн энэ хэсэг нь арай богинохон болчихсон юмуу гэж санагдсан. Төгсгөлд нь бас аав Ж.Ганибалын товч ярилцлага байна лээ. Шарк маань Билгүүн номч Бямбын Ренчингийн зээ хүү гэсэн шүү.

Энэ хэсэг гарсан 1 онцлох зүйл нь байгууллага доторх мэдээллийн урсгалын талаар байсан. Дээд түвшинд гаргасан шийдвэрийг дунд болон доод түвшинд хэрэгжүүлэх ажилтнууд бүгд ойлгож ухаарах ёстой гэж байгаан. Тушаал гэхээс илүү нэг зүгт, тухайн зорилгынхоо төлөө хамтдаа ажиллах учиртай шүү дээ.

За ингээд миний онцлох тэмдэглэл дуусаж байна. Сурч боловсорсон, бизнесийн салбарт ажилласан арвин туршлагатай тэрээр улс төрд харин юу хийж чадах бол гэдэг л сонин байна. 4 жил ч бас их хугацаа шүү дээ, хийх зүйл ч мундахгүй байна миний Монголд. Гэснээс 2 улсын иргэншлийн асуудал нь тэгэсгээд чимээгүй болчихсон уу?

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй