Уханийн хатгааг үүсгээд байгаа Коронавирус буюу Титэмт вирус гэж юу вэ?

Mandakhnaran Davaadorj
5 min readJan 20, 2020

--

-2020 оны 1 дүгээр сарын 20 –ны өдрийн байдлаар БНХАУ –н Ухань хотод дэгдээд буй Коронавирусын шалтгаант Уханийн хатгаагаар 201 (139 шинэ) тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас бараад байгаагын дотор Бээжин, Шэньжэн хотуудаас өвчний тохиолдол анх удаа илрээд байна.

Эх сурвалж: DW, CNN.

Вирусын халдвар гэж юу вэ?

Вирусын халдвар гэж вирус хэмээн нэрлэгдэх удамшлын мэдээллээ (Деоксирибонуклейн хүчил буюу ДНХ эсвэл Рибонуклейн хүчил буюу РНХ) дотроо агуулсан уураг липидэн мембранан бүрхүүл бүхий биологийн эгэл биет зүйл хүн, амьтан гэх мэт эзэн бие махбодод халдварлан өвчлүүлэх үйл явц юм. Вирусууд нь эзэн биеийн махбодгүйгээр өсөн үржиж чаддаггүй. Вирус нь халдварлагдсан эзэн амьтанийхаа биед ормогцоо түүний эсүүдэд халдварлан эсүүдийн уураг бий болгох эрхтэнцэрүүдийг “хакердан” ашиглаж удамшлын мэдээллээ хувилан олшруулж өсч үржиж эхэлдэг. Тодорхой нэг эсийн дотор өсөн үржиж буй вирусын тоо хэмжээ хэсэг хугацааны дараа асар олон болох бөгөөд ингэснээр тухайн эс ачааллаа даалгүй үхэж шинээр үүссэн вируснууд эсээс чөлөөлөгдөн гарч өөр эсүүдэд халдварлан дээрхи маягаар өсөн олширч эсүүдийг устгаж эхэлсэнээр эзэн амьтаныг өвчлүүлнэ. Энэ байдал эзний дархлаа тогтолцоо ажиллан вирусуудыг халдварлагдсан эстэй нь хамт устгаж дуусах хүртэл үргэлжлэх бөгөөд зарим тохиолдолд эсийн дотор үржиж буй вирусуудын удамшлын мэдээлэлд өөрчлөлт орж хувьсал явагдсанаар тодорхой вирусын бүл доторх шинэ хэв шинж бүхий шинэ омог үүсдэг.

Вирусууд нь удамшил генетикийн мэдээллээ ямар бодист хадгалж байгаагаасаа шалтгаалан бүтцийн хувьд ДНХ агуулсан ба РНХ агуулсан гэсэн үндсэн 2 төрөлд хуваагддаг.

Вирусын халдварын үед эзэн амьтанд үүсч буй өвчний шинж тэмдэгүүд нь вирусээр халдварлагдсан эсүүдийн гэмтэл, түүний эсрэг өрнөж буй дархлааны хариу урвал зэргээс шалтгаалан үүсэх ба аль эрхтэний ямар эсүүдэд вирус халдварлан гэмтээж байгаагаас шалтгаалан уушигний, элэгний гэх мэт эрхтэн ба байрлалын хувьд ялгаатай шинжүүд үүсдэг.

Вирусууд гэдэг нь эзэн амьтаны эсүүдэд нэвтрэн (халдварлан) орж тэдгээрийн уураг нийлэгжүүлэх эрхтэнцэрүүдийг “хакердан” өсч үржиж, улмаар эзэн биеийн эсүүдийг гэмтээн үхүүлдэг биологийн эгэл биетүүд юм.

Коронавирус гэж юу вэ?

Коронавирус буюу Титэмт вирусын халдвар нь анхлан 1960 –аад оны үед хүний биед олджээ. Коронавирус буюу Титэмт вирус хэмээх нэр нь уг вирусын микроскопт харагдах байдлаас үүссэн нэршил юм. Уг вирусын гадна бүрхүүл дэхь пепломер уургууд нь титэм мэт харагддагаас латин хэлний Корона буюу титэм хэмээх нэрийг авчээ.

Коронавирусын халдвар нь хүмүүсийн дунд түгээмэл бөгөөд одоогоор хүнд халдвар үүсгэдэг нь батлагдсан коронавирусын 6 омог байдгаас 4 нь харьцангуй хөнгөн, 2 нь хүнд өвчин үүсгэдэг нь мэдэгдээд байна. Коронавиурсын халдвар авсанаас хойш бие дэхь вирусын тоо хэмжээ хангалттай олшрон шинж тэмдэг үүсэх хүртэл өвний “нууц хугацаа” нь дунджаар хэдэн өдрөөс хоёр долоо хоног хүртэл үргэлжилдэг ба түүний дараагаас ихэвчлэн халуурах, ханиах, бага зэрэг амьсгаадах, хаяа гүйлгэх гэх зэрэг ханиад хүрсэн мэт шинжүүдийг үзүүлдэг юм.

Вирусыг тойрсон гадаргуугын пепломер уургууд нь микроскопт титэм мэт харагддагаас Корона буюу Титэмт вирус хэмээх нэрийг авчээ.

Уг вирус нь удаамшлын мэдээллээ РНХ хэлбэрээр агуулсан вирус бөгөөд РНХ бүхий вирусууд нь ДНХ бүхий вирусуудыг бодвол РНХ –н молекулын биохимийн шинж чанараас шалтгаалан удамшил генетикийн хувьд илүү олон төрөлтэй байх бөгөөд тэр хирээрээ өөр зүйлийн эзэн амьтадын хооронд дамжин халдварлах чадвар өндөртэй байдаг. Тиймийн учраас хүмүүсийн дунд гарах коронавирусын өвчний дэгдэлт нь мэрэгчид болон шувууд зэрэг өөр амьтанаас анхлан үүсч гарсан байх нь элбэг. Ингэж өөр зүйлийн амьтадын хооронд дамжсан вирусын халдвар нь илүү хүнд явцтай өвчин үүсгэх шинж чанараар өндөр бөгөөд зарим тохиолдолд амьсгалын дарангуйлагдал эсвэл хатгаа өвчин үүсгэж улмаар үхэлд ч хүргэх аюултай байдаг.

Тухайлбал, 2002–2003 оны хооронд дэлхийн 29 оронд тархаж 8000 гаруй хүнийг өвчлүүлсэн SARS-CoV вирусын халдварын улмаас 774 хүн нас барж байсан бол 2012 онд Ойрхи Дорнодын Амьсгалын Замын Хам Шинжийн вирус (MERS-CoV) шинээр гарч Арабын хойгыг хамран тархаж байв.

Дээрхи хоёр тохиолдолд хоёулангийнх нь вирус гарсан эх үүсвэр нь амьтад байсан ба уг вирусуудын тархалтын эхэн үеийн халдвдварууд нь амьтанаас хүн дамжиж байсан буюу “Зооноз” халдварууд байсан байдаг.

2002–2003 онуудад дэлхий даяар тархаж 8000 гаруй хүнийг өвчлүүлсэн Амьсгалын Цочмог Халтай Хам Шинж өвчний үүсгэгч SARS-CoV Коронавирусын электрон микроскопт харагдах байдал.

Коронавирус хэрхэн халдварладаг вэ?

Коронавирус мэтийн зооноз халдварууд нь амьтан хүний хоорондох шууд харьцаанаас халдахаас гадна өөр олон бичил биетэнүүд шиг ханиах, найтаах гэх мэт үед агаар дуслаар дамждаг.

Мөн түүнчлэн хоол хүнсээр болон зөөгч эзнээр гэх мэт халдвар дамжих өөр олон зам бий. Шумуул, хачиг гэх мэт зөөгч эздүүд нь өөрсдөө өвчлөхгүйгээр вирусыг жинхэнэ эздийнх нь хооронд зөөх тохиолдол байгаль дээр элбэг байдаг.

Түүнчлэн зооноз халдварууд хоол хүнсээр дамждаг бөгөөд түүхий болон шүүрхий мах, амьтаны гаралтай бусад түүхий бүтээгдэхүүнүүдээр дамждаг. Тиймээс амьтаны гаралтай хүнсийг хангалттай болгож хэрэглэх хэрэгтэй юм.

Хүнээс хүнд халддаг нь бүрэн батлагдаагүй авч болгоомж илүүдэхгүй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. /Photo by CNN./

Цагаан сар: Болгоомж илүүдэхгүй

Хэдийгээр БНХАУ –н Ухань хотоос эхлэн дэгдээд байгаа Коронавирусын шалтагаант уг хатгаа нь өмнө дэгдэж байсан SARS болон MERS өвчнүүдтэй харьцуулахад харьцангуй хөнгөн явцтай мэт байгаа ч уг халдварыг хөнгөнөөр үнэлж огт болохгүй.

БНХАУ –н Эрүүл Мэндийн тус Яам Цагаан сарын баярын үеэр тус оронд явагддаг олон сая хүмүүсийн шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан вирус тархахаас сэргийлсэн олон нийтийн газруудыг ариутгах гэх мэт арга хэмжээнүүдийг шат дараатай авч эхлээд байгаагаа мэдэгдсэн ба БНХАУ –тай худалдааны өргөн харилцаатай манай улс болон манай иргэд ч гэсэн анхаарал болгоомжтой байж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй байна.

Азийн бусад орнууд ч БНХАУ –д, нэн ялангуяа Ухань хотоос ирж буй жуулчдад нэн анхааралтай хандаж буй бөгөөд халуун илрүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч эхлээд байгаа аж.

Цагаан сар: Болгоомж илүүдэхгүй

Хэдийгээр БНХАУ –н Ухань хотоос эхлэн дэгдээд байгаа Коронавирусын шалтагаант уг хатгаа нь өмнө дэгдэж байсан SARS болон MERS өвчнүүдтэй харьцуулахад харьцангуй хөнгөн явцтай мэт байгаа ч уг халдварыг хөнгөнөөр үнэлж огт болохгүй.

БНХАУ –н Эрүүл Мэндийн тус Яам Цагаан сарын баярын үеэр тус оронд явагддаг олон сая хүмүүсийн шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан вирус тархахаас сэргийлсэн олон нийтийн газруудыг ариутгах гэх мэт арга хэмжээнүүдийг шат дараатай авч эхлээд байгаагаа мэдэгдсэн ба БНХАУ –тай худалдааны өргөн харилцаатай манай улс болон манай иргэд ч гэсэн анхаарал болгоомжтой байж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй байна.

Азийн бусад орнууд ч БНХАУ –д, нэн ялангуяа Ухань хотоос ирж буй жуулчдад нэн анхааралтай хандаж буй бөгөөд халуун илрүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч эхлээд байгаа аж.

Коронавирусээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

АНУ –н Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвөөс (CDC — Centers for Disease Control and Prevention) Ухань хотод зорчиж буй хүмүүст зориулан албан ёсны анхааруулга гаргасан бөгөөд үүндээ мал амьтаны зах худалдаагаар орохгүй байх, амьтантай шууд харьцахгүй, хүрэлцэхгүй байх ба мал амьтаны гаралтай бүтээгдэхүүнүүдийг заавал бүрэн болгож хэрэглэх гэсэн заавруудыг оруулжээ. Мөн ханиаж найтаасан, нус цэрээ ил задгай хаясан хүмүүсээс аль болох хол байх хэрэгтэй ба гараа савантай усаар тогтмол угааж хувийн ариун цэврийг ягштал мөрдөж хэвших нь Коронавирусын шалтгаант болон бусад олон өвчнөөс сэргийлэх хямд төсөр, үр дүн сайтай арга юм.

Гараа савантай усаар тогтмол угааж хувийн ариун цэврийг ягштал мөрдөж хэвших нь Коронавирусын шалтгаант болон бусад олон өвчнөөс сэргийлэх хямд төсөр, үр дүн сайтай арга юм.

Хэрэв Ухань хотод зорчсон хүнд бие тавгүйрхэх шинж илэрвэл нэн даруй эмнэлэгт хандах хэрэгтэй ба аль болох бусад хүмүүст тараахаас сэргийлэх хэрэгтэй.

Мөн эмнэлэгийн байгууллагынхан үйлчлүүлэгсдийн аялалын түүхийг онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй гэсэн байна.

ДЭМБ –н зүгээс аялалын хориг арга хэмжээг харин хараахан зарлаагүй байгаа аж.

--

--