Бизнесийн цөвүүн цаг (2020 — ), түүнийг гэтлэх нь

Tsengel Chimeddorj
9 min readApr 3, 2020

--

Нийтлэлийн 1-р хэсгээр бид Цахиурын хөндийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангийн нэг болох “Sequoia Capital”-ын зүгээс цар тахалтай холбогдуулан гаргасан сануулга, зөвлөгөөг хураангуйлан хүргэсэн билээ. Та уншиж амжаагүй бол, энд дарж танилцаарай.

Дахин сануулахад, “Sequoia Capital”-ын зүгээс өгсөн гол анхааруулга нь:

“Бизнесийн цөвүүн цаг айсуй, түүнд бүх стартап компаниуд бэлтгэх шаардлагатай”.

Үүнтэй холбогдуулан тэдний өгсөн гол зөвлөгөө нь:

“Нөхцөл байдалтай хурдан дасан зохицох”

Хамгийн хүчтэй, хамгийн ухаалаг нь бус өөрчлөлтөд хамгийн сайн дасан зохицох чадвартай нь амьд үлддэг.

Нийтлэлийн 1-р хэсэг гарсан өдрөөс хойш Ирбис Венчурсын хамт олон:

  1. Монголын стартапуудад тулгарч буй түгээмэл хүндрэл, бэрхшээлийг хамтран тодорхойлох үүднээс Монголын стартап үүсгэн байгуулагч нарын дунд судалгаа, ярилцлага хийлээ.
  2. Тодорхойлсон хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулах талаар Irbis Oasis Community (“Ирбис Оазис Нийгэмлэг”)-ийн гишүүн хөрөнгө оруулагч, туршлагатай стартап үүсгэн байгуулагч, мэргэжлийн зөвлөх нартай зөвлөлдлөө.

Ийнхүү нийтлэлийн 2-р хэсгээр:

Нэгдүгээрт, Монголын стартап үүсгэн байгуулагч нартай хамтран тодорхойлсон “COVID-19"-аас үүдэлтэй нийтлэг хүндрэл, бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга хэмжээг танилцуулна.

Хоёрдугаарт, тодорхойлсон хүндрэл, бэрхшээлүүдтэй холбогдуулан Ирбис Оазис Нийгэмлэгийн гишүүдээс өгч буй мэдээлэл, анхааруулга, зөвлөгөөг танилцуулна.

Та бүхэн авах гээхийн ухаанаар цэгнэн дүгнэж, өөрийн стартапад тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд доорх мэдээлэл, зөвлөгөөг ашиглана хэмээн бид найдаж байна 🤗

Нэг размер бүх хүнд яг тав таардаггүйтэй адил аливаа зөвлөгөө бизнес бүрд нийцэхгүй байж мэдэх тул та авах гээхийн ухаанаар цэгнэн дүгнээрэй.

Судалгаа, ярилцлагын үр дүнг нэгтгэхэд, цар тахлаас үүдэн үүсэж буй нийтлэг хүндрэл, бэрхшээлийг Монголын стартап үүсгэн байгуулагч нар дараах байдлаар тодорхойлж байна:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт буурснаас борлуулалт буурсан;
  • Оффисын түрээсийн дарамт үүссэн;
  • Товлогдсон дотоод, гадаадын хурал, уулзалтууд цуцлагдсанаас хөрөнгө босгох үйл явц удааширсан.

Судалгаа, ярилцлагын үр дүнг нэгтгэхэд, нийтлэг хүндрэл, бэрхшээлийг даван туулах оновчтой арга хэмжээг Монголын стартап үүсгэн байгуулагч нар дараах байдлаар тодорхойлж байна:

  • Стартапын үндсэн бизнесийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа явуулах зэргээр шинэ төрлийн орлогын эх үүсвэр бий болгох;
  • Хөрөнгө оруулалт нэмж босгох;
  • Түрээс, зөвлөх үйлчилгээ зэрэг танаж болох зардлуудаа бууруулах;
  • Бизнесийн загвараа өөрчлөх.

Бидний бодол: Олон амжилттай стартапын амжилтын нууц жор нь чадварлаг үүсгэн байгуулагч, багийн гишүүд байдагтай холбогдон “ажлын байрны цомхотгол”-ыг байж болох хамгийн сүүлийн арга хэмжээ хэмээн Монголын стартап үүсгэн байгуулагч нар үзэж байна. Үүнтэй бид санал нэг байна. Бидний хамтран тодорхойлсон дээрх шийдлүүд хэр оновчтой, нөхцөл байдалтайгаа нийцсэн эсэхийг нягтлан шалгах үүднээс бид Ирбис Оазис Нийгэмлэгийн гишүүн олон улсын хөрөнгө оруулагч, зөвлөхүүдтэйгээ ярилцсаны эцэст дараах мэдээлэл, зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.

Хөрөнгө оруулалт нэмж босгох замаар цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулахаар зэхэж буй үүсгэн байгуулагч нарт зориулав.

👌 Хөрөнгө оруулалтын стратегид өөрчлөлт ороогүй

Сингапур улсад төвтэй, 100 сая ам долларын smart city / ухаалаг хот хөгжүүлэх төслүүдтэй ажилладаг хөрөнгө оруулалтын сан болох GBCI Ventures-ын бизнес хариуцсан захирал Ming Wang Lim хэлэхдээ “Бидний хөрөнгө оруулалт болон бизнесийн стратегид цар тахлаас үүдэлтэй аливаа өөрчлөлт ороогүй. Цар тахал ирсэн шигээ буцах нь тодорхой. Цар тахлаас үл хамааран бид дижитал төлбөр тооцоо, вальют арилжаа, мөнгөн гуйвуулга, блокчейн зэрэг хөрөнгө оруулалтын төрлүүдэд төвлөрөн хөрөнгө оруулалт хийдэг”.

Бидний зөвлөгөө: Та хөрөнгө оруулагч нарыг хөрөнгө оруулалтаа зогсоосон, тэгэхээр хөрөнгө босгох ажлаа нөхцөл байдал сайжиртал түр хойшлуулъя гэж шийдсэн бол тэр бодлоо дахин нэг тунгааж үзээрэй. Хөрөнгө оруулах шалгуур өндөр болсон ч, хөрөнгө оруулах ажиллагаа зогсоогүй.

👌 Хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөөгүй ч стартапын суурь үнэлгээ тогтоох шалгуурыг чангаруулах магадлалтай

Slack, Facebook, Linkedin, Eventbrite зэрэг стартапуудад хөрөнгө оруулсан, ХБНГУ төвтэй Global Founders Capital-ын хөрөнгө оруулагч Jay Lim-ийн хэлж буйгаар, Global Founders Capital-ын хөрөнгө оруулалтын бодлогод аливаа өөрчлөлт ороогүй ч стартапын суурь үнэлгээг (pre-money valuation) тогтоох шалгуурыг чангаруулах магадлалтай.

Бидний зөвлөгөө: Хөрөнгө оруулалт босгож буй, “early stage” стартапуудын суурь үнэлгээ бүхэлдээ буурах магадлал өндөр байна. Үүний нэг шалтгаан нь стартапын үнэлгээг тогтооход хэрэглэдэг “харьцуулах арга”-тай холбоотой. Аль болох товч тайлбарлахыг хичээе. Харьцуулах аргын дагуу UBER-тэй ижил “ride hailing” бизнес эрхэлдэг стартапын үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилждаг UBER-ын үнэлгээг тогтооход хэрэглэдэг үндсэн үзүүлэлтүүдийг ашигладаг. Тэгэхээр “UBER-ын үнэлгээ хөрөнгийн бирж дээр унаж байхад түүнтэй ижил бизнес эрхэлдэг “early stage” стартапын үнэлгээ адил буурах ёстой” гэсэн логикийн дагуу хөрөнгө оруулагч нар стартапыг үнэлгээгээ бууруулахыг шаардах магадлалтай юм.

Бизнесээ хэрхэн үнэлэх талаарх дэлгэрэнгүй зөвлөгөөг манай Irbis Oasis-ийн “Бизнесээ хэрхэн оновчтой үнэлэх вэ?” нийтлэлээс аваарай.

👌 Хөрөнгө оруулагч нар нөхцөл байдлыг сайтар ажиглаж байна.

Apple, Amazon, Tesla, Netflix, Ubiquiti зэрэг IPO хийсэн технологийн аварга компаниудад хөрөнгө оруулсан Neptuno Fund-ийн үүсгэн байгуулагч, менежер Fabio Ribeiro саяхан TUZ Ventures-ийг хамтран үүсгэн байгуулаад байгаа билээ. TUZ Ventures нь Төв Азийн (Монгол улсыг оролцуулан) стартапуудад хөрөнгө оруулах зорилготой шинэ хөрөнгө оруулалтын сан юм. Тэрээр хэлэхдээ, “бид хамт олноо, хөрөнгө оруулсан стартапуудаа ирээдүйд бэлдэх зорилгоор дэлхий даяар өрнөж буй үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна”. Үүнтэй холбогдуулан, Fabio “эдийн засгийн тодорхойгүй байдал үүссэн өнөө цагт стартап үүсгэн байгуулагч нар өөрийн хөрөнгө оруулагч нартай харилцах давтамжаа ихэсгэх хэрэгтэй” гэж зөвлөлөө.

Бидний зөвлөгөө: Хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулсан стартапуудтайгаа хамт нэг завинд сууж байгаа учир эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах талаарх шийдлийг хамтдаа боловсруулах сонирхолтой байна. Та бүхэн тулгарч буй асуудлаа өөртөө хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нартайгаа илэн далангүй ярилцаж, хамтын шийдэл олох нь өнөө цагт хамгийн оновчтой алхам юм.

Зардал танах, шинэ орлогын эх сурвалж үүсгэх, бизнесийн загвараа өөрчлөх зэрэг аргаар цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулахаар зэхэж буй үүсгэн байгуулагч нарт зориулав.

👌 Өрсөлдөж буй салбартаа орж буй өөрчлөлтийг мэдэрч, түүнд хурдан хугацаанд дасан зохицох хэрэгтэй

TUZ Ventures-ийн хамтран үүсгэн байгуулагч Herve Edongo-ийн зөвлөж буйгаар стартап үүсгэн байгуулагч нар нөхцөл байдлыг нухацтай хүлээн авч, өөрсдийн өрсөлдөж буй салбарт орж буй өөрчлөлтөд хурдан дасан зохицох хэрэгтэй. Herve-ийн дүгнэж буйгаар “борлуулалтын уналт удаан хугацаанд үргэлжлэх учир өөрийн стартапыг bootstrapping аргаар санхүүжүүлэх замаар стартапаа удаан хугацаанд санхүүжүүлэх нөөц үүсгэх хэрэгтэй”.

👌 Байж болох хамгийн хэцүү цаг үед бэлтгэх шаардлагатай

Accredify, Ceito, Lykke зэрэг амжилттай стартап үүсгэн, удирдаж яваа Zheng Wei доорх зөвлөгөөг өгч байна. Түүний гол зөвлөгөө нь үүсгэн байгуулагчид танаж болох зардлуудаа танахын зэрэгцээ стартап руугаа аль болох олон эх сурвалжаас бэлэн мөнгө оруулах хэрэгтэй. Үүнд, хямдралтай үнэлгээгээр хөрөнгө босгох, богино хугацааны зөвлөх үйлчилгээний ажил авах, зээл авах зэрэг аргыг дурджээ.

👌 Хөрөнгө босгох гэж буй бол үнэлгээгээ бууруулах шаардлагатай

Jay Lim-ийн зөвлөж буйгаар өнөөгийн нөхцөлд хөрөнгө босгохын тулд стартапын үнэлгээгээ бууруулах шаардлагатай. Цөвүүн цагыг даван туулахын тулд зээл авах, засгийн газрын татаас, дэмжлэг авах, зардлаа бууруулах, гэрээт харилцагчид төлөх төлбөрийн талаар дахин хэлэлцээр хийх зэрэг арга хэмжээ авахад бэлтгэх хэрэгтэй.

👌 COVID-19-ээс үүсэх шинэ дэглэмийг хурдан мэдэрч, шинээр үүсэх боломжийг ашиглах хэрэгтэй

Fabio Ribeiro “2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал Uber, Lyft, AirBnB, Spotify зэрэг технологийн шинэ ирэн үеийн компаниудыг авчирсантай адил COVID-19 ямар шинэ дэглэм, шинэ боломжууд авчрах уу?” гэх асуултыг тунгаан бодохыг стартап үүсгэн байгуулагч нараас хүсжээ. Түүний зөвлөж буйгаар шинэ дэглэм, шинэ боломжийг хамгийн хурдан ойлгож, мэдэрсэн нь маш том боломжийг гартаа авна. Бизнесийн загвараа өөрчлөх, шинэ орлогын эх үүсвэр үүсгэх зэргээр хүндрэлийг даван туулах талаар төлөвлөж буй стартапууд Fabio-ийн зөвлөгөөг сайтар эргэцүүлээрэй.

👌 Хямралыг давах явцад танай баг илүү хүчтэй, туршлагатай болно.

