Image source: Pexels

Сайн байна уу эх дэлхий минь.

Tumurtogtokh Davaakhuu
UnboxingMinds
3 min readAug 17, 2017

--

Юм болгон эхлэлтэй байж, зүйл бүхэн үндэстэй байдгийн дагуу бидний энэ ажил маань өнөөдөр нээлтээ хийж байна. Эх дэлхийн зүг бүрээс, дөрвөн өөр цагийн бүсэд суух залуусын хүсэл үйл нэгдэж ард иргэддээ хүртээлтэй мэдлэг түгээх зорилго бүхий ажлын эхний түчээ хөдөллөө. За тэр уянгалан дуулж, сэтгэлийн үгсээ хөглөн цэнгээж, бодлын угсаагаа дэлгэн тольдуулангаа хий хоосон сүржин зэрэглээ хүний сэтгэхүйд зураглах ч яахав.

Тэгэхээр бидний энэ ажлыг санаачлагч Д.Төмөртогтох өөрийнхөө хувийн блогтоо нийтэлсэн өгүүлэлд дурьдсанчланаар сар бүрийн тогтмол өдөр тодорхой тооны хүмүүс өөрийн мэдлэгээ хуваалцаж, монгол залуусын боловсрол олох, мэдлэг эзэмших тэрхүү аялалд хувь нэмрээ оруулах болно. Чухам хэд дэх өдөр ямар чиглэлээр хичээл орох вэ гэдгийг манай сайтын Calendar гэх хуудаснаас харж болно. Хичээлийг бид онлайн шууд нэвтрүүлэлтийн програм ашиглан хичээл хөтлөгчийн дэлгэцээр дамжуулан хүргэх болно. одоогийн байдлаар бидний ашиглах хэрэгсэл бол Twitch. Уг хэрэгсэл маань тун боломжийн шууд нэвтрүүлэлтийн боломж олгодгоос гадна хэдийн олон улсад танигдсан бүтээгдэхүүн юм. Түүнчлэн шууд нэвтрүүлэлтийн үеэр үзэгчид асуулт асуух тусгай дэлгэц хангаж өгсөн нь хичээл хөтлөгч болон үзэгч хоорондоо харилцах дулаан орчин бүрдүүлнэ. Хичээл болгоныг бид бичиж авч хадгалаад дараа нь Youtube сувагтаа оруулж өгөх ба тухайн хичээл дээрх сэдэв болон хичээлд юу орсон талаарх бичмэл өгүүллүүдийг бидний ажилд гар бие оролцон бусдад мэдлэг түгээх ажлын гол нурууг үүрч буй залуус бичиж Medium-д оруулах болно. Уг залуус маань тухайн хичээл хөтлөгчийн сонгож авсан, багшийнхаа заах хичээлийн чиглэлд өөрийнхөө сэтгэлийг зориулахаар шийдсэн TA (teaching assistant) –ууд юм. Уг залуус маань тэр сонгосон чиглэлээрээ цаашид сайн хөгжих нь тодорхой.

За тэгээд өөр юуг бид хийх вэ гэхээр тодорхой сэдвийн дагуу хөтөлбөрт дасгалжуулалтыг хийнэ. Энэ ямар нэг болзол, зорилго болон хэдэн оролцогчтойгоор онлайнаар явагдах хөтөлбөрт сургалт юм. Тодруулга хийн тайлбарлах үүднээс одоогийн бидний төлөвлөгөөнд буй хөтөлбөрт сургалтыг жишээ авъя. Уг сургалт маань орчин үеийн програм инженерчлэлийн стандарт зохицуулалтын арга барил шахуу болчхоод байгаа Agile Software Engineering-г хэрхэн хэрэглээнд ашиглах орох юм. Цөөн тооны хүмүүсээс бүрдсэн цомхон баг бүрдүүлээд захиалагчийн хүсэлтийн дагуу вэб аппыг Agile Development practice дагаж бүтээх болно. Мэдээж үүнд зориулаад хичээлүүд орно, тэдгээрийг ч бичиж авна, үүнээс гадна хийж байгаа аппд нь гарч буй алдаа, хэрхэн хөгжүүлж байгаад зөвлөгөө өгөх өдөр ч гарч ирэх болно. Хөтөлбөрт сургалт гэж ямархуу зүйлийг хэлж байгааг жишээ аван тайлбарлахад ийм байна. Сургалтад оролцох хүмүүсийн хувьд одоогийн нийгмийн алгасаж хардаг бүлэг хүмүүсээс болон биднийг дэмжигч хүмүүсээс сонгож хамруулах болно. Энэ хөтөлбөрт сургалтын талаар мэдээллийг бид цаг тухайд нь зарлах болно. Одоогийн байдлаар Agile Software Engineering, Cracking IELTS test гэх хөтөлбөрүүд бэлтгэгдэж буй.

Сая пал хийтэл дурдаад авсан дэмжигчид гэж ямар хүмүүсийг хэлнэ вэ? Бид бусдад мэдлэг олгох энэ хөтөлбөрийнхөө хажуугаар нийгмийн туслалцаа хэрэгтэй байгаа хэсэгт өөрсдийн тус дэмээ хүргэхийг хүссэн ба үүнийгээ бид Patreon campaign явуулж хийнэ. Энэ маань одоо үед барууны улсад ид хүчээ аваад буй crowdfunding-н дараагийн төвшний хөгжлийн хөрөнгө цуглуулах аргачлал юм. Дэмжигч бүр сар бүр маш бага хэмжээний хандив (2,5,10usd) patreon-д өгөх ба бид тэр хандивыг цуглуулаад тусламж хэрэгтэй хүүхдийн байгууллага, боловсролын байгууллагад хандивлана. Дэмжигчдээс цуглуулсан хандивыг бүхлээр нь бид тусламж хэрэгцээтэй бүлэгт хандивлах болно. Зарим нэгэнд сэжиг төрүүлэхгүйн тулд нэг жижиг тооцоо хийе. Нэг хүнд сард 2,5 эсвэл 10 доллар бол үл ялих хэмжээ, тэгвэл бидэнд 5-г хандивлаж байх 100н дэмжигч байя гэж бодоод 6н сард цуглах хандивын хэмжээ ойролцоогоор 3000usd болно. Харин энэ бол хэрэгтэй нэгэнд том дэмжлэг болох тоо. Олны хүч оломгүй далай гэдгийн үлгэр гэж сонссон биз. Дэмжигч бүрийн өгөх хандивын хэмжээнээс хамаараад бидэнд тэдэнд барих урамшуулал бий. Тодорхой мэдээллийг Patreon-ы хуудаснаас авна уу.

Бидний энэ ажил гэв гэнэт л байж боломгүй санагдав уу? Чухам энэ байж боломгүйг бүтээхэд бидэнд туслах сайн дурын хүмүүс, мэдлэг хөөх TA болон өөрийн завгүй амьдралаасаа сэтгэл гаргаад ажиллаж буй залуусын оролцоо болон сэтгэл гол хүч болж буй. Нэг хүн ганцаараа олон цаг гарган зүтгэх нэг өөр олон хүн бага бага цаг гаргаад зүтгэх нэг өөр шүү дээ. Түүнээс бид ямарваа нэг байдлаар санхүүждэггүй, хэн нэгний ашиг сонирхлын яс хөөж гүйлгүйгээр залууст хүртээмжтэй мэдлэг тараах зорилготойгоор ажилладаг. Сайт маань хүртэл санаачлагчийн маань хувийн сайтад зүүгдэж буй. Бидний ажилд сайн дураар оролцох, TA болох эсвэл өөрийнхөө мэдлэгээс бусадтай хуваалцахыг хүссэн залуустай бид ярилцахдаа маш тааламжтай байх болно. Бидэнтэй холбоо барих хэсгээс өөрийн хүссэн байдлаар холбоо барьж болно.

Явагдах хичээлүүдийн талаар болон тэдний хуваарь багшлах хүний талаарх мэдээллийг хүлээж авангаа бидний олон нийтийн сүлжээний хэрэгслүүдтэй холбогдоно уу.

--

--