Икигай 生き甲斐

2B | +1% better 2day | b.006

--

Икигай — ямагт завгүй байхын жаргалан

Héctor García болон Francesc Miralles нарын хамтран бүтээсэн Япончуудын урт удаан, жаргалтай амьдралын нууцын талаар өгүүлэх энэхүү номыг уншин хэд хоног завгүй жаргалаа. Тэгээд өөрийнхөө жаргалаас бас та нартай хуваалцмаар санагдаад… (Өнгөрсөн жилийн зун шүү 😂)

Икигай ханзны утга нь 生き — амьдрал + 甲斐 — үр бүтээлтэй гэсэн утгыг илэрхийлдэг 2 ханзны нийлбэр юм. Тэгэхээрээ нийлээд нэг л үр бүтээлтэй амьдрах гээд байна аа даа 😂

TMC — Икигай(Ikigai) буюу Оршихуйн мөн чанар гэж юу?

Өглөө орноосоо босох шалтгаан нь ИКИГАЙ гэж хамгийн энгийнээр тайлбарлаж болно гэж би хувьдаа тунгаав. Та ч бас дээрх зургийг харж байгаад өөрийгөө шалгаад үзэхэд гэмгүй.

Асуулт : Та өөрийн ИКИГАЙ-г олсон уу?

За шууд номруугаа оръё. Номон дээр мэдээж Япон хүмүүсийн талаар гарах бөгөөд тэр дундаа Окинива арал дээрх очиж хийсэн судалгаанаас дурдагдана. 100,000 хүн тутмын ~25 нь 100-аас дээш наслаад байдаг энэ гайхалтай арал дээр 70 гарахаараа л очиж амьдаръюу гэж бодогдсон шүү.

Номын эхэнд Икигай нь утга учрын эмчилгээтэй (logotherapy) агаар нэгэн боловч 1 алхам давсан ухагдахуун гэсэн байдаг.

#1 Нас нэмсэн ч залуугаараа байх

Япон хэлэнд тэтгэвэрт гарах буюу “хөдөлмөрийн нөөцийг бүрмөсөн орхих” гэсэн үг байдаггүй. Ямар ажил мэргэжилтэй байсан ч хамаагүй, эрүүл мэнд нь доройтоогүй л бол хэзээ ч бүү тэтгэвэрт гар гэдэг байна. Энэ л логик магадгүй урт настангуудын хамгийн том НУУЦ нь байх.

“Mind controls the body” гэдэг шиг бидний бие махбод доройтохоос урьтаж тархины эд эс үхэж эхэлдэг байна. Тиймээс тархиа байнга дасгалжуулж шинэ холбоосыг үүсгэн, дахин төлжүүлэх хэрэгтэй.

  1. Тархиа ажиллуулах
    —Дуртай зүйлээ хийх
    — Шинэ зүйл сурах нь сонирхолтой бөгөөд challenging
    Тэтгэвэртээ гараад удалгүй огцом хөгширдөг хүмүүс нь ямар нэг шинэ зүйл сурахгүй, өөрийн сонирхсон хобби болон нийгмийн харилцаа бага байдагтай шууд холбоотой гэсэн.
  2. Биеэ тордох
    — Хамгийн урт насалсан хүмүүс гэхдээ хамгийн спортлог хүмүүс БИШ
    — Их хүч шаардсан биш өдөр тутмын байнгын хөдөлгөөн чухал
    Хүн 30 минут суухад л бодисын солилцоо 90%-аар удааширдаг гэнэ. Харин тур үед нь 5-хан минут босоод хөдөлгөөн хийхэд эргээд хэвийн болчихдог. Мөн хүний хуруу хөдөлж байхад тархи ч бас ажилладаг учир цэцэрлэгээ тордох нь хамгийн тохиромжтой дасгал гэсэн.
  3. Хоол
    — 80%-н нууц
    — Хара хачи бу (1 үндсэн хоол + 4 таваг хачир)
    — Мацаг (5:2 эсвэл 6:1)
    Олон тавгаас хоол идэх нь их хоол идсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд мөн гэдсээ бүрэн цатгахгүй байх нь мөнхийн ажилладаг ходоод гэдсээ амрах боломжоор хангана. Хааяа нэг мацаг бариад байхад уул нь зөв гэнэ шүү. Мэдээж дан мах+гурил+будаа биш өөр өөр төрөл зүйлийн жимс, ногооноос аминдэмийг авах нь ч бас чухал.

Миний хувьд хоол идэнгээ цай уух дуртай. (уул нь МУУ гэсээн) Харин хоолны дараа бол ногоон цай (цагаан цай) уух нь тунчиг хэрэгтэй гэнэ.

#2 Тархи + Дасгал + Хоол хангалттай юу?

Харамсалтай нь ҮГҮЙ. Ихэнх хүмүүс (80%) хүнд амьдрах шалтгаан хэрэгтэй гэж итгэдэг гэнэ. Харин 60% орчим нь л хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлийн төлөө үхэхэд бэлэн байдаг байна. Та өөрийн амьдрах шалтгааныг олсон уу?

Нөгөө л нэг Икигай. Өглөө орноосоо босох шалтгаан нь байхгүй бол хэчнээн ч шинэ зүйлийг сурч, дасгал хийж, хоолондоо анхаараад нэмэргүй байх нь. Учир нь сэтгэлзүйн хувьд тогтворгүй, стресстэй, хоосон мэдрэмжтэй байдаг.

Харин энэ асуудлыг шийдэхийн тулд logotherapy буюу утга учрын эмчилгээг санал болгодог байна. Энэхүү онолыг Еврей гаралтай Виктор Франкл хорих лагерт (Auschwitz) 3 жил болохдоо судлан, дэлгэрүүлж, өөр дээрээ туршиж гаргаж ирсэн байдаг.