Ming Wang-ийн зөвлөж буйгаар стартап үүсгэн байгуулагч нар хямралын үед үүсэх шинэ боломжуудыг нээж илрүүлж, ашиглах хэрэгтэй. Тэрээр жишээ аван тайлбарлахдаа “жижиглэн худалдаа эрхлэгчид хэцүү байгаа өнөө цагт шинэ санаа, боломжид өмнөхөөсөө илүү нээлттэй хандана” гэжээ. Тэгэхээр таныг түншийн харилцаа үүсгэе, технологийн шийдлээ ашиглуулъя гэхэд өмнө нь татгалзсан хариу өгсөн компани өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдон танай технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүссэн байж болно. Тиймээс та татгалзсан хариу авсан компани, боломжит хэрэглэгчтэйгээ дахин нэг холбогдож тэдэнд тулгарч буй асуудлыг өөрийн технологиор шийдэхийг зориорой.

💙 Онлайн хөрөнгө босгох уулзалтууд

Хөрөнгө оруулалт авах тухай биечлэн хийх уулзалтууд хойшилж, цуцлагдсанаас хөрөнгө оруулах үйл явц удааширч байна. Энэ хүндрэлийг даван туулах бидний шийдэлтэй танилцана уу.

Ирбис Венчурс өнөөдөр буюу 2020 оны 4-р сарын 3-ны өдөр “Ирбис Оазис” платформын шинэ хувилбарыг ашиглалтад орууллаа. Одоогоор платформыг Ирбис Оазис Нийгэмлэгийн гишүүн нийт 20 хөрөнгө оруулагч (Ирбис Венчурсыг оролцуулан тооцвол) ашиглаж байнаа. Бидэнд платформыг хөрөнгө оруулагчаар ашиглах маш олон санал ирж байгаа ч бид өөрсдийн шалгалтыг хийж, тухайн байгууллагыг үнэхээр стартапад хөрөнгө оруулах зорилго, сонирхолтой болохыг нь тогтоосны дараа платформ ашиглах эрхийг олгож байгаа юм. Энэ нь стартапуудын хувийн, нууц мэдээллийг хамгаалах зорилгоор хийгдэж байгаа алхам юм.

Одоогоор платформыг ашиглан стартапууд 500,000 ам доллароос дээш хэмжээний хөрөнгө оруулалт босгосон байна. Хөрөнгө оруулалтын онлайн уулзалт, яриа зогсолтгүй үргэлжилж байна.

Танд сануулахад хөрөнгө оруулагч нарын үнэтэй цагийг хэмнэх үүднээс бид зөвхөн профайлаа бүрэн хийж дуусгасан компаниудыг хөрөнгө оруулагчид танилцуулж байгаа юм. Та бүхэн хөл хориотой, гэрээс ажиллаж байгаа энэ цагийг ашиглаад “Ирбис Оазис” платформ дахь стартапынхаа профайлыг бүрэн дуусгаж, хөрөнгө оруулалт босгох боломжоо нэмээрэй.

Одоогоор “Ирбис Оазис” платформ маань стартапуудад 100% үнэгүй байгаа, бид энэ оны 6-р сар хүртэл стартапуудаасаа аливаа төлбөр авахгүй. Энэ оны 6-р сараас төлбөр авч эхлэх үед (ойролцоогоор сарын 100 ам долларын үнэтэй байна), 5-р сарын 1 хүртэл профайлаа бүтэн дуусгасан стартадууддаа 2 жилийн хугацаанд 50 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдээд байна. Та бүхэн амжиж профайлаа хийж дуусгаарай.

💙 Түрээсгүй хамтын оффис

Түрээсийн дарамтыг бууруулах бидний шийдэлтэй танилцана уу.

Та бүхний мэдэж байгаагаар Ирбис Венчурс маань өөрийн “Irbis Oasis” (хуучнаар MSpace) хамтын оффистой. Цар тахалтай холбогдуулан “Ирбис Оазис” платформын стартапуудаа дэмжих үүднээс бид “Irbis Oasis” хамтын оффисын тодорхой хэсгийг “түрээсийн төлбөргүй” болгохоор шийдлээ. Энэ нь үнэгүй гэсэн үг биш шүү, анхаараарай.

Ирбис Оазис” платформын шинэ хувилбар гарсан нь платформыг ашиглаж буй стартап, мэргэжлийн зөвлөх, хөрөнгө оруулагч бүр урамшууллын “Ирбис Оноо” буюу “Irbis Points” авах боломж үүсгэсэн. Товчхондоо танай стартап “Ирбис Оазис” платформ дээр хийсэн үйлдэл болгон дээрээ урамшууллын оноо цуглуулна. Жишээлбэл та стартапын мэдээллээ платформ руу оруулах, хөрөнгө оруулагчтай ярилцах, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллах бүртээ урамшууллын оноо цуглуулах юм.

Та цуглуулсан “Irbis Points”-оо ашиглан манай хамтын оффисын өдөр, долоо хоног, сарын гишүүнчлэлийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр авах боломжтой боллоо. Irbis Oasis хамтын оффисын гишүүн стартапууд маань мөн Irbis Points-оо ашиглан түрээсийн зардлаа бууруулах боломжтой.

💙 Төлбөргүй зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээний зардал, богино хугацааны гэрээт ажилтаны хөлс зэрэг танаж болох зардлаа та бүхэн танаж байгаа байх. Гэвч зөвлөх, гэрээт ажилтангүй танай үндсэн багын хурд урт хугацаандаа удаашрах эрсдэлтэй. Энэ асуудлыг шийдэх бидний шийдэлтэй танилцана уу.

“Ирбис Оазис Нийгэмлэг” нь Монголын стартапыг дэлхийд өрсөлдөхөд хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой Монгол мэргэжилтэн бүрд нээлттэй нийгэмлэг юм. “Ирбис Оазис” платформд маань Ирбис Оазис Нийгэмлэгийн мэргэжлийн зөвлөхүүд бүгд онлайн орсон байгаа ба та бүхэн зөвлөхүүдтэй зөвлөлдөх, асуудлаа хамтран шийдвэрлэх хүсэлтэй бол өөрийн цуглуулсан “Irbis Points”-оо ашиглан зөвлөхүүдтэй ярилцах цаг авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг бидний Medium аккаунт Irbis Oasis болон Facebook хуудаснаас тун удахгүй аваарай.

  1. Монголын стартап үүсгэн байгуулагч нар тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг даван туулах аргаа дээр дурдсанаар хамтран тодорхойллоо.
  2. Ирбис Оазис нийгэмлэгийн гишүүн хөрөнгө оруулагч, туршлагатай үүсгэн байгуулагч болон мэргэжлийн зөвлөхүүдийн өгч буй зөвлөгөөг нэгтгэвэл:

“Хөрөнгө оруулах үйл явц зогсоогүй. Сангууд хөрөнгө оруулалтын стратегидээ өөрчлөлт оруулаагүй. Тиймээс хөрөнгө босгох ажлаа битгий хойшлуулаарай”

“Хөрөнгө оруулалт хийх, стартапын суурь үнэлгээг тогтоох шалгуур өндөр болж байна. Та хөрөнгө босгох гэж буй бол стартапын үнэлгээгээ бууруулахаас битгий татгалзаарай”

“Стартап үүсгэн байгуулагч нар хөрөнгө оруулагч нартайгаа уулзах, ярилцах давтамжаа ихэсгэх шаардлагатай.”

“Өрсөлдөж буй салбартаа орж буй өөрчлөлтийг мэдэрч, түүнд хурдан хугацаанд дасан зохицох хэрэгтэй”

“Үүсгэн байгуулагчид стартапын зардлаа танахын зэрэгцээ стартап руугаа аль болох олон эх сурвалжаас бэлэн мөнгө оруулах хэрэгтэй”

“COVID-19-ээс үүсэх шинэ дэглэмийг хурдан мэдэрч, шинээр үүсэх боломжийг ашиглах хэрэгтэй”

Ирбис Оазис платформд стартапын профайлаа үүсгэснээр “бэлэн мөнгөний зардалгүйгээр” хөрөнгө оруулагчтай онлайн уулзалт хийх, түрээсийн зардлаа бууруулах, мэргэжлийн зөвлөхөөс зөвлөгөө авах боломжтой тул та ховор боломжийг битгий алдаарай.

Бизнесийн цөвүүн цагыг Монголын бүх стартап нар маань амжилттай даван туулаасай. Бүгдэд нь амжилт хүсье 🙏🏻

#wetooinnovate #irbisoasis #irbisventures

--

--

Tsengel Chimeddorj

TC is a lawyer-turned-entrepreneur. Acting as CEO of Irbis Ventures, TC aims to create a virtual, but intimate startup community for last tech frontiers