Та яагаад амиа хорлохгүй байгаа юм бэ?

Магадгүй хамгийн сонирхолтой нэг зүйл нь утга учрын эмчилгээг эхлүүлэхдээ тэрээр өвчтөнөөсөө дээрх асуултыг асуудаг байсан байна. Та ч бас өөрөөсөө асуугаад үзээрэй.

Номон дээр В.Франклын эмчилгээтэй нэгэн үед Японд гарч ирсэн Морита Эмчилгээний талаар бас дурдагдана. Гол ялгаа нь сэтгэл хөдлөлөө удирдах бус хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, түүний дараа бидний хийх үйлдлээс хамаарч шинэ сэтгэл хөдлөлийг үүсгэнэ гэж үздэг. Тэр талаар та өөрөө судлаад үзээрэй. Үндсэн 3 зарчим, эмчилгээний 4-н үе шат болон Найкан бясалгалтай ямар холбоотой талаар сонирхолтой бичвэр байна лээ.

#3 Flow — буюу оршихуй

Өөрийн икигай-г олчихсон бол хэрхэн амьдралын хэмнэлдээ шингээх вэ?
Эсвэл амьдралын хэмнэлээсээ икигай-аа олдог юм болов уу?

Ямар ч л байсан яг одоо, хийж буй 1 зүйлд анхаарлаа бүрэн хандуулахын чухлыг тайлбарласан бүхэл бүтэн нэг бүлэг бий. (Flow) Гүйцэлдүүлэхэд амархан биш, эсвэл хэтэрхий хүнд ч биш, таныг сорихуйц тийм л challenging зүйлийг хийгээрэй гэсэн байдаг.

Ikigai — Reason for being

Такуми буюу нэг зүйлийг хийхдээ мэргэшсэн хүмүүс нь дээрх тайлбарын бодит жишээ гэж болно. Хийж байгаа зүйлдээ бүрэн уусаж, бусдыг умартан зөвхөн тухайн мөчдөө аз жаргалыг мэдэрч байдаг нь нэг үгээр бол икигай-аа олсон гэмээр.

Нэг талаас икигай = амьдрах шалтгаан, утга учир гээд ТОМ л зүйл байх ёстой юм шиг боловч нөгөө талаас хамгийн жижиг зүйлээс ч хамаагүй таашаал/аз жаргалыг олж мэдрэх нь өөрөө икигай гэж надад санагдсан.

#4 Бүлэг

Өндөр насалсан хүмүүстэй ярилцсан түүх болон Окинава дах амьдралын хэв маягаас нэг нийтлэг зүйл анзаарагдана. Тэр нь бүлэг/нийгэм (community).

Шатрын клуб, нийтийн бүжиг, төрсөн өдрийн баяр, хамтдаа ажиллах (ургац, ногоо, цэцэрлэг) зэрэг хамтдаа байх, хооллох, ярилцах бүхий л хүн хоорондын харилцаа нь урт удаан амьдрахад чухал нөлөөтэй байдаг байна.

Бодоод үзэхээр хүний амьдрал гэдэг хэзээ ч ЦОР ганцаараа байдаггүй (сэтгэлийн хувьд) учраас л хүн нийгмийн амьтан гэдэг үг гарсан юм болов уу?

#5 Resilience

“7 дордож 8 сэхнэ” ~Зүйр Цэцэн Үг

Амьдралд юу ч тохиолдож болох учир алдсан ч буцаад босоод ирэх чадалтай байх нь хамгийн хүчирхэг эсвэл хамгийн тэвчээртэй байхаас илүү байдаг. Ялангуяа өөрийн икигай-аа олсон хүн бол хэзээ ч бууж өгөхгүйгээр өөрийн хүссэн зүйлийн төлөө тэмцдэг.

Rocky Bilboa — Box

Цаашлаад энэ Resilience нь → Anti-fragility буюу хүнд хэцүү зүйлсийн дараа улам сайн болж сайжрах гэсэн дараагийн шатандаа гарах боломжтой.

Мөн ямар хоол, ямар дасгал хийх нь биед ашигтай талаар бичсэн 2 бүлэг байх бөгөөд та өөрөө уншиж судлаад туршаад үзээрэй. Миний хувьд энд бичилгүй алгаслаа. (олон төрлийн хүнс + иога…)

Зарим сонирхолтой зүйлсийг дурдвал :
— Япон хүний дундаж хэрэглээ давсны хэрэглээ 12 гр VS Окинива-д 7 гр
— Өдрийн идэх илчлэг 2068 кал VS Окинива-д 1785 кал
— Бага хэмжээний стресс : адреналин ялгаруулах нь биед сайн
— Бясалгал хийснээр альфа & тета долгион гаргадаг
— Writers block : Хэт том зорилгыг бодсоноор юу ч бичиж чадахгүй байх
— Wabi-sabi : төгс биш нь өөрөө үзэсгэлэнтэй байдаг
—Ichi-go ichi-e : зөвхөн энэ л мөчид амьдар
Stoicism : Амгалан тайван хэрнээ эр зоригтойгоор айдастайгаа нүүр тулах

Хэдийгээр икигай-аа ол, зөв хооллож, байнгын хөдөлгөөн хий, тархиа завгүй байлга гэж байгаа боловч энэ нь огт завгүй ЯАРЧ амьдар гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ дуртай зүйлдээ төвлөрч хором мөч бүхнээс аз жаргалыг мэдрэхийг хэлсэн гэж би тунгаалаа.

Нэг иймэрхүү л байх шиг байна даа. За тэгээд бодоод байх нь ээ би өөрийн ИКИГАЙ-аа яг ч олоогүй л юм шиг байна. Олбол тэгээд ярий×2

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй